1961 оны өвөл 7 настай Ховард хүү Нью Йоркын Брүүклин дэх гэрийнхээ гадаа найзуудтайгаа цасаар байлдаж байв. Түүний ээж нь цонхоороо “Ховард гэртээ ороод ир, аав нь осолд орчихлоо” гэж хэлжээ. Энэ зүйл л Ховардын амьдарлыг өөрчлөхөд хүргэсэн юм.
Тэр аавыгаа хөлөө бүтэн гипстүүлчихсэн том өрөөнийхөө буйдан дээр сууж байхыг харсан юм. Ховардын аав хүргэлтийн жолооч хийдэг ажлынхаа үеээр мөсөн дээр хальтирч унаад шагайгаа хугалчихжээ. Үүнээсээ болоод ажлаасаа ч хүртэл халагдаж, гэр бүлээ ч тэжээх чадваргүй боллоо. Шулцын ээж долоон сартай жирэмсэн учраас мөн ажил хийж чадахгүй болсон байв. Түүний гэр бүл болоод аав нь хаашаа ч хандах хүнгүй. Маш олон орой тэр аав ээжийгээ хоолны ширээний ард хаанаас хэрхэн мөнгө зээлэхээ ярьж суудаг байсныг нь сонсдог байв. Түүний ээж утас дугараад авахаар хэрвээ өр барагдуулагчид байх юм бол аав ээж байхгүй байна гэж хэлээрэй гэж хэлдэг байсан юм.
Шулц өөртөө би өөрөөр амьдрах болноо гэж тангараглажээ. Тэр ажилчиддаа санаа тавьдаг, эрүүл мэндийн халамж үзүүлдэг, аав нь ч хүртэл бахархалтайгаар ажиллах, тийм л компанийг байгуулахыг мөрөөдөх болов. Гэхдээ тэрээр дэлхийд 21000 салбартай, нийт 191000 ажилчидтай компани байгуулна гэж төсөөлж байгаагүй. Бага насанд гэр бүлд нь тохиосон энэ явдал түүнийг дэлхийд тэргүүлэх кофехаус болох Старбаксыг байгуулахад их нөлөө үзүүлжээ.
Шулц хэлэхдээ “Би аавыгаа амьдралынхаа туршид 30 гаруй төрлийн хүнд хар бор ажилд нухлуулж байсныг хараад боловсролгүй хүнд боломж олддоггүй, хичээх хэрэгтэй юм байна гэсэн хүсэл тэмүүлэл бий болсон”. Түүний аавд тохиолдсон явдал түүнд ажилчдынхаа, цагийн ажилтан байсан ч хамаагүй, эрүүл мэндийг даатгуулах ёстой хэмээх бодлыг төрүүлжээ.
“Энэ явдал Старбаксын нэг төрлийн үнэт зүйл ба соёл болсон. Би аавынхаа хэзээ ч ажиллаж байгаагүй, арьс өнгө, гарал үүсэл, боловсролын түвшингөөс үл хамааран ажилчдаа үнэлж хүндэлдэг тийм л компани байгуулахыг хүссэн. Ажилчиддаа эрүүл мэндийн халамж үзүүлэх нь Старбаксын хувьд томоохон өөрчлөлт бөгөөд тэдэнд итгэмээргүй их итгэл найдвар хүлээлгэсэн явдал юм. Бид хувь нийлүүлэх үнэт зүйлс нь бидний ажилчиддаа ханддаг соёлын үнэт зүйлстэй нийцсэн компани байгуулахыг зорьсон.”
Зарим ядуу дорой гарал үүсэлтэй хүмүүстэй адилгүй, тэрээр эсрэгээр гарал үүслээрээ бахархдаг. Түүний амьдралд тохиолдсон явдал тэрнийг сүүлийн 25 жилийн турш бизнесийн агуу амжилтанд хүрэхэд мотиваци өгч ирсэн. Гэхдээ хэдийгээр энэ явдал түүнд хүчтэй нөлөөлж өөд нь зоригжуулж байсан ч бусдын адил тэрээр өнгөрсөн амьдраалаасаа үүдэлтэй айдас түгшүүрт автдаг байв.
Брүүклин бол Шулцын яс маханд шингэсэн газар. Тэрээр нэг удаа орон сууцны төслийн ажлаар охиноо өсч торнисон газруудаараа дагуулж явжээ. Охин нь орчны хор нөлөөг олж судлаад их л гайхсан төрхөөр “би таныг яаж энгийн байдгийг ерөөсөө ойлгохгүй юм ” гэж хэлсэн гэдэг. Брүүклинд өссөнөөрөө тэрээр хэнтэй ч хамаагүй харьцаж сурсан гэдэг. Тэр үл ялиг Брүүклин аялгаар ярьж, Итали хоолыг амтархан идэж, ая тухыг нь бодож жийнс өмсдөг бөгөөд хэнийг ч ялгалгүй хүндэтгэж харьцдаг нэгэн. Тэрээр хаанаас гаралтайгаа хэзээ ч мартдаггүй бөгөөд эд баялагтай болсон ч эвдрээгүй нэгэн. “Миний орчин тойронд өрөө төлөхийн тулд борви бохисхийлгүй, амрах ч завгүй ажилладаг хүмүүс байсан. Би ийм зүйлийг хэзээ ч мартаж байгаагүй” гэжээ.
“Намайг бүүр бага байхад ээж минь намайг Америкт том зүйлийг хийнэ гэдэг байсан. Бүүр тарни мэт хэлж зоригжуулж байсныг би санадаг.” Харин түүний аавын хувьд эсрэгээр, их өөр хүн байжээ. Ачааны машин болоод таксины жолооч, үйлдвэрийн ажилчны хувьд тэр хэзээ ч 20000 доллараас илүүг жилд олж байгаагүй юм. Шулц аавыгаа маш олон удаа ямар ч боломж, хүндэтгэл байхгүйгээс болоод шантарч гомдоллож байхыг харж байсан.
Өсвөр насандаа Шулц аавынхаа бүтэлгүйтлээс болж доромжлол амсдаг байсан бөгөөд үүнээс болж аавтайгаа хэд хэдэн удаа шөргөөцөлддөг байжээ. “Хариуцлагагүй, хүчээ бүрэн дайчлахгүй байгаа байдлаас болоод надад хэцүү санагддаг байсан. Хичээвэл илүү их зүйлд хүрэх боломжтой байсан гэж би аавыгаа боддог байсан.” Шулц ийм хувь заяанаас зугтахаар эрс шийдсэн. “Бүтэлгүйтэхээс айх айдас намайг үргэлж дагадаг байсан. Өөрөө өөртөө бууж өгөх ямар байдгийг би сайн мэддэг байсан.”
Ийм сул дорой байдлыг харж өссөн Шулц амжилтанд хүрэх том шийдвэх гаргажээ. Спорт бол түүний хувьд анхны сэтгэлийн дуудлага байсан. Учир нь “талбай дээр намайг хэн ч ядуу гэж ялгадаггүй байсан”. Ахлах сургуулийнхаа хөл бөмбөгийн гол довтлогч байсан учраас тэр Хойд Мичиганы их сургуульд сурах тэтгэлэг авч, гэр бүлийхнийхээ хувьд боловсролын зэрэг авсан анхны хүн болсон юм. Түүний хурц дайчин өрсөлдөөнч чанар түүнийг хөл бөмбөгөөс бизнес рүү хөтлөхөд тус болсон юм.
Ксероксд худалдагчаар ажиллаж байхдаа Шулц хүнд сурталтай нийгмийг мэдэрч эхэлсэн юм. Бусад нь Ксероксд ажиллаж өсч дэвжиж байхад Шулц өөрийнхөөрөө явдаг байв. Тэрээр “би зөвхөн өөрийнхөөрөө байж болох газрыг л хайдаг байсан” гэж хэлжээ.
Би ингэхээс өөр аргагүй байсан. Уламжлалт бус, хүн бүрийн явдаггүй замаар явах зориг зүрх хүнд байх ёстой. Өөрийн дуу хоолойг олох болотж олгосон тэр л чиг үнэн замыг олох хүртлээ хүн хэзээ ч амьдралын үнэ цэнийг хэмжиж, ойлгодоггүй. Миний туулж өнгөрүүлсэн бүхэн намайг ХҮН бас УДИРДАГЧ болгосон.
Шулц Старбаксыг Сиатл дахь Паикын зах дээр борлуулалтын дуудлагад байхад нь анх олжээ. “Би яг л шинэ тив нээсэн юм шиг л мэдрэмжийг мэдэрч байсан юм” гэж хэлжээ. Тэрээр компанид ажилд орж, худалдаа ба маркентингийн захирал болсон юм. Худалдан авах ажлаар Итали руу аялах үедээ тэр Миланы эспрэссо баарууд үйлчлүүлэгчдийнхээ өдөр тутмын амьдралд өвөрмөц нийгэмлэг үүсгээд байгааг анзаарсан юм. Тэр Америкт кофе зарахын хажуугаар кофены завсарлага зохион байгуулж ийм нийгэмлэг үүсгэж болох талаар мөрөөдөх болов.
Тэрээр үүсгэн байгуулагчдаас нь Старбаксыг худалдаж авч болох тухайгаа мэдэнгүүтээ хувь хөрөнгө оруулагчдаас санхүүгийн дэмжлэг хүсчээ. Мөн худалдан авах ажил бараг дуусах үеэр нэгэн том сорилттой тулгарсан нь нэгэн томоохон хөрөнгө оруулагч компанийг нь өөрөө худалдаж авах санал тавьсан явдал юм. “Би бүх хөрөнгө оруулагчид түүний талд орох вий гэхээс хамгийн ихээр айсан” гэж хэлжээ. “Тэгээд Микрософтыг үндэслэгч Билл Гэйтсийн ааваас тусламж хүсч миний талд байхыг гуйсан. Түүний нэр нөлөө надад их хэрэгтэй байсан юм.”
Тэр өнөөх хөрөнгө оруулагчтай халуухан уулзалт хийсэн бөгөөд түүний хэлснээр, “хэрвээ чи надтай тохиролцохгүй юм бол энэ хотод дахин хэзээ ч мөнгө олж болохуйц ажил хийж чадахгүйгээс гадна, зүгээр л нэг нохойн хоол болно” гэсэн гэдэг. Уулзалтаас гарахдаа Шулцын нүд нулимсаар бүрхэгдлээ. Хоёр орчим долоо хоногийн турш улангасан сууж тэр алтернатив төлөвлөгөө боловсруулсан нь санхүүжилтэнд хэрэг болох 3,8 сая долларыг батлуулж чадсанаар өнөөх хөрөнгө оруулагчаас хамааралгүй болжээ.
Хэрэв би тэр хөрөнгө оруулагчийн тавьсан болзлыг хүлээн зөвшөөрсөн бол тэр миний мөрөөдлийг үгүй хийх байсан. Тэр намайг нүд ирмэхийн зуур халж, Старбаксын уур аьсгал, үнэт зүйлд дарамт учруулах байсан бизээ. Хүсэл тэмүүлэл, ажиллах урам зориг, үнэнч зан байдал бүгд устах байсан.
Аавыгаа нас барахад Шулц амьдралынхаа хамгийн хүнд хэцүү өдрүүдтэй тулгарсан юм. Шулц аавтайгаа зөрчилддөг байсан тухайгаа найзтайгаа хуваалцахад найз нь түүнд “Хэрэв аав чинь амжилттай явсан бол, чи хэзээ ч одоо байгаа нөхцөл байдалдаа хүрэхгүй байсан” гэж хэлжээ. Аавынхаа зургийг жаазалж, гэр бүлдээ үнэнч шудрага хүн байсныг нь эргэн дурсав. Түүний алдаа бүтэлгүйтлийг олж харахын оронд түүнийг тухайн үеийн нийгмийн тогтолцооны золиос болж байсныг тэрээр ухаарав. “Түүнийг нас барсны дараа л би түүнд шударга бус хандаж байснаа ухаарсан юм. Аавд минь сэтгэл ханамжтай, утга учиртай ажил хийх боломж хэзээ ч олдож байгаагүй юм байна.”
Шулцын зорилго аавынхаа бахархалтайгаар ажиллах хэмжээний компани байгуулахад чиглэгдэв. Цалингийн доод хэмжээнээс дээш цалин олгох, бодитой ашиг тустай санал тавих, бүх ажилчиддаа хувьцааны опцион олгох гэх мэт аавынхаа ажиллаж байх хугацаандаа эдэлж байгаагүй боломжуудыг санал болгож компаний үнэт зүйлстэй таарахуйц үнэт зүйлстэй ажилчдыг татаж байв. Үүний үр дүнд Старбаксын ажилчдын халаа сэлгээ бусад байгууллагаас 2 дахин бага байдаг.
Шулцын агуу авьяасын нэг бол ямар ч хүмүүстэй харьцах чадвар юм.. Тэр өөрийн түүх болоод Старбаксын түүхийг онцгой тохиолдлуудад ярьж долоо хоног тутамд Старбаксын 20 гаруй салбар дэлгүүрүүдээр зочилдог. Тэр өглөө бүр 5:30-д босч дэлхийн өнцөг булан бүрт байгаа Старбаксын салбарууд руугаа ярьдаг. Шулц хэлэхдээ “Старбакс надад зураг зурах зотон даавууг минь өгсөн юм” гэжээ.
Старбакс бол хүн суурьтай бизнес юм. Бидний энд хийж буй зүйл бүгд хүмүүнлэг зүйлс юм. Компаний үнэт зүйл ба соёл бол манай нэрийн хуудас бөгөөд өрсөлдөх ялгаа. Бид дэлхий даяар үйлчлүүлэгчдээ татаж байгаа, учир нь тэд жинхэнэ хүмүүний харилцааны”өлсгөлөнд” нэрвэгдээд байгаа. Та Хятад, Япон, Испани, Грек, хэн ч бай, кофе бол тэр харилцааг үүсгэх хурдасгуур юм. Би ар гэрийн гачигдлаас болж энэ бизнест орсон ч бай, эсвэл надад энэ амьдралаа сайжруулах боломж болсон ч бай, миний хувьд амьдралын минь бүтэн тойрог болж чадсан.
2000 онд Шулц гүйцэтгэх захирлын албан үүргийг Жим Доналдад шилжүүлж өөрөө удирдах зөвлөлийн гишүүнээр үлдсэн юм. 2007 онд тэрээр Доналд болон удирдах зөвлөлд хандаж Старбаксын борлуулалт буурсанд санаа зовнин бичсэн имайл нь хэвлэл нийтлэлээр цацагдав. Энэ нь Старбаксын ажилчид болоод үйлчлүүлэгчдийн хувьд нэгэн тэсрэх бөмбөг болсон юм. 2008 оны нэг сард тэрээр эргэн СЕО болжээ. Түүний суудалдаа суусны дараах эхний алхам бол Америк дах Старбаксын бүх салбаруудыг хагас өдөр хааж ажилчиддаа Старбаксын хуучин соёлыг сэргээх талаар сургалт явуулав. Түүнээс хойших Старбаксын борлуулалтын гайхамшигтай үр дүн Шулцын хичнээн гайхалтай удирдагч болохыг харуулсан үр дүн байв.
Ховард Шулц бол амьдралаасаа зоригжиж амжилтанд хүрсэн цөөхөн удирдагчдын нэг юм. Ихэнх удирдагчдын адил бүхий л сайн болоод муу бодлууд түүний тархинд “тулалдаг”. Би үүнийг бүх хамгийн амжилттай удирдагчдад ч нөлөөлж чаддаг “өөртэйгээ зөрчилдөх үзэгдэл” гэж нэрлэдэг. Шулцын эерэг бодлууд нь түүнийг мөрөөдөлд нь төвлөрүүлж байлгадаг. Гэхдээ түүнд аавынх нь амьдралын хэв маягаас үүдсэн бүтэлгүйтлээс айх гүн айдас бий. Тэр сөрөг бодлуудаас болж хойш ухралгүй, эерэг бодолтойгоо холбож Старбаксыг амжилтанд хөтөлж явна.
Орчуулсан: Гомбын Пүрэвдорж