Гүйжөү хэмээх мужаар Монголын хэсэг сэтгүүлч ороод ирлээ. Олон үндэстний өлгий нутаг, дэлхийн биет болон биет бус соёлын өвийн жагсаалтад цөөнгүй өвөө бүртгүүлсэн Гүйжөү мужийнхан манай Ховд нутгийнхантай нэлээд хэдэн зүйлээр төстэй гэхэд болно. 176.2 мянган ам км газар нутгийнх нь 92.5 хувийг уул толгод эзэлдэг Гүйжөү бол Хятадын тал газаргүй цорын ганц муж юм билээ.
Мөн тус мужийнхан хувьсгал тэмцлийн арвин баялаг намтартай учраас ховдынхонтой адилтгаж болохоор санагдсан. Тухайлбал, Хятадын ажилчин, тариачны улаан цэргийн аян дайны түүхэнд хамгийн удаан хугацаанд, хамгийн урт зам туулсан (Гүйжөүгийн 68 шянь буюу хот, дүүрэг даяар түгсэн), хамгийн томоохон үйл явдал энд болж байжээ. Манжийн дарлалаас ард олноо өмгөөлөн боссон ард Аюуш хийгээд Цэцэг нуурын дугуйлангийнхны тэмцэл, ялалт Монголын түүхэнд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг бид бүгд мэдэх билээ.
Манай эриний 1413 онд Гүйжөү албан ёсоор мужийн статустай засаг захиргааны байгууллага болсноос хойш ердөө саяхныг хүртэл энэ газар Хятадын хамгийн дорой буурай хөгжилтэй бүс нутаг, эндхийн ард түмэн “хөдөөгийн бүдүүлгүүд” хэмээн адлуулдаг байж. Гэвч яагаад ч юм алс бөглүү энэ газар нутагт л бурхан өгч болох бүх бэлгээ харамгүй хайрлажээ.
Уулын Гүйжөүд өвөлдөө хамгийн дулаахан, зундаа хамгийн сэрүүхэн байдаг учраас “Хятадын зуслангийн төв”, “Агаар тохинуулагч” гэх мэтээр нэрлэдэг бол байгалийн баялгийн нөөц асар ихтэй болохоор нь “Эрдэнэсийн сан” хэмээдэг юм билээ.
Усны нөөцөөр бүх Хятадын хэмжээнд зургаад, нүүрсээр тавд, фосфороор нэгд ордог, эрчим хүчний нөөц арвинтай, уул уурхайн баялаг ихтэй, 128 төрлийн орд илрүүлчихээд буй тэдний дэргэд “Манайх байгалийн баялаг ихтэй орон” энэ тэр гэж хамаагүй юм яривал ёстой нөгөө ичмээр дамшиг гээч нь болох бололтой. XXI зуунд хөгжлийн шинэ гарааны зурхай дээрээс чац мэдэн, суниан довтолгож буй Хятад орон хамгийн эгзэгтэй, чухал гэсэн үедээ нуугдмал эрдэнэсээ ил гаргахаар төлөвлөсөн гэлтэй, Гүйжөүг өнөө дэлхий дахины анхаарлын төвд оруулах бэлтгэлээ хэдийнэ базаажээ.
“Байгалийн баялаг, газар нутгийн онгон дагшин байдал, цаг агаар, хүн ардынх нь ахуй амьдрал, зан заншил, соёл, өв уламжлал энэ бүхэн Гүйжөүг бүх Хятадын хөгжлийн халуун цэг болгосон. Өнгөрсөн жил манайх ДНБ-ий өсөлтөөрөө мужуудаас хоёрдугаар байрт орсон. Зөвхөн энэ он гарсаар ДНБ-ий өсөлт 10.5 хувиар нэмэгдсэн” хэмээн тус мужийн Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ха Сытин бидэнд ярьсан. Хятадыг олон улсын тавцанд өөр өнцгөөс харуулах маш олон боломж Гүйжөүд байгаагийн дотроос нэн тэргүүнд зорилго болгосон нь байгалийн үзэсгэлэн, үндэсний цөөнхийн соёл уламжлалд тулгуурласан аялал жуулчлал, технологийн дэвшил, инновацын томоохон төслүүдээрээ олны нүдийг орой дээр нь гаргах гэж хэлж болно.
Хөлбөмбөгийн 30 талбайтай тэнцэх, дэлхийн хамгийн томд тооцогдох “Тэнгэрийн нүд” хэмээх дуранг энэ намар ашиглалтад оруулжээ
Үүнийхээ ч үр дүнг үзэж, ядуусынхаа тоог огцом цөөлөн, эдийн засгийн энэ их өсөлтөд хүрцгээжээ. Тиймээс үүнийгээ сурталчлуулахын тулд тэд хэвлэл мэдээллийн салбартаа ихээхэн анхаарал хандуулж, телевиз, радио, сонин, сайтын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна. Үсрэнгүй хөгжлөө дэлхий нийтэд харуулах цонх нь хэвлэл мэдээлэл гэдгийг сайтар тооцсоны хүчинд Хятадын баруун хэсэгт нөлөө бүхий, хүчирхэг мэдээллийн хэрэгслүүдтэй ч болоод амжиж. Хийсэн юмтай, хэлэх үгтэй, цаашид ч хийх зүйл нь тодорхой, хүрэх өндөрлөг нь ил тод болоод ч тэр юм уу, тэндхийн дарга нар танилцуулга хийхдээ нүүр бардам, толгой дээгүүр байх юм.
СОЁЛЫН “ДОВТОЛГОО”
Мөнгөгүй байх нэг зовлонтой, мөнгөтэй болох бүр ч зовлонтой гэдэг дээ. Манайхан гэнэт их мөнгөтэй болохоороо ямар салбарт, юунд зарцуулахаа бодохгүй, үрэн таран хийх нь элбэг. Тэгвэл 40-өөд сая хүн амтай Гүйжөү мужийнхан соёлын салбартаа бодлогоор зориуд анхаарч, их хэмжээний хөрөнгө оруулалтыг ийш нь чиглүүлж байна.
Тухайлбал, үндэсний цөөнхийнхөө дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдний ахуй амьдрал, зан заншил, соёл, өв уламжлалыг кино урлагаар дамжуулан гаргаж ирэхийн тулд ихээхэн хөрөнгө хүч хаяж эхэлжээ. Солонгосын киноны уран бүтээлчидтэй хүртэл хамтран ажиллаад эхэлсэн бөгөөд монголчуудтай ч энэ чиглэлээр хамтрах хүсэлтэй буйгаа айлчлалын үеэр хэлж байлаа.
Манайд нэг үеэ бодоход кино урлаг дорвитой хөгжих эхлэл тавигдаж буй ч “сэдэв алга”, “мөнгө алга” хэмээн шогширдог уран бүтээлчдэд дуулгахад Хятадын аварга том зах зээл хажууханд чинь хүлээж байна лээ шүү. Тэдэнд мөнгө байна, манайд чадварлаг уран бүтээлчид байна, үндэсний цөөнхийн соёл бол манайд ч, Хятадад ч байгаа учраас үр дүнтэй хамтын ажиллагаа болж мэдэх юм.
“Лаокайли” хэмээх загасны исгэлэн шөлний газрынхан үйлчлүүлэгчдэдээ зориулан үндэсний цөөнхийн дуу, бүжгээ толилуулдаг
Тус мужийнхан халуун ногоотой хоолоороо алдартай бөгөөд “лаокайли” хэмээх загасны исгэлэн шөлөө уухгүй гурав хоновол хөл нь гуйваад, толгой нь эргэдэг гэж нутгийнхан ярих юм билээ. Гадаад, дотоодоос жуулчид очихоор энэхүү халуун ногоотой шөлөөр дайлж, “Солонгорсон Гүйжөүгийн салхи” нэртэй, олон үндэстний дуу бүжиг, зан заншлыг орчин үеийн техник технологитой хослуулсан тайзны шинэлэг тавилттай тоглолтоо үзүүлдэг уламжлалтай аж. Энэ мэтээс эхлээд үндэсний цөөнхийн соёлоо харуулах сонирхол их байдаг бололтой.
МОНГОЛЫН 12 ОЮУТАН ЭНД СУРАЛЦДАГ
Гүйжөүгийн их сургуулийн нүсэр хотхонд биднийг аваачихад тэнд тэтгэлгээр сурдаг 12 монгол оюутан уулзах гээд хүлээцгээж байв. Хот төлөвлөлт, биологи, барилга, байгаль орчин, инженер механик, уул уурхай гэх мэтчилэн чиглэлээр суралцаж буй тэд Засгийн газрынх нь тэтгэлгээр бус, тус сургуулиас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан гэнэ.
Энэ сургуулийн гол давуу тал нь хичээлийнхээ хажуугаар хэлний бэлтгэлдээ дахиж давтан суралцаж болдог хэмээн монгол оюутнууд онцолж байлаа. Засгийн газрын болон сургуулийн гэсэн хоёр төрлийн тэтгэлэгт хамрагдах боломж ч их байдгийг тэд хэлж байв.
Эргэн тойрон битүү ногоон модоор хүрээлэгдсэн, шувуу жиргэсэн амгалан тайван орчинтой их сургуулийн хотхоныг манай нэг дүүргийн дайтай том цогцолбор гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх. Бакалавр, магистр, докторантурт суралцдаг бүх оюутнаа дотуур байранд амьдрахыг шаарддаг, бас нэг гэр бүлийнх л биш бол хүн болгон тусдаа өрөөтэй байдаг гэхээр ямар том байгууламж байх нь ойлгомжтой биз. Зундаа оюутнууд амрахаар Гүйжөүгийн их сургуулийн дотуур байранд Хятадын өнцөг булан бүрээс өвөө, эмээ нар халуунаас зугтан ач зээтэйгээ ирж, өрөө түрээслэн амьдардаг гэнэ лээ.
ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ
Тус мужийн төв Гүй-Янь хотод сургалт, эрдэм шинжилгээ хослуулсан Хуаши их сургууль байх. Тус сургуулийн Цогц шинэчлэлийн хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “биг дата” хэмээх томоохон төсөл нэлээд өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд энэ нь Гүйжөүгийн бас нэг нүүр царай аж.
Хамгийн сүүлийн үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон, мэдээлэл, судалгааны нэгэн төвөөр нь бид очлоо. Тайлбарлагчийн хэлж буйгаар өнгөрсөн жил тус мужид уулын хөрс гулган, олон байшин барилга нурангинд дарагдахад “биг дата”-гийн дүн шинжилгээ хийдэг төвийнхөн алга болсон болон нас барсан хүмүүсийн тоог урьдчилан гаргасан нь аврах ажиллагааны дараах тоо баримттай яг таарч байсан гэнэ.
Ийн яв цав тооцоход гол нөлөө үзүүлсэн зүйл нь гар утасны сүлжээ гэхээр тэд иргэдээ сайн, муу юман дээр айхтар нарийн чанд “тагнадаг” байгаа биз. Ийм нөхцөлд насанд хүрэгчдийн кино, бичлэг үзэх тухай санахын ч хэрэггүй байлгүй. Гэхдээ мэдээж энэ нь иргэд, байгууллага, улс орноо хакеруудаас хамгаалах том давуу талтайг үгүйсгэж болохгүй.