Саяхан дотно дүүгээ алдчихлаа. Их сургуулиа төгсөөд ажилд ч орж амжаагүй байсан юм. “Магадгүй энэ хорвоод богино наслахаа мэдээд гэрлэж, үр үндсээ үлдээгээгүй байх” гэж гэр бүлийнхэн нь түүнийг эвийлнэ. Цоо эрүүл, 25-хан настай залууг тархиндаа цус харвачихна чинээ бидний хэн нь ч гадарлаагүй хэрэг. Гэртээ зүв зүгээр, дүүгээ эрхлүүлж байснаа гэнэт л “Толгой өвдөөд байна, ээж ээ. Өвчин намдаах эм өгөөч” гэж хэлчихээд төд удалгүй хэл яриа нь ээдрэн, дэмийрч, бөөлжсөөр ухаан алдчихсан гэсэн.
Яаралтай тусламжийнхан 10-аад минутын дараа ирж, шууд л харьяа дүүргийнх нь эмнэлэг рүү аваад явсан юм билээ. Цаадуул нь хүлээж авахгүй нь ойлгомжтой. Улсын гуравдугаар төв эмнэлэг рүү шилжүүлэхэд нь бид очсон юм. Тархиндаа хэдийнэ цус харвачихсан хүнийг түргэний эмч мэдэлгүй, доргиосноос болж толгойд хурсан цус нь гавал, тархины нүх сүв болгоноор нэвччихэж.
Эмч нараас “найдваргүй” гэх аймшигт үг сонссон ч бид гарын үсгээ зураад хагалгаанд оруулсан юм. Эмч нар хоёр удаа мэс засал хийж, тархинд тархсан цусыг соруулж, амийг нь аварсан. Гэвч дүү минь хагалгааны дараах өрөөнөөс гарч ирэлгүй, 20-иод хоног унтсан чигтээ явсан даа.
Тархинд цус харвах олон шалтгаан байдаг ч ихэвчлэн гэмтэж бэртэх, судасны төрөлхийн гажиг, стресс бухимдлаас болдог аж. Талийгаач дүү маань өмнө нь тархиндаа гэмтэл авч байгаагүй, судасны ямар нэгэн гажиггүй байсан учир эмч нар түүнийг дарамт ядаргаанаас болсон гэж оношилсон юм.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн үүд, шат, хонгилд аав ээж, ах дүүгээ “Амьд үлдээсэй” гэж залбирах нулимстай нүднүүд л дүүрэн байдаг юм билээ. Эмч нар яаралтай хагалгаанд оруулах өвчтөнүүдээ ч хүчрэхгүй, өдөр, шөнөгүй л ажилладаг аж.
Зүрх, судасны өвчин монголчуудыг хөгшин, залуу гэж ялгахаа больсныг тэгэхэд яс махандаа шингэтэл мэдэрсэн юм. Зүрхний шигдээс, тархины харвалтыг таньдаггүй түргэний зарим эмч, эрүүл мэндийн наад захын мэдлэг мэдээлэлгүй иргэдээс болж өвчтөнүүдийг арай л хожуу эмнэлэгт хүргэж буй нь өвчнийг даамжруулан, цаашлаад аминд нь эрсдэл учруулсаар байгааг эмч нар хэлнэ лээ.
Тархи, зүрх хоёр хүний амин эрхтэн учраас цус харваж, шигдээс болсон хүмүүс нас барах магадлал өндөр байдаг гэнэ. Харвасан гурван хүн тутмын нэг нь өөд болж, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хоцордог бол нэг нь л эдгэх боломжтой. Ийм аймшигт өвчин тусахгүйн тулд бид юу хийх ёстой вэ.
Статистик харвал 1995 оноос хойш монголчуудыг үхэлд хүргэж буй өвчнүүдийг зүрх, судасны эмгэг, хавдар тэргүүлсээр одоо болтол энэ жагсаалт өөрчлөгдөөгүй байна. Нэг үгээр хэлбэл, нас барж буй гурван хүн тутмын нэг нь зүрх, судасны өвчний улмаас хорвоог орхидог аж. Тэгвэл нөгөө ертөнцөд одогсдын 60 орчим хувь нь эрчүүд. Тэд эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй, хорт зуршил (архи, тамхи) хэтрүүлэн хэрэглэдэг, буруу хооллодог, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрчүүдийг үхэлд хүргэх аюулт өвчин тусахад голлон нөлөөлж буй аж.
Ерөнхийдөө 45-аас дээш насныхан зүрх, судасны өвчинд илүү өртөмтгий, энэ өвчнөөр нас барагсдын олонх нь хөгшчүүл байна. Тэр дундаа цусны даралт ихсэх өвчин зүрх, судасны эмгэгийн 49 орчим хувийг эзэлж буйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харж болно.
Харамсалтай нь бид даралт ихсэхийг нэг их тоодоггүй. Эмч нар хүртэл “Нийслэлийн Түргэн тусламжийн төвд иргэд “Даралт ихэслээ” гэсэн ямар ч хэрэггүй дуудлага өгдөг” гэж ярих нь эмгэнэл. Гэтэл олон шалтгаанаас болоод хүмүүсийн даралт унаж, ихсэн, улмаар харвалт, шигдээс болдог байна. Эл өвчинд бүгдээрээ ингэж хайнга хандаж буй юм чинь яаж ч багасах билээ.
Зүрх, судасны өвчнөөр төдөн хүн нас барлаа гэж цаасан дээр тоо бүртгэл хөтөлж суухаасаа ч ичихээ больж. Гэтэл энэ чимээгүй тахал хүүхдүүдийг маань онилоод эхэлжээ. “Сүүлийн үед багачууд дөнгөж төрөөд, нярай үедээ цус харвах нь элбэг болсон. Цусны эмгэг, хавдар, судасны гажиг, цүлхэн, гэмтлээс болж хүүхдүүд цус харваж байна” гэж Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч Ц.Тугбаяр хэлсэн юм.
О.БАТ-УНДРАХ
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.БАЙГАЛЬМАА: Амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол зүрх судасны өвчнөөс ангижрахгүй
ЭМЯ-ны НЭМХ-ийн мэргэжилтэн Д.Байгальмаатай уулзаж энэ сэдвээр тодруулга авлаа.
-Зүрх, судасны өвчин хүн амын нас баралтын шалтгаан болоод байгаа. Тэгвэл яамны зүгээс энэ өвчинтэй тэмцэх ямар бодлого барьж байна вэ?
-Хүний эрүүл аж төрөх үндэс нь тухайн хүний амьдралын хэв маяг, зан үйлтэй салшгүй холбоотой. Хүн амын дунд өндөр тархалттай байгаа ихэнх өвчний гол эх үүсвэр нь хүн, түүний буруутай үйл ажиллагаанаас ихээхэн хамаарч байна.
Тухайлбал, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь нийт өвчний 70 хувь буюу нас баралтын гол шалтгаан болсоор байгаа юм. Тэгвэл эдгээр өвчинд архи, тамхи хамгийн ихээр нөлөөлдөг бол хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг нь удаах шалтгаан болж байна.
Хүмүүс бүх зүйлийг хялбараар хийхийг илүүд үзэж, хувцас, хүнсээ хүртэл цахимаар захиалж гэртээ авчруулан, алхахаас урьтаад такси, автобусаар үйлчлүүлдэг болчихсон байна. Мөн албан тасалгаанаасаа гарахгүй өдөржин компьютерийн ард буруу сууж, ажиллаж байна.
Түүгээр ч зогсохгүй өөх тос ихтэй хоол хүнсийг өдөр тутам идэж, бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх нь ихэссэн. Ийм хэв маяг удаан үргэлжлэх тусам зүрх судасны өвчин үүсч, улмаар хүндрэх, хавдар болох магадлал нэмэгддэг. Тэгэхээр энэ бүхнийг хүн өөрөө л хянаж, зохицуулахаас биш гаднын хүчин зүйлс нөлөөлөхөд хэцүү.
ЭМЯ-ны зүгээс архи, тамхины татварыг нэмэх бодлого хэрэгжүүлэх талаар өмнөх Засгийн газарт хүсэлт тавьсан ч дэмжигдээгүй. Гэтэл нийгэмд архидалт, тамхидалт газар авч байна. Тоо баримт дурдахад, эмэгтэйчүүдийн гуравны нэг, өсвөр насны охидын дөрөвний нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Мөн манай улс гуравхан сая хүн амтай хэрнээ архи, тамхины хэрэглээгээрээ дэлхийд эхний аравт жагсдаг. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал болсон.
Мөн манай яамнаас хүнсний аюулгүй байдлын тухай хууль санаачлан, холбогдох яамдад нь хүргүүлээд байгаа. Түүнчлэн П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгт Харвалтын тасаг нээсэн. Цаашид хоёр, гурван ийм тасаг дахин нээх гээд ажиллаж байна. Ер нь бол нийгмийн бүхий л салбарынхан хамтарч дээрх өвчинтэй тэмцэхээс нааш энэ өвчний тархалт буурахгүй.
Учир нь манай яамнаас дөрвөн жил тутамд хийж буй судалгааны дүн үүнийг нотолж байна. Тодруулбал, хамгийн сүүлд 2013 онд хийсэн судалгааны дүн өмнөх дөрвөн жилийн дүнгээс өссөн үзүүлэлттэй гарсан. Тухайн үед хэрэгжиж эхэлсэн тамхины хяналтын тухай хууль төдийлөн хэрэгжихгүй байгаа нь эндээс харагдаж байна.
-Энэ өвчин буурах боломжтой юу?
-Хэрэв иргэн бүр дээрх буруу хэв маягаа өөрчлөхгүй, ухамсарлахгүй бол буурах боломжгүй.
-Үндэсний хэмжээний ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлэх үү?
-2013 оноос хойш тодорхой арга хэмжээ авч байна. Гэсэн ч ард түмэн бүгд ухамсарлаж, дээр дурдсан буруу хэвшлээ засах, өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, үзлэгт хамрагдах шаардлагатай.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Зүрх, судасны өвчнөөр нас барагсдын тоогоор Монгол Улс 11 дүгээрт оржээ
Зүрх, судасны өвчин дэлхийн хүн амын нас баралтын гол шалтгаан болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээллээс үзвэл, ийм өвчнөөр жил бүр 17.5 сая хүн нас бардаг нь манай гаригийн нийт өөд болоочдын 31 хувийг эзэлдэг аж. Энэ өвчнөөр нас барагсдын 75 хувь нь бага болон дунд орлоготой улсад ногддог гэнэ.
Тамхи татах, эрүүл бус хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг эрсдэлт хүчин зүйлийн эсрэг нийт хүн амыг хамарсан стратегийн тусламжтайгаар арга хэмжээ авах замаар зүрх, судасны өвчнөөс сэргийлэх боломжтой ажээ.
Хэрэв зүрх, судасны өвчтэй бол эрт үед нь илрүүлэн, зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд эм уух хэрэгтэй. Тамхи татахаа болих, давсны хэрэглээгээ багасгах, жимс, ногоо идэх, байнга хөдөлгөөнтэй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх нь өвчин даамжрах эрсдэлийг бууруулдаг нь нотлогдсон байна.
Хүмүүст эрүүл амьдралын дадал зуршил, хэв маягийг сонгож, хэвшүүлэхийн тулд зөв сонголт хийх таатай орчин бий болгож, хүртээмжтэй бөгөөд үнийн хувьд боломжийн байх бодлого баримтлах хэрэгтэй аж. Өвчнийг архагшуулахад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Тэдгээр нь даяарших, хотжих болон хүн ам хөгшрөлт гэсэн нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлт гарахад хүргэх гол хөдөлгөгч хүчин зүйлүүдийн тусгал болдог. Тэрчлэн ядуурал, стресс, удамшлын хүчин зүйлүүд зүрх, судасны өвчтэй болоход нөлөөлдөг.
ДЭМБ зүрх, судасны өвчнөөр нас барсан хүний тоогоор дэлхийн орнуудыг жагсаахад Монгол Улс 100 мянган хүн тутамд 261.15 хүн нас барсан үзүүлэлтээрээ 11 дүгээрт орсон байв. Ийм өвчнөөр хамгийн олон иргэнээ алдсан улсаар Туркменистан (461.09), Украин (384.18), Узбекистан (362.62) “шалгарчээ”. Уг жагсаалтаас үзвэл зүрх, судасны өвчнөөс Япон (30.36) , Франц (29.97), Өмнөд Солонгос (26.39) харьцангуй ангид байна. Манай хойд хөрш ОХУ (320.40) уг жагсаалтын есдүгээрт, урд хөрш БНХАУ (99.44) 70 дугаарт оржээ.
З.АМГАЛАН
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Харвалтын тасгийнхан бүлэн хайлуулах эмчилгээг 50 хүнд хийжээ
“Хүчилтөрөгч нээлттэй байдаг тул арц, хүж уугиулах, тамхи асаах зэргээр гал гаргахыг хатуу хориглоно” гэж П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Харвалтын тасгийн үүдэнд анхааруулан бичжээ. 2013 оны аравнэгдүгээр сарын 6-нд анхны өвчтөнөө хүлээн авсан уг тасгийнхны ачаалал, нөхцөл байдлыг сурвалжиллаа.
“Манай улсын иргэдийг нас барахад хүргэж буй тэргүүн шалтгаан нь зүрх, судасны өвчин, хавдар, харвалт байсан. Сүүлийн үед хавдраас болж нас барах нь харьцангуй багасаж, харвалтаас шалтгаалан амиа алдах нь нэмэгдсэн. Тиймээс Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр энэ тасгийг байгуулсан” гэж Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа ярив.
Уг тасаг нь эрчимт эмчилгээний болон энгийн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг юм байна. Энгийн гэж нэрлэж буй ч энд хэвтэж байгаа өвчтөнүүдийн олонх нь өөрөө бие засаж, хоолоо идэж чадахгүй, сувилагчийн гар харж байв. Тэднийг “морь харуулах”, хооллохоос эхлээд биеийн байдлыг нь ажиглах хамгийн гол үүрэгтэн нь сувилагчид. Ар гэрээс нь сахиур оруулдаггүй бөгөөд тэд өвчтөнүүдийн биеийн байдлыг ажиглахдаа тааруу байдгийг Ж.Ариунаа эмч хэлсэн.
Харвалтын тасаг байгуулснаар эмчилгээний үр дүн 14 хувиар сайжирдаг гэсэн дэлхийн жишиг байдаг аж. Үүний адилаар манай улс Харвалтын тасаг байгуулж, гурван жилийн хугацаанд 3300 орчим хүн эмчилжээ. Тус тасагт жилд 1000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 20 ор нь хаана ч хүрэлцдэггүй гэнэ. Харвасан хүн анхны шинж тэмдэг илэрснээс хойш гурван цагийн дотор эмчид хандах нь эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлдөг байна. Гэхдээ харвасан бүх тохиолдолд Харвалтын тасагт хэвтэх шаардлагагүйг эмч нар хэлэв.
Тархины эдийн цус харвалттай өвчтөнийг тээвэрлэн авчрахад хүндрэлтэй учраас аль болох өөрт нь ойр эмнэлэгт хүргэн, зүрх, судасны үйл ажиллагааг нь тогтворжуулах нь чухал гэнэ. Тус тасгийн эмч нар гурван жилийн хугацаанд бүлэн хайлуулах эмчилгээг 50 хүнд хийжээ. Тархины эдэд цус харвасан үед эмээр эмчилдэг бол захын байрлалтай буюу том хэмжээгээр цус харвасан тохиолдолд мэс засал хийдэг байна. Ингээд эмчилгээ дуусахгүй. Хамгийн чухал нь сэргээн засах эмчилгээ.
Харвасан хүмүүсийн гуравны хоёр нь саажилттай болдог учраас эрт үед нь хөдөлгөөн засал хийснээр бие махбодийг нь эргүүлэн сэргээх боломжтой болдог байна. Хоолоо яаж идэх, бие засах, хувцсаа хэрхэн өмсөхийг ахуйн заслаар зааж өгдөг аж. Харвасан хүмүүсийн 10 хувьд нь хэлний бэрхшээл үүсдэг учир хэл яриа засал чухал үүрэгтэй. Энэ бүхнийг тус тасгийн мэргэшсэн эмч, сувилагч нарт өвчтөнүүдэд зааж сургахаас гадна лхагва гариг бүр ар гэрийнхэнд нь сургалт явуулдаг аж.
Ж.Ариунаа эмчийг тасгийнхаа В хэсэгт ороход нэгэн өвчтөн түүн рүү хуруугаараа дохив. Тэрбээр түүний дэргэд очоод “Хүндэрчихэж. Памперсгүй юм байна. Хурдлаарай” гэж сувилагчаа дуудлаа. Тэдний өтгөн, шингэнтэй өдөржин шөнөжин зууралдавч үл халшрах сувилагч эрхлэгчийнхээ дуунаар төд удалгүй ирэв. Харвалтын шинж тэмдгийг таньж мэдэх нь хүндрэлээс сэргийлэх чухал алхам болохыг Ж.Ариунаа эмч онцлоод ХААХ гэдэг үгийг цээжлэхийг зөвлөлөө. Энэ нь хараа, алхаа, алдах, хэл яриа гэсэн үгийн товчлол аж.
Өөрөөр хэлбэл, нүд бүрэлзэх, юм дутуу, таллаж харах зэргээр хараанд өөрчлөлт орох, алхах гишгэхдээ тэнцвэр алдах, барьснаа алдах, гараа өргөж чадахгүй болох, хэл орооцолдох зэрэг шинж тэмдэг илэрвэл харвалт байж болзошгүй гэнэ. Ийм шинж илэрвэл нарийн шинжилгээ өгөх шаардлагатай.
Цусны даралт ихэсдэг бол бууруулах, хоол, цайны давсаа багасгахаас гадна, таамгаар эм уухгүй байх хэрэгтэйг эмч зөвлөв. Зүрхний хэм алдагдсанаас тархинд очих цусан хангамж дутагдан, харвах эрсдэлд хүргэдэг тул оношлуулах нь чухал аж. Жингийн илүүдэлтэй эсэх, цусан дахь сахар, өөхний хэмжээгээ хянах,
архи, тамхи хэтрүүлэхгүй, стрессгүй байх нь зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга аж. Харвалтын талаар зөв мэдээлэлтэй байвал энэ өвчнөөс сэргийлэх, хүндрүүлэхгүй байх боломжтойг тэндхийн эмч нар хэлсэн.
Эм тариа хэрэглэхээс илүү тухайн хүний биеийн байдлыг тогтвортой байлгах, бөөлжиж байвал бөөлжис амьсгалын замыг нь таглахгүй байх, даралт өндөр, толгой нь өвдөж байвал эмийг нь өгч, хэвтүүлэн тайван байлгаж, яаралтай тусламж дуудахыг зөвлөсөн. Харвасан хүнд архи өгч болохгүй бөгөөд гүн саа үүссэн үед саажилттай гарыг биеийн дээд талд нь байрлуулан, хажуу тийш нь харуулж хэвтүүлдэг юм байна.
Харвалтын тасагт хэвтэж буй хүмүүсийн олонх нь 40-60 насныхан байлаа. Хөдөлмөрийн насныхан өвчилж буй нь харамсалтай. Мөн залуусын дунд тархины цүлхэнгийн шалтгаант болон цус хомсрох харвалт ихсээд байгаа. 19, 20 хэдхэн настай залуус өвчлөх нь цөөнгүй байна” гэж Ж.Ариунаа эмч санаа зовинон хэлсэн.
Үүний дараа зүрхний шигдээсийн тасгаар оров. Хэвтэн эмчлүүлж буй гурван хүн тутмын нэг нь эмэгтэй бөгөөд олонх нь 45-75 насныхан. Зүрхний шигдээсийг эрт оношилбол эдгэх боломжтой аж. “Жингээ хянаж, холестрин, цусан дахь чихрийн хэмжээгээ хэвийн байлгах, долоо хоногт дор хаяж 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийвэл зүрхний шигдээсээс сэргийлэхийг тус тасгийн эрхлэгч Ч.Гэрэлтуяа хэлэв.
Тус тасгийн эмч нар өдөрт хоёроос олон удаа мэс ажилбар хийдэг аж. Өчигдрийн байдлаар (арваннэгдүгээр сарын 1) титэм судасны дотуурх мэс ажилбарыг зургаан удаа хийжээ.
Ч.БОЛОРТУЯА
БАЙР СУУРЬ
Бид энэ аюултай өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд юу хийх ёстой талаар мэргэжлийн эмч нарын байр суурийг сонслоо.
ЗҮРХНИЙ ДУТАГДЛЫН ГОЛ ЭМЧИЛГЭЭ НЬ ТҮҮНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ
Б.ЖАРГАЛСАЙХАН (Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Зүрх судасны кабинетийн их эмч)
Би мэргэжлээрээ ажиллаад 10 гаруй жил болж байгаа. Сүүлийн 4-5 жилд зүрх, судасны эрхтэн тогтолцооноос үүдэлтэй өвчин ихсэж, тэр хэрээр залуужиж байна. Ялангуяа зүрхний архаг дутагдлыг онцолж ярих хэрэгтэй болов уу. Өнгөрсөн онд гэхэд л манай эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай 50 гаруй өвчтөн хандсан. Тэд 35-44 насныхан байсан. Энэ төрлийн өвчин зүрхний үйл ажиллагаа доголдсоноос үүсдэг.
Энгийнээр тайлбарлавал зүрхний ховдлуудын цус дүүргэлт, даралтын механизм хэвийн бус болохыг хэлнэ. Энэ нь амьсгаадах, ядарч сульдах, ажлын бүтээмж, ачаалал даах чадвар буурах, хөл хавагнах зэргээр илэрдэг. Аливаа өвчний үед илрэх шинж тэмдгийг хүнд, хөнгөн гэж ангилдаг. Зүрхний дутагдлын үед илэрдэг дээрх шинж тэмдгүүдийн ихэнх нь хөнгөн хэлбэрийнх учраас хүмүүс эрт оношлуулж, эмчлүүлэлгүй явсаар хүндрүүлдэг.
Өвчтөнүүдийн олонх нь III, IV шатанд (даамжрал, эрсдэл зэргээс хамааран I, II, III, IV түвшинд авч үздэг) бидэнд хандаж байна. Зүрхний дутагдлын гол эмчилгээ нь түүний ачааллыг бууруулах үйлчилгээтэй эналаприл, дигоксин зэрэг эм хэрэглэж, өөртөө санаа тавих. Өөх тос ихтэй хоолноос татгалзах, цусны даралтаа ихэсгэхгүй байх, илүүдэл жингээ хасах, мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх зэрэг нь зүрхний дутагдал болон бусад өвчинд өртөхөөс хамгаалдаг.
ЗҮРХ, СУДАСНЫ ӨВЧНИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
Б.ЦЭРЭНБАДАМ (Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн зүрх, судасны мэргэшсэн эмч)
Манай эмнэлэг 2010 оноос зүрхний эхо оношилгоо хийдэг болсноор зүрх, судасны олон эмгэгийг илрүүлэн эмчлэх болсон. Ингэснээр хагалгаа, холтер-мониторинг (зүрхний цахилгаан бичлэг) хийх, стент тавих зэрэг дараагийн шатлалын эмчилгээг хугацаа алдалгүй хийх боломж бүрдсэн юм. Зүрх, судасны өвчин жилээс жилд нэмэгдэж буй энэ үед эхо оношилгоо хийдэг кабинеттай байна гэдэг том давуу тал. Энэ төрлийн өвчнийг бууруулахад иргэдийн оролцоо хамгийн чухал.
Амьдралынхаа хэв маягийг өөрчлөн, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хүнс хэрэглэж хэвшицгээе гэж уриалмаар байна. Хэчнээн үнэтэй эм ууж, эмчилгээ хийлгэсэн ч өөртөө санаа тавихгүй бол үр дүн гарахгүй шүү дээ. Зүрхний үйл ажиллагаанд тустай хоол хүнс, дэмжих дасгал хөдөлгөөн хүртэл бий. Тухайлбал, зүрх, судасны үйл ажиллагаа алдагдсан үед бууцайг хүнсэндээ өргөн хэрэглэвэл зохимжтой.
Энэ нь судсыг бэхжүүлж, хатуурахаас сэргийлдгээс гадна зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Иргэдийг энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болгохын тулд сургалт, зөвлөлгөөн тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Тэр тусмаа орон нутгийнханд энэ талаар мэдээлэл хомс байдаг. Зүрх судасны өвчний үед ямар шинж тэмдэг илэрдгийг хүн бүхэн мэддэг байх учиртай.
Жишээ нь, хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг болох зүрх орчим зүүн гар, мөрөөр хатгаж, чилж өвдөх, амьсгаадах, хоолой бачуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй.
ХОРТ ЗУРШЛАА ОРХИН, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ, ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭЭРЭЙ
Б.ОЮУН (Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн их эмч)
Зүрх, судасны өвчин газар авч буйн илрэл нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх нь ихэссэн явдал. Манай аймгийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн жил “Эрүүл зүрх, энх амьдрал” аян өрнүүлж, энэ хүрээнд нэлээд арга хэмжээ зохион байгуулсан. Ховд аймагт зүрхний эмгэгтэй, эмчийн хяналтад байнга байдаг 150 гаруй хүүхэд бий. Энэ төрлийн өвчин жирэмсний 2-8 долоо хоногтойд үүсэж, 1000 нярайн 5-8-д нь тохиолдож байгаа нь харамсалтай.
Жирэмсэн үедээ цацраг туяаны нөлөөнд өртөх, зүрхний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй эм, тамхи, согтууруулах ундаа хэрэглэх, томуу, гепатит зэрэг халдварт өвчин тусах нь урагт зүрхний гажиг үүсэх шалтгаан болдог. Нэн ялангуяа эхчүүд, ирээдүйд ээж болох хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй.
Та амьдралдаа хэр зэрэг эрүүл дадал зуршил бий болгосноос шалтгаалж хүүхэд эрүүл саруул өсөж, бойжно. Зүрх судасны өвчин залуужиж байгаагийн шалтгаан нь ердөө энэ. Удамшаагүй л бол иргэд зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах боломжтой. Хорт зуршлаа орхин, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хүнс хэрэглээрэй. Мөн артерийн даралт, цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд байлгах хэрэгтэй.
АМНЫ ХӨНДИЙН ҮРЭВСЭЛТ ӨВЧИН ЗҮРХ, СУДАСНЫ ЭМГЭГ БИЙ БОЛГОДОГ
Б.ОДГЭРЭЛ (УБТЗ-ын Төв эмнэлгийн зүрх, судасны эмч)
Зүрх, судасны үйл ажиллагаатай холбоотой олон өвчин бий. Үрэвсэлт, бодисын солилцооны гэх мэт. Эдгээр өвчний гол шалтгаан нь таргалалт, хөдөлгөөний дутагдал. Тиймээс өдөр тутам дасгал хөдөлгөөн хийж, алхаж сураарай. Мөн сүүлийн үед амны хөндийн гаралтай үрэвсэлт өвчин ихсэж байна.
Үүнд ихэвчлэн залуус өртдөг бөгөөд даамжирсаар зүрх, судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Зүрхний эход үзүүлж буй иргэдийн 90 хувь нь ийм төрлийн өвчтэй байдаг. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын ес нь зүрх, судасны ямар нэг эмгэгтэй гэсэн үг.