Дулааны цахилгаан станцууд болон цахилгаан түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний эрчим хүчний хэмнэлт, алдагдлын хувь, үр ашгийн үзүүлэлтийн 2025 оны зорилтот түвшнийг шинэчлэн тогтоосноо Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Төвийн бүсийн нэгдсэн системд холбогдсон дулааны станцуудын түлшний зарцуулалтын хэмжээг цахилгаанд нэг кВт/цаг тутамд 5.1 гр-аар, дулаанд нэг Гкал тутамд 1.2 кг-аар бууруулж, 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.
Харин тэдгээрийн дотооддоо хэрэглэдэг эрчим хүчний зарцуулалтыг 28.5 сая кВт/цагаар бууруулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудын хэмжээнд 6.1 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлжээ. Цахилгаан түгээх, дамжуулах компаниудын алдагдлын хувь хэмжээг 25.5 сая кВт/цаг байхаар бууруулан тооцсон аж. Үүний үр дүнд 5.5 тэрбум төгрөг хэмнэх гэнэ. Үндсэндээ эрчим хүчний компаниуд цахилгааны хэрэглээ, алдагдлаа дотооддоо бууруулснаар ирэх онд нийт 11.6 төгрөг хэмнэх боломжтой гэж үзсэн байна.
Эрчим хүчний зохицуулах хорооныхон дулааны цахилгаан станцууд болон цахилгаан түгээх, дамжуулах компаниудаас ирүүлсэн саналд үндэслэн жил бүр ийм тооцоо гаргадаг аж. Өнөө жил найман станц, 18 компани саналаа ирүүлжээ. Тус хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрынхан “Эх үүсвэрийн чадлын дутагдалтай энэ үед бид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж, зарцуулалт, алдагдлын хувь хэмжээг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж байгаа” гэсэн юм.
Н.МИШЭЭЛ