БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахаар өнөөдөр дахин жагсаал хийлээ. Хамгийн анх ахлах болон их сургуулийн сурагчид тэр дундаа эмэгтэй сурагчид давамгайлсан жагсаалд 30 мянган хүн оролцсон бол үүний дараа 100 мянган хүн оролцсон жагсаал болж, төрийн удирдагчаа ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ.
Тэгвэл Сөүлд болсон энэ удаагийн жагсаалд одоогоор 500 мянган хүн оролцсон жагсаал болж байна. Иргэний хөдөлгөөнийхөн ойролцоогоор нэг сая хүн оролцсон жагсаал болно хэмээн таамаглаж буй юм. Үнэхээр нэг сая хүн энэ жагсаалд оролцвол 2008 онд ерөнхийлөгч И Мён Багийг АНУ-аас мах импортлох шийдвэр гаргасных нь дараа 70 мянган хүн эсэргүүцсэн жагсаалыг давахх болно гэж үзэж буй. Цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, 170 мянган албан хаагч аюулгүй байдлыг сахиулахаар төлөвлөжээ.
Эх орондоо болж буй элдэв асуудлаас үүдэлтэй Пак Гын Хэгийн гадаад дахь нэр хүнд ч эрс унаж байна. Тэрбээр энэ сарын 19-20-нд Перугийн Лима хотод болох Ази, Номхон далайн орнуудын чуулга уулзалтад оролцох ёстой байсан ч өнжихөөр шийдвэрлэжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосчуудын найдвартай түнш байсан АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон. Шинэ ерөнхийлөгч нь өмнөхөөсөө огт өөр бодлого баримтлах тул Сөүл-Вашингтоны хооронд дахь найрсаг харилцаа төгсгөл болно гэж таамаглах шинжээчид ч олон бий. Одоогоор Пак Гын Хэгийн оронд дотоод хэргийн сайд Юн Бюн Се бүх дипломат харилцааг удирдаж байгаа юм.