Төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратеги судлаач Ж.Амгалантай ярилцлаа.
-Аюулгүй байдлын судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг олон улсынхтай харьцуулан үзэхэд манайд ямар түвшинд явна вэ?
-Аливаа улсын аюулгүй хөгжих, эрсдэлийг урьдчилан тооцож даван туулах чадвар бодлогын судалгааны байгууллагуудаас нэлээд хамаардаг. Судалгааны байгууллагуудын чиглэл, хамрах хүрээ, чанар, судлаачдын ур чадвар, ажлын үр дүн ямар байна, тийм л түвшинд тухайн улсын судалгааны бодлого явна. Нөгөө талаас судалгааны сайн ажлыг үр дүнтэй ашиглаж чадахгүй бол хэрэг нь гарахгүй. Манайд эдийн засгийн чиглэлийн судлаач цөөнгүй боловч эдийн засаг хямарч байгаа нь энэ чиглэлийн судалгаа, судлаачид ямар түвшинд буйг харуулж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр, судалгааг зөв, үр дүнтэй ашиглах чадвар төрд, төрийн албан хаагчдад дутаж, төрийн санах ой хангалтгүй ажиллаж буйн жишээ. Тэгэхээр одоо төрийн албан хаагч бүр судлаачийн хэмжээнд ажиллах хэрэгтэй болж байна. Дэлхийд ч тийм байдаг. Асуудлыг мэдрэхгүй, материал ашиглаж чадахгүй бол ажил урагшлахгүй, ер нь судалгаагүй, уялдаа холбоогүй нэг ч зүйл байхгүй. Манайхны хэлдгээр шинжлэх ухаанч хандахгүй бол ямар ч ажилд ахиц гарахгүй, судалгааны байгууллагууд ч урагшлахгүй. Өнөөдөр гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөрийн байгууллагууд өөрсдөө судалгаагаа хийж байна. Энэ бол хамаг юм онгичоод хаячихдаг нэг талын аюул л даа.
Манайд одоогоор 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоос өөр ашиглах боломжтой судалгаа бараг алга. Бусад судалгаа нь хүлээн зөвшөөрөгдөхгүй байна, гаднынхан ч зөвшөөрөх хүсэлгүй байдаг бололтой. Шалтгаан нь биднийг, нийгмийг худал хуурмаг, найдваргүй, ёс суртахуунгүй, бурангуй гэж хардаг, бид ч тэгж харагддагтай холбоотой. Дэлхийд бодлогын судалгаа хийдэг 6670 гаруй байгууллага бий. Хойд хөршид 10 сая, өмнөд хөршид 56 сая судлаач ажилладаг гэсэн тоо байдаг. Гэтэл манай тинк танк бүрэн ажиллахгүй, ашиглалт бага байна.
-Тэгвэл өнөөдөр төрийн удирдлагын хэмжээнд шинжлэх ухааныг, судалгааг хэр үр дүнтэй ашиглаж байгаа бол?
-Төрийг ухаанаар, мэдлэгээр, ёс суртахуунаар удирддаг гэдэг. Энэ нь доголдоод ирэхээр нөгөө самарна гээч нь эхэлж буй нь тэр. Төрд ажилладаг хүн болгон өөрийгөө шүүдэг, бусадтай харьцуулдаг, биеэ засаад явдаг тийм ёс суртахуунтай болохгүй бол мянга сайхан судалгаа, шинэ санаа, санах ойтой бодлого байгаад нэмэргүй. Манайхан аливаад судалгаатай тооцоотой байх хандлага тун бага, эрх мэдэл гээч хийрхэлд автчихдаг. Ийм байхад бодлого яаж ч явах вэ дээ. Төрдөө биш, төрд ажиллаж байгаа хүмүүсийн буруу л даа. Вудро Вильсон гэдэг профессор 1887 онд “Улсын удирдлагын шинжлэх ухаан” гэдэг бүтээлдээ төрийн байгууллагуудын дэг журам, хөдөлмөрийн бүтээмж, ажил сайжруулах арга зам бол захиргааны шинжлэх ухаан гэж тодорхойлсон байдаг нь үнэн мэт. Манайхан үүнийг мэддэг боловч төрийн байгууллагад судалгаатай хандлага, дэг жаяг журам, бодит бүтээмж, эрчтэй хүчтэй ажиллагаа гээд аль аль нь их сул, дархлаа муутай, дээрээс нь бэлтгэсэн боловсон хүчин дутмаг, байсныг нь холдуулчихдаг тал ажиглагдах юм. Ийм байхад судалгаа, тооцоог ашиглаад бодлого гаргаад тууштай явна гэхэд бэрхшээлтэй. Яг одоо бол төрд судлах, тооцох асуудал ус агаар мэт хэрэгтэй цаг шүү дээ. Судалгаагаа зөв хийгээд төсөв нэмж авах биш хэмнэхээс ажлаа эхэлбэл нөөц бололцоо гараад ирдэг тал бий. Бид 1990-ээд оны эхээр, 2008 оны үед тэгж л байсан.
-Төрд тооцоо судалгаатай нарийн бодлого байдаг гэж ард түмэн итгэдэг. Гэтэл ингээд хямраад нийгэмд бухимдал үүсээд ирэхээр итгэл алдарч байх шиг?
-Төрийн залгамж чанар гэж яриад байна аа даа. Залгамж чанар гэдэг нь бодлогоо тасалдалгүй залгуулаад ямар чанарын шаардлага стандарт тавигдана, түүнд нь хүргээд явахыг хэлдэг. Засаглалын систем, чадварын мөн чанар нь юугаар яаж илэрч байгааг судлаачид төдийгүй ард түмэн олоод хардаг энэ нээлттэй цаг үед нарийн чамбай бодлоготой, хүчирхэг төр л улсаа авч явах нь мэдээж. Хөгжлийн бодлого эмх цэгцтэй, системтэй, судалгаанд суурилсан байвал хөгжилд эергээр нөлөөлнө гэдгийг мартмааргүй байна. Сонгуулиар зарим нэг ажил шийдэгдчихдэг. Өөрөөр хэлбэл, гол нь усаа цэвэрлэхтэй адил юм уу даа.
-Болохгүйг нь сонгуулийн үр дүнгээр тоглоомноос гаргадаг гэдэгтэй санал нэг байна. Гэлээ ч манай төр нэг л болж өгөхгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Өнөөдөр дэлхийд бодлогоор бусдаас давуу байхын төлөөх чимээгүй дайн болж байна. Дайн бол улсын бодлогын үргэлжлэл гэж үздэг. Цаг хугацаа, гадаад, дотоод нөлөөлөл гээд олон эрсдэлтэй замаас зөвийг нь сонгож явна гэдэг энэ эмзэг цаг үед тийм ч амар биш. Гадаад, дотоод орчны сөрөг нөлөөнөөс хамгаалагдсан байхыг аюулгүй байдал гэдэг шүү дээ. Төрийн бодлого хангалтгүй байна гэдэг нь төрд ажил хариуцсан хүмүүс чадахгүй байна, чадсангүй л гэсэн үг. Болохгүй бүхэн төрийн буруу биш, төрд ажилласан, одоо ажиллаж байгаа нөхөд болгож чадаагүй, чадахгүйтэй нь холбоотой. Манайх гадаадаас элдэв самуунгүй, зөвхөн дотоод асуудлаа л цэгцэлчихэд болохоор тийм тайван орчинтой улсын нэг. Бид эдийн засгийн хямрал гэж яриад л байна. Эдийн засгийн төдийгүй ер нь хямрал болгон аюулгүй байдалд эрсдэл дагуулж байдаг. Улсын экспорт, импорт, банк санхүү, мөнгөний, төсвийн аюулгүй байдал гээд бодлогоо сулруулж, хяналтаас гаргаж болохгүй олон юм бий. Мөнгөний бодлогыг л гэхэд таамаглах төсөөлөх аргагүй, зөвхөн баримжаалсан олон судалгаанд суурилж шийдэх болоод байна. Төрийн оролцоотой бүх юмаа л судалж, хянан, тэр алдаа, олж харахгүй байгаа боломжийг илрүүлэн гаргаж ирэхгүй бол энэ хэвээрээ л явна.
-Хүнээс л бүх зүйл шалтгаалах нь ээ дээ?
-Өөр юунаас байх вэ дээ. “Их хүн зам үлдээдэг, эвгүй хүн жалга үлдээдэг” гэсэн араб үг байдаг. Эвгүй гэдэг нь юманд эв хавгүй, судалгаа тооцоогүй гэсэн санаа байх.
-Төрд ажиллах хүнийг шинжлэх, ухаан тэр тусмаа судалгааг үндэслэн сонгохгүй бол цаашид ямар ч шалгуургүйгээр хэн нэгэн хүн төрийн албанд орж ирээд бужигнуулаад байх болсонтой санал нэгдэх үү?
-Төрийн ажилд мэдлэгээс гадна ёс суртахуун маш чухал. Төр муу асуудалтай тулгарахыг хүсдэггүй, үй олон асуудлыг төрд ажилласан хүмүүс л бий болгочихоод байна. Энэ хэний буруу вэ гэвэл төрд эрх мэдэлтэй байсан хүмүүсийн буруу, нөгөөх нь ёс суртахууны доголдол. Одоо болохгүй байгаа зүйлийг өөрчлөхийн тулд хаанаас эхлэх ёстой вэ гэвэл төр, засаг, эсвэл нэг том байгууллагаас биш хүнээ бэлтгэхээс, сонгохоос, чамбай судлан засаж залруулахаас эхэлмээр байна. Аливаа асуудалд сонголт тохироо гэж нэг мундаг арга байдаг. Сэтгэл санаа, ёс суртахуунаа нааштайгаар өөрчлөөд эхэлбэл иргэн нь, гэр бүл нь, нийгэм нь, цаашлаад улс орон нь өөрчлөгдөөд л явна. Гаднаас зохицох, зохицохгүй олон мэдээлэл аваад, туршлага нэрээр дуурайгаад ажлынхаа цаад зорилго агуулгыг бүрэн мэдрээгүй төрийн албан хаагч олон байна. Ийм улс чинь бодлогогүй юм баахан хийчихээд, их мөнгө буруу аргаар олчихоод түүнийгээ засах гэж маани мэгзэм болж, ном хуруулж, төвдөөс лам залахаас өөр яах юм бэ. Ийм хүмүүс төр авч явах, засах тухай ярих хэцүү шүү дээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас хэмээн дээдсээс мессеж өгсөөр байтал дөргүй бух шиг зүтгэж болохгүй биз дээ.
-Олон хүн гадаад, дотоодод сураад үндэсний боловсон хүчин бэлтгэгдээд байгаа боловч үр дүн нэг л тааруухан байх юм? -
-Үндэсний боловсон хүчин гэдэг чинь үндэсний эрх ашгаа ухаарч боловсорсон хүнийг хэлдэг. Тархиа угаалгаад ирснийг нь хэлдэггүй байх. Үндэсний боловсон хүчний ажлын үр дүн төрийн ажлын хаана нь очиж эергээр тусаад байна гэдгийг бид бодож судлахад илүүдэхгүй. Зарим орон төрд ажиллах хүнд болох, болохгүйг нь зааж өгөөд сайхан засаад өгч байна. Тэднийг эх орондоо ирэхээр нь чөтгөрийн тойрогт оруулаад зэврүүлэх болсон. Олон талын мэдлэг чадвар, төрмөл авьяастай иргэн манайд зөндөө. Улсын хөгжилд бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэг гол хүчин зүйл. Тэднийг олж ашиглах ажил үндсэндээ алга. Бэлтгэсэн хүмүүсээ гадагш нь маш их алдаж байна. Ажиглаад байхад боловсролтой, юм боддог, гайгүй сэтгэдэг нь нь явчихаад байна шүү дээ. Манайд судалгаанд суурилж шийдвэр гаргадаг практик хэвшүүлэх, төрийн алба хаагчдад нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх соёл, ёс суртахуун тогтоохгүй бол бидний зам ээдрээтэй хэвээр л байх болно. Энэ эдийн засгийн тогтворгүй байдал гэдэг бүх юманд хөдөлгөөн оруулж хямралын эх суурийг тавилаа. Уг нь эдийн засгийн хямрал гээд буйгийн эх үндэс нь цэвэр боловсон хүчний, ёс суртахууны л хямралаас болсон юм шиг харагддаг. Нийгэм дэх иргэний ухамсар гажсан байгааг ярихаас цаашгүй л байна. Бид хүнээ, нийгмээ хамгаалахын тулд яах вэ гэдгээ нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Эхний ээлжинд хүүхдээ зөв хүн болгоход хүн бүрийн зөв оролцоо чухал байна. Гадаадаас дуртай үедээ юуг ч эвдэх аюул эргэн тойронд их бий гэдгийг мартаж болохгүй. Бусадтай харьцуулаад судалж байхад бидний дархлаа нимгэн, их эмзэг гэдэг нь мэдрэгддэг. Т.Галсан найрагч “Бид цөөхүүлээ шүү дээ” гэдэг шүлгэндээ бичсэн байдагтай адил.