Хөвсгөл аймгийн Галт сумд өчигдөр 04.34 цагт газар хүчтэй хөдөллөө. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлэлд тус сумд газар 5.9 магнитудын хүчтэй хөдөлсөн хэмээн тэмдэглэжээ. Харин Галт сумд газар хөдлөлтийн 5.6 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн гэж ОБЕГ-т бүртгэсэн байна. Тодруулбал, тус сумаас зүүн урд 44 км-т орших Хужирт багийн Дэрстэд газар хөдлөлтийн голомт нь бүртгэгдсэн аж. Уг газар нь Архангай аймгийн Жаргалантын төвөөс баруун, Хөвсгөлийн Галт сумаас зүүн урд зүгт оршдог аж.
Газар хөдлөлийн чичирхийлэл Хөвсгөл, Архангай, Завхан, Булган, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор газар хөдөлсний улмаас иргэдэд хохирол учраагүй гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрынхан мэдээллээ. Үүнээс ес хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Ханхад газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлсөн юм. Мөн энэ сарын 24-нд БНХАУ-д газар 5.2 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Ташрамд дуулгахад, газар хөдлөлтийг хэмжих багажинд мэдрэгдсэн хүчийг магнитудаар илэрхийлдэг. Харин хүрээлэн байгаа орчинд мэдрэгдэж буй хүчийг баллаар хэмждэг. Энэ хэмжээсээр бол 6-7 баллын хүчтэй нь бүх хүнд мэдрэгдэж, барилга байшинд ан цав үүсдэг байна.
Ч.БОЛОР