БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэгийн төрийн эрх мэдэл ганхаж байна. Өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үг, хоёр дахь удаагаа уучлалт гуйж, түмний өмнө бүх зүйлд буруутай хэмээн хэлсэн ч ард түмэн нь огцрохоос нааш тайвшрахгүй бололтой. Цагдаагийн байгууллагаар шалгуулахад бэлэн хэмээн зарласан ч огцрох талаар ам нээгээгүй нь солонгосчуудын дургүйг хүргэж, өнөөдөр 16.00 цагаас дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Нийслэл Сөүл хотод болсон энэ жагсаалаар ерөнхийлөгчийг албан тушаалаа өгөхийг шаардаж байгаа юм. Албан бус тоон үзүүлэлтээр энэ удаагийн жагсаалд 40 мянган хүн оролцож байгаа бөгөөд аюулгүй байдлыг сахих үүднээс 20 мянган цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж. Өнгөрсөн бямба гаригт эмэгтэй оюутнууд голцуу эсэргүүцсэн жагсаалд 20 мянган хүн оролцсон тоо бий. Жагсаал орой хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр оролцогчдын тоо 100 мянга давна гэж иргэний хөдөлгөөнийхөн үзэж байгаа юм.
Пак Гын Хэ ард түмнээсээ уучлалт гуйсан ч эрх мэдлээ бууруулж, цагдаагийн байгууллагаар бүрэн шалгуулах талаар ам нээгээгүй нь түүнийг албан тушаалаа өгөх санаархал алга гэж үзэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас энэ удаагийн жагсаал зохион байгуулагчдад зарим нэг хориг тавьсан. Тодруулбал, замын түгжрэл үүсгэхгүй байх, гудамж талбайд тайван бус байдал үүсгэвэл хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн ч зохион байгуулагчид нь авч хэлэлцэхгүй байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын 18 дахь ерөнхийлөгчийн нэр хүнд энэ долоо хоногт ердөө 5 хувьд хүрсэн нь бүх цаг үеийн түүхэнд хамгийн багад тооцогдож байна. Иргэд бидэнд бусдын үгээр явдаг, хүчгүй, авилгалд идэгдсэн ийм төрийн тэргүүн хэрэггүй хэмээн санал бодолоо илэрхийлэх болжээ.