“...Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь... гээд л дуулсан эзнээ уярааж нялхруулдаг “Миний сайхан ээж”, эд эс сэргээх эрчим өгөх “Жалам хар”-ын аялгуу монгол хүн бүрийн сэтгэлийн мухарт хадаатай байдаг билээ. Домог болсон эдгээр бүтээлийг хэн зохиосныг та мэдэх үү. 10 хүнээс ингэж асуухад хоёрхон нь л Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог гэж зөв хариулсан нь харамсалтай. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын Чойдоковский (Монголын Чайковский) хэмээн хүндэлдэг энэ эрхэм уран бүтээлүүдээрээ өөртөө хөшөө босгожээ.
Монголын хамгийн олон буюу “Шарилжин дундах цэцэг”, “Мөнхийн найрамдал”, “Хөгжмийн эгшиг”, “Мөнгөн залаа” гэх дөрвөн балет бичиж, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн уран бүтээлд гол үүрэг гүйцэтгэн, түүний дэглэсэн “Хатад”, “Аягатай бүжиг”, “Хадагтай мэндчилгээ”, “Олон үндэстнүүдийн бүжгийн чуулбар”-ын хөгжмийг зохиожээ. Тэрбээр “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог”, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, “Хүргэн хүү” зэрэг киноны дуу тэргүүтэй олны мэддэг бүтээлээс эхлээд дуурь, симфони зэрэг хөгжмийн зохиолын ихэнх төрлөөр 200 гаруй зохиол бичсэн байдаг.
Эхнэр Ж.Цэгмэд, нагац эгч Хажидмаа, хүү Батчулуун, Ганбат нарын хамт
“Монголын сайхан орон” баримтат киноны хөгжим буюу Төрийн шагнал хүртсэн бүтээлийнх нь тухай Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монголын хөгжмийн зохиолчдын 12 хөрөг” номдоо “Бүхэл бүтэн симфони найраглал, зураглалтай эн тэнцэнэ... Туйлын уран тансаг аялгууг тэрбээр монгол дуунаас эшилж хэрэглэсэн нь бараг үгүй ч ардын дуунаас холдсон ая бас байхгүй...Энэ зохиолынхоо аль ч хэсэгт монгол хүний сэтгэлд тогтон үлдэх, баттай боловсорсон хэмнэлийн цөм бий болгожээ. Түүнийгээ тухайн хэсгийн гол судасны лугшаа болгож чадсанаар хэсэг бүрийн хөгжим нь бие даасан бэсрэг бүтээл болсон. Эдгээр бие даасан бүтээл нийлээд эх сайхан нутаг, эрх чөлөөт амьдрал, цогцлоож байгаа бүхнээрээ бахархсан монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн нэгдмэл дуулал болсон юм” хэмээн бичжээ.
Түүнийг 1926 оны аравдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод мэндлэхэд аав Цагаан, ээж Эрэгзэн нь Батчулуун нэр хайрласан гэдэг. Гэвч багадаа хүндээр өвдөхөд нэгэн лам нэр нь хүндэдсэн гэх “онош” тавьж солиулсан аж. (Энэ нэрийг хожим ууган хүүдээ өгсөн) Шүүх яаманд галчаар ажиллаж байсан аав нь Дотоод яамны бага сургууль 1937 онд байгуулагдахад хүүгээ элсүүлжээ.
Э.Чойдог 1940-1942 онд Уран сайхны сургуульд сурч, Улсын төв театрт 1949 он хүртэл хөгжимчнөөр ажиллаад 1952 он хүртэл Дорнод аймгийн театрт хөгжмийн багш хийжээ. Үүний дараа Улсын хөгжмийн драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад 1953-1956 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагч болж 1961 он хүртэл Москвагийн хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид М.Чулаки багшийн удирдлага дор суралцсан байна.
Ийн Ховд аймгийн театрт жил гаруй хөгжмийн багш хийж, ЗХУ-д диплом хамгаалаад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт 1967 он хүртэл ажилласан аж. Улсын ардын дуу, бүжгийн чуулгад 1981 он хүртэл удирдаач хийж, 1981-1988 онд Дархан хотын “Залуучууд” театрт хөгжмийн багшаар ажилласан байна.
Түүний талаар хэн юу ярьсныг хүргэе.
Б.ЗАНГАД: ТИЙМ ХҮНЭЭС Л ШИЖИР АЛТ ШИГ БҮТЭЭЛ ТӨРДӨГ БАЙХ
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин
-Э.Чойдог гуайн тухай хэвлэлд анх удаа ярьж буйг минь онцолж бичээрэй. Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд түүнтэй хамт суралцсан юм. 1957 оны нэгдүгээр сард анхны шалгалтын хүрээнд тэрбээр “Бумтан жолооч” дуу хийснийг нь би дуулж байлаа. Их театрын дарга байсан Чулаки тэргүүтэй багш нар шалгаж, Чойдог гуай онц дүн авсан юм. Надаас 10 насаар ах боловч нэг жил сургуульд явсан учир түүнийг “Чи” гэж дууддаг байсан.
Одоо эргээд бодох нь ээ, “Тийм авьяастай, агуу хүнийг яах гэж өөртэйгөө дүйцүүлж, үе тэнгийн мэт дуудаж байв даа” гэж харамсаж, ханцуйндаа залбирдаг. Шал шал хийж өөрийгөө магтаж, бусдад уурлаж, гомдож, харааж байхыг нь ер үзээгүй. Их дөлгөөхөн, хүн чанартай, жинхэнэ эр хүн байсан. “Сайхан юм хийжээ” гэж бусдыг үнэлдэг, баярлуулдаг, урмын буянтай эр байсан даа.
Тийм мөн чанартай хүнээс л шижир алт шиг бүтээл төрдөг байх. Бид хичээлийн бусад цагаар кино, уран зургийн үзэсгэлэн, музей их үзэж, монголчуудын уулзалт үдэшлэгт оролцдог сон. Оюутан байхад ханилсан бүсгүй нь салаад явсан ч дэргэд байгаа хүмүүстээ зовлонгоо үүрүүлэхгүй гэсэндээ ч тэр үү, энэ тухай нэг их ярьдаггүй байсан.
Б.ЖАМЪЯНДАГВА: ТҮҮН ШИГ ХҮН БИ ДАХИЖ ОЛЖ НАЙЗАЛСАНГҮЙ
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, бүжиг дэглээч
-Хаагдчихсан байсан Ховдын театрыг сэргээж, уран бүтээлчдийг сургахаар 1961 онд биднийг тэнд томилсон. Бид Баруун Монголын үндэстэн ястны бий биелгээ, хөгжмийн судалгаа хийхээр Ховдын сумдаар явж ахмадуудтай уулздаг байлаа. УДБЭТ хөшгөө нээхэд хамгийн анхны монгол балетыг бид тавьсан. Балетын хөгжим бичих амаргүй тул балетмейстертэй ярилцаж, зөвлөж байж сурдаг.
Чойдог бусдын үгийг сонсож, юм сурахдаа их сайн. Тиймдээ ч бид дөрвөн балет хийжээ. Хөгжмийн зохиолчдын бичиж ирсэн балетын хөгжмийг сонсоод “Энэ хэсгийг ингэж өөрчилмөөр байна” гэхээр тааруухан хүн илүү муу болгоод эсвэл тэр хэвээр нь аваад ирдэг. Тэгтэл Чойдог яг хүссэнээр бичиж, хөгжмийг яриулж чаддаг ховорхон авьяастай хүн.
Түүний хөгжим бүжиглэхэд маш эвтэйхэн. Бичсэн хөгжмийг нь сонсоод улаан харандаагаар ноотон дээр нь тэмдэглэгээ хийж, “Энийг хасъя. Хэрэв хасуулмааргүй байвал хамгаал” гэхээр “Чиний зөв” гээд хачин гоё болгоод ирдэг сэн. Нэг удаа бичсэн хөгжмийнх нь ноотон дээр улаан харандаагаар зурж, “Янзлах хэрэгтэй” гэхэд учиргүй хөхрөөд байх юм. Учрыг асуутал “Яг үүнийг хасуулах гэж л бичсэн юм чинь” гэсэн. Гол юмыг нь хасчихна гэж санаад зориуд муу хэсэг оруулж ирж байхгүй юу.
Хүний дотоод сэтгэлийг хөгжмөөр илэрхийлэхдээ тун гаргууд. “Шарилжин дундах цэцэг”-ийн хоёр адажио гайхмаар гоё аялгуутай. Симфони бичихдээ хаана аль зэмсгийг эгшиглүүлэхээ сайн мэддэг, том хөгжмийн зохиолч. Бидний хийсэн балетууд өөр өөрийн онцлогтой.
“Шарилжин дундах цэцэг” хоёр баатар эр нэг эмэгтэйд хайртай болж биенээ хөнөөж буйг, “Мөнхийн нөхөрлөл” Зөвлөлт, Монголын дайнаар гагнагдсан найрамдлын тухай өгүүлдэг. “Хөгжмийн эгшиг”-т балетчид хөгжимчин болж хувираад сонгодог бүжгийн уран хөдөлгөөнөөр тухайн зэмсгүүдийн онцлог, мөн чанарыг илэрхийлдэг. Үйл явдал, драмгүй шинэ хэлбэрээр тавьсан балет.
Дараа нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тухай, бамбар тугал хоёрын нөхөрлөлөөр энх тайван найрамдлыг өгүүлсэн “Мөнгөн залаа” балет тавьсан. Гурван бүлэгтэй энэ балетад лусын болон чөтгөр шулмын ордныг дүрсэлдэг, олон хүний бүрэлдэхүүнтэй бүжиглэдэг. 1991 онд ДБЭТ-ын бүрэлдэхүүн цөөрснөөр үүнийг тоглох боломжгүй болсон юм. Чойдогийн мундаг зохиолыг амьд байлгахын тулд “Мөнгөн залаа”-гийн хөгжмийг ашиглан, “Чойжид дагина” балет дэглэсэн.
Манайхан уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлж 100 грамм татах нь бий. Чойдогийг ид хөгжмийн зохиол бичиж байхад золигийн найзууд нь хэдэн хоногоор уруу татдаг байлаа. Ямар сайндаа “Цаадуулаа явтал энд ийм, тийм хөгжим бичээд сууж бай” гээд өрөөнд түгжиж байх вэ дээ. Дуулгавартай амьтан болохоор үүрэг ёсоор биелүүлдэг сэн. Чойдогт дургүй хүн гэж нэг ч байхгүй.
Түүн шиг хүн би дахиж олж найзалсангүй. Миний нөхөрлөж байсан хүмүүсээс хамгийн алт шиг хүн нь Чойдог. Манай хөгжмийн ахмад зохиолчид түүнийг Монголын Чайковский гэдэг. “Мөнгөн залаа” балетын хяналт болж, том дарга нар үзэх үеэр Чойдог намайг нэг их баярлуулж билээ. Өнөө дуу муутай хүн чинь “Та минь ээ, нэг хэлэх юм байна. Би их сургуульд сураагүйгээ Жамъяндагваас л авсан шүү” гэсэн.
Надаас сурах юу байх вэ дээ. Тийм л даруухан хүн дээ. Ахмад үеийнхэн Д.Нацагдоржийн “Үйлийн гурван толгой”-гоор балет дэглээч гэж захидаг байсан юм. Би ч захиасыг биелүүлэхээр судалгаа хийж, Чойдогоор хөгжим бичүүлж эхэлсэн. Түүний бие муудаж, дийлэхээ байгаад, дараа нь Дарханд ажиллахаар явсан учир Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Мэнд-Амараар бичүүлсэн. Үр хүүхдэд нь тэр балетын түрүүчийн бичиж эхэлсэн хөгжимнүүд байх л ёстой.
П.ХАЯНХЯРВАА: УРАН БҮТЭЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ ӨНГӨРЧ ДЭЭ
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч
-Амьдралынхаа турш зохиосон бүтээлүүдийг нь цэгнээд үзэхээр нэг удаагийн Төрийн шагнал, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол аваад зогсохооргүй шаргуу, дайчин ажиллажээ. Уран бүтээлээ зохих хэмжээгээр үнэлүүлж чадаагүй өнгөрч дээ гэж харамсдаг. Энгийн даруу ааш зантай хүн байсан юм. Бор дарс хааяа хүртдэг байсан нь сул тал мөн боловч үүнээс болж ажлаа хаяж, бусдыг хохироож, гудамжинд гартлаа уугаагүй юм шүү.
Архи ууж байсан болохоор өөдлөөгүй гэж зарим улс боддог нь их буруу. Уран бүтээлчид онгодоо янз бүрээр дууддаг байсны нэг хэлбэр л тэр болов уу. Гэхдээ хөгжим бичихдээ огт амсдаггүй. Цагаан цайлган, өгсөн ямар ч том даалгаврыг үг дуугүй биелүүлдэг хүн байлаа. Хүн өөрт нь агсам тавьж, элдвээр хэлсэн ч инээгээд л сууж байдаг хүнлэг хүн. ҮДБЭЧ-ын суурийг Мөрдорж гуай Чойдог хоёр цутгаж, урын санг нь баяжуулж, хөгжмийн бүрэлдэхүүнийг нь өргөтгөсөн. Түүний хөгжмийн ачаар Сэвжид гуай гол уран бүтээлүүдээ хийсэн юм.
Гэхдээ том юм хийлээ гэж цээжээ дэлдэж, үнэрхэнэ гэж үгүй. Бусадтай залуу, хөгшин гэж ялгалгүй харилцдаг. Өөрт тохиолдсон бэрхшээл, адал явдалд их хүлцэнгүй ханддаг. Нэг удаа гэртээ харих гээд явж байхад малгайг нь сэп хийтэл шүүрчихсэн гэдэг. Тухайн үед малгай шүүрэх явдал элбэг байж л дээ. Тэгтэл Чойдог “Өө, яаж байгаа юм бэ дээ” гэчихээд л гэртээ орсон гэдэг. Маргааш өглөө нь ажилдаа явахаар гартал малгай нь модонд өлгөөтэй байсан гэнэ лээ.
Модны мөчирт өлгөгдөөд үлдсэн байж. Бас нэг удаа чихцэлдэж, арай гэж автобусанд ортол араас нь нэг хүн малгайг нь шүүрчээ. “Өө яаж байгаа юм бэ” гэхэд нь “Чойдог гуай байсан юм уу” гээд эргүүлээд тавьчихсан аж. Гэртээ ортол орос эхнэр нь жигтэйхэн эвгүй хараад л “Юу өмсчихөө вэ” гэхэд толинд хартал үхсэн муур шиг хуучин малгай тавьсан байж гэнэ.
Түүнийг хөдөө аймгууд руу байнга “хөөнө”. Тэр бүрт үгүй гэж чаддаггүй. Хөдөө ажиллуулахаар болоход нь нэг удаа эсэргүүцэж, “Би орос эхнэртэй болсон. Одоо тохьтой тухтай сууж, хотод ажиллая” гэж л дээ. Гэтэл тухайн үеийн Соёлын яамны сайд Болд бушуухан шургуулганаасаа Ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль гаргаж шагнатал “Хэзээ явах вэ” гэж байсан, тийм гэнэн, амархан баярладаг хүн байж дээ.
Ч.БАТЧУЛУУН: САЛСАН УЧРААС Л ОРОН НУТАГТ ТОМИЛДОГ БАЙСАН БОЛОВ УУ
Э.Чойдогийн ууган хүү
-Аав минь 1947 онд миний ээж Ж.Цэгмэдтэй ханилсан юм билээ. Түүнийг Москвад сургуульд явснаас жилийн дараа ээж өөр хүнтэй сууж, дүү Ганбат бид хоёрыг аавын ээжийн төрсөн дүү Хажидмаагийнд үлдээсэн. Аавыг зуны амралтаараа ирэх хүртэл тэр хөгшин л биднийг харж ханддаг байлаа. Аав ирэхээрээ дүү бид хоёроос салахгүй, хаа ч явсан дагуулж явна. Гадаа гарч эр, гэрт орж эм болж, бүхнийг хийдэг байлаа. Ээжээс салснаас хойно гэртээ, унтлагынхаа хувцастай “Жаахан шарга” дуунд найруулга хийж, төгөлдөр хуураар тоглож, элдвийг эргэцүүлж суугаа нь нүдэнд харагдахаар их өрөвддөг юм.
МАХН-д элсэхээр гурван удаа өргөдөл өгсөн ч гэр бүлийн тогтворгүй байдлаас шалтгаалж хүсэлтийг нь аваагүй. Эхнэрээсээ салсан учраас л байнга орон нутагт томилдог байсан болов уу. Нэг аймгаас нөгөө рүү үргэлж шилждэг, нүүдлийн маягтай амьдардаг байлаа. Барилгын зургийн институтийн анхны дарга Чимэд гуай гэрийн үйлчлэгч орос бүсгүйтэйгээ танилцуулсан нь түүний хоёр дахь гэргий Климова Клавдия Гавриловна.
1958 оны намар жаахан охинтой орос бүсгүй дагуулж ирээд дүү бид хоёртой танилцуулсан. Ний нуугүй хэлэхэд, тэр хүн аавыг минь бид хоёроос салгаад авчихсан. Бидэнд ойртуулна гэж байхгүй. Хажидмаа эгч маамыг анх гэрт ирэхэд “Энэ хоёр хүү айл дамжсаар хэцүүдлээ. Ээж шиг нь байж харж ханд” гэж хэдэн үг хэлэхэд нь “Хуц, уль” гээд хэрэлдэж, их дургүй байсан. Дорнодод хамт амьдарч байгаад би хотод сургуульд сурна гээд ирсэн юм.
Аав томилолтоо дуусгаад араас ирэх байсан ч тэгсэнгүй. Хуучин амьдарч байсан гэртээ очихоор өөр хүн хаалга тайлаад “Ирээгүй” гэдэг. Эхнэр нь л явуулдаггүй байсан юм билээ. Тэр үед надад хэсээгүй хамаатны айл байгаагүй. Би ч цэрэгт явж халагдаад иртэл аав “Хүргэн хүү” киноны хөгжим бичсэний шагнал 3000 төгрөгөө маамаас нууж, надад өгсөн. Тэр өдрөөс хойш маам аавын минь цалинг өөрөө очиж авдаг болсон юм билээ. Сүүлд тэрбээр архинд гүн орж, согтуудаа аавын минь хамрыг хоёр ч удаа хугалж, гуя руу нь хутгалсан.
“Залуучууд” театрт ажиллаж байхад нь буюу 1988 оны хавар уран бүтээлийнх нь тоглолт Улаанбаатарт болж, манайд ирсэн юм. “Та хүүхдүүдтэйгээ ойрхон, хотод ирж амьдраач” гэхээр “Клавдия зөвшөөрөхгүй байна” гэнэ. 1988 онд хийх уран бүтээлийн жагсаалт гаргасан тэмдэглэл бий. Тэр жилийн долдугаар сарын 7-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн шүү дээ.
Тэр оны зургадугаар сарын 1 хүртэл “Хүслээр амилсан хөдөлмөр” симфони найрал хөгжимд зориулсан чуулбар бичиж, бүжгийн болон дууны түүвэр бэлтгэх, Дамдины Сүхбаатарын тухай симфони найраглал бичиж дуусгах, “Жууяар хүүхэн” нэртэй хошин дуурь зохиох материал цуглуулах төлөвлөгөөтэй байсан. Харин арванхоёрдугаар сарын 30 хүртэл өнөө хошин дууриа бичиж эхлэх, “Уяхан замбуу тивийн нар” дөрвөн ангитай симфони бичих материал цуглуулж эхлэн бичих ажилдаа орох гэх зэргээр тэмдэглэл хөтөлсөн байдаг.
Гэвч маам “Толгой өвдөж байна” гээд хөгжим ганц дон хийлгэдэггүй байсан гэдэг. Ямар сайндаа манайд ирэхдээ хөгжимгүй байж гараараа зохиол бичээд суух вэ дээ. Соёлын яамны хариуцлагагүйгээс болж хөдөлмөрийн дэвтэргүй болж, хөөцөлдсөөр 62 насандаа тэтгэврээ тогтоолгосон. “Миний хүү хөгжимчдийг их хайрлаж байгаарай. Дуучид, бүжигчид гавьяа шагнал авдаг ч тэдний хөгжмийг эгшиглүүлдэг улс нүхэн дотор суугаад гараа цэврүүттэл хөгжимддөг юм шүү” гэдэг сэн.