Далрайн ДАВААСАМБУУ
Ахмад дипломатч, санхүүч
Дэлхийн эдийн засаг, санхүүгийн нөлөө бүхий “Financial times” сонины энэ оны есдүгээр сарын 13-ны дугаарт сэтгүүлч Льюси Хорнбай доорх өгүүллийг бичиж нийтэлжээ. Уг нийтлэл нь бидэнд дохио санамж болсон байх тул уншигч танд толилуулж байна.
Улаанбаатарын махны бөөний худалдааны хамгийн том захад лангуу эзэмшигч Гантүлхүүр Монголд нүүрлээд буй өрийн сүлжээнд холбогдогч нэгэн болой. Түүнд өрийн дансны багашаархан дэвтэр бий. Кириллээр нямбайлж жагсаасан нэрсийн цуваа улам сунасаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, зээлээр мах авагсдын нэрсээр түүний данс дүүрч буй хэрэг.
Махны жижиглэнгийн наймаачид монголчуудын хүнсний гол хэрэглээ болох хонины махыг бүр жижиглэн хуваах, дотор эрхтэнийг түлхүү борлуулах аргад шилжсэн байна. Учир нь тэдний үйлчлүүлэгчид амь зуулгаа арай ядан залгуулахыг хичээж яваа иргэд. Тэрбээр “Би урьд нь бүх махаа өдөрт нь борлуулж амждаг байсан. Харин одоо чадахаа болилоо. Хүмүүсийн худалдан авах чадвар буурсан” гэв.
Таваарын бүтээгдэхүүний үнэ “оргилд гарах” үед Монгол Улс шинэ тулгар орнуудын дотор хамгийн эрэлт өндөртэй нь байв. Гадаадын уурхайчид Монголын тал хээр, цөл дэх эрдэс түүхий эдийг ашиглахаар олноороо ирцгээж, 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ) 17.3 хувиар өсөхөд түлхэц болжээ.
Түүхий эдийн үнийн оргил үед олдсон зээлдээ дулдуйдсан хөөргөн зарлага хумигдахын цагт далайд гарцгүй Монгол өдгөө сөхөрч сөгдсөн орны нэг болж хувирав. Монгол Улсын хүндрэлээс гарах гэсэн оролдлогууд нь газрын хэвлийн баялаг заяасан орнууд өгсөж, урууддаг үнийн мөчлөгийн золиос болж, “баялгийн хараал”-д нэрвэгдэх ямар аюултайг харуулж байна.
Хэдэн долоо хоногийн өмнөөс төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Засгийн газар төсвөө танаж, Монголбанк мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэхээ зарласан. Монгол Улс дараа жил төлөх учиртай хэд хэдэн өрөө дахин санхүүжүүлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл авах санал бэлтгэж байна. Үүнтэй зэрэгцэн Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг гомдоллож суух зуур хятадууд Монголын эдийн засагт өөрсдөдөө ихээхэн ашигтай нөхцөл бий болгож эхэллээ.
Эцсийн дүнд санхүүгийн хямралыг зохицуулж чадлаа гэхэд хувь хүн, бизнес эрхлэгчид албадан тулгасан өндөр хүүтэй өрийн асуудалтай тулгарсаар байх болно. Нүүдлийн амьдралтай хэмээн ойлгогдож асан монголчуудын олонх нь өдгөө хотын иргэд болж, амьжиргааны бие даасан уламжлалт арга барилаа гээн, бараг хүн бүр зээл авдаг өөр орчноор сольж байна.
Уул уурхайн орлого ажлын байр бий болгож, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болсныг Дэлхийн банкны судалгаа харуулж буй. Үр дүнд нь дөрвөн жилийн өмнө 39 хувь байсан ядуурлын түвшин 2014 онд 22 болон буурчээ. Иргэд хотод амьдарснаар хүнс, хувцас хунараас эхлээд хүүхэд асрах зэрэг бүхий л зүйлд мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Гэтэл эрдэс түүхий эдийн үнэ буурснаар ажлын байр, мөнгөний боломж хомсодсоор байна.
ШИНЭЧЛЭХ БОЛОМЖ
Гантүлхүүр “Зээл аваад түүнийгээ төлж чадахгүй явдал өнгөрсөн намраас нэмэгдэж, амьдрал нэг л түвэгтэй болсон” гэснээ үгээ тасалж, “Энэ бүгдийг танд яривал зүгээр үү? Улсынхаа талаар бараан зүйл ярьсандаа санаа зовчихлоо” гэв.
Зардлаа танасан ч төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрч, хуулиар тогтоосон дөрвөн хувийн босгоос хавьгүй хэтэрсэн, Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 55 хувийн хязгаараа давж, ДНБ-ий 78 хувьтай тэнцсэн талаар Сангийн сайд нь өнгөрсөн сард мэдээлэл хийн, олон нийтэд дохио санамж өглөө. Энэ мэдэгдлийн дараагаар ам.доллар худалдаж авах нь ихсэж, төгрөгийн ханш унав. Ингэснээр төгрөг наймдугаар сард дэлхийд ханш нь хамгийн их суларсан мөнгөн тэмдэгт болсон юм. Тухайн үед ам.долларын ханш 15 хувиар өсөж, нэг өдөрт зарах валютын хэмжээнд хязгаарлалт тогтооход хүргэж байжээ.
Монгол Улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн хэмжээнээс нь хоёр дахин өсөв. Үүний 8.4 тэрбум нь Засгийн газрын өр аж. УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Өнгөрсөн жилүүдэд нөхцөл байдал ихээхэн муудсан ч энэ нь бидэнд эдийн засгаа шинэчлэх боломж” хэмээжээ.
Шинэчлэлийн бодлого нь бүсээ чангалах, таваарын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн мөчлөг удахгүй ирнэ гэсэн найдвар тавьж, уул уурхайн томоохон төслүүдээ эргэлтэд оруулах ажлын хослолоос бүрдэх аж. Гадаад зээлийн томоохон төлбөрүүдийн эхнийх нь ирэх оны гуравдугаар сард хийх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд юм. Хятадын Төвбанктай байгуулсан юанийн своп хэлцлийнхийг оруулж тооцвол Монгол Улс ирэх хоёр жилд 1.7-1.8 тэрбум ам.долларын өрөө гадаад зээлд төлөхөөр байна.
Мөн өнөө цаг үед ч тус улсын санхүүгийн байдал таваарын бүтээгдэхүүний үнийн сэргэлтээс дахин хамаарахаар байна. Зэс, алтны “Оюутолгой” төслийн 5.3 тэрбум ам.долларын өргөтгөл нь 2021 оны үеэс эхлэн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох хүлээлт бий. Гэхдээ “Рио тинто”-гоос Лондоны банк хоорондын хүүн дээр нэмэх нь 6.5 хувийн хүүтэй зээлээр санхүүжиж буй Монголын талын хувьцаанд ногдох ашгийн барааг 15 жилээс нааш үзэхгүй.
ЗЭЭЛЭХ СОЁЛ
Өнгөрсөн 10 гаруй жилд улстөрчид сонгууль бүрийн өмнө уул уурхайн ашиг огцом нэмэгдэх мөрөөдөл ярьж, нийгмийн зардлыг өсгөх амлалт өгсөөр, сүүлдээ эрх барьж буй МАН ч, ялагдал хүлээсэн АН ч үүнээс татгалзаж чадахаа больжээ. Алдагдлыг нь дөрвөн хувийн хязгаараас хэтрүүлэхгүйн тулд олон төрлийн санхүүжилтийг төсвийн тооцоонд оруулахгүйгээр хэрэгжүүлсэн. Мөн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, алдарт “популист” амлалтын нэг болох хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг олгосоор байна.
Найдлага болсон уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхээр зээл авсан ч хугацаа алдан, төлбөрийн хүндрэлд орж, хойшлуулж байна. Цаашлаад олон улсын зах зээлд арилжсан бондын асуудал бий. Монголын Засгийн газар хамгийн сүүлд 10.5 хувийн хүүтэй бонд гаргажээ. Гадаадын нэгэн банкир “Монгол шиг ийм өндөр хүүтэй зээл авдаг улс байдаггүй. Зарим улс илүү эрсдэлтэй тулгардаг байж магадгүй ч ийм зах зээлд орж ирдэггүй” гэж ярив.
Өр үүсгэн босгосон зам болон дэд бүтцийн зээлийн эргэн төлөлт нь энэ оны төсвийн алдагдлын томоохон бүрдэл хэсэг болж буй. Улмаар ирэх жилд төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай дүйж буй нь харьцангуй бодитой дүн юм. Гэвч уналтад орсон уурхайчдын авсан зээл, замын тендерт шалгарагсад сэтгэл зовоож байна.
Барилгын бизнес эрхлэгчид Монголын өндөр хүүтэйгээс илүүтэйгээр Хятадын хямд зээл авахыг хичээдэг гэсэн таамаг бий. Гэвч төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханшийн уналт зээлээ эргүүлэн төлөхөд хүндрэл учруулна. Энэ нь Монгол Улсын хувьд тулгараад буй бодит айдас юм.
Компаниуд, эсвэл тэднийг хянадаг УИХ-ын гишүүн, бизнесмэнүүд ямар нэгэн хэмжээгээр Хятадад өртэй болохыг хүн бүр гадарладаг. Хятадын Ардын банктай байгуулсан жилийн 6.5 хувийн хүүтэй 15 тэрбум юань солилцооны гэрээний хүрээнд 11 тэрбум юань (1.6 тэрбум ам.доллар)-ийг төгрөгийн ханшийг хамгаалах зорилгоор авч ашиглаад байна. Монголын улстөрчид 2017 онд дуусгавар болох энэхүү валют солилцооны хэлэлцээрийг сунгана гэсэн төсөөлөлтэй байгаа.
Уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны төслүүдийг хойшлуулсан, гэрээг нь өөрчлөөд байгаад хятадууд тэвчээр алдаж буй. Монголд үйл ажиллагаа явуулдаг, Хятадын 7000 орчим жижиг аж ахуй эрхлэгчдэд илэрхий үйлчлэх Хятадын банкны салбарыг Улаанбаатарт нээхийг эсэргүүцсэн лообийг Монголын банкууд идэвхтэй явуулж байна.
Монголын банкуудын зээлийн хүү 22-28, хувиараа зээлдүүлэгчдийнх 36 хувь байдаг. Тэгвэл Хятадын банкуудын бизнесийн зээлийн хүү энэ оны зургадугаар сард 5.6, албан бус салбарынх нь зээлийн хүү 10-20 хувь байсан юм.
ТҮРЭМГИЙЛЛИЙН АЙДАС
Харилцагчид нь зээлээ Хятадын банкны бага хүүтэй мөнгөөр сольсноор тус улсын бизнест давуу байдал үүснэ гэж Монголын банкирууд эмээж байна. Энэ нь дотоодын банкуудыг зах зээлээс шахаж, Монголын эдийн засаг Хятадаас улам хараат болох эрсдэл дагуулж байгаа. “Тэд Монголыг залгина. Хэдэн жилийн дараа бид Ар Монгол хэмээх автономит улс болох вий” гэж нэгэн бизнесмен бухимдан ярьсан.
Олон хүн гадаадаас хямд зээл олж, машин худалдан авагчид, жижиг бизнес эрхлэгчид, аргагүйдсэн хүмүүст зээл олгох болов. Ийм төрлийн зээллэгээр Улаанбаатарт хааяагүй байдаг ломбардуудыг санхүүжүүлж байгаа. Ломбардууд телевизор, гар утас, нөүтбүүк барьцаалан зээл аваарай гэсэн сурталчилгаа явуулж байна.
Зарим ломбард хаалга дээрээ “14 хоногийн есөн хувийн хүүтэй зээл олгоно” гэсэн зар бичжээ. Арай бага буюу 30 гаруй хоногт найман хувийн хүүтэй зээл олгодог ломбардын ажилтан эмэгтэй “Манайхаар үйлчлүүлэгчдийн хөл их байгаа. Харин барьцааны хөрөнгийн үнэлгээ сүүлийн жилд буурч байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Занданшатарын ярьснаар 2018 оны тэтгэвэр, цалингаа барьцаалсан зээлтэй хүн олон байдаг аж. Энэ нь мөнгөний гачигдалд орж буйн илрэл. Банкууд тэтгэвэр, цалингийн зээлд 18 хувийн хүү төлүүлж байгаа нь шийтгэл мэт тусаж, ядуусын нийт өрийн дарамтыг улам нэмэгдүүлж байна.
Ийм хүндрэлтэй асуудал гэр хороололд илүү хурц агаад хөдөөнөөс шилжин суурьшилт хурдтай явагдаж, хүн амынх нь тэн хагас Улаанбаатарт төвлөрөөд буй юм. Өргөжин тэлж буй хөглөрсөн гэр хорооллыг цахилгаан, усаар арай ядан хангаж байгаа аж. Есөн ам.доллартой дүйцэх хүүхдийн 20 мянган төгрөг зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүд олон өрхийн амьжиргааны гол эх сурвалж болдог.
Ханын цаас нь ногоон судалтай, цонхны хээтэй хөшигтэй, нам гүмхэн зоогийн газарт хүмүүс тухлан сууж, улс орны болон амин хувийн амьжиргааны талаар хөөрөлдөнө. Тэдний олонход төр улс, хувийн санхүү амин холбоотой нь ойлгомжтой бөгөөд Хятадаас улам хамааралтай болж байгаад санаа зовнино.
Зоогийн газрын эзэн Эрдэнэбаяр “Бид өрөөс өрийн хооронд амьдарч байна” гэв. “Монголчууд бүгд хөдөлмөрлөж байгаа ч бүгд өртэй. Бид бусад улсад ч өртэй. Монгол хүний хувьд энэ асуудал санааг минь зовоодог” гэж тэрбээр нэмж хэлэв.
ТАЛ НУТАГТ
Монголын малчид ч өрийн сүлжээнд орж гүйцжээ. Өр зээлийн мөнөөх сүлжээ жилээс жилд амьдралын нь хэвшил болж буй гэлтэй. Малчид хаварт ноолуураа, намарт махаа борлуулж амьдарна. Олсон орлогоо нөгөө л өмнөх зээлийн өрөнд өгч дахиад шинээр зээл авна. Жилийн хүү нь 20 хувиас давна. Ноолуурын үнэ буурвал малчдын орлого багасаж, тэдний амьдралын баталгаа муудна. Үүнээс гадна бэлчээр нутаг нь доройтох болжээ.
Олон малтай бол зээл олдох нь хялбар. Гэвч олон мал нь бэлчээрийг сэргэхийн завдалгүй дордуулж орхино. Ноолуур бий болгодог ямаа бусад малаас илүүтэй бэлчээр талхалдаг аж. Ноолуур бол малчдад бэлэн ургац л гэсэн үг. Ихэвчлэн экспортод гаргана. Нэгэн аялагч цахим хуудсандаа ноолуурыг нүүдэлчдийн АТМ (мөнгөний машин) хэмээн зүйрлэн бичжээ. Өвсний чанар доройтож, нэр төрөл нь цөөрсөн ч олон малтай малчид өөрт ногдсон нутагтаа амьдарч, амь зуулгаа залгуулна.
Засгийн газар тооноос чанарт шилжих бодлогыг хөхиүлэн урамшуулах оролдлого хийж байна хэмээн мэдэгдсэн. Гэвч малчин бүр бэлчээрийг хамгаалан сэргээх зорилгоор малаа заазлаад эхэлбэл махны үнэ унаж, тэд зээлээ төлж дийлэхгүй. Малчид толгой дараалан өртэй. “Олон малтай бол та их өртэй” хэмээн мотоцикл хөлөглөсөн 20 эргэм насны нэгэн залуу малийтал инээн өгүүлнэ.
Тэрбээр бас л хоёр сая (900 USD) төгрөгийн өртэй бөгөөд тэр нь Улаанбаатарт оршин суугч иргэний гурван сарын цалинтай тэнцэнэ. Батзориг малынхаа нэг хэсгийг эргэлтэд оруулж, ачааллыг багасгаж өгсөн ээждээ талархаж буй. Ээж нь хэдэн жилийн өмнө 1000 малынхаа 400-г борлуулж, хүүдээ хотод орон сууц авч өгчээ.