Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байхдаа цагдаагийн байгууллагад шинэчлэл хийх нэрээр “самарч”, торгуулийг бэлэн бус болгоно хэмээн найзынхаа “Смарт солюшн” гэх компанийг шалгаруулан, өндөр үнээр тоног төхөөрөмж авсан нь тухайн үедээ багагүй хэл ам таталж байв. Түүний үр дагавар одоо ч арилахгүй байсаар, иргэдийг өдөр тутам бухимдуулсаар.
Торгууль тойрсон түмэн зовлон, мянган шаналал фэйсбүүкийн “Paparazzi+Traffic Mongolia” бүлэгт байнга хөвөрнө. Яагаад үүнийгээ засаж болохгүй, иргэдийг бухимдуулж, чирэгдүүлсээр байна вэ. Уг нь цагдаагийн байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлдэг хэмээн өөрсдийгөө тодорхойлсоор атал замын цагдаагийнхан ийн чирэгдүүлж буй нь харамсалтай. Торгуулийг бэлэн бусаар авдаг болсон нь энэ албаныхныг тойрсон “шидэт дохиуртай аав”-ын үлгэрийг умартуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тус албаныхан үйл ажиллагаандаа шинэчлэл хийхгүй бол иргэд чирэгдэж бухимдах явдал багасахгүй байна.
Нэг бодит жишээг энд дурдъя. Баянзүрх дүүргийн нутагт явж байсан жолоочийг замын цагдаагийн зохицуулагч зогсоогоод “Дугаар давхардсан байна” хэмээн бичиг баримтыг нь хураан авчээ. Гурван жил унасан машиных нь дугаар давхардсан хэмээн зогсоож, бичиг баримтыг амралтын өдөр хурааж авчихаад “Ахлах байцаагчтай маргааш очиж уулз” гэж. Маргааш нь буюу ням гаригт нь яваад очтол “Өнөөдөр ахлах ажилладаггүй өдөр, маргааш ир” гээд буцаав. Даваа гаригт нь очтол “Үдээс хойш, цайны цагийн дараа бол” гээд гаднаа суулгасаар өдрийн талыг өнгөрөөлөө.
Ахлах байцаагч нь ирээд “Гадаа хүлээж бай” гээд бас л хүлээлгэв. Энэ хооронд нэгэн тоглолтын билетийг зохицуулагч нартаа “шахаж” ч байв. Тэгсээр 16.00 цагийн үед өрөөнд нь ортол “Би шийдэхгүй, ЗЦГ-т оч” хэмээн явуулдаг юм байна. Тэнд нягталж үзээд “Давхардаагүй л байна даа. Маргааш Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү очоод дахиад шалгуул” гэв. Ингэсээр 2-3 өдрийнхөө ажлыг алдсаны эцэст ямар ч давхардалгүй байна гээд л өнгөрч байгаа юм. Угтаа бол Замын цагдаагийн алба хаагчид дугаар нь давхардсан мэдээлэл гарч ирсэн бол ЗЦГ-таа байдаг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын сүлжээнээс нэг хараадахаач гээд л станцаараа яриад тодруулан шийдчихэд амархан баймаар юм.
Харамсалтай нь, иргэдэд үйлчлэх бус, чирэгдүүлэх гэж л ажилладаг бололтой. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийнхан бол бүр өдрийн тал хүлээлгэдэг тухай гомдол олон хүн хэлдэг. Тус тасгийнхан дүрэм зөрчиж байхад харсан ч хараагүй юм шиг суудаг. Баруун талаар нь гэр хороолол руу өгссөн замаар нь уруудаж орж ирсэн тээврийн хэрэгслүүд үргэлжилсэн цагаан шугам давахдаа баруунаас зүүн тийш шулуун яваа машинуудад саад учруулж, хоёр урсгалд нь түгжрэл үүсгэж байхад тус тасгийнхан нүдэн балай чихэн дүлий юм шиг л өнгөрөөдөг шүү дээ.
Бэлэн бус торгуультай холбоотой гомдол маш их. Иргэн Г.Доржпүрэв машинтайгаа “Баянзүрх” зах руу орохын тулд нэгдүгээр эгнээгээр зорчиж л дээ. Гэтэл Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камераар хоёр ч удаа торгууль ирж. Уулзвараар эргэмэгц Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч бас 19.200 төгрөгөөр торгосон байна. Тухайн үйлдэлд нь зөвхөн нэг удаа хариуцлага хүлээлгэх заалт хуульд байсаар атал нэг зөрчилд гурван удаа торгууль ногдуулж буй нь замын цагдаагийнхан торгуулийн хойноос хэт улайрсны жишээ бус уу.
Өөр нэг жишээ нь, өнгөрсөн сарын 26-ны лхагва гаригийн 08 цаг 01 минутад “8”-аар төгссөн дугаартай автомашины жолоочийг “Явдаггүй өдөр явлаа” хэмээн ахлах ахлагч И.Пүрэвдаваа торгов. Таван шараас түгжирч, бөглөрч явсаар ажлынхаа үүдэнд 08.00 цагтай уралдан ирсэн учраа хэлэхэд тэр зохицуулагч цаг яс барьдаг юм уу гэмээр аашиллаа.
Өглөө 07.00 цагт гэрээсээ гарч, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэсээр 08.00 цагтай уралдан ажлынхаа үүдэнд ирэхэд 1 минут хэтэрсэн хэмээн торгууль ногдуулсан нь үнэхээр цагаа ягштал баримталдаг болжээ гэж бодогдохоор. Гэтэл офицерууд нь хэр удаан хүлээлгэдгийг дээр дурдсан билээ. Дүрэм журмыг ягштал баримтлуулдаг дэд ахлагч И.Пүрэвдаваа шиг зохицуулагч нар Сонгинохайрханы Замын цагдаагийн тасагт байдаг бол ч ...
Явдаггүй өдөр тээврийн хэрэгслээрээ ажилдаа ирж, очоод торгуулсан жолооч нарын торгуулийн хуудас дээр “Иргэдийн хурал, Засаг даргын захирамжийн А532.2 гэж заасныг зөрчсөн тул...” хэмээн торгож буй үндэслэлээ бичсэн байгаа. Нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр иргэдийнхээ халаас руу гар дүрэх эрх замын цагдаад байгаа юу гэвэл үгүй. Хуульчдын хэлж буйгаар “ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж хууль биш учраас тэрийг удирдлага болгож хүний өмчид халдах ёсгүй.
Үндсэн хуульд зааснаар зөвхөн хуульд заасан бол торгууль ногдуулдаг. Торгууль гэдэг нь хүний өмчлөлд байгаа хөрөнгөд халдаж байгаа хэрэг. Үндсэн хуулийн 16.3-т хувийн өмчийг хууль бусаар авахыг хориглоно гэж заасан шүү дээ. Гэтэл Иргэдийн хурал, Засаг даргын А532 захирамжаар болон тээврийн хэрэгслийг ачиж торгож байгаа нь хүний хувийн өмчид халдаж байгаа явдал” гэв.
Угтаа нийслэлийн Засаг даргын шийдвэрийг мөрдөөгүй бол Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгох арга хэмжээ авах ёстой атал захирамжаар торгож байгаа нь нээрээ л Үндсэн хуулиас дээгүүр “жаалсан” хэрэг биш гэж үү.
Замын цагдаагийн алба хаагчид иргэддээ үйлчилж, түргэн шуурхай шийдвэрлэхийн оронд залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулдаг жишээ олон. Хамгийн энгийн жишээ нь “Paparazzi+Traffic Mongolia” бүлэгт ЗЦГ-ын Мэдээлэл, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг бэлэн бус торгуулийн системтэй холбоотой иргэдээс ирүүлж буй гомдолд тайлбар өгсөн байгаа. Өмнө нь UBS телевизээр “ЗЦГ-ын 1, 3 дугаар давхрын ... тоот өрөөнд ирж, гомдлоо барагдуулаарай” гэж ярьсан.
Торгуулчихаад, түүнийгээ төлчихсөн атлаа дахин дахин тэр арга хэмжээнийхээ үр дагаврыг арилгуулахын тулд хэдэн өдрийн ажлаа алдах нь жирийн иргэдэд хэцүү байгааг төрийн байгууллагынхан мэдэж баймаар сан. Зөрчил гаргасан хүн торгуулиа банкинд тушаагаад баримтаа хаядаг нь зуршил. Тухайн торгуулийг төлсөн сар, өдрөө санаж байх хэрэгтэй хэмээн дээрх хошууч ярьж байна лээ. Санахгүй өчнөөн хүн бий. Тэд чирэгдэл болж явахаасаа залхаад дахиад л нөгөөхөө төлдөг тохиолдол маш олон.
Хэл ам болж байж торгуулиа төлчихсөн атал www.torguuli.mn цахим хуудсанд төлөгдөөгүй юм шиг байсаар л байгаа. Жишээ нь, миний эзэмшдэг машины дугаар дээр 2015 онд маш их торгууль ирсэн байдаг. Би 2016 оны долдугаар сард уг дугаарыг эзэмших болсон. Өмнө нь эзэмшиж байсан “товарищ” машинаа зарахдаа мэдээж торгуулиа бүгдийг нь төлсөн нь лавтай. Торгууль төлсөн даруйд нь арилгаад байдаг бол нэг ч гэсэн гомдол барагдах сан. ЗЦГ, Автотээврийн үндэсний төвийнхөнтэй гэрээ байгуулж, торгуулиа төлөөгүй машины эзэмшигчийн нэрийг төлснийх нь дараа шилжүүлэхээр болсон байдаг.
Ингэснээрээ Төрийн сангийн дансанд замын цагдаагийн албан хаагчид 2-3 тэрбум төгрөгийн торгуулийн орлого оруулж, иргэдийнхээ халаасыг сэгсэрсэн гэсэн үг. Зөрчил гаргасан иргэд хариуцлага хүлээсэндээ нэг их гомдоллоод байдаггүй. Гэхдээ замын цагдаагийн хэрэг бүртгэгч нар захиргааны хэрэг бүртгэлтийн үед өмгөөлөгч оролцож, түүний гаргасан шийдвэрийг эсэргүүцэж болдог талаар иргэдэд тайлбарлаж өгдөггүй. Торгохоо л урьтал болгодог хүмүүс.
Манай иргэд ч энэ үйл явцад өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч, хуульчид хандаж мэддэггүй нь “төрийн албаныхны идэш” амархан болж, хохироход хүрч байгаа юм. Ах дүүгийнхээ машиныг хөлөглөж яваад зөрчил гаргахад торгууль нь тухайн хүнд бус, тээврийн хэрэгсэл эзэмшигчид ирж байгаа нь ч хариуцлага гарцаагүй байх зарчмыг бас алдагдуулаад байна. Энэ мэт түмэн зовлон, мянган шаналал гарсаар.
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийнхөн гэж замын цагдаагийнхны торгуулийг барагдуулахад хяналт тавьж байх үүрэгтэй байгууллага уу гэвэл бас биш. Зам, тээврийн сайдын 2012 оны аравдугаар сарын 29-ний 59 дүгээр тушаалаар Aвтотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам баталсан. Энд “Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах, автотээврийн хэрэгслийн талаарх статистик бүртгэл хөтлөх, дүн шинжилгээ, судалгаа хийх, мэдээллийн сүлжээ, сан байгуулах, мэдээллээр хангах, нууцлалыг хамгаалах, хадгалах зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд энэхүү журмыг мөрдөнө” гэж заасан.
Үүнээс үзэхэд ЗЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн гэрээт цагдаагийнхны тавьсан торгуульд АТҮТ-ийнхөн хяналт тавина гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Тус төвийнхөн торгуулиа төлсний дараа нэр шилжүүлнэ хэмээж буй нь ч үндэслэлгүй юм. Тэгэхээр замын цагдаагийн алба хаагчдын тавьсан торгуульд замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, офицерууд л хяналт тавих ёстой гэсэн үг. Хаа хамаагүй АТҮТ-ийнхөн хянах нь хууль зөрчиж буй юм.
ЗЦГ-ынхан өнөөдөр юу хийгээд байна вэ. Торгууль тавьдаг машиныг нь “Смарт солюшн” гэх хувийн компани хариуцдаг, Үндэсний дата төвөөр дамжуулан АТҮТ-тэй холбогддог. Жолооч нарын хувийн нууцтай холбоотой регистрийн дугаар гэх мэт мэдээллийг хувийн компанийнхан хянаад сууж байгаа нь хэр оновчтой бол.
ЗЦГ-т хэдэн жилийн өмнө компьютер, сүлжээний мэдлэгтэй офицерууд байсныгаа өөр ажилд шилжүүлсэн байдаг. Уг нь тэд тус газраа ажиллаж байсан бол өдөр бүр системээ сайжруулж, торгуулиа төлчихөөд байхад арилдаггүй өнөөгийн байдлыг засаж залруулах, дугаар давхардсан, шинэ дугаар олгосон мэдээллийг өдөр өдөрт нь Үндэсний дата төвийн серверээр дамжуулан шинэчлэн солих боломжтой байх байлаа. Харамсалтай нь өнөөдөр тэгдэггүйгээс торгууль тойрсон түмэн зовлон иргэдэд учраад байгаа юм.
Үүнийг засаж залруулахын тулд ЗЦГ-ын даргаар шинэ хүн томилсон нь гарцаагүй. Түүгээр зогсохгүй тус газрын бүтцийг шинэчлэн баталсан нь лавтай. Иргэдийн халаасыг хууль зөрчин ухаж байгаа асуудлуудыг хурандаа Б.Даваазул тэргүүтэй тус газрын шинэ бүрэлдэхүүн судалж, нягтлан засаж сайжруулах, хувийн компанид байгаа мэдээллийг төрийнх болгох арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна.