Энэ сарын 16-21-нд БНХАУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах пүүл бильярдын залуучуудын тэмцээнээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Өнгөрсөн жилийн “шарх”-аа нөхсөн тэрбээр Монголын бильярдын спортын түүхэнд дэлхийн аваргын медальтай анхны тамирчин болсон юм. Үүнээс өмнө Монголын бильярдчид Азийн наадамд 16 дугаар байрт шалгарсан нь хамгийн өндөр амжилт байлаа.
Өчигдөр эх орондоо ирсэн, түүхэн амжилтын эзэн, Монголын поккет бильярдын холбооны тамирчин Э.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Амжилт бол хичээл, зүтгэлийн үр дүн. Хэрхэн тоглов. Сэтгэл хангалуун байна уу?
- Дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байна. Энэ тэмцээнд Л.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор надтай хамт хоёр тамирчин өрсөлдсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа оролцсон болохоор сэтгэл зүй тогтвортой, өмнөхөөсөө туршлагатай байлаа.
Өмнөх жил ДАШТ-д их харамсалтайгаар тэмцээнээ дуусгасан. Энэ удаа даагаа нэхэж, зорьсондоо хүрлээ. Намайг үргэлж дэмждэг Монголын поккет бильярдын холбоо, дасгалжуулагч Л.Баттулга, Батхүү болон гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Мөнгөн медалиа энгэртээ гялалзуулан, шагналын тавцанд зогсож байхад юу бодогдож байв?
-Их гоё мэдрэмж төрдөг юм билээ. Хамгийн түрүүнд эх орон, ээж аав, дасгалжуулагч маань л бодогдсон. Төрийн далбаа мандах мөчид их огшсон шүү.
Бас “Хэрвээ түрүүлсэн бол төрийн дууллаа эгшиглүүлэх байсан даа” гээд бага зэрэг харамссан. Шагналын тавцангаас буунгуутаа л гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихад аав маань “Хүүгээрээ бахархаж байна. Аав нь их азтай хүн юм” гэсэн.
-Аваргын төлөө ДАШТ-ий мөнгөн медальт Хятадын тамирчинтай тоглосон. Тэр тоглолтоо хэрхэн дүгнэж байна вэ?
- Дэлхийн аваргын медальтай тамирчинтай тоглож байна гээд ер сандарч, тэвдээгүй. Харин “Мөнгөн медалийн болзол хангачихлаа. Хэрвээ дахиад ганцхан хожвол дэлхийн аварга болно” гээд амжилтдаа хэтэрхий эрт ханачихсан нь тоглолтод чамгүй нөлөөлсөн байх.
Техник, туршлага сайтай өрсөлдөгчийн маань ур чадварыг бусад орны дасгалжуулагч, тамирчид магтаж байсан.
-Та тэнд очсон Монгол тамирчдаас медаль авах сүүлчийн найдвар болон үлдсэн тэр үед дарамт мэдэрсэн үү?
-Надад тийм зүйл огт бодогдоогүй. Ер нь тэмцээний өмнө аль болох сэтгэлээ тайван байлгахыг хичээдэг.
Би энэ тэмцээнд нийт зургаан тоглолт хийлээ. Литвийн тамирчинтай хийсэн тоглолт хамгийн хүнд байсан. 4:0-ээр хожиж байгаад бараг хожигдох дөхсөн.
Нэлээд тактиктай тоглосноор дийлсэн дээ.
-Дэлхийн аваргаас медаль авна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ. Бэлтгэлээ хангалттай хэмжээнд базаасан уу?
-Үнэнийг хэлэхэд бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй ээ. Учир нь Олон улсын пүүл бильярдын холбооноос Монголд яг хэдэн тамирчин оролцох эрх олгох нь тодорхойгүй байсан юм. Тэгээд бүр тэмцээн эхлэхээс ганцхан сарын өмнө гурван тамирчин оролцуулахаа мэдэгдсэн.
-Өмнө нь “Дэлхийн аваргын медальт тамирчин Э.Тэмүүжин” гээд өөрийгөө төсөөлөхөд хэр хол санагддаг байсан бэ?
-Өнгөрсөн жил ДАШТ-д шигшээ наймд шалгарсны дараа өөртөө итгэх итгэл маань бүр нэмэгдсэн. Тэр үед медаль авах боломж ч байсан л даа
-Тухайн үед юу болсон юм бэ?
-Тоглолтын цагаас хоцорчихсон юм аа. Би шигшээ наймд шалгарсныхаа дараа сугалаа сугалтал АНУ-ын тамирчинтай учраа таарсан. Манай дасгалжуулагч Батхүү шүүгчээс нь тоглолтын цаг асуутал “Маргааш өглөө тоглоно” гэсэн. Тэгэхээр нь эртхэн амрахаар буудал руугаа явсан юм. Гэтэл гэнэт тэмцээн зохион байгуулагчид залгаад “Хурдан ирээрэй” гэхээр нь яарсаар очсон боловч амжаагүй. Уг нь хэсгийн тоглолтын дараа буюу 20-иодхон минутын дараа шууд үргэлжлэх байсан юм билээ.
-Хэрвээ хоцроогүй бол ямар амжилт гаргах байсан бол...
-Би энэ тухай бодохгүй байхыг хичээдэг. Өнгөрсөн жил ДАШТ эхлэхээс ганцхан хоногийн өмнө очсон юм, би. Ядаргаа гараагүй болоод ч тэр үү, тоглолт санаснаар болохгүй л байлаа. Улмаар эхний тоглолтдоо хожигдсон. Гэхдээ бусад бүх тоглолтод 7:1, 7:2, 7:1-ээр илүүрхэн хожиж, шигшээ наймд шалгарсан юм.
-Та билъярдын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ. Амжилтуудаасаа дурдана уу?
-Би 2012 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Үнэнийг хэлэхэд медалиа ер тоолж байгаагүй ээ. Хүмүүс тоолох хэрэггүй гэдэг. Дотоодын тэмцээнд чамгүй олон түрүүлсэн. Энэ жил л гэхэд УАШТ-д залуучуудынхад түрүүлж, насанд хүрэгчдийнхээс мөнгөн медаль авсан. Мөн 2014 оны залуучуудын Азийн АШТ, 2015 оны ДАШТ-д VIII байрт шалгарсан амжилттай.
-Үлгэр дуурайл авдаг тамирчин бий юү?
-Би өөрөөрөө л байхыг хичээдэг.
-Ойрын зорилгоосоо хуваалцана уу?
-Ирэх оны оюутны дэлхийн Универсиад наадам Тайваньд болно. Зохион байгуулагч орны давуу эрх эдлэн Тайвань пүүл бильярдын төрлийг эл тэмцээний хөтөлбөрт оруулах юм. Тиймээс бэлтгэлээ базаан, хичээж байгаад Универсиадад оролцох зорилготой.