Урлаг судлалын шинжлэх ухааны доктор Лувсанноровын Эрдэнэчимэг
ӨМӨЗорны хөгжмийн зохиолч Эрдэмт Нарсу- \1986\ гийн зохиосон “Зуун найман хорол” \2015\ морин хуурын рапсоди зохиолын тухай шүүмж
Юуны өмнө уншигч авхай танаа Эрдэмт Нарсугийн намтрын хуудсаас товч танилцуулъя.
Хөгжмийн зохиолч Э.Нарсу бол 1986 оны намрын адаг сарын сүүлээр Өвөрмонголын Баруун Байран Хошуу нутагт Эрдэмтийн хүү болон төрсөн бөгөөд арван настайгаасаа эхлэн хуур болон бусад хөгжмийн зэмсгийг сонирхон суралцаж бага дунд сургуулийнхаа хамтлагт хөгжимдөн авъяас билэг нь тодорч байжээ.
Улмаар 2004 – 2009 онд Монгол Улсын хөгжим Бүжгийн колллежид Б.Мөнхболд багшийн удирдлага дор онол, хөгжмийн зохиомжийн хичээл заалган, Л. Насанбат багшаар төгөлдөр хуурын хичээл заалган амжилттай сурч төгссөн бөгөөд түүний дипломын ажил нь: “Симфони сюит”, \гурван ангит хэлбэртэй\ байжээ. Улмаар 2009-2012 онд МУИСургуульд Урлаг судлалын мэргэжлээр “Хөгжмийн зохиолч Фү.Мэргэжихийн “Төгөлдөр хуурт” зориулсан зохиол бүтээлийг судлан магистрын зэргийг амжилттай хамгаалсан байна. Түүний шагнал урамшлаас нэрлэвэл:
Тэрээр сургуульд суралцаж байх үеэс түүний авъяас билэг нь тодорч 2008 онд зохиогдсон Ж.Чулууны нэрэмжит олон улсын хөгжмийн анхдугаар уралдаанаас “Хийл хөгжимд зориулсан “Фантазия”-уран сэтгэмж зохиолоороо тэргүүн байрын шагнал хүртэж байжээ. Тэрээр 2009 онд “Алтан намар” хөгжмийн наадамд “Симфони удиртгал- аа дуурьсгаж олны сайшаалыг хүртэж байжээ. 2012 оноос өнөөг хүртэл Өвөрмонголын Урлагийн Их Сургуулийн хөгжмийн онолын тэнхимд хөгжмийн онол болон зохиомжийн багшаар ажиллаж байна. Тэрээр 2015 онд Өвөрмонголын камерный хөгжмийн зохиолын уралдаанд тэргүүн байрын шагнал авч олны сайшаалыг хүртсэн байна. 2016 онд Өвөрмонголын урлагийн хамгийн дээд “Сарнаа” шагналыг хүртсэн байна.
Түүний уран бүтээлээс нэрлэвэл:
2012 -“Морин хуурын чуулгад зориулсан “Нэргүй” хэмээх зохиол,
2012- “Тэмээн жин” Үндэсний цөөхүүл хөгжимд зориулсан зохиол,
2013- “Цастайн исгэрээ” –хөөмэй болон хуурын чуулгад ,
2013 -“Онгодын бүжиг”,
2014- “Амгалан төрийн товчоон-урт дуу, хөөмэй, хуурын чуулгад зориулсан зохиол,
2015 -Цохиур хөгжмийн чуулгад зориулсан “Түймэр татсан гал” зохиол,
2015 -“Бөмбөөрэй” Симфони удиртгал,
2015 -Бүжгийн хөгжим ба бусад хөгжим,
2015- “Зуун найман хорол” Морин хуурын гоцлол ба чуулга цөөхүүлд зориулсан Рапсоди бүтээлүүдээ зохион туурвиж олны хүртээл болгожээ.
Э. Нарсугийн зохиосон “Зуун найман хорол” хэмээх морин хуурын гоцлол, хуурын чуулга найралд зориулан Рапсоди хөгжмийн тухай
Зохиогч энэхүү бүтээлээ Байран Баруун хошууны “Хотлоо онолт” сүмд жил бүрийн шинийн арван таванд очиж мөргөл үйлддэг байсан тэрхүү сэтгэлгээн дээрээ үндэслэн зохиосон ажээ.
“Зуун найман хорол” хэмээх зохиол нь сэдэв агуулга болон хэл аялга, авиа авиалбар, эгшиг зохицол, хөг зэмсэгжүүллийн болоод хөгийн, хэмнэлийн, лад эгшиглэгээ, цомнол, журамжуулал-тональность, гармони-зохирол, форма бүтцийн хувьд урьд өмнөх сонгодог хөгжмийн улиг болсон арга барилаас эрс татгалзаж чадсан, шинэлэг зам мөр, шинэлэг санаа, шинэ арга барил, шинэлэг дуурьслыг буй болгосон онцгой сонирхолтой зохиол болсон хэмээн үзэж байна. Тухайлбал:
“Зуун найм” хэмээх утгын тухай: Зохиогч энэхүү бүтээлээ дорнын болоод буддын гүн ухааны эш онолд тулгуурласан нь сонирхол татаж байна. Учир нь зуун наймын тухай эртний монголчуудын “Хүний шинжийн сударт”: тавдугаар буюу “Хамса” төрлийн хүн бол өөрөө өөрийнхөө зуун найман хуруутай тэнцүү буюу, манай дэлхий нарнаас зуун найм дахин хол орших, хүний үе зуун найм, эрхи, суварга зуун найм байх гээд онцгой утгат тоогоор нэрлэсэн нь сонирхол татаж байна.
Гоцлол морин хуурын хөг: нь урьд өмнөхөөс өөр соль-до диез буюу \g–cis1\ гурван бүтэн тон хөгөөр авсан нь нэн эртний “чонын улил” хэмээх хөг буюу онцгой диссонанс хөгөөр дуурьслын хувьд нэн онцлогтой болсон байна.
Зэмсэгжүүллийн хувьд: морин хуурын гоцлол, төгөлдөр хуур, вибрафон, платти, там там, ковбелл, касса, тмпани зэрэг цохиур хөгжмийн зэмсэг байхаас гадна 18 нэгдүгээр хийл, 16 хоёрдугаар хийл, 12 эрдүү хийл, 10 морин хийл, 8 их хуур гэсэн өвөрмөц бүрэлдэхүүнийг сонгосон нийт 72 хөгжмийн зэмсэг орсон нь шашны хөгжмийн зургаан жүр хөгт үндэслэгдсэн 72 эгшгийн чакраны тухай ойлголтыг багтаасан нь шинэлэг болжээ.
Чуулга хөгжмийн хөг: нь үндсэн “зургаан жүр[1] хөг”-өөс бүтэх бөгөөд энэ нь Буддын шашны зургаан махбод эгшиг буюу \ шороо, төмөр, ус, гал, мод, хий\ хөгжимд соль, ля, си, до диез, ре диез, фа диез \g,a,h,cis1, dis1, fis1\ гэсэн үндсэн зургаан эгшгээс бүтэж байгаа нь шинэ сонирхолтой дуурьслыг авчирчээ.
Авиалбарын хувьд: зургаан жүр хөг бол: эртний МЭӨ 4-р зууны үеийн зохиол “Ashtadhyayi” хэмээх эртний Энэтхэгийн дуун ухааны алдарт бүтээл болох авиа бүтэх ёсны уламжлалыг хадгалсан karana хэмээх “Асар үлэмж аялгууны их судар[2]”-ын үндсэн суурилсан зургаан авиа эгшгийг гол болгожээ.
Авиа эгшгийн хувьд: үндсэн зургаан жүр хөгийг сонгохдоо үндсэн хөгт нийцүүлэн \g, a, h, cis1, dis1, fis1\ соль, си, ля до, си ре диез, ре диез фа диез гэсэн эгшгийг сонгосон байна. Түүнчлэн төгсгөл хэсэгт авиа эгшиг морин хуурын хамгийн дээд өнгө эгшгийг флажеолетто-р экмелика тодорхой өндөрлөггүй хөгийг авсан нь шинэлэг болжээ.
Зургаан жүр хөгийн бүтцийн хувьд: өрнө дэхний уламжлалт диатоника, дорно дахины уламжлалт тавц пентатоника хөг бус гемиолика хөгийн төрөл зургаац хөгийг авахдаа: бүтэн- бүтэн- бүтэн-бүтэн- бага гуравц гэсэн өвөрмөц тогтолцоог гаргаж соль, си, ля до, си ре диез, фа диез \g, a, h, cis1, dis1, fis1\ гэсэн харьцаатай, дуурьсал нь урьд өмнө байхгүй цоо шинэлэг бүтцийг буй болгосон байна.
Лад эгшиглэгээний хувьд: бүхэл зохиолын турш хөг солигдохдоо: соль мажор, си мажор, ре диез, фа диез мажорууд болон си минор зэрэг олон төрлийн хөг солигдлыг канон хэлбэрээр хөгжүүлсэн нь баялаг агуулгатай шинэлэг дуурьслыг буй болжээ.
Хэмнэлийн хувьд: зохиол оршил хэсэг эхлэнгүүтээ төгөлдөр хуурын огцом аккорд, морин хуурын хурц тод, ширүүн диссонанс аккорд дөрвөн такт айзам явж буй хэсэг нь сүмийн хонх, ая дангийн сэтгэлгээг санагдуулам соль, ля гэсэн харш хөгөөр эхэлж байгаа нь дуурьслыг өвөрмөц сэтгэлгээтэй болгож чадсан байна.
Хурд хурдацын хувьд: энэхүү зохиол нь дунд зэрэг буюу модерато хэмээр эхэлж, алегретто хурдавтар хэмтэй бол, дунд хэсэгтээ удаан ленто хэмтэй болж цааш баяжуулан хөгжүүлэх хэсэгтээ хурдавтар, цаашлаад бүр хурдан аллегро буюу эргээд төгсгөл хэсэгтээ флажалетто тремоло ихтэй, а темпо буюу аллегро хэмээн хурдацыг улам ихэсгэсэн нь хэмийн хувьд баялаг болгож чаджээ.
Хэмнэлийн хувьд: зохиолын турш [3:2:3:2:2] буюу [2:3:2:3:2] мөн дөрөвний гурав, дөрөвний дөрөв, дөрөвний зургаа, гуравны найм гэсэн нэн сонирхолт хэмнэлүүд ээлжлэн татах ба урвуулах хэмийг ашигласан нь тэгш бус “онцгой содон хэмнэлт” аялгууг шинээр бүтээж чаджээ.
Форма бүтцийн хувьд: “Зуун найман хорол” бүтээл нь нэг ангит гурван хэсэгтэй нийт 174 айзам тактаас бүтсэн бөгөөд сонгодог сонат симфонийн цикл зохиолын бүтцийг орчин цагийн хөгжмийн зохиомжийн дуурьсалгүй дуурьсал, тодорхой өндөрлөггүй өндөрлөг, эгшгийн “Экмелика” дуурьслаар баяжуулан бүтээсэн нь шинэлэг санаа дэшүүлсэн гэж үзэхээр байна. Иймээс форма бүтцийн хувьд хемиолика төрлийн “Санаа ахуй баялаг” –“Модаль зохирол-”ын бүтцийг сонгон авсан нь ил нот.
Дуурьслын драматургийн хувьд: зоримог шийдмэг, хурц тод дуурьсалтай харш хөг голлосон, хурц шийдэмгий илэрхийлэлтэй, хүний дотоод сэтгэлийн хүч, мөн чанар, зөрчил тэмцлийг, ертөнцийн үй түмэн юмс үзэгдлийн шалтгаан үрийн учир холбогдлоор эгшгийн дуурьслаар тайлах гэсэн зохиомж драматургийн гол зарчмаар чадварлаг илэрхийлэгдсэнд оршино. Огцом аяаараас гэнэт чангарах деминюэндо буюу кришендо нь холбоос аялгуунд голлох үүрэгтэй байна.
Сэтгэлгээний хувьд: эртний хүмүүсийн далд ухамсрыг мэдрэх, \изотерик\ сэтгэлгээ, ер бусын дээд хүчийг мэдрэх, шүтэн бишрэх \фетишизм\ гэсэн сэтгэлгээ хадгалагдсанаараа шинэлэг болсон гэж үзүүштэй байна.
Мэдрэмжийн хувьд: “Зуун найман хорол” зохиол нь Германы сонгодог гүн ухаанч Г.В. Гегелийн үзсэнээр: “Туйлын санааг мэдрэхүйн хэлбэрээр дүрслэн үзүүлэх явдал” гэдэгтэй адил болсон мэт. Грегийн гүн ухаанч Платоны үзсэнээр: “эйдосын онолоор урлаг нь ертөнцийн хуулбар болж, мэдрэхүйн ертөнц бий болдог харин мэдрэхүйн ертөнцийн тусгал нь урлаг юм” гэсэнтэй адил болсон гэж үзүүштэй байна.
Зохиомж фактурын хувьд: Гол аялгуу зохиолын 25-р тактаас Модерато хэмжээнд эхлэх бөгөөд энэ нь нийт зургаан эгшгийн ре эгшгийг огт оруулалгүй явж цааш 28-р тактаас харин ре орж, цааш ля си эгшиггүйгээр аялгын утгыг хөгжүүлнэ. Эхний аялгууны танилцуулах хэсэгт: 1,2-р морин хуур цэвэр квартаар дор хөглөгдсөн дуурьсалтай байх ба үүн дээр эрдүү хуур нэмэгдэнэ дуурьсана. Үүний дараа 29-р тактаас эхлэн [2:3:2:3:2] буюу дөрөвний дөрөв, дөрөвний гурав хэмнэлүүд ээлжлэн дуурьсана. Үүний дараа зохиолын 35-р тактаас маанийн ая дан татаж буй мэт сэтгэгдлийг чимэглэл трелээр эгшиглүүлнэ. Тэдгээр нь дээшилсэн өнгө эгшиг нь фа диез ре диез хөгүүдэд дуурьсана. Мөн 39-р тактаас дөрөвний зургаа гэх хэмнэл, 53-р тактаас огцом наймтаар утсан хөгжмийн ая түрэлтээр гэнэт зогсоц авахад төгөлдөр хуур урт ая удаан эгшиглүүлнэ. 55-р тактаас Ленто удаан ая эхэлж 61-р тактаас удаан аялгуу 6 такт яваад хамгийн өндөр эгшиг оргил хэсэг хоёрдугаар наймцын до диез, ре диез-т хүрнэ. 69-р тактаас аялгуу чавхдаст хөгжмийн хамгийн дээд өнгө нарийн эгшигт шилжинэ. 77-р тактаас хоёр өөр минорын хөг солигдон гарч ирнэ. 82-93 р тактад морин хуурын гоцлол аялгуу тавц хөгт бус нэн өвөрмөц ля, си, до диез, буюу фа диез, ля, си гэсэн эгшигт үргэлжилнэ. Энэхүү зохиолын хамгийн оргил хэсэг нь 95-р тактаас эхлэх бөгөөд хуур хөгжим ганц ре диез эгшиг дээр хүрч 5 тагт тогтоод доош огцом бууж байна. Дунд хэсэгтээ асуулт хариултын шинж бүхйи аялгуу ре диез минорт өрнөж, их хоёрц, их гуравц, тавц хөгөөр аялгуу аяараас чангарна. 101-р тактаас хуурын тоглолтын ур чадварт нэгэн шинэ зүйл нэмсэн нь наймт арван зургаатыг давхар ноотоор флажеолет маягаар хамгийн дээд цараанд маш хурдан хэмнэлээр фа диез, ре диез-р дуурьсгасан явдал шинэлэг болсон. 109-р тактаас бүх хөгжим урагш тэмүүлэлтэй болж хамгийн өндөр эгшиг гуравдугаар наймцын си, ре диез эгшигт хүрч, 121-р тактаас оргилруу тэмүүлж, тодорхой өндөрлөггүй экмелика эгшиглэл хүрч байгааг сонсож болно. 127-р тактаас бүх хавсрах хөгжмүүд зогсоход ганц хуур дээд өнгөнд ганцаар гоцлоно. 129-р тактаас дахин давтах хэсэг эхлэх бөгөөд эхний А темпод шилжихдээ өмнөхөөс илүү хурдан, хүчтэй дуугарна. Энэ хэсэг бүх хөгжим Аллегро хурдтай хурдан хэмнэлд дуурьсана. 138-р тактаас эхний [3:2:3:2:2] буюу [2:3:2:3:2] хэмнгэл нь тоглох арга барилын хувьд өөрлөгдөн давтагдана. 152-р тактаас хөгжим өмнөхөөсөө илүү хурдтай, дээш өссөөр хоёр дахин тавц хөг буюу нона дээш үсэрнэ. 154-р тактаас хэмжээ солигдон, 165-р тактаас түр зогсолт эхлэхэд, гоцлол хуур маанийн уншлагыг санагдуулам ая эхэлж, сүмийн цан хэнгэргийн дуу царгин хүнгэнэх дуугаралтыг аккордоор илэрхийлэх мэт. 169-р тактаас төгсгөл хүртэл бүх хөгжим 16-т хэмнэлээр нэгэн зэрэг хурдсан дуурьсаж, хурц тод гурван форте дуурьслаар зохиол төгсө ж байна.
Эцэст нь дүгнэн хэлбэл:
Э.Нарсугийн бичсэн “Зуун найман хорол” хэмээх энэхүү морин хуурын гоцлол чуулга, цөөхүүл найрал хөгжимд зориулан бичсэн “Рапсоди”нь: зохиомж фактурын хувьд хуур хөгжмийн дуурьслыг шинэ шатанд гаргаж, хөгжимдөх арга хэлбэр, тоглох ур чадварыг шинэлэг санаагаар баяжуулан нэмэгдүүлсэн онол, практикийн чухал ач холбогдолтой өвөрмөц шинэ бүтээл болжээ.
Түүгээрч үл барам Э.Нарсугийн эл зохиол бол Германы сонгодог гүн ухаанч Ф.В.Шеллингийн хэлснээр: “Урлаг гэдэг бол би өөрийгөө ухамсарлаж буй хэрэг мөн[3]” гэсэнтэй адил түвшинд сэтгэгдэж байна.
Мөн Германы сонгодог гүн ухаанч Эрнст Кассирер: “Урлагийн бүтээл бол хийсвэрлэхүйгээр буй болдог гэсэн санааг гаргасан байдаг бол, Америкийн гүн ухаанч Мел Томпсон: “Урлаг бол сэтгэл хөдлөлийн буюу зөн билгийн үр дүн” гэсэнтэй адил тусч байна.
Иймээс Э.Нарсу-гийн зохиосон “Зуун найман хорол” хэмээх рапсоди зохиол бол ямар нэг ид шидийн зохиол бус, түүний уран сэтгэмж, уран дүрслэл, уран дүрийн илэрхийлэл, уран санаа, сэтгэл урам, гүн ухаарал, гүн мэдрэмжийн өвөрмөц илэрхийлэл тэй зохиол болсоэ гэж үзэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!