Жүдо бөхийн Чиндаогийн Гран при БНХАУ-д өнөөдөр эхэллээ. Энэ оны хамгийн сүүлчийн гран при гэдгээрээ онцлог тус тэмцээний эхний өдөр манай гурван бөх зодоглож буй.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин аваргалж, Чиндаогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв.
Эхний тойрогт гоц мөргөсөн тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тайванийн бөхийг ялсан.
Улмаар аваргын төлөө ОХУ-ын И.Яшуевыг ялан түрүүлж, дэлхийн чансаагаа 300 оноогоор ахиуллаа.
Д.Амартүвшин гавьяат тус тэмцээнээс 2012 онд мөнгөн медаль авсан бол энэ удаа ийнхүү амжилтаа ахиулав.
Яг энэ мөчид 66 кг-д хүч үзэж буй Д.Алтансүх хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Чин Дагатай барилдаж байна.