“Өнөөдөр бахархах зүйлгүй хүн өнгөрснөөрөө сайрхдаг”. Монголын аялал жуулчлалын салбарын унтаа, урагшгүй байдлыг энэ үгээр дүгнэж болох юм шиг. Салбарын бодлого тодорхойлдог яам, төрийн захиргааны байгууллагууд нь “Аялал жуулчлалын салбар хөгжсөөр буй, Чингисийн Монголыг, нүүдэлчдийг дэлхий нийтээрээ сонирхож байна” гэхчлэн чихэн дээр цэцэг ургуулдаг ч жаргал зовлонг нь биеэрээ туулж яваа жинхэнэ дайчид болох тур операторууд, жуулчны баазын захирлууд нөхцөл байдал хүндхэн байгааг хэлдэг.
Үүний нэг жишээ нь, Монголыг зорих жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гэх амлалт. Салбарынхны уриа лоозон болсоор 10 гаруй жилийг үдэж буй энэ мөрөөдөл уг нь 2010 онд биелэх учиртай байв. Засгийн газар ийм зорилт дэвшүүлсэн. Гэвч тэр үеэс хойш (2005 он) 11 жил өнгөрчихөөд байхад манай оронд зочилдог жуулчдын тоо жилд саяын талд ч хүрсэнгүй. Харин ч өнгөрсөн онд өмнөх найман жилийн дунджаас бага жуулчин хүлээн авсан.
Гэтэл саяхан БОАЖ-ын сайд 33 орны төлөөлөгчийн өмнө “2020 он гэхэд жилд нэг сая жуулчин хүлээн авдаг болно” гээд амлачихлаа. Түүний үг биелэх үү, эсвэл мөрөөдөл хэвээр үлдэх үү гэдэг нь олон хүний анхаарлыг татаж буй. Ямартай ч олон жилийн настай энэ мөрөөдлийг биелүүлэх гол шийдэл нь аялал жуулчлалын салбарыг “ичээнээс нь гаргаж”, улирлын хамааралгүй болгох явдал гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Ийм шаардлага зайлшгүй тулгараад буй. Учир нь, манай улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлээгүйгээс жилийн есөн сарыг “унтаж” өнгөрөөдөг.
АШИГЛАДАГГҮЙ БОЛОМЖ
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга Талеб Рифай өнгөрсөн сард манай улсад зочлохдоо “Монгол орон бол тусгай сонирхлын орон. Тэр дундаа өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой” гэж тодотгосон. Түүний энэ үг магтаал, сайшаал мэт сонсогдох ч нөгөөтэйгүүр “Та нар буруу замаар яваад байна” гэж хэлэх шиг.
Мэдээж урин дулаан цаг аялж, жуулчлахад хамгийн таатай үе ч жилийн талаас илүү хугацаанд эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд аж төрдөг бидний хувьд өвлийн улиралд жуулчдыг хэрхэн татаж, энэ салбараас олох орлогоо нэмэгдүүлэх вэ гэдэг нь гол асуудал юм. Дэлхийн хүн амын 50 хувь нь амьдралдаа огт үзээгүй, цас, мөстэй бид жил бүр нүүр тулдаг. Дубай, Майнас зэрэг дэлхийн тэргүүлэх хотууд жуулчдыг татахын тулд хиймэл орчин бүрдүүлэн, жилийн турш цас будруулж өвлийн улирлыг мэдрүүлэхийг оролдож байна.
БНХАУ ч сүүлийн жилүүдэд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж, Харбин хотод дэлхийн хамгийн том мөсний баяр зохион байгуулан сая сая жуулчин хүлээн авч буйг мөсөн сийлбэрийн тамирчид хэлэв. Гэтэл бид өвлийн улиралд 50 мянга хүрэхгүй жуулчин хүлээн авч, тэдэнд зориулсан цөөн хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсаар байна. Уг нь үүнээс ч илүү боломж бидэнд бий ч үүнийгээ ашигладаггүй хэмээн салбарынхан нь хэлдэг. “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах “Манай улсад өвөл зохион байгуулдаг арга хэмжээ Хөвсгөлийн мөсний баяр, Өмнөговийн Тэмээний баяр, Чингисийн хүрээ баазад болдог Бүргэдийн баяр төдийхнөөр хязгаарлагдаж байна.
Морь, тэмээ, цана тэшүүрийн, цаа буга, морь болон нохой чарганы, мөсөнд авирах, цаатны урцанд хоноглох, Цагаан сар, шинэ жилийн баяр үзэх, ан хийх, мөсөн цооногоос загас барих, харзны усанд орох, мөсөн шагайгаар наадах зэрэг олон, сонирхолтой аялал зохион байгуулах боломжтой” гэсэн юм.
Монголын үндэсний их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн багш Ү.Нэргүйгийн хэлснээр бол манай улс аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгаж, хөгжүүлснээр нийгэм, эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрэх боломж бүрдэх аж. Өдгөө энэ салбараас олж буй орлого ДНБ-ий 3.2, гадаадын хөрөнгө оруулалтын 13 орчим хувийг бүрдүүлж, 50 мянга гаруй ажлын байр бий болгоод буй.
ХАРШИХ БИШ, ХОРШИХ ХЭРЭГТЭЙ
Ү.Нэргүй багшийн хэлснээр аялал жуулчлалын салбарыг мөнхийн “ажиллагаатай” болгоход манай улсад үйл ажиллагаа явуулдаг 613 тур оператор, 349 жуулчны бааз онцгой үүрэгтэй. Ер нь ч тэд энэ салбарын тэргүүн фронтод байсаар ирснийг Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт хурлын үеэр онцолсон. Гэвч дан ганц тур операторууд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг боломжгүй.
Санаа байв ч сачий нь хүрэхгүйн зовлон бий. Үүнд төрийн цогц бодлого, дэмжлэг хэрэгтэйг салбарын төлөөллүүд хэлж байна. Тэдний зарим нь “Жуулчны бүх бааз өвөл үйл ажиллагаа явуулж чадахгүй учир цөөн хэдийг сонгон шалгаруулж, тодорхой бүс нутагт төвлөрүүлэх ёстой. Төр, засаг тус баазыг татвараас чөлөөлөн, хөнгөлөлттэй, хүүгүй зээл олгох хэрэгтэй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Улсаас хөрөнгө гаргаж, компаниудаа дэмжин, сайн сурталчлах ёстой. Жуулчид байрлах, тав тухтай байр бий болгохоос эхлээд аяллын брэндтэй болгоход анхаарах нь чухал” гэдэгт санал нэгдэж байв.
Аялал жуулчлалын салбарын хөгжлөөр Азидаа тэргүүлдэг Тайланд, БНХАУ, Тайвань, Малайз, Хонконг зэрэг орон энэ чиглэлийг төр, засгийн бодлогоор хөгжүүлж иржээ. Тухайлбал, эдгээр орон бизнес уулзалт, хурал чуулган, улсынхаа онцлог, өв соёлд түшиглэсэн арга хэмжээ зохион байгуулах замаар жуулчдыг татаж байна. Манай улс ч энэ жишгийг дагахаар болж, нийслэлийн Засаг дарга олон улсын хурал чуулган, томоохон үйл ажиллагааг Улаанбаатарт өвлийн улиралд зохион байгуулахыг үүрэгдсэн.
Энэ хүрээнд “Шангри-Ла”, “Рамада”, “Бест Вестерн”, “Кемпински”, “Холлидэй Инн” зэрэг дөрөв, таван одтой зочид буудлын өртгийг өвлийн улиралд 50 хувь хямдруулахыг санал болгосон. Гэвч нөхцөл байдал дээрдсэнгүй, бахь байдгаараа л байна. Хэзээ бид нэг сая жуулчин хүлээн авч, өвлийн улирлаа “ашиглах” юм, бүү мэд. Засгийн газар аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, дэд бүтцийг хөгжүүлж, жуулчид хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зургаан зорилт дэвшүүлээд буй.
Гэвч тэдгээрийн дотор өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой нэг ч үг, өгүүлбэр алга. “Казиногийн болон Морин бооцоот уралдааны тухай хууль батална”, “Жилдээ 3.5 сая жуулчин хүлээн авдаг олон улсын нисэх онгоцны буудалтай болно” гэсэн үлгэрийн мөрөөдөл хөвөрсөөр. Жилийн гуравхан сард “амилдаг” үлгэн салган аялал жуулчлалын салбартай байхад хэчнээн том онгоцны буудал, сайхан хууль байгаад хэрэг юун.
“Өнөөдөр”-ийн асуулт
Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд юу хийх ёстой, бидэнд ямар боломж байна вэ?
Д.Гантөмөр: (Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч) Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж олон жил ярилаа. Гэвч ярихаас хэтэрсэнгүй. Энэ салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн уялдаатай ажиллаж, биенээ дэмжих ёстой. Хамгийн гол нь төр, засаг аль бүс нутагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг судалж тодорхойлох хэрэгтэй. Тухайн газраа сонгохдоо дэд бүтэц, газар зүйн байрлал, цаг агаар, арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулахад тохиромжтой эсэх гэхчлэн олон хүчин зүйлийг харгалзах нь чухал.
Гэтэл өвлийн аялал жуулчлалын төв болгохоор сонгож, төлөвлөсөн бүс манайд алга. Өөр нэг чухал зүйл нь аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг дэмжиж, урамшуулах механизм байдаггүй. Зам тавих, халуун, хүйтэн усаар хангах, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой болгох гээд томоохон асуудлыг нь улсаас шийдээд өгчихвөл өвлийн аялал хөгжих таатай нөхцөл бүрдэнэ.
Өвлийн аялал гэхээр хүмүүс гадаа цас, мөсөн дээр өдрийг өнгөрүүлэх төдийхнөөр төсөөлдөг. Гэтэл жуулчдад тав тухтай байдал юу юунаас чухал. Тиймээс өвлийн аялал жуулчлалын бүсэд жуулчид аюулгүй, тав тухтай байх бүх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Б.Ананд: (“Grand Mongolian adventure” компанийн захирал) Сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж буй адал явдалт, экстрем болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд даатгалын тогтолцоог хөгжүүлэх ёстой. Хэн дуртай нь энэ салбарт ажиллах болжээ. Аялал жуулчлалын гэх тодотголтой зарим компани мөнгө олохын тулд жуулчны аюулгүй байдалд ер анхаардаггүйгээс хүний амь нас эрсдэх тохиолдол ч гарч байна.
Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарын нэр хүндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй жуулчдын тоо буурахад хүргэдэг. Гадаадын жуулчдыг даллахаас илүү дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх нь чухал. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг аяллын компаниудаас ердөө 10 гаруй нь өвөл жуулчид хүлээн авч аялуулдаг. Үүний ихэнх нь гадаад руу зуучилдаг. Үлдсэн ганц хоёр нь жуулчдыг нүүдэлчдийн амьдралтай танилцуулан, мориор аялуулж байна.
Би дотоодын жуулчлалыг хөгжүүлэхийн тулд таван жилийн өмнөөс олон, шинэ аялал туршиж эхэлсэн. Тухайн үед өвөл аялах сонирхолтой жуулчин 500 орчим байсан бол өнгөрсөн оны судалгаагаар 400 мянгад хүрсэн байна лээ. Үүнийг салбарынхан нь мэддэг, эсэхэд эргэлзэж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дутагдаж буй зүйл нь сайн менежмент. Энэ салбарт ажиллаж, зовлонг нь мэдэрсэн, чадварлаг хүмүүсээр салбарыг удирдуулах хэрэгтэй.
Б.Мандах: (АНУ-ын Сиэтл хотод амьдардаг иргэн) Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн томоохон хотууддаа түшиглэх хэрэгтэй болов уу. Энэ төрлийн жуулчлалыг хөгжүүлсэн орнууд томоохон хот, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууддаа түшиглэсэн байдаг.
Мөн аялал жуулчлалын компаниуд өвлийн аялал жуулчлалыг маш сайн сурталчлах хэрэгтэй. Цахим хуудаснаасаа эхлэх нь зүйтэй. Тэгж байж л жуулчдыг татна шүү дээ. Манай монголчууд л ойшоодоггүй болохоос гадаадынхан аялах гэж буй газраа сонгохдоо интернэтээс бүх мэдээллээ аваад, урьдчилж төлөвлөдөг. Үндэсний баяр ёслол, тэмдэглэлт өдөр, арга хэмжээнүүдийг чухалчилдаг.
Бид аялал жуулчлалын салбарт судалгаа, мэдээллийн бааз бий болгоогүй цагт хэчнээн чармайгаад ч нэмэргүй шүү дээ. Тиймээс өвлийн саруудад тогтмол зохион байгуулдаг арга хэмжээнүүдээ сайн сурталчлах хэрэгтэй.