Эрх баригчид, түүний хамтрагч намын удирдлагууд нэг зүйл сэджээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нийцүүлэн өөрчлөхтэй холбоотой заалтын хугацааг тэд 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар санал нэгдсэн байна. Энэ тухай тусгасан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт яаралтай горимоор өргөн барьсан юм. Хууль баталснаас хойших жил таван сарын хугацаанд намуудад дүрэм, журмаа өөрчлөх хангалттай боломж байсан. Бүх шатны байгууллага, гишүүдийнхээ саналыг аваад, их хурлаа хийж болох байв. Гэвч амжуулсангүй. Ерөнхийлөгчийн сонгууль дуусахаас нааш угаасаа амжуулмааргүй байгаа гэнэ. Заавал Төрийн тэргүүний сонгууль дууссаны дараачаас хэрэгжүүлэх гээд зүтгээд байгаа нь анхаарал татаж, хардлага төрүүлж буй юм.
УИХ дахь АН-ын бүлэг өргөн барьсан төслийг нь олонхоороо дэмжихгүй гэж мэдэгдсэний дараа парламентад суудалгүй, сонгууль болохоор л үзэгддэг намын хэдэн дарга гэнэт гарч ирж, “Энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна” хэмээх нь тэр. Эсэргүүцэлтэй тулгарах шинжтэй болоод ирмэгцээ Засгийн газар парламентад суудалгүй намуудтай “хамтрах”-аар шийдсэн байх нь.
Жижиг намуудаар шалтагласан нь
Одоогоор хуульд нийцүүлэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтын өөрчлөлтөө бүртгүүлэхээр долоон намын төлөөлөл Дээд шүүхэд хандаад буй аж. Хоёрынх нь материал шаардлага хангаагүй гээд буцаачихсан юм билээ. Парламентад суудалтай намуудаас Үндэсний эвслийг бүрдүүлж буй МНН, МҮАН-ынхан хуулиа биелүүлж, материалаа өгчээ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг жил таван сарын өмнө баталсан. Тэр үед л хуульд нийцүүлж өөрчлөлт хийх ёстойгоо бүх намынхан мэдэж байсан. Гэвч хуулиа дагасангүй, хариуцлагатай хандсангүй.
Төрийн ордонд уржигдар мэдээлэл хийсэн БНН, Эх орончдын нэгдсэн нам, ИЗНН-ынхан “2024 онд сонгууль болоод завгүй байлаа” гэсэн тэнэг тайлбар хэлэв. Мөн Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “Улс төрийн намын тухай хуульд нэг байтугай нэлээд хэдэн жилд хийж амжихааргүй том өөрчлөлтүүд орсон. Үүнээс болоод Монголд байгаа 37 намаас ихэнх нь татан буугдах нь” гэжээ. Их хурлаа хуралдуулж, хуулийн дагуу намын удирдах бүтцийн 40 хувьд эмэгтэйчүүдийг багтаах зэрэг өөрчлөлт хийхэд яагаад хэдэн жил хэрэг болдог юм бэ. Гэтэл дээрх долоон нам хуулийн хугацаандаа амжуулж чадсан байдаг. ИЗНН-ын дарга Б.Батбаатар Улс төрийн намын тухай хуулийг эрх баригчид өөрсдөдөө нийцүүлсэн гэж үзэж буй гэнэ. Тухайн үедээ эл хуулийн төсөлд бүх намаас санал авч, хэдэнтээ хэлэлцүүлэг зохион байгуулсан юм даг. Уг хуульд нэг намын тогтолцоог халахын тулд авлигаас салгах, улмаар төрийн санхүүжилтийг нэмэхээс эхлээд бодлогын нам болгоход чиглэсэн цөөнгүй дэвшилт өөрчлөлт оруулсан билээ. Хуулиа биелүүлээгүй нь тэдний өөрсдийнх нь л буруу. Тиймээс ийнхүү гоншигнож, утгагүй тайлбар хийж буй нь Засгийн газрын “тоглолт”-д нэгдлээ гэж харагдуулж байгаа юм. Учир нь гуравдагч хүчний 6-7 намаас хүсэлт гаргасан учраас Хууль зүй, дотоод хэргийн яамнаас анх Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан гэнэ.
Нэгдсэн чуулганаар өчигдөр дээрх төслийг хэлэлцэх үед гишүүн Ж.Баярмаа “Зарим жижиг намынхан сонгуульд туслан гүйцэтгэгчээр оролцдог. Сонгинохайрхан дүүрэгт том, жижиг хоёр намын нэр дэвшигч хамтраад мөнгө тараасан хэрэг гарсан. Чуулганы нээлтэд би энэ тухай хэлж байсан шүү. Долоон намынхан хуулиа биелүүлж болж байхад 30 жилийн түүхтэй БНН зэрэг яагаад чадахгүй байна вэ. Жижиг намуудаас хүсэлт гаргасан учраас ийм хуулийн төсөл оруулж ирлээ гээд л дайраад байх юм” гэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал сэжиглэж асуусан гишүүн бүрд “Харин тийм ээ, парламентад суудалгүй намууд хариуцлагагүй байна. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийн оролцогч болох намуудынхаа саналыг сонсохгүй байж болохгүй шүү дээ. Үгүй бол одоогийн хуулиар ирэх оны нэгдүгээр сард Дээд шүүх бүртгэхгүй, тэгэхээр 37 намын 30 нь татан буугдах нөхцөл үүсчихлээ. Ингэвэл эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой Үндсэн хуулийн зөрчил ч үүсэж мэднэ” гэсэн тайлбар хэлж байлаа. Эсрэг байр суурьтай гишүүдийн амыг дагуулсхийгээд, жижиг намуудыг урдаа барьсан шигээ ардуур нь Засгийн газар ажлаа амжуулах гэж буй хэрэг. МАН бол өөрчлөлтөө хийгээд явж байгаа, их хурлаа хийхэд бэлэн юм байх. Гэхдээ хэзээнээс эрх баригчид парламентад суудалгүй намуудыг ингэтэл дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө яаралтай горимоор хуулийн төсөл оруулж ирдэг болчихсон юм, бүү мэд.
Жижиг намууд үнэхээр өөрчлөлт хийж, бүх шатны гишүүнийнхээ саналыг сонсож амжихгүй байна гэж бодъё. Тэгвэл хугацааг зургаан сар, ихдээ нэг жилээр хойшлуулж болно. Гэтэл яагаад заавал 2027 оны наймдугаар сарын 1 гэж, ямар тооцооллоор ийм хугацааг төсөлд тусгав гэдгийг хэд хэдэн хүн асуув. Н.Учрал сайд “Парламентад суудалгүй намууд л ийм хугацаанд амжина гэсэн” гэж бөөрөнхийлсөн бол ХЗДХЯ-ны ажилтан “Аливаа намыг сонгуулийн эрх бүхий насны иргэдийн нэг хувиас доошгүй буюу 21 мянган хүн нэгдэж байж байгуулна гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулсан. 2028 оны нэгдүгээр сараас мөрдөх уг заалттай уялдуулж дээрх хугацааг оруулж ирсэн” гэсэн тайлбарыг арай гэж “олж” хэлнэ лээ.
Ерөнхийлөгч хориг тавих уу
Парламентад суудалгүй намуудад “хайр зарлах”-даа Засгийн газар Үндсэн хууль, Хууль дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөрчсөн үү гэсэн асуулт гарна. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-т “Хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш тухайн хууль болон түүний зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхгүй” гэж заасан байдаг. Үүнийг нэгдсэн чуулганы үеэр гишүүн Д.Ганбат мөн сануулж, төслөө татаж авах нөхөрсөг зөвлөгөө өгөв. “Хууль зөрчин байж оруулж ирж буй уг төслийн чинь ард ямар утга учир, эрх ашиг байна вэ” хэмээн тэр асууна лээ. Мөн гишүүн Б.Түвшин “Хүчин төгөлдөр хэрэгжээд явж буй хуулийн тодорхой заалтыг хойшлуулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” хэмээн үзэж байгаа аж. ХЗДХЯ-наас уг төслийг оруулж ирсэн, хуульд нийцсэн учраас л УИХ-ын Тамгын газар хэлэлцэхийг зөвшөөрсөн гэх мэт тайлбарыг санаачлагчид хэлж байв.
Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилсан. Тэрбээр Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Одоо өөрийнх нь санаачилсан дээрх хуулиас зарим заалтыг “тасдан” хойшлуулах, тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болгох гэж буй уг үйлдэлд мөн л хориг тавих магадлал өндөр байна.
Засгийн газраа хамгаалах тактик
Тэгвэл Засгийн газар яагаад ийм хуулийн төсөл өргөн барив. Энэ бүхний цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ. УИХ дахь АН-ын бүлгийнхэн уг төслийг хэлэлцэх үед оролцсон 31 гишүүний 18 нь хуулийн заалтын хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй гэсэн билээ. Тэгэхээр АН-ын дарга Л.Гантөмөр л “дээгүүрээ” дээрх тохиролцоонд нэгдсэн гэдгийг эндээс харж болно. Засгийн газарт хамтарсан гурван намын удирдлага яагаад дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өөрчлөхөөс татгалзаад байна вэ. АН-ын тухайд УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялагдсан. Тиймээс дүрмийнхээ дагуу Л.Гантөмөр хариуцлага хүлээж, огцрох ёстой. Гэхдээ тэгэхгүйгээр “торгоож” буй учраас одоо дотооддоо ямар нэг хөдөлгөөн хийвэл түүнд хариуцлага тооцож, солино. Ингэвэл хамтарсан Засгийн газар цаашид орших, эсэхэд эрсдэл үүснэ. АН-ын энгийн олон гишүүн хүчтэй сөрөг хүчин хийхийг илүүд үзэж байгаа учраас шинэ дарга нь ч ийм байр суурь баримтлах магадлал өндөр. Тэгэхээр АН-ын одоогийн даргад байр сууриа хадгалах сонирхол, МАН-ын Л.Оюун-Эрдэнэд түүнийг унагахгүй, солихгүй байх хэрэгцээ, шаардлага бий. Тиймээс тэд хуультай холбогдох өөрчлөлтөөс айгаад буй хэрэг. Засгийн газар нь тогтвортой байсан нөхцөлд л дараа дараагийн олон төлөвлөгөөгөө Ерөнхий сайд хэрэгжүүлэх учиртай.
Үүний нэг нь Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах. МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд эртнээс бэлдэж, улс төрчид нь дор дороо тоглолт хийн, талцаж буй. Л.Оюун-Эрдэнийн зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй бол У.Хүрэлсүх үүнийг нь дэмжихгүй байгаа. Тэрбээр өөртөө дахин улирч сонгогдох боломж бүрдүүлэх, ингэхдээ уламжлалын дагуу бүх ард түмнээс санал авдаг байхыг илүүд үзэж байгаа юм. Харин Ерөнхий сайд Үндсэн хуулийн эл өөрчлөлтөө өөрийн өнцгөөс дэмжүүлэхээр хамтарсан намын дарга нартайгаа хэдийн тохирсон болов уу. Тиймээс бүрэлдэхүүнээ хадгалах, Засгийн газраа хамгаалах шаардлага түүнд бий. Үүний тулд Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт хийхийг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулж буй хэрэг. МАН олонх байгаа Засгийн газар, тус намаас нэр дэвшүүлэн сонгогдсон Ерөнхийлөгч хоёр энэ мэтээр зөрчилдөж эхэлжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн 18 гишүүн, мөн Үндэсний эвслийнхэн уг хуулийн төслийг дэмжихгүй нь. Гэвч тэдний хүч хүрэхгүй, олонхыг барахгүй. Тэгэхээр уг хуулийг батлах байх. Дараа нь харин ямар үйл явдал өрнөхийг харцгаая.