Хойд Солонгосчууд Ким Жон Уны дэглэмээс залхаж, түүнийг авга ах Ким Пён Илээр орлуулахыг хүсэж байгаа талаар Хонконгод байршилтай сэтгүүлд бичжээ. Ким Пён Ил бол одоогийн удирдагчийн эцэг Ким Жон Илийн эцэг нэгтэй дүү нь юм. Энэ жил 62 настай Ким Пён Ил олон жил Европын орнуудаар элчин сайдаар ажилласан тул бусад орны төрийн удирдагчидтай амархан хэл амаа ололцох болов уу гэж сэтгүүлчид таамаглаж байна. Тэрбээр 1979 оноос дипломат албанд ажиллаж, 1988 онд Унгарт элчин сайдаар ажиллаж байгаад 1989 онд унгарчууд Өмнөд Солонгосын элчин сайдыг хүлээн авсны дараа Болгар дахь Хойд Солонгосын элчингээр шилжсэн. Үүний дараа 1998 он хүртэл Финландад элчингээр сууж, дараа нь Польшид төлөөлөгчөөр очсон. Тэнд байх хугацаанд нь хүү, охин хоёр нь дээд боловсрол эзэмшсэн юм. Тэрбээр Алжир, ОХУ, Сирид элчин сайдаар томилогдоод 2015 оноос Чехийн улсад элчингээр ажиллаж байна.
Хойд Солонгосын цэргийн өндөр албан тушаалтнууд Ким Жон Уны дэглэмийг түлхэж, тун удахгүй түүний авга ахыг удирдагчаар зарлахаар төлөвлөж байгаа гэж Хонконг дахь сэтгүүлийн газар таамаглажээ.