Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам жирийн нэгэн тариачин айлын хүүхэд байв. 1935 оны долдугаар сарын 6-нд Төвдэд мэндэлсэн түүнийг 1938 онд бурхан шашны номын мөр хөөхөөр гэр бүлийнхэн хамтаар нүүлгэсэн билээ. Улмаар Төвдийн Лхас хотод 1940 оны хоёрдугаар сарын 22-нд XIV Далай лам хэмээн албан ёсоор зарласан юм. Харамсалтай нь, 1950 оны арваннэгдүгээр сарын 8-нд БНХАУ-ын ардын арми Төвдийг эзэлж, Далай ламын бараан амьдрал эхэлсэн юм. Ингээд түүний амьдралын талаарх сонирхолтой баримтыг хүргэе.
Далай лам жирийн нэгэн тариачин гэр бүлээс гаралтай
Түүний эцэг эх нь жирийн нэгэн тариачин гэр бүл бөгөөд Далай ламаас гадна хоёр хүүтэй аж. Түүнийг 1940 онд дөрвөн настайд нь 14 дүгээр Далай лам хэмээн албан ёсоор зарлаж байв.
Тэр 1959 оноос Энэтхэгт амьдарч буй
1950 онд БНХАУ-ын ардын арми Төвдийг эзэлсэн. Улмаар Далай лам тэргүүтэй Төвдийн удирдагчид Хятадтай хэл амаа ололцох гэж бүтэн арван жилийн турш оролдсон юм. Түүний 1954 онд Хятадын их удирдагч Мао Зедунтай уулзаж буй мөч зураг болон үлджээ. Тэрбээр Хятадын комминуст засаглалтай 1959 он хүртэл энхийн гэрээ хийх гэж үзсэн ч эцэст нь Хятадын ардын армийн 80 мянган цэрэг Төвдөд орж ирснээр 1959 оны гуравдугаар сарын 17-нд цэргийн хувцас өмсөөд Энэтхэг рүү зугтсан юм. Үүнээс хойш тэр Энэтхэг улсад амьдарч байгаа билээ.
Пап ламтай уулзсан анхны Далай лам
1973 оны есдүгээр сарын 30-нд Ромын пап ламтан VI Полтой уулзав. Энэ бол хоёр шашны удирдагчид уулзсан анхны тохиолдол болсон юм. Хятадын Засгийн газар 1977 онд Төвдөд буцаж ирж, Төвдийг захирах эрх олгохыг зөвшөөрсөн ч Далай лам татгалзжээ.
Тэр Нобелийн энхтайваны шагнал хүртэв
Далай лам 1979 оны наймдугаар сарын 3-нд АНУ-д анх удаа айлчилж, 49 хоногийн аялал хийсэн юм. Харин 1986 оны хоёрдугаар сарын 2-нд Ромын пап Жон Пол II-тай Энэтхэгийн Шинэ Дели хотод уулзсан гэдэг. Түүнийг дэлхийн энхтайваны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн, 1989 онд ЗХУ-ын сүүлчийн тэргүүн Михаил Горбачёвын хамтаар түүнд Нобелийн энхтайваны шагнал гардуулжээ.
Тэрбээр АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчтэй уулзаж байжээ
Түүнийг хамгийн анх Цагаан ордонд хүлээж авсан ерөнхийлөгч бол эцэг Жорж Буш. Тэд 1991 оны дөрөвдүгээр сарын 16-нд уулзсан түүхтэй. Харин 1993 оны тавдугаар сарын 6-нд Билл Клинтон болон дэд ерөнхийлөгч Аль Гор нар Цагаан ордонд Далай ламыг урьжээ. Тэрбээр 2001 оны тавдугаар сард хүү Жорж Буш болон Конгрессийн тэргүүн Колин Поуэлл зэрэг америк улс төрчидтэй уулзаж байлаа. Үүнээс хойш хүү Буштай нэг бус удаа уулзсан. Хамгийн сүүлд 2010 оны хоёрдугаар сарын 18-нд АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Цагаан ордонд зочилсон юм. Обаматай хамгийн сүүлд энэ оны зургадугаар сарын 15-нд уулзсан бөгөөд энэ нь тэдний дөрөв дэх уулзалт байв.