УИХ-ын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгожээ. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (ХБЦГ) нь 2002 онд ЮНЕСKО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн.
Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг 217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29 зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн билээ.
Тахь нутагшуулж байгаа нь
Тахь одоо манай дэлхий дээр байгаа цорын ганц зүйл зэрлэг адуу. Төв Азийн хээр талаар хэдийнээс нааш байсан зэрлэг адууг монголчууд сайн мэддэг байсан ч Оросын жуулчин Н.М.Пржевальскийн олж аваачсан арьс, гавлын ясыг Оросын эзэн хааны зоологийн музейн хөхтөн амьтны тасгийн эрдэмтэн И.С. Поляков шинжлэн шинэ зүйл зэрлэг адуу болохыг тогтоосноор Тахь шинжлэх ухааны үүднээс анх тэмдэглэгдэж, амьтны аймгийн ангилалд оржээ. ХХ зууны эхээр монголоос тахийн 53 унага барьж, Оросын Аскани-нова, Германы Гамбург хотын амьтны хүрээлэнгүүдэд аваачсан нь тахь дэлхий нийтэд тархах үндэс болжээ. Харин байгальд зэрлэгээр байсан тахь 1960-аад онд бүрмөсөн устжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 11-р сарын 28-ны өдрийн “Тахь авахыг зөвшөөрөх тухай” 368 дугаар тогтоолд “ … Монголын Байгаль Орчныг Хамгаалах Нийгэмлэгийн шугамаар тохиролцсоны дагуу ЗХУ-аас 1981 оны эхний хагаст тахь 6-г авч нутагшуулан үржүүлэх арга хэмжээ авахыг зөзшөөрсүгэй” гэж заажээ. Энэ үндсэн дээр МБОХХ тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг сэдэж, Голандын Тахь хамгаалах сан (ГТХС), монгол, Оросын биологийн экспедицтэй хамтран тахь нутагшуулах тохиромтой газар эрж, монголын хээр тал, говийн бүсээр судалгаа хийгээд, Хустайн нурууг сонгож авсан юм. Тахь нутагшуулах бэлтгэл ажил 1990 оноос эхэлсэн.
МБОХХ, ГТХС хоёр Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг хамтран гүйцэтгэхээр гэрээ байгуулж анхны 15 тахийг 1992 оны 6-р сарын 5 нд авчирсан билээ. Түүнээс хойш хоёр жил тутам 18-20, нийтдээ 84 тахь авчирсан нь өсч үржсээр одоо 300 гаруй толгойд хүрээд байна.
Өнгөтийн хөшөө: 552-742 онд төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдах энэ цогцолборт төв азид олдсон хамгийн олон буюу 30 орчим хүн чулуу бий. Эндээс зүүн урагш зэллэсэн 552 балбал чулуу, арслан болон хонины дүрстэй чулуунууд байдаг. Арслан нь айх аюулгүйн билэг тэмдэг, харин хонины дүрстэй чулуу нь тахилын гол шүтээн болж байсныг билэгдсэн гэж таамагладаг.
Дөрвөлжин булш: Хустайн нурууны энгэр бэл, зарим томоохон ам хөндийд МЭӨ III-II зуунд хамаарагдах хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал болох 160 дөрвөлжин булш бий. Дөрвөлжин булшны зүүн хэсэгт нь өндөр босоо чулуу тавьсан байдаг. Үүнийг Сэргээ чулуу гэдэг. Түүнээс морь уядаг байсан ажээ.
Хиргисүүр: ХБЦГ-ын нутагт болон ойр орчимд 19 томоохон хиргисүүр бүртгэгдсэн. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тогтдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зөвсгийн үед холбогдоно гэж үздэг. Эндээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй.
Буган чулуу: ХБЦГ-ын “Урт”-ын аманд нэг буган чулуу бий. Энэ нь МЭӨ II мянган жилийн дундаас I жилийн хооронд хамаарагдана. Дэлхийд 900 гаруй буган чулуу байдгаас монголд 90 % нь буюу 800 орчим нь байдаг.