Хятадын өмнөд нутгийн хамгийн том хот гэгддэг Гуанжөүг манайхан худалдаа наймааны томоохон төв гэдгээр нь андахгүй. “Гуанжөүгээс оруулж ирсэн шүү” гэх худалдагчийн үг итгэл төрүүлээд, хятад шошготой хувцас, бараа бишгүй авч байв. Спорт сонирхогчид бол Гуанжөү хотыг 2010 онд Азийн наадмыг ам ангайтал, олимпын зиндаанд хүртэл зохион байгуулсан гэдгээр нь сайн мэддэг.
Тэгвэл энэ удаа Монголоос 18 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг Гуанжөү хотод очоод ирлээ. Гэхдээ зүгээр нэг зугаалаагүй шүү. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монголд айлчлахдаа манайхаас 250 сэтгүүлчийг эх орондоо урьсны дагуу бид тус улсын Гуандун, Гүйжөү мужаар ажлын айлчлал хийсэн юм. Тиймээс сэтгүүлчийн нүдээр Гуанжөү хотынхон ямар харагдсаныг уншигчдад хүргэхийг хичээе.
Юуны өмнө Гуандун, Гүйжөү мужийнхны аль аль нь өвлийн улирал үзээгүй дулаан газрынхан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Гүйжөү мужид гэхэд л сүүлийн 80 гаруй жил цас ороогүй гэнэ. Ямар сайндаа л манайхныг “Монголд 40-50 градус хүртэл хүйтэрдэг, цас их ордог” гэхэд тэндхийнхэн дуу алдан, төсөөллийн өвөлдөө дааран дагжиж байх вэ дээ. Мэдээж Хятадын хамгийн урт усан хилтэй муж учраас арванхоёр, нэгдүгээр сард Гуанжөүд жихүүн сэрүүвтэр улирал эхэлдэг гэсэн.
Гуанжөү бол эдийн засгийн өсөлт, технологийн хөгжил дэвшил, гадаадын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаараа Хятадын урдаа барьдаг хот (Шанхайн дараа ордог) аж. Бүх Хятадын хэмжээний ДНБ-ий долооны нэгийг дангаараа үйлдвэрлэдэг аварга хот гэхээр ойлгомжтой биз. 100 сая гаруй хүн амтай Гуандун мужийн төв хот болох Гуанжөү 40 сая хүнтэй. Тус хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын хэлснээр Гуанжөү нь дэлхий дээрх олон талт соёл иргэншлийн өлгий нутаг аж.
Уугуул Хятадын эртний уламжлалаас эхлээд орчин цагийн өрнийн болоод Америк, Африкийн ард түмний зан заншил, соёл энд эв найрамдалтайгаар зэрэгцэн хөгжиж байгаа гэнэ. Тэр ч утгаараа Гуанжөү хотынхон хойд зүгийн хятадуудтайгаа харьцуулахад аливаа шинэчлэл өөрчлөлтийг хамгийн түрүүнд хүртэж мэдэрдэг учраас толгой дээгүүр явдаг гэдэг ортой бололтой.
Тэдний дундаас өнөөгийн Хятадын хамгийн тэргүүний, нийгмийн үзэл санааг уриалан дуудахад томоохон үүрэг гүйцэтгэсэн сонин хэвлэлүүд төрөн гарсанд гайхах зүйлгүй юм шиг ээ. Тэдний нэг нь “Ямааны хотын оройны сонин”.
“ЯМААНЫ ХОТЫН ОРОЙНЫ СОНИН”
Эрт цагт Гуанжөү хотын дээгүүр сахиус хөлөглөсөн таван ямаа нисэж өнгөрсөн гэдэг домог байдаг бөгөөд үүнээс үүдэн “Ямааны хот” хэмээн өөрөөр бас нэрлэдэг аж. 1957 оноос хойш хэвлэгдэн гарч буй энэхүү сонин нь Хятадын цорын ганц оройны хэвлэл гэдгээрээ алдартай. Дүнфэн зүүн гудамжны 733 тоотыг Гуанжөү хотын бүх хүн мэддэг шалтгаан нь тус сонины редакц сүүлийн 30 жил энд байсан учраас тэр.
Одоо бол энэ газарт тус хотын ажил эрхлэх бааз буюу манайхаар бол хөдөлмөрийн бирж нь байрлах болжээ. Хүмүүсийг оройн хоолоо идсэний дараахан буюу 19 цагийн үед “Ямааны хотын оройны сонин” уншигчдын гар дээр очдог байна. Ажиллах зарчим нь манай өдөр тутмын сониныхонтой ерөнхийдөө ойролцоо гэнэ. Биднийг очих үеэр амралтын өдөр байсан тул редакцад бараг хүн байсангүй.
Нээрээ, Хятадын сэтгүүлчдийн ширээн дээр хэт олон ном, бичиг цаас гэхээсээ илүү амьд цэцэг, янз бүрийн зөөлөн чихмэл тоглоом, элдэв сувинер том жижгээрээ ярайтал өрөөстэй байх юм билээ. Эрэгтэйчүүдийнх нь ширээн дээр хүртэл шүү. Бодвол ажлаа эрч хүчтэй, сэтгэлийн ая тух эдэлсэн шигээ хийх орчныг өөрсдөдөө бүрдүүлж байгаа хэрэг юм болов уу гэж би хувьдаа таасан.
60-аад жилийн бадрангуй түүхтэй “Ямааны хотын оройны сонин”-ы хувьд сүүлийн жилүүдэд нэг бэрхшээл тулгарах болсон нь шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шахагдаж, сурталчилгааны хамтрагч байгууллагууд болоод уншигчдаа алдах эрсдэл. Гэвч тус сонины группийн хамт олон шинэ арга зам олжээ.
Дэвшилт технологийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамгийн ашигтай байгаа салбаруудад (тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлт) хөрөнгө оруулж, сониныхоо зардлыг нөхөх, цаашлаад орчин үеийн цоо шинэ дүр төрхтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр брэнд бий болгохоор зорьж буйгаа эрхлэгч залуу нь хуучилна лээ.
ӨНДӨР ТЕХНОЛОГИЙГ ХАА САЙГҮЙ ТҮГЭЭЖ БАЙНА
Хүний олон, хөдөлмөрийн уйгагүй, хүчирхэг, туйлбартай бодлогынхоо ачаар дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй их гүрэн юу хийгээд, яах гээд байгаагаа бусад улс оронд харуулж сурталчлуулахын тулд бүх талаар хөрөнгө хүч хаяж байна. Азийн шоу бизнес, кино урлагийн зах зээлд манлайлж буй Солонгосоос хүртэл уран бүтээлчдийн хэд хэдэн багийг нь урьж авчраад, үндэсний цөөнхийнхөө уугуул соёл, үүх түүх, зан заншлыг сурталчлуулахаар болсноо манай сэтгүүлчдэд “гайхуулж” байна. Чадаж байгаа юманд арга алга гэхээс өөр юу гэх билээ.
Мөнхийн хөршийнхөө сэтгүүлчдийг урьж аваачсан юм чинь хамгийн мундаг, сайн болгоноосоо үзүүлэхийг хичээгээ байлгүй. Биднийг аваачсан газар болгон л бүх Хятадын хэмжээнд салбар салбартаа тэргүүлэгч гэдгээ онцолж, ашиг орлого, хөрөнгө оруулалт, борлуулалтынхаа тухай ярих нь хэдэн арван тэрбум юаниар хэмжигдэх.
Саяхныг хүртэл үйлдвэрлэгч байсан хятадууд өдгөө өндөр технологиор салбар болгонд цойлж байгаагийн нэг жишээ нь 3D хэвлэх аж үйлдвэрийн парк аж. Төмөр, хуванцар, мод, пластик материалаар юу л бол юуг бодит юм шиг хэвлэдэг энэ паркийг 2014 оны есдүгээр сард байгуулснаар өмнөд Хятадад 3D хэвлэх аж үйлдвэрлэл төвлөрсөн бүс болгон хөгжүүлэх төрийн бодлого нь биеллээ олжээ.
Хүний дүр төрхийг ихэр юм шиг хэвлээд гаргахаас гадна тархийг хүртэл энд “үйлдвэрлэж” эхэлсэн нь анагаах ухааны салбарт дэвшил болсон гэлцэнэ. Албан байгууллагын логоноос эхлээд бэлэг дурсгал, эрхэм хайртай хүмүүсийнхээ, хүсвэл өөрийнхөө хөргийг бүтээлгэх гэх мэтчилэн захиалга ер тасардаггүй учраас ашиг орлого нь бас л талийж өгсөн гэнэ лээ.
Өндөр технологийн гайхамшгийг мэдрүүлэх бас нэг газар бол Гуанжөүгийн “Жюди дижитал” хэмээх шинжлэх ухаан, технологийн компани. Тэнд Virtual reality хөдөлгүүрийн техник технологийг судлан хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр тун амжилттай ажиллаж буй тус компани одоогоор дэлхийн 50 оронд 3000 гаруй нэрийн дэлгүүртэй болоод байгаа аж. Унадаг дугуй, машин, автомат тоглоомоос эхлээд VR төхөөрөмжийг нэвтрүүлсэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг юм билээ.
ХЯТАДУУД ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД Ч ХҮЧ ТҮРЭХ ВИЙ
Гуанжөү хүн амттай хоолонд дуртай, биеэ ихэд торддог, эд баялгийн хойноос хөөцөлддөгөөрөө Хятад оронд алдартай гэдэг юм билээ. Хэр үндэслэлтэйг нь мэдэхгүй юм. Тэрбум гаруй хүнтэй их гүрний худалдаа, эдийн засгийн том хот гэсэндээ гудамжинд нь явж байгаа охид бүсгүйчүүдийг харахад нуруулаг, дажгүй царайлаг, бас ганган загварлаг, тэрүүхэндээ их зантай байрын санагдсан. Бас тэнд европжуу төрхтэй охид, залуустай бишгүй тааралдсан шүү.
Харин залуусын хувцас загварын тухайд бол өнөөх л солонгос стиль Гуанжөүд ч ноёлж байна лээ. Хятадын брэндийн дэлгүүрээр зориуд орж, хэрэгт дурлаж явахад хүртэл Солонгосын хувцас загварын чиг хандлагыг ямар нэг хэмжээгээр заавал шигтгэж өгсөн байх аж. Материал нь чанартай, загвар ч сайтай гэж. Тэр хэрээрээ үнэ бол бас л тэнгэрт хадаж өгсөн юм билээ.
Гэвч Гуанжөүгийн томоохон дэлгүүрүүдийн хувцас солих өрөө болоод кассан дээр тооцоогоо хийх гэж гурав, дөрөв мушгирсан, могой шиг урт дараалал үүссэн байхыг хараад “Хятадын чинээлэг дундаж давхаргын тоо огцом өсөж буй. Дэлхийн улсууд хятад жуулчдыг татахын тулд янз бүрийн бодлого боловсруулж байна” гэдэг үгийг гүйцэд ойлгох шиг болов.
Солонгост очиж гоо сайхны хагалгаа хийлгэдэг орны иргэдийг хятадууд хол тасархай тэргүүлдэг гэж тэнд олон жил амьдарч буй найзын маань хэлсэн үг тэр үед санаанд эрхгүй оров.
Энд цахим худалдааны зах зээл эрчимтэй өргөжин тэлж буй аж. Бидний очсон iflashbuy.com гээд цахим худалдааны компани гэхэд л өдөрт 50 тэрбум юанийн борлуулалт хийдэг юм билээ. 2013 онд байгуулагдсан тус компани дэргэдээ эдийн засгийн сургуультай, дөрвөн сая оюутныг ажлын байраар хангадаг томоохон ажил олгогч учраас ажлын байрыг нэмэгдүүлэхэд Засгийн газартаа ихээхэн дэмжлэг үзүүлдгээрээ бахархан ярьж байна.
Хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүнийг захиалж авчруулж үзээд хэрэв өөрт нь таалагдахгүй бол буцаагаад явуулж болдог нь цахим худалдааны энэ компанийн амжилтын нууц гэж ойлгосон.
Дашрамд дурдахад, өнөөгийн хятадуудын цахим сүлжээний хамгийн том бүтээгдэхүүн болох wechat-ыг 2010 оны арваннэгдүгээр сарын 20-нд Гуанжөүд анх Жан Шяолүн гэдэг хүн хэсэг нөхдийгөө удирдан бүтээж байжээ. Жилийн дараа гэхэд тэд хэрэглэгчдийн тоогоор Хятадад тэргүүлж эхэлсэн аж.