“Хүн амдаа ногдох их, дээд сургууль болоод төгсөгчдийнхөө тоогоор дэлхийд тэргүүлдэг манай улсын ард иргэд эрдэм боловсролын талаар бол ярих юмгүй. Одоо харин бидэнд сэтгэлийн боловсрол, энэрэл нигүүсэл дутагдаад байна. Энэ бол хүнд зайлшгүй байх ёстой хамгийн чухал чанар. Мухар сүсгээс ангид байж, эрдэм мэдлэгээ сэтгэлийн боловсролтой хослуулж гэмээнэ хувь хүн, цаашлаад тухайн нийгэм ч амар амгалан оршихын үндэс болдог. Буддын шашин, шинжлэх ухаан хоёрын огтлолцох цэг нь энэ юм” хэмээн Монголын бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өчигдөр “Буддизм ба шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг нээх үеэрээ онцлов. Дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран зохион байгуулдаг энэхүү хэлэлцүүлгийн 31 дэх удаагийнх Монголд болж буй нь учиртай. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын манай улсад хийж буй номын айлчлалтай давхцаж буйгаараа бүр ч ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Ес дэх удаагаа Монголд заларч буй Дээрхийн гэгээнтний айлчлалын гол зорилго, цөм нь энэхүү хэлэлцүүлэг учраас арга ч үгүй биз.
1987 онд тархи-мэдрэл судлалын шинжлэх ухааны эрдэмтэд Далай ламтай уулзаж ярилцсаныхаа дараа буддын шашны сургаал болоод энэ талын судалгааны ололт амжилтыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах үүднээс “Mind and Life” буюу “Оюун ухаан ба амьдрал” нэртэй эрдэм шинжилгээний хүрээлэнг АНУ-д байгуулжээ. Тэр цагаас хойш энэхүү байгууллага “Буддизм ба шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний хурлыг олон улс оронд янз бүрийн сэдвээр зохион байгуулж, орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, бурхны шашны сургаалын агуулгыг олон талаас нь хэлэлцсээр ирсэн байна. “Монгол, Төвдийн ард түмэн аль аль нь бурхны шашинтай. Тэр дундаа хүний дотоод сэтгэлийн амар амгалангийн тухай судалдаг Маландрын уламжлалт ном сургаалаар замнаж ирсэн болохоор Монголд зохиогдож байгаа энэ удаагийн хэлэлцүүлэг сэтгэхүй, ойлголцлын зөрүүгүй, нээлттэй, амьд харилцаан дээр тулгуурлаж, урьд урьдынхаас илүү үр өгөөжтэй болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Дээрхийн гэгээнтэн онцолсон юм. “Корпорейт конверсешн центр”-ийн их танхимыг пиг дүүргэсэн сүсэгтэн олон, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, оюутан залуус илтгэл, хэлэлцүүлгийн дараа алга нижигнүүлэн ташиж буйгаас харахад (ойлгосон дүр эсгэн, ёсыг бодож алга ташаагүй юм шүү) Далай багшийн хэлсэн ортой бололтой.
“Өнөөгийн Монголын нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ” сэдвээр эхний илтгэлийг тавьсан гавж Д.Нямсамбуу “Хүн яагаад ёс суртахуунтай байх ёстой вэ”, “Ёс суртахууны хэм хэмжээг хэрхэн мөрдөх вэ” гэсэн хоёр асуултад тун энгийнээр хариулт өгсөн нь хүмүүст ихэд таалагдав. “2500 жилийн өмнө Будда “Хүн одоогийн байгаагаасаа илүү аз жаргалтай, сайн сайхан амьдрах боломж бий юү” гэдэг асуултыг өөрөөсөө асууж, хариултыг нь эрэлхийлснээр бурхны шашны үүсэл эхэлсэн гэж үздэг. Ёс суртахуун тэгвэл хүнийг аз жаргалтай байлгахад ямар нөлөөтэй вэ, ёс суртахуунтай байснаараа тэр хүнд ямар ашигтай юм бэ” гэдэг асуулт гарч ирнэ. Төв үзлийг үндэслэгч Нагаржунайн номонд “Хүн ёс суртахуунтай байснаараа амар амгаланд хүрнэ” гэж номлосон байдаг. Өөрөөр хэлбэл, хүн муу муухай үйлийг тэвчиж, муу муухай сэтгэлээ ялан дийлж, ёс суртахууны хэм хэмжээг баримталснаар тэр нь аз жаргалтай, амар амгалан байхын эхлэл болдог байх нь” хэмээн индэр дээрээс намдуу зөөлөн дуугаар түүнийг ярихад танхим бүхэлдээ чимээ аниргүй болсон байлаа. 1000 гаруй хүний анхаарлыг 10 минутын турш нэг цэгт төвлөрүүлэх, тэр дундаа сэтгэлийн утсыг нь нэг долгион дээр тааруулна гэдэг амаргүй. Үнэндээ тэнд ямар нэгэн хүч үйлчлээд байх шиг санагдсаныг нуух юун. Гагцхүү тэр нь аль нэг бүтээгч эзний нөлөөгөөр бус, бидний дотор оршин байгаа тэр хүн индэр дээр гарч зогсчихоод, өөрийгөө илэрхийлж байх шиг...
Д.Нямсамбуу гавжийн илтгэлээс миний хувьд “Бид бусдынхаа хүчээр аз жаргалтай байдаг” гэдэг үгийг нь илүүтэй олзуурхан, ой санамжиндаа сайтар хадгалмаар санагдсан. Хорвоогийн бүх зүйлийн оршихуй бусдаас хэзээд хамааралтай байдаг гэдэг. Миний аз жаргалтай байх эсэх нь өөр олон хүний оролцоотойгоор шийдэгддэг гэхээр “би” төвт үзэлтэй хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ. Гэвч үнэндээ би ёс суртахуунтай байж, хавь ойрынхоо хүмүүст муу муухай зүйл хийхгүй байвал өөрөө аз жаргалтай байгаад зогсохгүй, бусдад муу муухай сэтгэл, сэдэл төрөхөөс аварч байгаа хэрэг юм гэдгийг үйлийн үрийн номлолд ч заасан байдаг гэнэ лээ. Харин тэр ёс суртахууныг ямар нэг далдын хүчний оролцоогүйгээр, хүн өөрөө өөртөө бий болгож, баримтлах нь чухал гэдгийг номлодгоороо бурхны шашин бусдаасаа давуу талтайг энэ илтгэлийн дараах хэлэлцүүлгийн үеэр Далай лам хэлсэн юм.
Түүний араас “Оюун ухаан ба амьдрал” эрдэм шинжилгээний хүрээлэнг төлөөлөн ирсэн, Сан Францискогийн их сургуулийн судлаач Хелен Венг “Бясалгал ба тархи-мэдрэлийн судлалын шинжлэх ухаан, нийгмийн оролцоотой Буддизм” сэдвээр илтгэл тавилаа. Хүний амьсгал, хурууны хээ зэргийг ашиглан, ямар үед тархинд хэдий хэмжээний хүчилтөрөгч очиж буйг томографын аппаратаар хэмжин тооцоолж гаргаснаараа тус хүрээлэнгийнхэн дэлхийд анхдагч болсон тухайгаа тэрбээр сонирхуулав. Буддын шашны гол бясалгалын нэг болох “Сэтгэл зөөлрүүлэх бясалгал”-ын дээрх аргыг цаашид бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтчилэн нийгмийн эмзэг хэсгийнхэн рүү илүү чиглүүлж, тэдний амьдралд эерэг өөрчлөлт гаргахыг зорьж буйгаа хатагтай Хелен Венг онцолсон. Шинжлэх ухааны ололт болон буддын шашны хоорондын хамаарлыг ийнхүү танин мэдсэнээр хүмүүст амьдралын бодит мөн чанарыг ойлгоход нь тусалж, уураа жолоодож сурахаас эхлээд сэтгэл гутралыг хэрхэн даван туулах тухай ойлголт өгдөг юм уу даа гэж ойлгов.
Энэ өдрийн үдээс хойших хэлэлцүүлэгт Чингис хааны одонт, нэрт физикч Х.Намсрай гуай “Квант физик ба Буддын мэдлэг ухаан”, Б.Болдсайхан эмч “Буддын логик ба шинжлэх ухаан”, Биологийн ухааны доктор Н.Ариун “Биологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа ба Буддизм”, АНУ-ын Хойд Каролина мужийн Веак Форестын анагаахын их сургуулийн эрдэмтэн Федаль Зейдан “Амгалан орших бясалгал, өвчнийг мэдрэл судлалын үүднээс судлах нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Илтгэл болгон хүний сайн сайхны төлөөх тал бүрийн судалгаан дээр үндэслэсэн байгааг та анзаарав уу. Хамгийн шинжлэх ухаанч шашин гэгддэг буддын сургаал номлолыг зөв ойлгож, ухаарч дагавал бидний амьдралд ямар ач тустайг энд цугласан олон гадарласан байх гэж найднам.
Эцэст нь энэ өдрийн хэлэлцүүлгээс од мэт “шүүрсэн” “Бусдад туслахаас хэн уйдаж, залхах вэ” гэсэн нэгэн асуултаар сурвалжилгаа өндөрлөе. “Ёс суртахуунтай байж, бусдад сайхан сэтгэлээр тусаллаа гээд бид өөрсдөө л хохирно уу гэхээс надад ямар ч ашиг алга” гэсэн яриа, тийм хандлага өнөөгийн нийгэмд газар аваад буй. Тэгвэл бусдад тусалснаар хүний дотоод сэтгэл амгалангаас амгалан болдог тухай бурхны номд дурдсаныг Далай багш айлдсан юм шүү.