Б.Тэмүүжин
Германы инженер Артур Шербиусийн аль 1923 онд бүтээсэн “Энигма” нэртэй кодлогч машин эхэндээ албан байгууллага, компаниудын хооронд мэдээллийг нууц хэлбэрээр дамжуулахаар зохиогдсон ч 1928 онд Германы усан цэрэг, мөн 1933 онд Нисэх хүчин нь өөрсдийн сайжруулсан хувилбарыг гаргаж ирэн цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байдаг.
Харин энэхүү машинаар боловсруулсан цэргийн нууц мэдээллийн кодыг тайланх нь Дэлхийн 2-р дайнд ялах гол түлхүүр байсан. Үүнийг Английн математикч Алан Тюринг болон түүний баг тайлж чаджээ. Түүний бүтээсэн тэрхүү машин мөн 1946 онд бүтээсэн Automatic Computing Engine (ACE) анхы электрон компьютер бол өнөөгийн бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютер, гар утасны эхлэл байсан юм. Ердөө 70-хан жилийн дараа гэхэд энэ төрлийн технологи ямар хурдтай хөгжснийг бид өөрсдөө гэрчилнэ. Тэгвэл 1960-аад оноос Америкт эхэлсэн гэдэг компьютеруудын сүлжээ нь мөн л бидний өдөр тутмын хэрэглээ болсон интернетийн эхлэл байв. Тэр үед тэдгээр шинэ технологиудыг бүтээж байсан хүмүүс хэдэн аравхан жилийн дараа бид өөрсдөө тэр технологидоо уусна гэж төсөөлөөгүй байж болох юм.
Компьютер болон интернет нь өнөөгийн хүмүүсийн байнгын хэрэглээ болсон төдийгүй мөн бидний амьдарч буй нэгэн орон зай болоод байгаа билээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн бид өөрийн махан бие, оюун санаагаар энэ бодит ертөнцөд амьдрахаас гадна бид бас дижитал “сүнс”-тэй болж үл үзэгдэх хиймэл, хоосон орон зайд бүртгэлтэй болж амьдралынхаа нэгээхэн хэсгийг тэр хиймэл орон зайд өнгөрөөж байна. Бидний нэр, регистерийн дугаар, нийгмийн даатгал, цахим шуудан, facebook хаяг, банкны данс гээд л бараг бүх зүйл маань энэ хиймэл кибер орон зайд амьдарч байна. Хэн нэгэн тэр дижитал “сүнс”-ээ алдчихвал бараг энэ бодит ертөнцөд амьдрах аргагүй болох хүртлээ бид хашигдсан байгаа. Мөн орчин үеийн бидний амьдарч байгаа энэ нийгэм, бодит орон зай маань хүртэл кибер орон зайтай сүлбэлдэн өөр хоорондоо хамааралтай болжээ. Энэ шинэ орон зай бол өрсөлдөөний, цаашлаад дайны шинэ талбар болж өөрийн гэсэн зэр зэвсэгтэй болсон байгааг одоо хүмүүс анзаарч эхлээд байна.
Өнгөрсөн цаг үед дайны талбар гэж газар, далай, агаар, мөн сансар огторгуйг хэлдэг байсан бол 21 дүгээр зуунд интернет орчин бол дайны талбар болов. Энэ талаар “The World Order” номондоо Хэнри Киссенжер “... Кибер орон зай бол түүхэнд байгаагүй шинэ сорилт болжээ” гэж бичсэн. Мөн тэрээр Английн философич Томас Хоббс аль 17-р зуунд “Бүгдийн эсрэг дайн” бүтээлдээ тодорхойлсон “natural state”буюу “жам ёсны төр улс” гэдэг тодорхойлолт алдлагдаж байна. Олон улсын зарчим, хууль байхгүй болж технологийн дэвшлээс улбаалсан эмх замбараагүй байдал үүсч улс төрд захирагдахгүй, олон улсын харилцаа, эмх цэгц алдагдах нөхцөл байдал үүслээ гэжээ.
Нэгэнт энэхүү кибер орон зай бодит болсон юм бол хувь хүний төдийгүй иргэний байгууллага, зэвсэгт хүчинд энэ орон зайгаар дамжин зохиомлоор нөлөөлөх, халдах, устгах нөхцөл мөн бүрдсэн гэсэн үг. Тиймч үйл явдлууд сүүлийн хэдхэн жилд маш ихээр нэмэгдэх боллоо.
Ирээдүйн дайн бол дотоод болон гадаад, иргэний болон цэргийн, тэрбүү хэл дайн болон энх тайваны хооронд бус болно. Гибрид буюу хосолсон хэлбэрээр болох ба дайн зарлах ч шаардлагагүй, эхлэх дуусах нь ч тодорхойгүй тийм нөхцөлд болохоор болсон байна. Ирээдүйн дайн байлдааны ялагч, ялагдагчийг байлдааны онгоц, нисдэг тэрэг, байлдааны усан онгоц бус дроне, бие даасан зэвсэгийн систем (autonomous weapon system)тодорхойлж болохоор болсон.
Сүүлийн 20 жил инновацид суурилсан шинэ технологи цэргийн болон иргэний бүх салбарт нэвтэрсэн нь хадлагад өртөх магадлалыг улам нэмэгдүүлж байна. Хямдхан зөөврийн компютер, интернэт сүлжээ байхад л хэдэн арван тэрбум долларын өртөгөөр байгуулсан пуужингаас хамгаалах байгууламжийг ажиллагаагүй болгож болохоор болсон. Цэрэг армийн хэмжээ, нөөц хэр их байх нь орчин үеийн батлан хамгаалах салбарт хангалтгүй болсон цаг. Цэргийн уламжлалт техник болох танк, байлдааны онгоц бүтээх зардал улам өсч байгаа бол эсрэгээрээ компютер, програм хамгамж, дроне буюу нисэгчгүй онгоцны өртөг улам бүр хямд болжээ. Тиймээс байлдааны техник хэрэгсэл муутай ядуу орнууд ч, тэрбүүхэл улс орон биш бүлэг ч цэрэг дайны, мөн эдийн засгийн асар их хохирол учруулж болох шинэ дайны ирмэг дээр ирээд байна. Хүйтэн дайн бол маш тодорхой байсан. Цөмийн зэвсэгтэй хэдхэн тооны орон дэлхийн улс төрийн системийг тодорхойлж байсан бол орчин үед гэмт хэргийн бүлэглэл, эсвэл Исламын алан хядагч, бие даасан хакерууд гээд хэн ч гэсэн дэлхийн улс төрийн систем, хүчний харьцаанд нөлөөлж чадахаар болсон.
2005 оноос хойш болсон үйл явдлаар хэдхэн жишээ авья. Теннеси мужийн хурдны замын хөдөлгөөн зохицуулах гэрэл ажиллагаагүй болсон. Техас мужийн Порт Артур дах газрын тос боловсруулах үйлдвэрийн хяналтын систем халдлагад өртсний улмаас үлэмж хэмжээний газрын тос асгарч хэдэн арван км үргэлжилсэн бохирдол үүсч байгаль орчинд үлэмж хохирол учрав. Үүний улмаас Техас болон Луйзанна муж онц байдал зарлаж байсан.Аризона мужид цахилгаан эрчим хүч тасарсны улмаас хэд хэдэн ноцтой хохирол учрав. Калифориа мужийн өмнөд хэсгийн усан боомтын ачих буулгах үйл ажиллагаа тасалдаж хэдэн арван том хэмжээний тээврийн усан онгоц хэдэн арван цагаар далай дээр гацсан. Энэ бүгд манай гарагийн хаа нэгтээ аль нэг компьютерээс хийсэн кибер халдлага байсан.
АНУ-ын цэргийн нисэн онгоцнуудын байршлыг тогтоодог програм хамгамж алдагдсан бөгөөд мэргэжилтнүүд хаанаас энэ халдлага ирсэн, мөн ямар хэмжээний хохирол учрсан гэдгийн тооцоолох аргагүй гэж мэдэгдэв. Энэ оны 6 дугаар сарын дундуур болгон эл үйл явдлын улмаас Виржиниа мужид байрлах цэргийн бааз түгшүүр зарлаж 9 өдрийн турш Пентагоны орох гарах бүх мэдээллийн сувгийг хааж цэргийн болон иргэний өндөр бэлтгэгдсэн компютерийн 800 мэргэжилтэн ирээдүйн дайн байж болох кибер дайнд бэлтгэх ажил эхлэв.
Тэд “КИБЕР 9/11”гэж нэрлэсэн ажиллагаа эхлүүлж америкийн дэд бүтцийн салбарт ирж болох кибер халдлагын симулиац туршилт хийж байна. Үүнийг дижитал 9/11 гэж томьёолоод ийм төрлийн халдлага болох эсэхт эргэлзэх хэрэггүй, цаг хугацааны л асуудал гэж АНУ-ын Кибер Комманд төвийн дарга контор адмирал Кевин Лундсай Милитари Таймс сэтгүүлд ярьсан.
Цэргийн армийн сүлжээнд халдахаас гадна томоохон компани, олон нийтийн сүлжээнд чиглэсэн халдлага байнга гарч байдаг. 2014 онд Yahoo-гаас 500 сая хүний хувийн мэдээлэл алдагдсныг цахим хадлага байсан гэдгийг өнгөрсөн 9 дүгээр сард нотолсон болохоо зарлав.
Эдгээрээс гадна нэгэн явдлыг онцолж болох юм. Балтын тэнгэсийн Эстон улсад кибер халдлага 2007 оны 4-р сарын 27-ны өдөр АТМ машинууд ажиллагаагүй болсноор эхэлсэн. Дараахан нь интернетийн үйлчилгээ тасрав, радио ТВ ажиллахгүй болов, Эстоны парламентын сүлжээ тасрав, эцэст нь 5 дугаар сарын 9-нд Ерөнхий сайдын ведсайд алга болов. Харин яг энэ үед Улаан талбайд ялалтын парад эхэлж байлаа. Энэ халдлага тус орны иргэдийг бүтэн хоёр долоо хоногийн турш ертөнцөөс тасалсан юм. Эстоны тухайн үеийн Ерөнхий сайд Андрус Ансип “энэ бол шинэ кибер дайны туршилт байсан” гэж мэдэгдсэн. Таллины төв талбайгаас Дэлхийн 2-р дайны дурсгалыг буулгаснаас ердөө хэдхэн хоногийн дараа болсон эл үйлдэл нь дээрх халдлагыг хэн үйлдсэн байж болох талаар таамаглаж болохоор байгаа юм. Ерөнхий сайд хэлэхдээ мэдээж энэ бол Оросууд, Кремлийн хийж байгаа ажил гэсэн. 2 жилийн дараа Путинийг дэмжигч “НАШИ” гэх залуучуудын бүлэг уг халдлагыг үйлдсэн гэдгээ мэдэгдсэн ч Кремль одоог хүртэл үүнийг няцаадаг. Энэ төрлийн халдлага дайралт зөвхөн Америкийг чиглээд байгаа юм биш.
АРТ-28 буюу “Sofacy”нэртэй групп 2007 оноос хойш аль нэг улсын гадаад хэргийн яамнаас эсвэл НАТО-гийн Бруссел дэх удирдах төв байрны аль нэг компьютерээс АНУ-ын Төрийн департмент, тэрбүү хэл НҮБ-ын төв байрнаас ирж байгаа цаг үеийн шуурхай мэдээ байдлаар илгээсэн цахим шууданд хавчруулсан Трожан хэлбэрийн вирусыг тодорхой нэг чиглэсэн орныхоо ЗГ, парламентийн гишүүд, том банкууд, компанийн гүйцэтгэх удирдлагад илгээдэг. Мэдээж тэнд нь цаг үеийн мэдээ мэдээлэл байдаг. Тухайлбал, Германы Бундестагийн гишүүдэд 2016 оны 8 дугаар сард гэхэд НАТО-гийн төв байрнаас Туркийн цэргийн эргэлт, Италийн газар хөдлөлтийн тухай шинэ мэдээ илгээх байдлаар гишүүдийн компьютерээс мэдээлэл хулгайлах тусгай програм давхар явуулсан нь тогтоогдсон. Гэвч хэдий хэр мэдээлэл алдагдсныг тогтоох аргагүй гэж мэдэгдсэн.
Ангела Меркелийн нам болох CDU-гийн төв серверт энэ оны 4-р сард халдсан нь мөн АРТ-28-ийн ажил юм. Мөн Францын ТВ5 Монде сувгийг хакердан хэсэг хугацаанд тасалж исламын үзэл суртлын мессеж(шторк) явуулсан байдаг ба энэ нь Исламын Улс(ISIS)-ын хийсэн ажил байв. Сүүлийн үед дээрх АРТ-28 буюу “Sofacy” группын ард Оросын хакерчид байж болох юм гэж IT-ийн мэргэжилтнүүд үзэж байна. Дээрх олон удаагийн халдлагыг үйлдсэн цаг хугацаанаас харвал Оросын нутгийн баруун хэсэг тухайлбал, Москва, Санкт Петербургийн хавийн ажлын цагийн хуваартай давхцаж байгаа ба кирилл үсгийн фонттой компьютерээр боловсруулсан болохыг тодорхойлсон байна. Гэхдээ яг таг тогтоосон баримт байхгүй.
Харин Францын ТВ сувгийг хакердсан ажиллагаа бол ил тод байсан. Өөрөөр хэлбэл халдлага үйлдэж байгаа бараг бүх бүлэг өөрсдийнгөө сайтар далдлахыг хичээдэг бол дээрх халдлага үйлдэгчид өөрсдийгөө ерөөсөө нуугаагүй агаад магадгүй ил тод дайн зарлаж байж болох юм.
Энэ төрлийн халдлагыг маш ноцтой үйлдэл гэж үзэж байгаа ба аюулгүй байдлын мэргэжилтнүүд янз бүрээр нэр хоч өгдөг. Германы Дотоодын аюулгүй байдлын агентлагийн дарга Ханс-Георг Маассен “Digital time bomb” буюу Цагийн тохируулгатай дижитал бөмбөг гэсэн бол АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Пеннета2012 онд хэлсэн нэгэн мэдэгдэлдээ “Cyber Pearl Harbor” буюу Кибер Сувдан эрэг гэж нэрлсэн байна.
Энэ бол дайны онолын түүхэнд цоо шинэ технологи болж байна. Уламжлалт цэрэг дайны зэвсэг хэрэгсэлээс гадна энэ төрлийн зэвсгийг хаанаас ч хэний ч эсрэг хэрэглэж болохоор болсон. Ямартаа л сүлжээнд холбогдсон л бол шүдний сойз ч зэвсэг болж болох боломжтой гэсэн үг гарсан байх юм. Болох болохгүйн асуудал бус хэзээ болох вэ гэсэн хариулт хайж буй шинэ дайны талбарт улс орнууд аль хэдийнээ бэлтгэж байна. Америкийн кибер дайны хөтөлбөрийн зарим хэсгийг Эдуард Сноүдэн нийтэд ил болгосон. Америкын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг (NSA) өөрөө кибер дайны оролцогч бөгөөд тэдэнд “Shadow Brokers” гэх мэт групп интернетийн дайны “зэвсэг” нийлүүлдэг нь тодорхой болсон. Харин эдгээр нууц зэвсгийг хэрхэн ашиглаж байсан нь одоогоор дэлхий нийтэд бүрэн ил болоогүй байгаа хэдийч тэрхүү дижитал зэвсэгүүд нь аль хэдийнээ интернет зах зээлд борлуулагдаад эхэлсэн.
2007 онд АНУ-ын Теннеси мужийн Оак Ридж гэдэг газар нэгэн туршилт хийсэн. Энэ нь Ираны цөмийн хөтөлбөрийг устгахад чиглэсэн туршилт агаад амжиллтай болсон. Энэхүү дижитал зэвсэг нь компьютерийн вирус бөгөөд уран баяжуулах явцыг хэт түргэтгэх замаар дэлбэлэх зориулалттай. Ямарч бөмбөг, нисэх онгоц, пуужин хэрэглэхгүйгээр дайсныхаа байгууламж, дэд бүтцийн сүлжээнд нэвтэрч маш их хэмжээний хохирол учруулна. Туршилтын үр дүнг биет байдлаар нь Ерөнхийлөгч Бушд танилцуулсан ба Ерөнхийлөгч Ойрх Дорнодод ямар нэг дайн хийлгүйгээр Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох боломжийг олж хараад хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Үүнийг Alex Gibney-ийн бүтээсэн “Zero Days” баримтад кинод мөн дурдсан ба Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал байсан Генерал Майкл Хэйден үгүйсгээгүй бөгөөд улсын маш нууцын зэрэглэлд хамаарах асуудал гэж хэлсэн байдаг.
Энэ бол “Stuxnet”хэмээх вирус төрсөн хэрэг байсан бөгөөд Иран мэтийн орнуудын цөмийн хөтөлбөрийг зогсоох, ураны баяжмал хийх центрифуг ажиллагааг ажиллагаагүй болгох технологи юм. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл бөгөөд илүү том төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм. ҮАБА-т үйлчилгээ үзүүлдэг “Nitro Zues” хэмээх хакерын бүлэг Ираны маш олон салбар түүний дотор амин чухал дэд бүтэц, цахилгаан станц, дамжуулах сүлжээ, харилцаа холбооны сүлжээ, агаарын цэргийн хүчин зэрэг салбарт удирдлгагатай вирус суулгаж амжсан бөгөөд Ерөнхийлөгч Буш, түүний дараах Ерөнхийлөгч Обама нарын үед үүнийг ашиглахад бэлэн болсон. Хэрвээ Ирантай хийх цөмийн технологиос татгалзах хэлэлцээ амжилтгүй болох нөхцөлд, эсвэл Иран улс цэргийн хүчээр Израйльд халдвал АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар кибер дайчид дээрх зэвсгийг идэвхжүүлэхэд бэлэн сууж байгаа.
Иран ч энэ хооронд зүгээр суугаагүй. Ираны уран баяжуулах байгууламжийг компьютерийн сүлжээний вирусаар дамжуулан устгасан анхны тохиолдлоос хойш 30 жилийн дараа буюу 2012 оны 8 дугаар сард Ираны кибер дайчид Саудын Арабын хамгийн том газрын тосны компани Арамко-ийн 30000 компьютерт вирус халдааж ажиллагаагүй болгосон. Энэ бол “кибер дайн”-ы түүхэнд сөрөг цохилд хийсэн анхны тохиолдол гэж үздэг.
Кибер дайнд маш их бэлтгэж байна. Сноудены ил болгосон баримтууд дотор Ерөнхийлөгч Обама 2012 оны 10 дугаар сард өөрийн тагнуулын байгууллагуудын (Америкт 16 тагнуулын төрлийн төрийн байгууллага байдаг ба хэдэн арван хувийн тагнуулын компаниуд байдаг) удирдлагуудад Америкын талаас бусад сөргөлдөгч орнуудын зүг кибер халдлага хийж болох “бай”-ны жагсаалт гаргаж ирүүлэх талаар удирдамж орсон байна.
Израйлийн Ерөнхий сайд Нетаняху өөрийн наймхан сая хүнтэй улсыг дэлхийн кебер орон зайн их гүрэн болгоно гэж зарлаад Америкын ҮАБА-гийн дүү болох 1952 онд байгуулагдсан “Unit 8200” хэмээх нууц тагнуулын байгууллагдаа сүлжээний зэвсэг бүтээх үүрэг өгсөн. Одоогоор тэнд хэдэн мянган экспертүүд ажиллаж байна.
Германы Батлан хамгаалахын сайд Урсула Вон дер Лейен ирээдүйн гарцаагүй дайнд бэлтгэх зорилгоор кибер ажиллагааны бүх салбарыг нэгтгэн цэргийн нэгэн шинэ бүтэц байгуулахаа энэ оны 4 дүгээр сард мэдэгдсэн ба 2017 оны 4 дүгээр сарын 1 гэхэд цэргийн болон иргэний тусгай бэлтгэгдсэн 14000 “дайчин” бэлэн болгосон байх хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Бонн хотын ойролцоох Томбург гэх газар өндөр бэлтгэгдсэн 60 мэргэжилтнээс бүрдсэн Computer Network Operation ажилладаг ба тэд ямарч интернетгүй орчинд ажиллаж халдлагаас хамгаалах, мөн сөрөг довтолгоо хийх програм бүтээж байна. Дээр дурдсан кибер дайчдын үндсэн үүрэг нь төрийн байгууллагуудын сүлжээг хамгаалах явдал. Тэрчлэн орчин үеийн зэвсэг гэдэг бол тэр чигээрээ компьютержсэн техник болсон. Жишээ нь.: нийт 80 компьютер, 100 гаруй км урттай янз бүрийн цахилгаан болон электрон утаснаас бүрддэг орчин үеийн байлдааны онгоц мэтийн шинэ зэвсэглэлийн програм хангамж гэдэг бол түүний хамгийн сул тал болж байгаа ба энд өгүүлээд байгаа тусгай бэлтгэгдсэн дайчин бол төрийн болон цэргийн холбоо, харилцаа, сүлжээг хамлаалахаас гадна шинэ техник, зэр зэвсгийг мөн хамгаалахаар ажиллах болсон.
Хатад гэхэд л дангаараа 100000 хүнтэй кибер дайчид бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ОХУ ч мөн адил одоогоор 10000 -15000 хүний нөөцтэй кибер тусгай хороо ажилладаг гэсэн тоо гарсан байх юм.
Энэ мэтээр төрийн болон цэргийн байгууламж, сүлжээнд халдахаас гадна иргэний болон дэд бүтцийн байгууламж руу чиглэсэн халдлага маш хурдтай нэмэгдэж байна.Иим төрлийн халдлагыг хэнч үйлдэж болохоор болсон ба хийх аргыг нь “EPICBANANA”, “Ex-Trabacon” зэрэг нэрээр аль хэдийнээ олон нийтэд ил болгосон байна. Дижитал зэвсэг хэдхэн 7 хоногийн дотор хийх бүхий л арга хэрэгслийг зааж өгсөн байгаа ба Оросын зарим вебсайтаар ердөө л 25 доллараас ил тод борлуулж байна.
Германы Дотоодын аюулгүй байдлын агентлаг, Үндсэн хуулийг хамгаалах Хорооны Ерөнхийлөгч Ханс Георг Маассен цөмийн байгууламжуудын аюулгүй байдлын талаар хэлэхдээ: “Нэгдсэн сүлжээнээс зарим дэд бүтцийг тусад нь салгах хэрэгтэй болсон байна. Цөмийн байгууламж руу дижитал халдлага хийх арга бол террор хийх нэг сценар болоод байна. Үүнийг хийхэд хэцүү боловч бас боломжгүй зүйл биш” гэж 2016 оны 1-р сард мэдэгдсэн. Мань эрийг ийм мэдэгдэл хийхэд хүргэсэн зүйл бол бас л их энгийн байв.
Аюул ойрхон байна гэдгийн төр засгийн удирдлагадаа ойлгуулах гэж Германы нэг инженер оролдсон байна. ЗГ-ын зарим ажилтнуудыг байлцуулан ажлын өрөөнийхөө хананад байрлах Германы газрын зураг дээрх хэдэн мянган улаан цэгүүдийг заагаад эдгээр бол үйлдвэр аж ахуйн газрууд, эмнэлэг, сургууль, цэвэр усны байгууламж, хотын зам тээврийн удирдах байр зэрэг иргэний байгууламжууд юм. Тэнд ямар ч хамгаалалт байхгүй, тэрбүү хэл сүлжээнд нь нууц үг ч байхгүй болохыг хэлээд хэдэн туршилт хийсэн байна. Ажлын өрөөндөө сууж байгаад хажуухандаа байх сүмийн хонхыг цагаас нь өмнө дуугаргав. Мөн хэдэн зуун км цаана байгаа өөр нэг хотын ус цэвэрлэх байгууламжийг цахилгаан хангамжийг тасалж, германы хойд хэсгийн нэгэн жижиг хотын нэг нийтийн усан сангийн усыг 88С хэм халуун болгож үзүүлэв.
Мөн тэрээр хэдийгээр хамгаалалтын программтай байсан ч халдлагад өртсөн иргэний байгууламжийн талаар судалгаа хийснээ танилцуулсан байна. 6 долоо хоногийн турш ажиглалт хийхэд иргэний байгууламж руу хандсан 2.8 сая удаагийн халдлагын шинжтэй үйлдэл гарснаас 8 нь хамгаалалтыг амжилттай нэвтэрч чадсан байна. Үүний нэг нь Малайзийн төмөр замын хөдөлгөөн зохицуулах төвийн сүлжээнд нэвтэрч дохиолол холбоог гаднаас удирдснаас болж хоёр суудлын галт тэрэг мөргөлдсөн тохиолд гарсан байна.
Халдлага ерөнхийдөө маш энгийн байж болох юм. Тухайлбал: тээвэр ложистикийн програмд халдснаар гар бөмбөг захиалсан цэргийн ангид контейнер дүүрэн 00 цаас хүргүүлж болох юм. Энэ мэт хэдэн арван сая бараа бүтээгдэхүүний бар кодыг өөрчилж болно. Үүнээс гадна цахилгаан станц, дамжуулах болон түгээх сүлжээ, байгалийн хий дамжуулах хоолой, өргөх станцууд зэрэг онцгой дэд бүтцүүд хэдийгээр тодорхой хэмжээниф хамгаалалттай гэдэг боловч Герман мэтийн өндөр хөгжилтэй орнууд интернэт сүлжээгээ найдвартай хамгаалж чадахгүй байхад манай орны хувьд байдал бүр дор байж болох юм. Өнөөдөр өрсөлдөгч улсын эсрэг чиглэсэн кибер халдлага үйлдэж чадах 15 улс дэлхий дээр байна. Тэд бүхэл бүтэн улс орны эрчим хүчний салбар, харилцаа холбоо, тээвэр ложистикын сүлжээ, санхүүгийн системийг дижитал зэвсэг ашиглан устгаж чадах хэмжээнд хүрсэн. Орос, Хятад, Иран, Хойд Солонгосыг Барууны ертөнцөд аюул занал учруулж болзошгүй 4 улс гэж зарлав. Гэхдээ бүгд өөр өөрийн гэсэн талбар ашиг сонирхолтой. Тухайлбал: Бээжингийн сонирхол бол голдуу эдийн засаг, бизнес, үйлдвэрлэлийн зорилготой байдаг бол Кремль маш өндөр зэрэглэлийн 4000 гаруй мэргэжилтэн голдуу улс төрийн тагнуул, системтэй хорлон сүйтгэх ажиллагаанд анхаарал хандуулдаг. Харин Хойд Солонгосын хувьд бүр аюултай. Тэд өөрсдийн бэлтгэсэн кибер армиас гадна голдуу гадаад улс орнууд дах хакеруудыг өндөр үнээр хөлсөлж ажиллуулдаг. Тэдэнд хил хязгаар, харьяалал, тодорхой чиглсэн салбар гэж үгүй.Жишээлбэл, дээр дурдсан Эстонд халдлага үйлдсэн комьютерүүдийн 25 хувьд америкийн нутаг дэвсгэрт байрлаж байсныг тогтоосон байх жишээтэй.
Интернет болон сүлжээний аюулгүй байдал, хамгаалалтын талаар нилээд ул суурьтай бодож хаалттай хаалганы цаана сайтар ярилцаад авахад гэмгүй л байх даа. Тохиолдож болох хувилбарыг бодож үзье л дээ.
Манайд ид өвлийн улирал ирж байна. Айл өрхөөс авхуулаад хот суурин, төр засагтайгаа бүгд л өвлийн бэлтгэлээ хангана гээд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна. Гэтэл ид хүйтнээр манай 2 том цахилгаан станцын хяналтын үйл ажиллагааны сүлжээнд халдлага хийж ажиллагаагүй болвол, эсвэл улсын дамжуулах сүлжээний программ хангамжийг хакердаад нам зогсоовол юу болохыг төсөөлөөд үз. 3 цагийн дотор хотын бүх инженерийн байгууламжууд хөлдөнө, шуудан холбоо, банк, АТМ машинууд, бензин клонкууд ажиллахгүй, дэлгүүр онгойхгүй, тэгээд цэвэр ус тасарна. Ердөө хэдхэн цагийн дотор биднийг дундад зуун руу шидчихнэ гэсэн үг. Мэдээж энэ байдлыг дагаад хулгай дээрэм, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, өлсгөлөн, өвчин гээд тооцоод байвал дуухагүй их асуудал босч ирнэ.
Эсвэл Хятадад байдаг алдарт Гурван хавцлын далан хэмээх дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын сүлжээнд нэвтэрч станцын маш нарийн тохиргоонуудыг өөрчилснөөр үйл ажиллагаа нь хэт ачаалж далан нурлаа гэж төсөөлье. Хэдэн зуун тэрбум куб метр ус сад тавин урсаж замдаа таарсан бүх зүйл, хот тосгоныг урсгаад аваад явчихвал юу болох бол.
Миний сонссоноор хэдэн жилийн өмнө байх манай төр засгийн бүхийл холбоог хятадын ZTE компанийн тоног төхөөрөмжөөр тоноглосон гэж байсан. Прогамм хангамж нь ч бас л аль нэг улсынх биз. Тэгээд ч манай улс чинь өөрийн гэсэн харилцаа холбооны ч болтугай хиймэл дагуул байхгүй, хоёр хөршийнхөө шилэн кабелийн сүлжээгээр дамжин урагшаа хойшоо гэсэн хоёрхон чиглэлээр дэлхийтэй холбогдож байна. Ердөө жил гаруйхны өмнө УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, сайд нарт гар утсан дээр нь янз бүрийн мессеж ирж байсныг мартаж болохгүй.
Ямартаа ч хэдхэн хоногийн өмнө Хятадын Засгийн газар интернетийн хэрэглээг хязгаарлах, аюулгүй байдлыг хангах талаар тодорой шийдвэр гаргачихлаа. Энэ бол зүгээр нэг ард түмнийхээ интернетийн хэрэглээг боож байгаа хэрэг биш кибер дайн хамар доор нь ирснийг, түүнээс улё орноо хамгаалах гэсэн хэрэг болов уу. Барууны орнууд тэр дундаа Франц, Герман мэтийн том улсууд эрчим хүчний сүлжээгээ нэгдсэн нэг том сүлжээ бус бие даасан хэсэг хэсэг сүлжээ болгон задлах тухай ярьад эхэлсэн нь нэгийг хэлээд байна шүү.
Нийтлэл бэлтгэсэн: Б.Тэмүүжин