Эвий дээ, энхрий үрс минь. Энэ ертөнцөд хүн болох гэж ирсэн болохоос хэн нэгэнд адлуулж чичлүүлэх гэж төрөөгүй шүү дээ. Унтаж хэвтэхээ зохицуулж чаддаггүй томчуудаас болж хүүхдүүд төрөнгүүтээ тэмбүү (яр өвчин)-тэй гэсэн хар тамга даруулж байна. Зөвхөн томчууд л тусдаг энэ муухай өвчин эхээс урагт халдаж, олон хүүхдийг нөгөө ертөнц рүү илгээсээр байхад бид юу ч хийлгүй өнөөдөртэй золголоо. Сүүлийн таван жилд бэлгийн замын халдварт өвчин гамшгийн хэмжээнд хүрч, нялхас нь хүртэл хормойн өвчинтэй төрсөөр байхад бодлого боловсруулагч, мэргэжлийн байгууллагууд нийтийг хамарсан ямар ч ажил зохион байгуулсангүй.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикаас үзвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 10.780 хүн бэлгийн замын халдварт өвчин туссан байна. Тэдний 40.8 хувь нь тэмбүүтэй. Цаана нь хэчнээн хүн өвчнөө мэдэлгүй, бусдад халдвар тараасаар буйг мэдэх аргагүй. Тэгвэл дотроо бодолтой, дороо суурьтай гэгддэг насанд хүрэгчдийн замбараагүй энэ мэт харилцаанаас болоод хүүхдүүд яагаад хохирох ёстой гэж. 2016 оны эхний есөн сарын дотор л гэхэд тэмбүүтэй төрсөн 11 хүүхэд эндчихсэн байна. Эцэг, эх нь бэлгийн замын ямар нэг өвчтэй бол хүүхэд жин багатай, дутуу төрөх, зулбах эрсдэлтэй гэж эмч нар “үглэсээр” байтал тоож, урьдчилан сэргийлж буй ч юм алга.
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт сард дунджаар дутуу төрсөн 120-130 нярай хэвтэн эмчлүүлдэг аж. Янз бүрийн шалтгаантай ч олонх нь ямар нэгэн халдварт өвчтэй байна. Эмч нар “Тэмбүүтэй эхчүүд дутуу төрдөг. 25-35 насны залуу ээжүүд ийм өвчтэй байгаа нь харамсалтай. Зарим нь бие давхар болмогцоо жирэмсний хяналтад ордоггүй, хүүхдээ төрүүлснийхээ дараа тэмбүүтэйгээ мэдэх нь энүүхэнд” гэв.
2015 онд улсын хэмжээнд тэмбүүтэй 19 хүүхэд өөд болжээ. Төрөлхийн ийм өвчтэй хүүхдүүд тавилан муутай, амьд үлдлээ ч ямар нэгэн эмгэгтэй болж хоцордог тухай албаны хүмүүс анхааруулсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын үзлэгээр жилд дунджаар 1300-1600 ээж яр өвчин давхар тээж байдаг аж. Үүгээрээ эмэгтэйчүүдийг буруутгаж, чичлэх гэсэнгүй. Учир нь бэлгийн замын өвчтэй тулгар эхчүүдийн 90 орчим хувь нь хамтран амьдрагч, нөхрөөсөө халдвар авсан байдаг нь судалгаагаар нотлогджээ. Энэ нь эхнэр, найз бүсгүйгээ жирэмсэн байхад нь өвчин тээж ирчихээд, үр хүүхдээ хэвлийд нь бузарлаж буй арчаагүй эр олон болсныг харуулах биз ээ.
Тэмбүүтэй төрсөн хүүхдийн гарын алга, хөлийн ул цэврүүтсэн, хавантай, элэг, дэлүү нь томорсон, заримынх нь уушги, тархинд нь хүртэл өвчин тархсан байдаг гэж ЭХЭМҮТ-ийнхөн хэлсэн юм. Уг нь давхар биетэй эмэгтэйчүүд өвчнөө эрт үед нь оношлуулаад, эмчлүүлчихвэл урагт халдах магадлал төдий чинээ багасдаг байна. Гэхдээ өвчин эдгэлээ ч эх, хүүхдийн цусанд тэмбүүгийн вирус насан туршид нуугдсаар байдаг нь харамсалтай.
Тэмбүү нь цагаан трепонем гэх нянгаар үүсгэгддэг “идэмхий” халдварт өвчин гэгддэг. Тархи, элэг, бөөр, үе мөч гээд үсний угаас хөлийн хумсны үзүүр хүртэл гэмтээхгүй эрхтэн байхгүй. Энэ өвчин далд хэлбэрт шилжсэн үедээ нян нь ясны зөөлөн эдийг хайлуулдаг учир жирэмсэн ээжүүдийн хэвлий дэх ургийн дөнгөж бүрэлдэж буй яснуудыг “идчихдэг” аж.
Нэг үгээр хэлбэл, хүүхэд төрөөгүй байхдаа л ямар нэгэн эмгэгтэй болдог гэсэн үг. Ураг өсөлтгүй болох, тахир дутуу төрөх, хөл, гар нь ямар нэгэн гажигтай, тагнай, уруул нь сэтэрхий болох энүүхэнд гэнэ. Заримынх нь бүр хамар нь уначихсан төрдөг гэж ХӨСҮТ-ийн тархвар судлаач, их эмч Ч.Уртнасан хэллээ.
Яалаа гэж, ямар буруу хэрэг тарьсан болоод ирээдүйн үрс маань энэ муухай өвчинд дарлуулах ёстой юм бэ. Он гарсаар (есөн сарын байдлаар) тэмбүүтэй 4398 хүн бүртгэгдсэний 11 нь нас барсан бол ийм өвчтэй төрсөн 29 хүүхдийн 11 нь амьсгал хураасан байна. Үүнээс харахад уг өвчин насанд хүрэгчдийн аминд тийм ч хурдан заналхийлчихдэггүй бололтой. Харин багачуудад энэ нь эсрэгээрээ, богино хугацаанд үхэлд хүргэдэг аж.
ДЭМБ 2015 он гэхэд төрөлхийн тэмбүүг бүрэн устгах зорилт тавьсан ч олон шалтгаанаас болоод бүтэлгүйтсэн. Бөмбөрцөг дээр жил бүр 12 сая хүн тэмбүүгийн халдвар авдгаас хоёр сая тулгар эх үүнд өртөж, 40 хувь нь яртай хүүхэд төрүүлдэг байна. Тэгвэл манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтод БЗДХ/ДОХ, сүрьеэтэй тэмцэх тодорхой хөтөлбөрүүд тусгасны дотор эхээс урагт дамжих тэмбүү, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлдэг юм билээ.
Энэ хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд түргэвчилсэн оношлуур, сорилын арга нэвтрүүлж, өвчин илэрсэн даруйд бэлгийн хамтрагчтай нь эмчилдэг болсон гэх. Эмч нарын ярьснаар жирэмсний хяналтад ороогүй хүмүүсээс тэмбүүтэй хүүхэд төрөх магадлал өндөр аж. Тиймээс өвчин туссан ч эмчийн хяналтад байж, эмчлүүлбэл эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой.
ЗӨВЛӨГӨӨ
- Тэмбүүгийн үүсгэгч эхэсийн цусны эргэлтээр дамжин урагт халддаг тул эх эмчлүүлж байхдаа эмчийн заасан дэг журмыг сахиж, мансууруулах болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Жирэмсний 28-32 долоо хоногтойд тэмбүүгийн сорил хоёр удаа тавиулах
- Бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сайтар сахиж, бэлгэвч хэрэглэж занших
- Жирэмсний хяналтад аль болох эрт хамрагдаж, өвчин илэрсэн тохиолдолд эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэх, бэлгийн хамтрагчаа шинжилгээнд заавал хамруулах
- Бэлгийн замын халдвар аяндаа эдгэх боломжгүй тул дур мэдэн эмчилгээ хийж, өвчнөө даамжруулахгүй байх
- Эмчилгээгээ дундаас нь таслалгүй, бүрэн эдгэртлээ бэлгийн харилцаанд орохгүй байх зэрэг зөвлөгөөг дагавал таны хүүхэд эрүүл өсөж бойжихыг эмч нар зөвлөлөө.