ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ирэх нэгдүгээр сард ажлаа хүлээн авах АНУ-ын шинэ төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөж буйг Кремлин мэдээллээ. Тэдний уулзалт яг хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч Д.Трампыг шинэ албаа хүлээн авсных нь дараа буюу ирэх оны эхний сард хийхээр болжээ. Энэ талаар Путины албан ёсны хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков сэтгүүлчдэд утсаар өгсөн мэдээлэлдээ үнэн гэж баталсан байна.
Д.Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод 10 хонож буй ч албан ёсоор ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөж, албан тушаалаа хүлээж авна. Оросын нэгэн сонинд Д.Трампыг тангараг өргөхөөсөө өмнө Москвад айлчлал хийнэ гэж мэдээлсэн ч энэ нь худал болохыг Песков зарлав.
Трампыг сонгогдсоны дараа Путин утсаар баяр хүргэсэн бөгөөд дараа нь олон нийтэд хандаж, хоёр орны харилцаанд найрсаг өнгө аяс орж байгааг мэдэгдэж, багагүй дуулиан дэгдээсэн билээ.