Эрвээхэй дэнгийн гэрлийг тойрон эргэлдэнэ. Шаргал судалтай, саарал далавчаа дэвэн, гэрэл рүү улам дөхнө. Юу юугүй нөмрөх харанхуйгаас зугтаж, бүүдгэр орчныг зүсэн гэрэл гэгээ рүү тэмүүлэв үү, эсвэл энэ хоёр урьдаас ийм ойр байв уу.
Эрвээхэй байшингийн хананд өлгөсөн дэнг бараадана. Хөөрхий шавьж дэнгийн нөмөрт харанхуйг үл ажран, агаарт хөвж байгааг харахад яг л эр нөхрийнхөө энгэрт эрхэлж буй бүсгүй мэт. Эрэгтэй бүсгүйгээ өргөөд, эргэлдэн тойрч, цангинасан инээд нь чихэнд сонсогдох шиг боллоо. Энэ хоёр ийм л дотно бас жаргалтай. Дэн илчээрээ бүсгүйг илбэж, далавчин дээр нь зөөлхөн үнсэв. Харин эмэгтэй сормуусаа дэвж, зөөлөн инээмсэглэнэ. Хоёул шөнийн харанхуйгаас тасран, гэрэл рүү дүүлнэ.
Гэнэт дэнгийн гэрэл бөхөж, эрвээхэй хүйтэн, харанхуйн дунд хоцров. Сэтгэлийг нь ганцаардал, гуниг, хоосон зай эзэлжээ. Тэр тэгсхийгээд байшингийн баруун хананд буулаа. Бүтэн шөнийн турш нэг ч хөдөлсөнгүй. Арайхийн өглөөтэй золгов.
Нарны гэрэл сэтгэлийн уйтгар гунигийг нь хөөв бололтой, шөнөжин суусан эрвээхэй босож, туяхан далавчаа дэлгэн дэвж гарав. Байшин дотор тойрон эргэлдсээр нэг л мэдэхэд, ор мөргүй болов. Нарны хурц гэрэл дээрээс нь төөнөвч, сэтгэл нь дулаацсангүй юү, тэр хаашаа ч юм нөмөр хайсан мэт далд орчихов. Гараад ирэх болов уу гэтэл алга л байна.
Нар буцаж, одод айлчлав. Айл хотлоороо лаа, дэнгээ барилаа. Аав байшингийн хананд өлгөсөн дэнг буулган тос нэмж, асаав. Бяцхан гэрэл нь тод биш ч, гэр доторхыг гийгүүлэхээр байсан юм. Удалгүй өнөөх эрвээхэй хаа нэгтэйгээс гарч ирлээ. Далавчаа хурдан хурдан дэвсээр, дэнгийн гэрлийг тойрон ойж, буун нисэх нь яг л хос хоёр хээр талд хөөцөлдөж байгаа мэт үзэгдэнэ. Гэрлээс илч авсан эрвээхэй улам хурдан эргэлдэж, баярлаж хөөрөх шиг. Тэр хоёр улам дөхсөөр. Нэг нэгэн рүүгээ тэмүүлэх сэтгэлээрээ жолоодогдож байх шиг. Ойртон ойртсоор хоёр бие нэг болох үед хөөрхий эрвээхэй дэнгийн галд шатаж, үгүй боллоо. Дэн ч тэгсхийгээд бөхлөө.