Австралийн цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Алекс Хаук цагаач эцэг эхчүүдэд таван жилийн түр виз олгох шинэ журам батлах болсныг албан ёсоор зарлалаа. Гэхдээ шинэ визний журам 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж мэдээлсэн юм. Ноён Хаук одоогийн визний журам иргэдийн сэтгэгдэлд нийцэхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Одоогийн журмаар бол зарим эцэг эхчүүд түр виз авахын тулд 30 жил хүртэл хүлээх хэрэг гардаг гэнэ.
Тодруулбал, Австралийн иргэний эцэг, эх нь цагаач бол түр амьдрах виз авахын тулд 18-30 жил хүлээж, энэ хугацаанд ойролцоогоор 7000 ам.долларын зарлага гаргадаг бол бизнес эрхэлдэг, эсвэл ашигтай мэргэжилтнүүд хоёр жилийн хугацаанд 50000 ам.долларын төлбөр төлж, түр амьдрах эрхтэй болдог аж.
Австралийн өнгөрсөн сонгуулиар цагаач эцэг эхтэй иргэдийн зүгээс цөөнгүй гомдол ирж, энэ асуудлыг нэн яаралтай шийдэж өгөхийг шаардаж байсан юм. Австралийн иргэний иргэн бус эцэг эх нь 12 сарын хугацаанд л тус улсад зочилж болох заалтыг одоогоор мөрдөж буй. Тэгвэл энэ заалтыг гурван жил хүртэл сунгахаар төлөвлөж байгаа аж.