2012 он
Хэзээнээс гэдгийг нь санадаггүй юм. Ямар ч байсан 20 гаруй жил өглөө араажавын дуунаар сэрж, үдэш Төрийн дууллаар үдүүлэн нойрсож байна. Хөдөө манайх араажавтай, хотод оюутан болоод ирэхэд настай ахын маань байрны хананд шугамын радио зогсоо чөлөөгүй “ярьдаг” байв. Сүүлд хадамд гарахад мөн л 80 шахсан эмээд маань хань болдог өнөөх араажав намайг гэр бүлийнхээ нэг гишүүнээр угтан авсан юм. “Бүх зүйлийн үнэ өдөр хоногоор өсөөд байхад хөөрхий араажав минь л надаас сард 300 төгрөг авдаг хэвээрээ. Тэгсэн хэрнээ ямар их мэдээлэл өгдөг гэж бодно” хэмээн эмээ түүнийгээ өмөөрөх.
Тэртээ 1934 оноос хойш Монголын ард түмний нүд, чих болсоор ирсэн араажав өдгөө асар хурдтай мэдээллийн энэ эрин зуунд байр сууриа олон “дүү” нартайгаа хуваалцах болсон. Тэглээ гээд их говийн хүрэн улаан тэмээдийн ширэлдсэн зогдорт уяатай байсан араажав өмнөх зуунд үүргээ амжилттай гүйцэтгэснийг мэдэх хөгшчүүл түүнээс уйдна гэж ер үгүй. Манайд байдаг араажавыг гэхэд л 1979 онд Сэлэнгэ аймгаас худалдаж авсан гэж аав ярьдаг. Нэг удаа ахын маань хүүхэд ямагт хоймор залардаг өнөөх араажавыг унаган, дээрээс нь гишгэж тоглосоор “амыг нь барьчихсан” юм. Аав ихэд сандран аймгийн төв рүү өөрөө авч яван засуулаад, санаа нь амарсан билээ.
Зургаан цагт радиогийн нэвтрүүлэг эхлэнгүүт ээж түүнийг асаана. Манай араажавын цангинах дуунаар хот айлын маань эхнэрүүд сэрдэг байсан байх. Хөдөөний ажил барагдах биш. Гэхдээ л тэр болгоны хажуугаар араажаваа асаахаа манай гэрийнхний хэн нь ч мартаж байгаагүй билээ. Аав минь хэчнээн их ажилтай байсан ч араажаваар өдрийн гурван цагт зарладаг цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг яс сонсдог. Бас орой бүр аавыг “Москва явах болчихлоо” гэсээр “VEF-202”-ынхоо жижиг чихийг мушгихад “Москвагаас ярьж байна” гэж эхэлдэг нэвтрүүлгийн хүнгэнэсэн аялгуу эгшиглэх нь биднийг өдрийн ажлынхаа ард гарсныг бахархалтайгаар зарлах шиг санагддаг байж билээ. Тийм нэг орой биднийг хоолоо идэх гээд сууж байтал “МИ-8” нисдэг тэрэгний ослын талаар араажаваар мэдээлсэн юм. Цочирдом энэ ослын талаар бид хот айлынхандаа анх мэдээлж, бүгд эмгэнэн гашуудаж байхад надад Японы сэтгүүлч эмэгтэй ажлаа хийж яваад хүний нутагт үрэгдсэн нь бүр илүү харамсалтай санагдаж билээ. Тэр үеэс л магадгүй сэтгүүлч мэргэжил сонирхлыг минь ихээр татсан болов уу.
Жавар тачигнасан дүн өвлийн үдэш малаа хотлуулчихаад, ээж, аав хоёр минь зүүн, баруун талын орон дээрээ хажуулангаа дүнгэр дүнгэр ярилцах. Хөдөө буйд газрын, ясли, цэцэрлэг энэ тэр гэж мэддэггүй багачуудад араажав “Үлгэрийн цаг”-аараа ухаарал хайрладаг байсан тул тэр үед миний хамаг анхаарал хоймрын авдар дээрх эгшигт хайрцаг руу төвлөрчихнө. Хар модны илчинд улайстал халсан зуухны амаар цацрах гэрэл, лааны гэрэлтэй сүлэлдэн гэр доторхыг чамгүй гэрэлтүүлдэг байсан тул халуун бүлээрээ тийм жаргалтай байсан тэднийхээ царайг мартахын аргагүй. Аав, ээж, бид гурвын элэг бүтэн, жаргалтай амьдралын хором бүрт араажав хамт байсан билээ.
Саяхныг болтол Цагаан сар, Улсын баяр наадмаар манайх гэдэг айл олны хөлд дарагддаг байлаа. Айлуудын гадна тавган антен үзэгддэггүй байсан тэр үед араажаваар үндэсний бөхийн барилдаан “үзэх” гэсэн хүмүүс манайхыг зорино. Ээж минь тэр олон хүнд тээршаалгүй цай, унд хийн үйлчилсээр байдаг сан. Харин аав, бид хоёр тэр өдөр эртхэн ажлаа амжуулаад, уухай хадаасан эрчүүдтэй хамт бөх “үзэхээр” хэрэндээ л яарах. Б.Бат-Эрдэнэ аваргыг 12 дахь түрүүгээ авдаг жилийн наадмаар би аавыгаа болоод гэрт цугласан эрчүүдийг дийлж, үхрийн хашаа руугаа араажаваа авч явсан юм даг. Шөвгийн дөрвөн бөхийг өөрийн чихээр сонсох гэж л тэр шүү дээ. Сүүний хашаан дотор араажаваа тавьчихаад, дуу чимээнээс үргэн дайжих үнээнүүдээ тэр зүг рүү ойртуулах гэж хөглөж байсан тэр үед би бөхөд үнэн хорхойтой болсон байсан юм.
Наадмын өглөө, битүүний орой араажаваар уртын дуу сонсонгоо гэрийн ажлаа хийх хэчнээн урамтай, хэзээ хэзээнээс илүү жаргалтай байсныг яахин мартах билээ. Одоо ч наадмын өглөө, битүүний орой өнөөх гайхамшигтай дуунуудыг сонсох тоолонд сэтгэлийн минь гүн дэх шарх сэдэрсээр байдаг. Аав минь битүүнд адуугаа хураан, Шинийн нэгний өглөө унах морио барьж, дэлийг нь засдаг уламжлалтай. Ийнхүү цан хүүрэг савсуулсаар уяан дээрээс дөхөх аавын өөдөөс ээж минь “Шинэ жилийн босгон дээр гэрийн эзнийхээ хийморийг сэргээе” хэмээн үзүүрсгэн дээл, үнэгэн малгайг нь салхинд гаргахаар очдог сон. Тэртээ холоос ч сонсогдохоор уртын дуугаа цангинуулсан араажав маань харин аавыг “Одоо бөхөө үз дээ” гэсэн шиг улам ч чангаар ярьж эхэлдэг сэн. Аав, бид хоёр тухайн жилийн Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх тухай цэц булаалдана. Ээж болохоор ганц нэг мэддэг бөхийнхөө нэрийг хэлж, яриан дундуур орох гэнэ. Тэр үед бид ээжийг шоолдог байсан ч үнэн хэрэгтээ сүүлд өөрсдөө телевизээр бөхийн барилдаан үзсэн чинь өнөөх таньдаг хүмүүсийнхээ дүрийг оноож мэдэхгүй хөглөж билээ. Битүүний өдрийн хамгийн сайхан нь айл хэсэж бэлэг авахаас илүүтэй энэ л нандин дурсамж гэдгийг эрт ухаарсан минь яагаад ч юм дэндүү богинохон болохыг нь зөгнөсөн ч юм шиг.
Намайг хот руу сургуульд явснаас хойш манай хоёрт араажав нь их л хань болж байсан гэдэг. Явуулын наймаа ирэх тоолонд бид гурав хамгийн түрүүнд зургаан зайгаар ажилладаг араажавынхаа “хоол”-ыг зэхдэг байсан. Явуулын наймаа ирэхгүй удвал аав түрүүчийн хэрэглэсэн зайгаа хазаж, газарт булж, халаах зэргээр янз бүрийн арга сүвэгчилнэ. Тиймээс манай радио нэг ч өдөр дуугүй байж үзээгүй билээ. Би оюутан болсон эхний жилүүддээ “Нарантуул” гарахаараа зургаан том зай заавал аваад, түүнийгээ хүнээр дайлган нэг их том бэлэг аятай тэдэн рүүгээ явуулдаг байж билээ. Харин хоёр жилийн өмнө ээжийг минь өөд болсноос хойш аав араажаваа асаахаа больсныг бэр эгчээсээ сонсоод, сэтгэл эмтрээд уначих шиг л болсон. Өнгөрсөн зун очоод “Аав аа, манай араажав хаана байгаа вэ” гэхэд “Өө тэр байхгүй” гэсэн. Хаа хамаагүй хаячихгүй, өөрт нь эрхэм эд гэдгийг гадарлах хэдий ч дахин өөр зүйл асуух зүрх хүрээгүй юм. Аглаг зэлүүд нутагтаа ээжтэй минь хамт ямар л сайхан он жилүүдийг элээсэн билээ. Дахин хэзээ ч ирэхгүй тэдгээр дурсамжийнх нь салшгүй хэсэг “тэр” учраас дахин сонсох байтугай гаргаж ирэхээс хэцүү санагдах нь мэдээж шүү дээ.
Аав минь орой бүр над руу залгаж, миний болоод гэр бүлийнхний маань амар мэндийг эрэн, хуучлах гэнэ. Заримдаа өдөрт хоёр удаа залгахаар нь “Ийм ойрхон залгаад байхаар яаж сонин сайхан байх вэ дээ, аав минь” гээд ажилдаа түүртэн уцаарлах нь холгүй юм болдог, муу охин би. Жаргал, зовлонгоо хуваалцах дэргэдийн ханьгүй эр хүн дотроосоо битүүхэн нурж явааг төсөөлөхөд үнэхээр бэрх. Гэлээ ч аавдаа араажавынх нь дайтай хань болж чадахгүй яваагаа “Хүний охин үр гэдэг ийм л хувь заяатай байх нь” хэмээн өөрийгөө хуурч амьдрах бас л бэрх.