УИХ-аас 2015-2016 онд нийт 15 компанийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Үүнээс есөн компанийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулах, бусдыг нь дуудлагаар борлуулах байв. Өнгөрсөн хугацаанд “Хөтөлийн цемент шохой”, Кино урлагийн дээд сургуулийг хувьчилж, “Монгол шуудан” компанийн хувьцааг олон нийтэд худалджээ. Төрийн өмчийг хувьчлах ажилд үүнээс илүү ахиц гаргаагүй.
“Оргил” рашаан сувиллыг бүхэлд нь худалдах, “Багануур” компанийн хувьцааг арилжих бэлтгэл ажлыг хангасан боловч бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл, худалдаж авах хөрөнгө оруулагч олдоогүй юм. Харин “Хөтөлийн цемент шохой” компанийг төр өрөндөө өгсөн бол Кино урлагийн дээд сургуулийн хувьчлалаас төсөвт багахан мөнгө төвлөрүүлсэн гэдэг.
Одоо төрийн өмчит 90 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас эдгээр компанийн 10 орчмыг татан буулгах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 10 орчмыг нь нэгтгэх, 20 гаруйг нь хувьчлах санал гаргах гэнэ. Ингэхээр төрд стратегийн ач холбогдолтой 40 орчим компани үлдэнэ.
Хувьчлахаар шийдвэрлээд буй найман компани дээр нэмээд 20 гаруйг нь хувьчлах нь. Хэдийгээр төрийн өмчийг хувьчилсан 25 жилийн түүхтэй ч нэг хэсэг их хэмжээний хөрөнгөө худалдалгүй завсарласан. Тэгэхээр төрийн өмчийн хувьчлал гарааны шинэ зурхай дээр зогсож байна гэсэн үг. Шинэ эхлэл нь ямаршуу байхыг найман компанийн хувьчлалыг хэрхэн зохион байгуулахаас харж болох нь.
Төрийн өмчийг үнэд хүргэж борлуулах ёстой гэсэн шаардлагыг олон нийт битүүхэндээ тавьдаг. Тиймээс ч хувьчлалын үйл явцыг анхааралтай ажиглана. Төрийн өмчийг хямд худалдахаар төсөвт тусгалаа гэсэн шүүмжлэл аль хэдийнэ гарчихаад байна.
Хамгийн гол нь хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга, төрийн өмчийг үнэгүйдүүлэхгүйгээр явуулах хэрэгтэй. Ингэвэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахгүй. Засгийн газрын тогтоолын дагуу Төр хурахын аман дахь амралт сувиллын газрыг иргэн Д.Энхтуяа дуудлага худалдаагаар авсан байдаг. Гэтэл тогтоол нь хүчингүй болсон гэсэн шалтгаанаар буцааж аваад мөнгийг нь өгөхгүй, өдий хүртэл иргэнээ хохироосон явдал ч бий.
УИХ-аас 2015-2016 онд хувьчлах компаниудын жагсаалтыг батлахдаа хөрөнгийн биржээр дамжуулж, аль болох олон хүнд хүртээмжтэй байх зарчим баримталсан. Хойшид ч энэ зарчмаа хадгалж, цөөн хүнд борлуулахаас олон хүнд хүртээхийг илүүд үзнэ гэж найдаж байна.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь алдагдалтай, үр ашиггүй ажиллаж байгаа. Иймээс уул уурхай, эрчим хүч, экспортын тээвэр гэх мэт стратегийнхаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй гэдэгтэй олон нийт аль хэдийнэ санал нийлжээ.
Т.ЭНХБАТ
ИНФОГРАФИК
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Ашигтай компанийг алдагдалтай хувьчлах гэж үү
“Оргил” рашаан сувиллыг ирэх онд хувьчилж, долоон тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тусгав. 4.9 га газар, зургаан тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, тогтмол ашигтай ажилладаг энэ аж ахуйн нэгжийг долоон тэрбум төгрөгөөр хувьчлах гэж буйг үнэгүйдүүлж байна хэмээн ажиллагсад нь үзэж буй юм. Өнгөрсөн онд дуудлага худалдааг зохион байгуулахаар болж хөндлөнгийн компаниар үнэлүүлэхэд 30 тэрбум төгрөг болно гэсэн дүгнэлт гаргаж байж.
Гэвч тухайн үед ийм үнээр худалдан авах компани олдоогүй гэдэг. Тиймээс ирэх оны төсөвт тусгахдаа долоон тэрбум болгон хямдруулжээ. Ингээд ажилчин, үйлчлүүлэгчид нь тус сувиллын хувьчлалын талаар ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.
“Оргил” рашаан сувилал нь жилд 10 мянган орчим хүн хүлээн авч, 20 гаруй төрлийн эмчилгээ хийн, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гурван тэрбум төгрөгийн орлого олдог төдийгүй 400-500 саяын цэвэр ашигтай ажилладаг юм байна. Эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан үйлчлүүлэх хүний тоо сүүлийн үед цөөрч буй ч үр ашигтай ажиллах боломж бий гэж тус компанийн Санхүү төлөвлөлт, хангамж үйлчилгээ хариуцсан албаны дарга Н.Болд хэллээ.
Хямралын үед алдагдал “үйлдвэрлэн”, төсвийн татаасаар амьдардаг аж ахуйн нэгжүүдийг хувьчлах чиглэлийг Засгийн газар баримталж буй. Гэтэл “Оргил” рашаан сувилал ашигтай ажиллаж, төсөвт орлого оруулж байхад ямар учраас хувьчлах гэж байна вэ хэмээн ажилчид нь ярьж байв.
Тухайлбал, тус компани 2014 онд 485 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин өнгөрсөн онд алдагдал хүлээсэн байна. Н.Болд үүнийг компанийн удирдлагыг ойр ойрхон сольж, ТУЗ-ийг нь бүрдүүлээгүйгээс үйл ажиллагаа доголдсонтой холбоотой гэж тайлбарлав.
Мөн их эмч Ц.Баяртүшиг “Энэ сувилал нь нөхөн сэргээх эмчилгээний хамгийн том бааз эмнэлэг. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийг хувьчилъя гэвэл иргэд ямар байр суурьтай байх бол. “Оргил” рашаан сувилал нь үүний дайтай нөхөн сэргээх эмчилгээ хийдэг газар.
Тиймээс хувьчлах нь оновчтой хувилбар биш гэж үзэж байна. Мөн 100 хувь хувьчлалгүй, тодорхой хувийг төрд үлдээх хэрэгтэй. Эсвэл хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр хувьчлах нь зөв” хэмээн ярилаа. Түүнчлэн “Эмчилгээ, сувилгаа нь жилээ даадаг тул өндөр настнууд байнга үйлчлүүлдэг” гэж нэмж хэлэв.
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Э.Алтанцэцэг “Би сүүлийн 10 орчим жил энд тогтмол үйлчлүүлж байна. Сүүлийн үед тоног төхөөрөмж, үйлчилгээний хүртээмж нь илүү сайжирч байгаа. Тиймээс хувьчилснаас төрдөө байх нь зүйтэй” гэлээ.
Ямартай ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүдийг ирэх онд багтан хувьчилна гэж буй тул “Оргил” рашаан сувиллыг дуудлагаар худалдах нь тодорхой болж байх шиг. Харин олон жилийн түүхтэй, ашиг орлоготой энэ компанийн хувьчлал үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлөх бол гэдэгт олон хүн санаа зовниж буй аж.
Тиймээс үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх, олон жил амьдралаа холбосон ажиллагсдынх нь ажлын байрыг хадгалах гэх мэт шалгуур тавьж, нээлттэй, ил тод хувьчлах хэрэгтэй болох нь.
Н.САНЖАА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.Ням-Осор: БҮХ КОМПАНИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХЭЛБЭРЭЭР ХУВЬЧИЛНА
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос 2017 онд төрийн өмчийн найман компанийг хувьчлахтай холбогдуулан цөөн асуултад хариулт авлаа.
-УИХ Төсвийн тухай хуулийг баталж, Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”, “Монгол шуудан” зэрэг найман компанийг хувьчлах нь тодорхой боллоо. Хувьчлалыг ямар арга, хэлбэрээр хийх вэ?
-Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”, “Оргил” рашаан сувиллыг хувьчлах тогтоолыг УИХ өмнө нь гаргасан байдаг. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжийг УИХ-ын тогтоолын дагуу хувьчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьчлалын менежментийг Сангийн яам, Монголбанк хэрэгжүүлэх хуультай. Эдийн засагт нөлөөтэй аж ахуйн нэгж учраас мэргэжлийн байгууллага нь шийддэг гэсэн үг.
Харин “Авто импэкс”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс”, “Оргил рашаан сувилал”, “Монголын цахилгаан холбоо”, “Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийн хувьчлалын менежментийг манайх хариуцна. “Оргил” рашаан сувиллыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана, “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо” компанийг хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэсэн төсөөлөлтэй байна.
Учир нь “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо” нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Ерөнхийд нь төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах чиглэл баримтална. Гэхдээ тухайн компанийг бүхэлд нь худалдах уу, хэсэгчлэх үү, дуудлагаар борлуулах уу, хувьцааг нь олон нийтэд арилжих уу гэдэг арга механизмыг УИХ-аас л тогтооно.
Бид шийдвэрийг нь хэрэгжүүлж, хувьчлалын ажлыг зохион байгуулна. Нэг зүйлийг хатуу анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Удирдлагын багт нь өгөх, эсвэл концессоор олон нийтэд мэдээлэхгүйгээр хэн нэгэнд шууд худалдах арга хэлбэрээр хувьчлал явуулж болохгүй. Бүх компанийн хувьчлалыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулна.
-Төрийн өмчийг хямд үнээр хувьчлах гэж байна гэсэн шүүмжлэл бий. Хувьчлалын үнийг хэрхэн тогтоосон бэ?
-Ойролцоогоор ийм үнэд хүрнэ гэсэн санал л гаргасан. Хувьчлах үйл ажиллагаа эхлэх үед андеррайтерууд, хөндлөнгийн үнэлгээ, санхүүгийн зөвлөх байгууллагууд ажиллуулна. Үнэлгээний 2-3 байгууллага ажиллуулж, үнэлгээг нь тогтооно. Тэдний гаргасан үнэлгээг нь аудитын байгууллагаар шалгуулна. Тэгээд хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ тогтоно. Эцсийн бүлэгт хувьчлалын үнийг зах зээл тогтооно гэдгийг санах хэрэгтэй.
Ялангуяа, хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилбал зах зээл үнийг нь тогтооно. “Оргил” рашаан сувиллыг 15 тэрбум төгрөгөөр худалдахаар үнэлсэн байдаг. Гэтэл хэн ч сонирхоогүй. Тэгэхээр нь 30 хувь хямдруулсан. Бас л хэн ч тоогоогүй. Одоо долоон тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байна.
Зах зээл ингэж үнэ тогтоодог байхгүй юү. “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр хувьчилна гэсэнтэй холбоотойгоор төрийн өмчийг хямд зарах нь гэж шүүмжилсэн. “Монгол шуудан” компанийн 34 хувийг 6.2 тэрбум төгрөгөөр хувьчилсан байдаг.
Ингээд тооцвол 66 хувь нь 12 тэрбум төгрөг болох юм. Иймээс л 12 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани биш ээ, доод тал 20 тэрбум төгрөгөөр хувьчлах шаардлагатай гэсэн санал оруулсан. Мэдээж энэ үнэ өсөж ч болно. Эцсийн шийдэл гаргаагүй байхад улстөржих хэрэггүй.
-Хувьчлал хийхэд өөр ямар зүйлийг анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Нэгдүгээрт, олон нийтийн анхаарал өөр зүйлд төвлөрчихсөн үед хувьчлал зохион байгуулах хэрэггүй гэж бодож байна. Шинэ жил, Үндэсний их баяр наадам, Цагаан сарын үеэр хувьчлал явуулдаг гэсэн гомдол гарсан байдаг.
Хоёрдугаарт, хувьчлалын арга хэлбэр, үнэлгээний талаар олон нийтэд сайтар мэдээлэл хүргэх хэрэгтэй. Ингээд хувьчлалын товыг хоёр сарын өмнө зарлах хэрэгтэй юм байна. Хувьчлалд оролцох талуудад бэлтгэл хангах хугацаа олгох нь зүйтэй. Өмнөх хувьчлалын зохион байгуулалтаас иймэрхүү сургамжууд харагддаг.
Эдийн засгийн хямралын үед хувьчлал хийх нь хоёр талтай. Хувьчлалын орлого төсөв бүрдүүлэхэд нэмэр болдог. Харин эдийн засаг сэргэсний дараа хувьчилсан компаниудын үйл ажиллагаа сайжирдаг. Ингэхээр л төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэж буруутдаг юм. Иймээс хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг арилжих нь зөв.
Т.ЭНХБАТ
БАЙР СУУРЬ
Ирэх онд хийх өмч хувьчлалын талаар эдийн засагч, судлаачдын байр суурийг сонирхлоо.
ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН БОДЛОГО НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Д.АНГАР (Хөрөнгийн зах зээлийн шинжээч)
-Баруун Европын орнуудад иргэдээ өмчтэй болгох зорилгоор 1990- ээд онд төрийн мэдэлд байсан аж ахуйн нэгжүүдээ хувьчилсан. Одоо иргэд нь өмчтэй болж, хувьцаанаас ногдол ашиг хүртэж байна. Харин манай өмнөд хөрш өмч хувьчлалын зэрэгцээ хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэсэн урт хугацааны давхар зорилго тавьсан. Энэ хүрээнд Шинжаан болон Шанхайн хөрөнгийн биржийг 1990 онд байгуулсан.
Төрийн бодлого нь зөв байсан учир одоо Шанхайн хөрөнгийн бирж дэлхийд тав, Шинжааных найм дахь том хөрөнгийн бирж болон хөгжжээ. Манай улсад Монголын хөрөнгийн бирж, Төрийн өмчийн хороогоор дамжуулан улсын өмчийг хувьчилсан. Гэтэл эдгээрийн аль нь ч байгаа оноогүй. Өмч хувьчлалын дүнд иргэд өмчтэй болоогүй, хөрөнгийн зах зээл ч хөгжсөнгүй.
Харин цөөн хэдэн хүн их хэмжээний хөрөнгө эзэмшдэг болов. Энэ нь манай улсад төрийн өмчийг хувьчлах бодлого байхгүйг харуулж буй юм. Ийм байдлаараа явбал өмч хувьчлал 25 жилийн дараа ч үр ашиггүй хэвээр байна. Тиймээс төр бодлогоо гаргаж, урт хугацааны зорилгоо зөв тодорхойлох нь чухал. Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ компанийг хувьчилж болно.
Үүний зэрэгцээ урт хугацаанд ямар зорилгод хүрэх вэ гэдгээ төр тодорхой болгох ёстой. Хувьчлал явуулснаар иргэдийг өмчтэй болгох юм уу, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх үү, аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах юм уу гэдэг бодлого байх ёстой. “Оргил” рашаан сувиллыг хувьчилж авахын тулд долоон тэрбум төгрөгтэй байх шаардлагатай.
Үүний оронд хувьцааг нь хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж, иргэдэд оролцох боломжийг нь олгох хэрэгтэй. Ирэх онд Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд оролцохын тулд иргэдээс хөрөнгө босгоно. Энэ нь хувьчлалыг хүртээмжтэй, ил тод болгох зорилготой юм.
ИХ ХӨРӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ АРГЫГ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ
Ч.ГАНХУЯГ (“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал)
-Манайх шиг хоёр том гүрний дунд оршдог оронд стратегийн ач холбогдолтой салбар байх ёстой. Харин өрсөлдөөнтэй, хувийн хэвшлийнхэн тухайн үйлчилгээг нь үзүүлэх боломжтой салбарт төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хувьчлах нь зүйтэй. Банк, даатгал зэрэг салбарт хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулж байхад төр оролцох хэрэгтэй юү, Засгийн газар нь нүүрс зөөж, уул уурхайтай хутгалдах шаардлага бий юү гэдгийг бодох ёстой.
Төр шударга өрсөлдөөнийг хангах, зохицуулах, тогтвортой үйл ажиллагаа явуулах орчныг нь бүрдүүлэн татвараа авна. Үүгээрээ боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг нийгмийн үйлчилгээнд хөрөнгө оруулах үүргээ л гүйцэтгэх хэрэгтэй. “Монгол шуудан” компанийг төр, хувийн хэвшил хамтран эзэмшиж байгаа. Гэтэл энд улстөржих явдал хэт их байна.
Төрийг төлөөлж буй дунд шатны түшмэд хурдан шийдвэр гаргаж, тухайн компанийг үр ашигтай ажиллуулахад учир дутагдалтай байна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд хүндрэлтэй. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран, эсвэл бүхлээр нь төр эзэмшиж буй компанийн ТУЗ-д хараат бусаар ажиллах боломж олгох ёстой.
Мөн ийм хэлбэрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэнд даатгаж, эргээд тайлан авах хэлбэр рүү шилжих цаг нь болсон. Төр нь зохицуулдаг, эзний эрх хэрэгжүүлдэг, менежмент хийх гэж оролддог нь сонирхлын зөрчил үүсгэж буй юм. Үүнээс гадна өмч хувьчлалд иргэд оролцох сонирхолтой байдаг юм байна гэдэг нь “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн хувьчлалаас харагдсан.
Хувьцаа, хөрөнгө эзэмшиж, түүнийгээ өсгөн арвижуулах сонирхол иргэдэд их бий. Тиймээс энэ боломжийг нь л олгох хэрэгтэй. “Монгол шуудан” компанийг хувьчлах гэж байгаатай холбоотойгоор “Ард” санхүүгийн нэгдлийн хувьцааг худалдан ав, бид тэр мөнгөөр чинь “Монгол шуудан” компанийн хувьцааг худалдан авъя гэсэн санал тавьж байна.
Өөрөөр хэлбэл, нэг хүн, нэг компани төрийн өмчийг хувьчилж авах бус, олуулаа хөрөнгөжих цаг ирсэн. Мөн хамгийн их мөнгө төвлөрүүлэх шударга, нээлттэй аргыг хэрэглэж, иргэд аль болох өргөнөөр оролцох боломж олгох хэрэгтэй.
ХУВЬЧЛАЛД ДОТООДЫН КОМПАНИУДЫГ ОРОЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Б.БАТ (МУИС-ийн багш, доктор)
-“Монголын цахилгаан холбоо”-ноос бусад төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах нь. Харин энэ компанийг хувьчлах үйл ажиллагаанд зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох, Засгийн газрын мэдлийн хувьцааг үндэсний компаниуд худалдаж авна гэж хязгаарлах нь зүйтэй болов уу. Гадаадын компанийн хувь эзэмшлийг өсгөх, эсвэл шинээр оруулах нь цаашид энэ салбарын зах зээлээ гадаадынханд алдах эрсдэлтэй.
Одоогоор төрийн өмчийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах нь хамгийн зөв арга гэж бодож байна. Гэхдээ цахилгаан станц болон дамжуулах, түгээх системийг хувьчлах нь буруу. Ингэснээр Засгийн газар нь буцааж өндөр үнээр худалдан авсан тохиолдол бий. Хувийн хөрөнгө оруулагчид ашгийн төлөө ажилладаг.
Иймд цахилгаан станцууд хувьд шилжсэн тохиолдолд одоогийн татаастай үнийг халж, өндөр ханш тогтооно. Энэ бол бизнесийн зарчим. Тэгэхээр бараа, үйлчилгээний үнэ өснө. Энэ нь нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх вэ, түүний үр дагаврыг сайн тооцоолох шаардлагатай. Иймд улс орнууд цахилгаан станцаа тэр бүр хувьчлаад байдаггүй.
НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУВЬЧЛАХ НЬ ЗӨВ
Ч.ОТГОЧУЛУУ (Эдийн засагч)
Төр цомхон байх хэрэгтэй. Хэт их өмч эзэмшихээр зах зээлийг зохицуулахаас илүү өрсөлдөөнийг хязгаарладаг. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн үр ашиг багасаж, өрсөлдөх чадвар нь буурна.
Хувьчлал хийхдээ хоёр зүйлийг анхаарах нь чухал. Эцсийн зорилго нь зөвхөн үр ашгийг сайжруулах биш. Хамгийн гол нь тухайн салбарын үйлчилгээ нь олон нийтийн хэрэгцээг хангаж, чанартай байх ёстой. Энэ нь тасалдах ёсгүй. Аж ахуйн нэгжүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах нь зөв болов уу.
Манай үндэсний аж ахуйн нэгжүүд гадаадын ноу-хау, шийдэл бүхий компаниудтай хамтарсан консорциум болж хувьчлалд оролцох хэрэгтэй гэж бодож байна. Харин улстөрчдийн, эсвэл томоохон бизнес эрхлэгчдийн гар хөл болсон хүмүүс сонгон шалгаруулалтыг будилуулахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн хувьчлалын үйл явц хүн бүхэнд таалагдах шаардлагагүй. Бүтээмж, ур чадвараараа шударга өрсөлддөг, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг, санхүүгийн чадавх сайтай, туршлагатай компани ялах нь чухал.
Уг нь санхүүгийн сахилга бат, олон нийтийн засаглал талаас нь харвал аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах нь дээр. Гэвч манай хөрөнгийн биржийн үйл ажиллагааг харвал дуудлага худалдаанаас өөр сонголт үлдээгүй бололтой. Төрийн өмчит зарим компанийг “Эрдэнэс Монгол”-той нэгтгэхээ больсон.
Оронд нь яамдад тараах, эсвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдэлд өгөх ч юм шиг ойлгомжгүй байдал бий боллоо. Өмч хувьчлалтай холбоотой ихэнх шийдвэрийг УИХ, цаашлаад нэг намын удирдлага гаргадаг болж байх шиг байна. Компанийн засаглалын хувьд ухарч байна. Хөгждөггүй юм аа гэхэд засаглалын зөв тогтолцоог нь бүү бусниулаасай.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Төрийн компаниудыг ХУВЬЧЛАХАД ЭРСДЭЛ БИЙ
Аливаа үйлдвэр, компани төрийн эзэмшилд байх нь үр ашиг муутай гэдгийг дэлхий нийт 1980-аад оноос хүлээн зөвшөөрч эхэлжээ. Түүнээс хойш улс орнууд өөрийн онцлог, тухайн цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулж хувьчлал хийж ирсэн байна. Манай хоёр хөрш гэхэд хувьчлалын томоохон хөтөлбөр батлан, хэрэгжүүлж буй. Зарим орны хувьчлалын түүхийг сөхье. Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тетчер 1980-аад оны үед өмч хувьчлалыг эхлүүлж байжээ.
Тухайн үед Их Британид төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь үр ашиг бага, зардал ихтэй, алдагдалтай ажиллаж байсан аж. Харин хувьчлалын үр дүнд засаглал, үр ашиг, өрсөлдөх чадвар нь сайжирч, ашиг орлого нь нэмэгдэнэ гэж тэрбээр үзсэн байна. Үүнээс хойш 30-35 жилийн хугацаанд Их Британийн хувьчилсан олон ч компанийн үйл ажиллагаа сайжирч, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах болжээ.
Дүгнэвэл, Их Британи 1979-2013 онд 20 компанийг хөрөнгийн биржээрээ дамжуулан хувьчилсан гэнэ. Тэдний нэг BT компанийн хувьцааг олон нийтэд хүртээмжтэй арилжихын тулд орон даяар кампанит ажил өргөн хүрээтэй зохион байгуулж, хувьцааны төлбөрөө хуваан төлөх боломж олгожээ. Тодруулбал, нэгж хувьцааны үнэ болох 130 фунтийг 1984- 1986 онд гурав хуваан төлөх боломж бүрдүүлсэн байна. Өдгөө Их Британи дэлхийн санхүүгийн том төв болсныг бид мэднэ.
Итали, Их Британи, Бельги зэрэг улсын араас япончууд шуудангийн компаниа хувьчилсан. Арлын орны “Japan post” компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр IPO хийн, Засгийн газар нь 1.44 их наяд иен (12 тэрбум ам.доллар)-ий хувьцаа арилжжээ. Энэ нь өнгөрсөн оны хамгийн өндөр дүнтэй IPO болсон юм.
Үүний тулд дотоод, гадаадын томоохон андеррайтерын компаниудтай хамтран, олон нийтэд хүргэхэд анхаарч, үндэсний хэмжээний кампанит ажил зохион байгуулсан агаад өндөр ногдол ашиг амлажээ. Тэгэхдээ татвараас чөлөөлөгдсөн хувийн хадгаламжийн дансыг түлхүү дэмжсэн NISA дансаар нийт худалдан авалтын бараг талыг нь хийжээ.
Монгол Улсад өмнөх жилүүдэд төрийн өмчийг хувьчлахдаа компанийн эдийн засагт эзэлж буй байр суурь, үйл ажиллагааны онцлогт тохируулан хувьчлалын уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ үнэт цаасыг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах зэрэг аргыг түлхүү хэрэглэхээр үндсэн чиглэлд тусгаж байв.
Тэгвэл нэмэлт хувьцаа гаргахаас өөр хэд хэдэн хэлбэр байдгаас заримыг нь товч дурдъя. Бүх сонирхогчид чөлөөтэй оролцдог, өөрийн биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлж өрсөлддөг, хамгийн өндөр үнэ хэлсэн оролцогч нь ялагч болдог хэлбэрийг нээлттэй дуудлага худалдаа гэдэг.
Тодорхой болзол хангасан төслийн уралдаан зарлаж, хооронд нь өрсөлдүүлэн сонгон шалгаруулах үндсэн дээр бүх сонирхогчийг чөлөөтэй оролцуулан өмч хувьчлах нь нээлттэй уралдаант шалгаруулалтын арга юм. Тавьсан бүхий л болзол, шаардлагыг хамгийн сайн хангаж чадах хөрөнгө оруулагчийг өрсөлдөгчдийн дундаас сонгон тендерийн ялагчаар тодруулдаг аж.
Аль болох хүүгийн дарамтгүй, урт хугацааны хөрөнгө татъя гэвэл төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах нь зүйтэйг шинжээчид зөвлөдөг. Хөрөнгийн зах зээлийг хамгийн шударга, нээлттэй, ил тод гэж үздэг учраас тэр. Хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний тоо нэмэгдэх үед өөр бусад боломж ч нээгддэг байна.
Үүсмэл үнэт цаасны зах зээл хөгжихийг энд дурдаж болох агаад хөрөнгийн зах зээл томрох ач холбогдолтой. Харин дуудлага худалдаагаар юм уу, тодорхой хүрээнд хийвэл ил тод байдал нь хангагдахгүй байх талтай. Ер нь аливаа компанийг үнэлэхдээ гарт баригдах хөрөнгийг бус, зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа, орлого олох хэр боломжтой зэрэгт илүү анхаардаг гэнэ.
Төрийн өмчит компани учраас л муу ажилладаг гэсэн үг биш юм байна. Олон улсад амжилттай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд зөндөө бий. Тиймээс ч хувьчлал хийгээд, хувийн компани төрийнхөөс илүү сайн ажиллана гэсэн баталгаагүй хэмээн зарим шинжээч тайлбарлаж буй.
Холимог буюу хагас нээлттэй цөөнгүй компани (хувийн хөрөнгө оруулалттай, төр нь тодорхой хувь эзэмшдэг бөгөөд зарим хэсэг нь хөрөнгийн биржээр дамжин иргэдийн гарт байдаг) хүчээ авч байгаатай энэ нь холбоотой аж. ХБНГУ-д төрийн өмч биш харин олон нийтийн гэсэн утгаар холимог өмчлөл бүхий компаниуд байдаг гэнэ.
Дэлхийн зарим улсад төрийн 100 хувийн өмч мөн ч бизнесийн эрх чөлөө, гүйцэтгэх эрх мэдэл, хүний нөөцийг нь хувийн компаниуд бүрэн хариуцдаг тогтолцоо ч хэдийнэ бий болжээ. Түүнчлэн төрийн өмчит компаниудыг хувьчлахад эрсдэл учирсан жишээ бий аж.
Жишээлбэл, Казахстанд хоёр цахилгаан станцаа 2006 онд хувьчлахад дийлэнх хувьцааг нь гадаадынхан худалдан авчээ. Шинэ худалдан авагчид нь цахилгааны үнийг нэмсэн учраас хувьцаагаа долоон тэрбум ам.доллароор зарснаа буцаагаад 50 орчим тэрбумаар худалдаж авсан сургамж бий гэнэ.
Ц.БОЛОРМАА