Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн их хурал боллоо. Энэ хуралд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Сүхбат, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх тэргүүтэй удирдлагууд оролцсон юм. Чөлөөт бөхийн холбооны албан ёсны хэвлэлд тус хурлаар ерөнхийлөгч гурван эрхэм нэр дэвшихээ албан ёсоор зарласан аж. Тодруулбал, “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубийн ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумьяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна. Эл хурал тодорхой шалтгааны улмаас ирэх долоо хоног хүртэл хойшилсон гэнэ.
"Женко" клубийн ерөнхийлөгч Х.Баттуулын хувьд 1965 оны гуравдугаар сарын 3-нд Ж.Халтмаагийн хоёр дахь хүү болон мэндэлсэн. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ахынхаа бизнесийг бүхэлд нь удирдаж яваа бөгөөд 2018-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан удаатай. Перу улсын Монгол улсад суугаа гадаад орны өргөмжит консул байв. Энэ онд тэрбээр Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, сонгогдсон юм.
Тэрбээр Монголын чөлөөт бөхөд "Mongolia Open" Олон улсын тэмцээнийг зохион байгуулахад онцгой хувь нэмрээ оруулсан нэгэн. Анхны тэмцээнийг зохион байгуулах санаачлага гаргаж байсан гэдэг.
Сонирхуулахад, Х.Баттуул нь төрсөн ах Х.Баттулгатай нэг өдөр төрсөн юм. Ах дүүс хоёр насны зөрүүтэй бөгөөд нэг нь жүдогоор, харин нөгөөх нь чөлөөт бөхөөр хичээллэж, хоёул тодорхой амжилтад хүрсэн түүхтэй.