Улам үнэгүйдсээр буй төгрөгийн эсрэг америк мөнгөн тэмдэгтийн ханш өдрөөр биш, цагаар чангарч байна. Өчигдөр 13 цагийн үед “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан авч, 2460 төгрөгөөр борлуулж байв. 2460 төгрөг нь уржигдар оройныхоос даруй 20 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ийнхүү цагт нэг төгрөгөөр чангарсаар буй ам.долларын өсөлтийн хурдыг хэн хязгаарлах вэ.
Тус захын нэгэн ченжийн ярьснаар ам.долларын ханш өдөрт 10 гаруй төгрөгөөр өсөж байснаа өглөө гэхэд өчигдрийнхөөс (уржигдрынхаас) 20 төгрөгөөр дээшилсэн гэнэ. Тэгвэл 17 цагийн үед тус захад ченжүүд ам.долларыг 2465 төгрөгөөр авч, 2480 төгрөгөөр борлуулж байсан юм. “Иргэд ханш огцом нэмэгдэж байгаад бухимдаж байна. Маргааш гэхэд ам.долларын ханш 2500 хүрэх нь” гэж нэгэн ченж таамаглав. Энэ янзаараа үргэлжилбэл Монгол Улс америк мөнгөн тэмдэгтийн ханшийг хяналтаасаа алдаж мэдэх нь.
Худалдаа хөгжлийн банк, ХААН банкны зарим салбарт ч юань, ам.доллар зарахгүй байлаа. Бусад банк ч адил бололтой. Ер нь ам.доллароос гадна юань, еврогийн ханш ч ойрын өдрүүдэд чангарсаар байна. Өчигдөр “Найман шарга” захад нэг юанийг 367 төгрөгөөр зарж байлаа. Энэ нь өнгөрсөн ням гаригийнхаас гэхэд долоон төгрөгөөр нэмэгдсэн дүн. Харин үдээс өмнө нэг еврог 2700 төгрөгөөр авч, 2730 төгрөгөөр зарж байсан бол 16 цагийн үед олдохоо больжээ. Уг валютыг эрж хайж буй олон хүнтэй тааралдав.
Төгрөгийн ханш түүхэн доод түвшиндээ хүрч, Монгол Улсын төсвийн алдагдал нэмэгдэж буйг “Bloomberg”-т тэмдэглэжээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “ОУВС-тай хийж буй хэлэлцээр амжилттай болж, ирэх оны хоёрдугаар сард зээл тусламж авна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн өгүүлсэн байна. Тэр болтол ам.долларын ханш чангарахаа “азнахгүй” нь мэдээж. Монголбанкнаас гадаад валютын нөөцийн хэмжээг хамгийн сүүлд буюу өнгөрсөн есдүгээр сарын байдлаар танилцуулсан нь нэг тэрбум ам.доллар байгаа юм.
Аравдугаар сарын дүнг танилцуулах хараахан болоогүй байгаа аж. Уржигдар арилжааны банкууд юань, ам.доллар худалдаж авах санал ирүүлэхэд Монголбанк биелүүлээгүй. Өнөөдөр интервенц хийх, эсэхийг олон хүн сонирхож байна. Өнгөрсөн есдүгээр сарын эцэст гадаад валютын албан нөөц 2009 оноос хойших доод хэмжээндээ хүрсэн гэж гадаадын хэвлэлүүд мэдээлээд буй. Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш өнгөрсөн баасан гаригт анх удаа 2400 төгрөг давсан бол өчигдөр дээрх тоо 2428.08-д хүрчээ.
Тус банкнаас “ногоон”-ы ханшийн өсөлтийг улирлын шинж чанартай гэж буй ч нэг сар гаруйн хугацаанд тасралтгүй, өдөрт 10-40 төгрөгөөр чангарч буй нь анхаарал татаж байна. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж, танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болгов.
Тухайлбал, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох, арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох, эсэхийг судлах, валютын хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, төгрөгийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судлахыг даалгажээ. Ямартай ч “номхрохгүй” байгаа “ногоон”-ы ханшийг аргамжихад анхаарч эхлэв. Харин хэн, яаж, хэрхэн хийхийг хүлээх л болох нь.