Цас, цас, цас. Шинэ оноо цастай угтах нь, яасан сайхан юм бэ. Цас, цас, цас. Даанч малчид хэцүүдэж байгаа даа. Дан ганц малчид ч биш, хотын бид арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа орсон цас, 20-30 хэмийн хүйтнээр зутарч, нусаа хацартаа нааж байна. Мөсөн гулгуур болсон зам, талбайд халтирч унаад хөл, гараа хугалах вий, машины дугуйн доогуур орчихгүй юм сан гэсэндээ бээцэгнэн алхах. Гэвч ингээд ч нэмэргүй, бидний цөөнгүй нь гэмтэж, бэртээд Гэмтлийн эмнэлгийг дүүргэчихсэн.
Үүрийн гэгээнээр гэрээсээ гарсан гэр хорооллынхон үдшийн бүрийд шуудай нүүрс тэвэрч, бүдчин алхах дүр зураг. Эдийн засгийн хямралаар халхавч хийж, давс, бодис, элсээ багахан нөөцөлсөн нийслэлийн удирдлагууд өвлийн эхэн сард л хамаг нөөцөө барсан гэхэд болно. Иймэрхүү байдалтайгаар нийслэлчүүд өвөлтэй золгож байхад 13 аймгийн 54 сум цагаан зуд (цас, хүйтэн хоёр хавсарсан зуд) 12 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалд хүрчээ.
Манай улсад зуд олонтаа тохиолддог. Ялангуяа, мичин жилтэй золгохдоо бид бэлтгэлээ сайн базааж болох байв. Долоон жилийн өмнөхөн зуд болж, 9.7 сая малаа алдсан гашуун сургамж бий. Гэтэл өвс, тэжээл, аюулгүйн нөөцөө аймгууд 75.9, сумд 50.7 хувь л биелүүлэв. Зуншлага сайн байсаар атал малчид үүрэг даалгавраа тал хувьд арай гэж хүргэснээс үзвэл өвөл болдгийг мартсан, эсвэл залхуурснаас зайлахгүй.
Өнгөрсөн жилийн өдийд харьцангуй дулаахан байснаа, хавар нь нэлээд цас ороход “Монголд зуд болж байна” гээд гадаадынхан өглөгийн гараа сунгаж билээ. Алслагдсан аймаг, сумын малчдад эмнэлгийн болон хоол хүнсний тусламж хүргүүлж байв. Харин энэ жил жинхэнэ утгаараа зуд болох нь. Болоод ч эхэлчихэж. Малчдадаа туслахыг эхнээсээ уриалж байна.
Харин орон нутагт газар дээр нь ажиллаж буй Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ахлуулсан шуурхай бүлгийнхэн зуд болж байна гэж үзэхгүй байгаагаа уламжилсан. Зуд болно, болохгүй гэхээс илүү нэгэнт нөхцөл байдал хүндэрснийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч буй юм.
Баян-Өлгийн Булган сумаас эхлээд мал бэлчих боломжгүй болж, хүн, малгүй цасанд боогдон, хүүхэд, өндөр настан, хөл хүндтэй эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авч чадахгүй тохиолдол цөөнгүй гарах болов. Үүнээс үзэхэд, цасан зуд бус хариуцлагагүйн зуд хаа хаанаа эхэлчихэж. Малчдад малаа нядлан мах болгох чиглэл ч өгсөн. Зарим аймагт цасны зузаан тал газраа 25-30 см, уулархаг хэсэг, гуу жалгандаа 40-80 см-т хүрч, нөхцөл, байдал хүндэрчээ.
Амьжиргааны гол баталгаа болсон мал сүргийнхээ араас малчид цасан шуурга, усан бороог үл ажран, нялх үрсээ ч орхиод явдаг. Хоёр нас найман сартай Б.Саранчимэг охин 10 сартай дүүгээ дүрэлзэх галаас аварсан түүх үүнийг тод сануулна. Эцэг, эх нь малдаа явсан хойгуур гэрт нь гал гарахад ухаант охин дүүгээ чирсээр аюулаас эсэн мэнд мултарсан байдаг.
Хөхөө өвөл, хөр цасанд хэдэн малаа онд оруулахыг буруутгаагүй ч хүнээ илүү бодож, малчдын сэтгэл санааг дэмжих, нялх үрсээ хамгаалах тухайд бид юу хийсэн бэ. Хотоо харлуулсан малчин сэтгэл санаагаар унаж, архинд орж, амьдралаа алддаг бодит жишээ цөөнгүй. Цагаан зудын зэрэгцээ хариуцлагагүйн, залхуугийн зудад давхар нэрвэгдмээргүй байна.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Алслагдсан хорооныхон зутруу байна
Улаанбаатар хотыг бараадан амьдарч буй малчид энэ өвөл аргаа барах нь. Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгоны малчид “Манай энүүгээр малын хамар хатгах өвс алга. Хэдэн малаа хашаанаасаа гаргаж чадахаа байлаа” хэмээн халаглаж сууна.
Хотоос 40 хүрэхгүй км-ийн цаадтайх энэ суурингийн хүн, мал явдаг хэсэг 4-5, бусад нь 8-12 см зузаан цастай байв. Адуу, үхрүүд нар тусдаг ээвэр газар, бөөрөө нийлүүлэн зогсдог болоод уджээ. Малчин С.Баатарынх 30 үхэртэй. Тэр нь өнгөрсөн өвөл уул, талаар бэлчдэг байж. Харин өнөө жил цас их орсон учир бэлчээрт гарч чадахаа байжээ. Тэрбээр “Аравдугаар сарын сүүлчээс цас орж, шуурч эхэлсэн.
Өнгөрсөн амралтын өдөр цас гойд их уналаа. Түүнээс хойш үхрээ бэлчээсэнгүй. Энэ их цасан дороос яаж ч өвс олох вэ дээ. Бэлтгэсэн өвс маань өнөө өвөл хүрэх нь үү, сайн мэдэхгүй л байна шүү” гэж ярив. Эднийх Төв аймгийн Лүн сумын нутгаас 2000 боодол өвс хаджээ. Үхрүүд нь бэлчээрт гарахгүй байгаа тул хэдийнэ тэжээж эхэлсэн аж. Т.Баяжихынх Борнуур сумаас 900 гаруй, Н.Батгэрэлийнх 1300 боодол гэх мэтээр ихэнх айл бага боловч өвс бэлтгэжээ. Гэвч огт өвс нөөцлөөгүй айл бас байв.
Хэдийнэ турж, нэмнүүлсэн үхрүүд хашаа бараадан зогсоно. Эзэн нь бололтой 50 орчим настай эрэгтэй “Өнөө жил эд маань онд ороход бэрх байна. Худалдааны өвсөөр л тэжээж байна. Ирэх долоо хоногт хэдэн боодол өвс авах захиалга өгчихсөн. Нэг боодол нь 6000 төгрөг гэж байна лээ. Манай тосгон чинь нийслэлийн нэг дүүрэгт харьяалагддаг шүү дээ. Дүүргийн өвс, тэжээлийн нөөцийн тухай юм дуулдаагүй. Малын хашаатай бид ингэж хэцүүдэж байхад уулын хаяанд, хашаа ч үгүй хүмүүс бүр л зутарч байгаа даа” гэлээ.
Өдөртөө 20 гаруй, шөнөдөө 32-35 хэм хүртэл хүйтэрч буй учир малчид бүхий л хүчээ дайчилж эхэлжээ. “Малын голд хүйтэн орчихвол яаж ч тэжээгээд нэмэргүй. Түүнээс л сэргийлэх хэрэгтэй” гэх хүн олон таарсан юм. Тиймээс малчид архи, пивоны үйлдвэрээс буудайн шаар авч, малдаа өгдөг гэнэ. Нэг тонн шаар 20 орчим үхэрт 14 хоног хүрэлцдэг байсан бол энэ хүйтэнд долоо ч хонохгүй байгаа аж.
Тиймээс малчид спиртний эрэлд гарчээ. Гэтэл “алт” болж буй спирт нь үнэтэй учир БНХАУ-ын “Талын хар” хэмээх архи, улаан перцийг үхэр, адуундаа өгөхөөр нөөцөлж эхэлжээ.
Энэ их цасанд малчид, малаас гадна сургуулийн хүүхдүүд туйлдаж байна. Партизаны сангийн аж ахуй, Рашаант өртөөний дунд байрлах уулын хормой дахь хоёр гэрийн нэг Г.Баянбилэг хүүгийнх. Удахгүй 11 нас хүрэх тэрбээр гурван хүүхэдтэй айлын дундах нь. Гэрээсээ сургууль хүртэл ойролцоогоор дөрвөн км зам туулдаг аж. Гүйхдээ гүйж, заримдаа алхвал 20 орчим минут л зарцуулдаг гэнэ.
Гэвч өнгөрсөн пүрэвээс ням гариг хүртэл их хэмжээний цас орсон учир сургууль руугаа очихын тулд 40 минут явдаг болжээ. Шуургатай үед замын унаанд дайгдахын тулд гараа өргөн зогсдог гэнэ. Тэрбээр “Зарим хүүхдийг бодоход би ойроос явдаг. Бүр өртөөний дэргэдээс явдаг хүүхэд ч манай ангид байдаг юм.
Сургуулийн автобус өглөө 07.30, зарим өдөр 12.00 цагт зогсоолоос явдаг. Тэрэнд амжиж суухгүй л бол алхахаас өөр аргагүй. Замын унаанд дайгддаг хүүхэд олон бий. Аав хөдөөнөөс ирчихвэл хааяа намайг сургуульд хүргэж өгдөг юм” гэж ярьсан.
Түүнтэй адил холоос алхдаг хүүхэд болон бий. Рашаант өртөөнөөс хичээлдээ явдаг хүүхэд цаг гаруй алхдаг гэнэ. Хоёр, гурван айл хүүхдүүдээ нэг мотоциклоор зөөх зэргээр зохион байгуулсан нь ч байв. Ц.Цэрмаа “Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ өртөөнд хүргэж өгөөд, сургуулийнх нь автобусаар явуулдаг. Машинтай айл цөөн болохоор ээлжээр хүүхдээ хүргэх нь бий. Холоос явдаг хүүхдүүд хацар, чихээ хөлдөөх нь энүүхэнд шүү дээ” гэсэн юм.
Тэгвэл Жаргалант тосгоны дарга Ш.Баасанжав “Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Манайх дүүргийн харьяа, тосгон гэсэн статустай учир өвс, тэжээлийн тусгай нөөцгүй. Малчид бор зүрхээрээ өвлийг давдаг. Сургууль ашиглалтад ороод гурван жил орчмын нүүр үзэж буй ч өнгөрсөн жил л автобустай болсон. Гэтэл сурагчдыг зөөхөд шаардлагатай урсгал зардлын төсөв байхгүй, хүүхдүүд нэг талдаа 500 төгрөг төлж явдаг” гэлээ.
Гэр хороололд хүн явах аргагүй мөс тогтжээ
Өнөө жилийн хатуу өвлийг гэр хорооллын айлууд хэрхэн даван туулах бол. Бид сурвалжилгаа Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооноос эхэлсэн юм. 10.00 цаг болсон учраас айлууд хэдийнэ галлаж, Баянхошуу, Зүүнсалаа орчимд утаан хөшиг татсан тул урдах машинаа арай л гэж харж байв.
Нийгмийн ажилтан А.Мөнхбаярынх нь хэлснээр “Хилчин хотхон”-ноос эхлэлтэй тус хороо 2007 онд байгуулагдсан. 3000 гаруй өрхийн 13.000 гаруй иргэнтэй бөгөөд энд хүн амын бүхий л давхаргынхан амьдардаг гэнэ. Сонгинохайрхан дүүрэг хоттой хамгийн ойр учраас шилжин ирэгсэд олонтой.
Энэ хэрээрээ үерийн аюултай, хориотой бүсэд зөвшөөрөлгүй буусан 200 гаруй айл эл хороонд байдаг аж. Тэдгээрийн олонх нь цахилгаанаа тавиулах эрхгүй байдаг гэсэн.
Цас их орсноос замд гулгаа үүсэж, гөлийсөн байлаа. Хорооны XI хэсгийн ахлагч Я.Дуламсүрэн “Халтиргаа гулгаа ихтэй болохоор хэр баргийн машин энэ өөд өгсөхгүй шүү дээ. Тиймээс хүмүүс мод нүүрсээ 4-5 км зайд усны тэргээр зөөх нь энүүхэнд.
Манай тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгчид ирэх зун зам тавьж өгнө гэсэн. Бид цасаа цэвэрлэхийг айлуудад уриалж байна. Аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа хааш хаашаа 50 метр газрын цасыг цэвэрлэсэн. Гэсэн ч халтиргаа багасахгүй юм” хэмээн бидэнд хуучлав.
Тус хорооны нутаг дэвсгэрт явах үеэр бидний машин хэд хэд шарваж, гүн цасанд суух шахсан юм. Худгийн хажуугаар өнгөрөхөд маш зузаан мөс тогтсон байсан бөгөөд ус авч буй хүмүүс тэшиж унах нь хөлд орох гэж буй хүүхэд шиг харагдав. Түүнчлэн энд тэнд халтирч байгаа хүмүүс мөсөн дээр “бүжих” мэт.
БАЙР СУУРЬ
Ирэх онд хийх өмч хувьчлалын талаар эдийн засагч, судлаачдын байр суурийг сонирхлоо.
ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН БОДЛОГО НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Д.АНГАР (Хөрөнгийн зах зээлийн шинжээч):
-Баруун Европын орнуудад иргэдээ өмчтэй болгох зорилгоор 1990- ээд онд төрийн мэдэлд байсан аж ахуйн нэгжүүдээ хувьчилсан. Одоо иргэд нь өмчтэй болж, хувьцаанаас ногдол ашиг хүртэж байна. Харин манай өмнөд хөрш өмч хувьчлалын зэрэгцээ хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэсэн урт хугацааны давхар зорилго тавьсан. Энэ хүрээнд Шинжаан болон Шанхайн хөрөнгийн биржийг 1990 онд байгуулсан.
Төрийн бодлого нь зөв байсан учир одоо Шанхайн хөрөнгийн бирж дэлхийд тав, Шинжааных найм дахь том хөрөнгийн бирж болон хөгжжээ. Манай улсад Монголын хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хороогоор дамжуулан улсын өмчийг хувьчилсан. Гэтэл эдгээрийн аль нь ч байгаа оноогүй. Өмч хувьчлалын дүнд иргэд өмчтэй болоогүй, хөрөнгийн зах зээл ч хөгжсөнгүй. Харин цөөн хэдэн хүн их хэмжээний хөрөнгө эзэмшдэг болов.
Энэ нь манай улсад төрийн өмчийг хувьчлах бодлого байхгүйг харуулж буй юм. Ийм байдлаараа явбал өмч хувьчлал 25 жилийн дараа ч үр ашиггүй хэвээр байна. Тиймээс төр бодлогоо гаргаж, урт хугацааны зорилгоо зөв тодорхойлох нь чухал. Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ компанийг хувьчилж болно.
Үүний зэрэгцээ урт хугацаанд ямар зорилгод хүрэх вэ гэдгээ төр тодорхой болгох ёстой. Хувьчлал явуулснаар иргэдийг өмчтэй болгох юм уу, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх үү, аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах юм уу гэдэг бодлого байх ёстой. “Оргил” рашаан сувиллыг хувьчилж авахын тулд долоон тэрбум төгрөгтэй байх шаардлагатай.
Үүний оронд хувьцааг нь хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж, иргэдэд оролцох боломжийг нь олгох хэрэгтэй. Ирэх онд Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд оролцохын тулд иргэдээс хөрөнгө босгоно. Энэ нь хувьчлалыг хүртээмжтэй, ил тод болгох зорилготой юм.
ИХ ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ АРГЫГ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ
Ч.ГАНХУЯГ (“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал):
-Манайх шиг хоёр том гүрний дунд оршдог оронд стратегийн ач холбогдолтой салбар байх ёстой. Харин өрсөлдөөнтэй, хувийн хэвшлийнхэн тухайн үйлчилгээг нь үзүүлэх боломжтой салбарт төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хувьчлах нь зүйтэй. Банк, даатгал зэрэг салбарт хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулж байхад төр оролцох хэрэгтэй юү, Засгийн газар нь нүүрс зөөж, уул уурхайтай хутгалдах шаардлага бий юү гэдгийг бодох ёстой.
Төр шударга өрсөлдөөнийг хангах, зохицуулах, тогтвортой үйл ажиллагаа явуулах орчныг нь бүрдүүлэн татвараа авна. Үүгээрээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг нийгмийн үйлчилгээнд хөрөнгө оруулах үүргээ л гүйцэтгэх хэрэгтэй. “Монгол шуудан” компанийг төр, хувийн хэвшил хамтран эзэмшиж байгаа. Гэтэл энд улстөржих явдал хэт их байна.
Төрийг төлөөлж буй дунд шатны түшмэд хурдан шийдвэр гаргаж, тухайн компанийг үр ашигтай ажиллуулахад учир дутагдалтай байна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд хүндрэлтэй. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран, эсвэл бүхлээр нь төр эзэмшиж буй компанийн ТУЗ-д хараат бусаар ажиллах боломж олгох ёстой. Мөн ийм хэлбэрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэнд даатгаж, эргээд тайлан авах хэлбэр рүү шилжих цаг нь болсон.
Төр нь зохицуулдаг, эзний эрх хэрэгжүүлдэг, менежмент хийх гэж оролддог нь сонирхлын зөрчил үүсгэж буй юм. Үүнээс гадна өмч хувьчлалд иргэд оролцох сонирхолтой байдаг юм байна гэдэг нь “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн хувьчлалаас харагдсан. Хувьцаа, хөрөнгө эзэмшиж, түүнийгээ өсгөн арвижуулах сонирхол иргэдэд их бий. Тиймээс энэ боломжийг нь л олгох хэрэгтэй.
“Монгол шуудан” компанийг хувьчлах гэж байгаатай холбоотойгоор “Ард” санхүүгийн нэгдлийн хувьцааг худалдан ав, бид тэр мөнгөөр чинь “Монгол шуудан” компанийн хувьцааг худалдан авъя гэсэн санал тавьж байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн, нэг компани төрийн өмчийг хувьчилж авах бус, олуулаа хөрөнгөжих цаг ирсэн. Мөн хамгийн их мөнгө төвлөрүүлэх шударга, нээлттэй аргыг хэрэглэж, иргэд аль болох өргөнөөр оролцох боломж олгох хэрэгтэй.
ХУВЬЧЛАЛД ДОТООДЫН КОМПАНИУДЫГ ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Б.БАТ (МУИС-ийн багш, доктор):
-“Монголын цахилгаан холбоо”-ноос бусад төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах нь. Харин энэ компанийг хувьчлах үйл ажиллагаанд зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох, Засгийн газрын мэдлийн хувьцааг үндэсний компаниуд худалдаж авна гэж хязгаарлах нь зүйтэй болов уу. Гадаадын
компанийн хувь эзэмшлийг өсгөх, эсвэл шинээр оруулах нь цаашид энэ салбарын зах зээлээ гадаадынханд алдах эрсдэлтэй. Одоогоор төрийн өмчийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах нь хамгийн зөв арга гэж бодож байна. Гэхдээ цахилгаан станц болон дамжуулах, түгээх системийг хувьчлах нь буруу. Ингэснээр Засгийн газар нь буцааж өндөр үнээр худалдан авсан тохиолдол бий.
Хувийн хөрөнгө оруулагчид ашгийн төлөө ажилладаг. Иймд цахилгаан станцууд хувьд шилжсэн тохиолдолд одоогийн татаастай үнийг халж, өндөр ханш тогтооно. Энэ бол бизнесийн зарчим. Тэгэхээр бараа, үйлчилгээний үнэ өснө. Энэ нь нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ, түүний үр дагаврыг сайн тооцоолох шаардлагатай. Иймд улс орнууд цахилгаан станцаа тэр бүр хувьчлаад байдаггүй.
НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУВЬЧЛАХ НЬ ЗӨВ
Ч.ОТГОЧУЛУУ (Эдийн засагч):
-Төр цомхон байх хэрэгтэй. Хэт их өмч эзэмшихээр зах зээлийг зохицуулахаас илүү өрсөлдөөнийг хязгаарладаг. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн үр ашиг багасаж, өрсөлдөх чадвар нь буурна. Хувьчлал хийхдээ хоёр зүйлийг анхаарах нь чухал. Эцсийн зорилго нь зөвхөн үр ашгийг сайжруулах биш. Хамгийн гол нь тухайн салбарын үйлчилгээ нь олон нийтийн хэрэгцээг хангаж, чанартай байх ёстой. Энэ нь тасалдах ёсгүй.
Аж ахуйн нэгжүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах нь зөв болов уу. Манай үндэсний аж ахуйн нэгжүүд гадаадын ноу-хау, шийдэл бүхий компаниудтай хамтарсан консорциум болж хувьчлалд оролцох хэрэгтэй гэж бодож байна. Харин улстөрчдийн, эсвэл томоохон бизнес эрхлэгчдийн гар хөл болсон хүмүүс сонгон шалгаруулалтыг будилуулахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн хувьчлалын үйл явц хүн бүхэнд таалагдах шаардлагагүй.
Бүтээмж, ур чадвараараа шударга өрсөлддөг, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг, санхүүгийн чадавх сайтай, туршлагатай компани ялах нь чухал. Уг нь санхүүгийн сахилга бат, олон нийтийн засаглал талаас нь харвал аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах нь дээр. Гэвч манай хөрөнгийн биржийн үйл ажиллагааг харвал дуудлага худалдаанаас өөр сонголт үлдээгүй бололтой.
Төрийн өмчит зарим компанийг “Эрдэнэс Монгол”-той нэгтгэхээ больсон. Оронд нь яамдад тараах, эсвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдэлд өгөх ч юм шиг ойлгомжгүй байдал бий боллоо. Өмч хувьчлалтай холбоотой ихэнх шийдвэрийг УИХ, цаашлаад нэг намын удирдлага гаргадаг болж байх шиг байна. Компанийн засаглалын хувьд ухарч байна. Хөгждөггүй юм аа гэхэд засаглалын зөв тогтолцоог нь бүү бусниулаасай.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Төрийн компаниудыг ХУВЬЧЛАХАД ЭРСДЭЛ БИЙ
Аливаа үйлдвэр, компани төрийн эзэмшилд байх нь үр ашиг муутай гэдгийг дэлхий нийт 1980-аад оноос хүлээн зөвшөөрч эхэлжээ. Түүнээс хойш улс орнууд өөрийн онцлог, тухайн цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулж хувьчлал хийж ирсэн байна. Манай хоёр хөрш гэхэд хувьчлалын томоохон хөтөлбөр батлан, хэрэгжүүлж буй. Зарим орны хувьчлалын түүхийг сөхье.
Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер 1980-аад оны үед өмч хувьчлалыг эхлүүлж байжээ. Тухайн үед Их Британид төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь үр ашиг бага, зардал ихтэй, алдагдалтай ажиллаж байсан аж. Харин хувьчлалын үр дүнд засаглал, үр ашиг, өрсөлдөх чадвар нь сайжирч, ашиг орлого нь нэмэгдэнэ гэж тэрбээр үзсэн байна.
Үүнээс хойш 30-35 жилийн хугацаанд Их Британийн хувьчилсан олон ч компанийн үйл ажиллагаа сайжирч, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болжээ. Дүгнэвэл, Их Британи 1979-2013 онд 20 компанийг хөрөнгийн биржээрээ дамжуулан хувьчилсан гэнэ.
Тэдний нэг BT компанийн хувьцааг олон нийтэд хүртээмжтэй арилжихын тулд орон даяар кампанит ажил өргөн хүрээтэй зохион байгуулж, хувьцааны төлбөрөө хуваан төлөх боломж олгожээ. Тодруулбал, нэгж хувьцааны үнэ болох 130 фунтийг 1984- 1986 онд гурав хуваан төлөх боломж бүрдүүлсэн байна. Өдгөө Их Британи дэлхийн санхүүгийн том төв болсныг бид мэднэ.
Итали, Их Британи, Бельги зэрэг улсын араас япончууд шуудангийн компаниа хувьчилсан. Арлын орны “Japan post” компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр IPO хийн, Засгийн газар нь 1.44 их наяд иен (12 тэрбум ам.доллар)-ий хувьцаа арилжжээ. Энэ нь өнгөрсөн оны хамгийн өндөр дүнтэй IPO болсон юм. Үүний тулд дотоод, гадаадын томоохон андеррайтерын компаниудтай хамтран, олон нийтэд хүргэхэд анхаарч, үндэсний хэмжээний кампанит ажил зохион байгуулсан агаад өндөр ногдол ашиг амлажээ. Тэгэхдээ татвараас чөлөөлөгдсөн хувийн хадгаламжийн дансыг түлхүү дэмжсэн NISA дансаар нийт худалдан авалтын бараг талыг нь хийжээ.
Монгол Улсад өмнөх жилүүдэд төрийн өмчийг хувьчлахдаа компанийн эдийн засагт эзэлж буй байр суурь, үйл ажиллагааны онцлогт тохируулан хувьчлалын уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ үнэт цаасыг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах зэрэг аргыг түлхүү хэрэглэхээр үндсэн чиглэлд тусгаж байв. Тэгвэл нэмэлт хувьцаа гаргахаас өөр хэд хэдэн хэлбэр байдгаас заримыг нь товч дурдъя.
Бүх сонирхогчид чөлөөтэй оролцдог, өөрийн биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлж өрсөлддөг, хамгийн өндөр үнэ хэлсэн оролцогч нь ялагч болдог хэлбэрийг нээлттэй дуудлага худалдаа гэдэг.
Тодорхой болзол хангасан төслийн уралдаан зарлаж, хооронд нь өрсөлдүүлэн сонгон шалгаруулах үндсэн дээр бүх сонирхогчийг чөлөөтэй оролцуулан өмч хувьчлах нь нээлттэй уралдаант шалгаруулалтын арга юм. Тавьсан бүхий л болзол, шаардлагыг хамгийн сайн хангаж чадах хөрөнгө оруулагчийг өрсөлдөгчдийн дундаас сонгон тендерийн ялагчаар тодруулдаг аж.
Аль болох хүүгийн дарамтгүй, урт хугацааны хөрөнгө татъя гэвэл төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах нь зүйтэйг шинжээчид зөвлөдөг. Хөрөнгийн зах зээлийг хамгийн шударга, нээлттэй, ил тод гэж үздэг учраас тэр. Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний тоо нэмэгдэх үед өөр бусад боломж ч нээгддэг байна.
Үүсмэл үнэт цаасны зах зээл хөгжихийг энд дурдаж болох агаад хөрөнгийн зах зээл томрох ач холбогдолтой. Харин дуудлага худалдаагаар юм уу, тодорхой хүрээнд хийвэл ил тод байдал нь хангагдахгүй байх талтай. Ер нь аливаа компанийг үнэлэхдээ гарт баригдах хөрөнгийг бус, зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа, орлого олох хэр боломжтой зэрэгт илүү анхаардаг гэнэ.
Төрийн өмчит компани учраас л муу ажилладаг гэсэн үг биш юм байна. Олон улсад амжилттай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд зөндөө бий. Тиймээс ч хувьчлал хийгээд, хувийн компани төрийнхөөс илүү сайн ажиллана гэсэн баталгаагүй хэмээн зарим шинжээч тайлбарлаж буй.
Холимог буюу хагас нээлттэй цөөнгүй компани (хувийн хөрөнгө оруулалттай, төр нь тодорхой хувь эзэмшдэг бөгөөд зарим хэсэг нь хөрөнгийн биржээр дамжин иргэдийн гарт байдаг) хүчээ авч байгаатай энэ нь холбоотой аж. ХБНГУ-д төрийн өмч биш харин олон нийтийн гэсэн утгаар холимог өмчлөл бүхий компаниуд байдаг гэнэ. Дэлхийн зарим улсад төрийн 100 хувийн өмч мөн ч бизнесийн эрх чөлөө, гүйцэтгэх эрх мэдэл, хүний нөөцийг нь хувийн компаниуд бүрэн хариуцдаг тогтолцоо ч хэдийнэ бий болжээ.
Түүнчлэн төрийн өмчит компаниудыг хувьчлахад эрсдэл учирсан жишээ бий аж. Жишээлбэл, Казахстанд хоёр цахилгаан станцаа 2006 онд хувьчлахад дийлэнх хувьцааг нь гадаадынхан худалдан авчээ. Шинэ худалдан авагчид нь цахилгааны үнийг нэмсэн учраас хувьцаагаа долоон тэрбум ам.доллароор зарснаа буцаагаад 50 орчим тэрбумаар худалдаж авсан сургамж бий гэнэ.