Өвлийн эхэн сарын шинийн 1. Энэ өдрийг бид Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, орон даяар амардаг болоод дөрөв дэх жилтэйгээ золголоо. Амрах сайхан л даа. Гэхдээ бид чухам юуны төлөө, яагаад амарч байгаагаа ойлгож, ухамсарлавал бүр гоё байх сан.
Ингэхэд бид Монгол орноо чин сэтгэлээсээ хайрлаж, бахархаж чаддаг улс мөн үү? Эх орон, элгэн нутгийнхаа мөн чанарыг ёстой л элэг зүрхнээсээ мэдэрч, эд эсээрээ хүлээн авч чаддаг уу? Бүгд л эргэлзэлгүйгээр “Монголдоо хайртай” гэж хариулах байх. Гэхдээ үйлдлээрээ баталж чадах нь хэр олон бол?
Ер нь эх орон гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Монголоо хайрлах сэтгэл гэж юу юм бэ?
“Өнөөдөр”-ийнхнөөсөө энэ тухай асуухад Рэ ах маань “Эх орон гэдгийг би ээжээсээ л анх мэдэрсэн. Тэгэхээр ээж бол эх орон” гэсэн. Үнэхээр элгэн нутаг, эх орон бол ээж юм гэж залуучууд маань дэмжсэн. Тэгвэл ээж бол хайр халамж, хүнлэг, халуун сэтгэлийн илэрхийлэл. Ингээд ухаад, эргэцүүлээд үргэлжлүүлбэл эх орон гэдгийг элэг нэгтнээ хайрлах, бие биенээ хүндлэх сэтгэл гэж ойлгож болох мэт. Үүнээс үүдээд “Бид эх орноо хайрлаж чадаж байна уу” гэж дахин асуувал та хэрхэн хариулах бол?
Худлаа хэлж, хулгай хийж, нэгнийхээ амийг бүрэлгэж, нутаг усныхаа чулуу, өвс ургамлыг нууцаар арилжиж, хууль журмаа мөрдөхгүй байгаа бидний амнаас “Хайртай” гэсэн үг гарах болов уу. Тийм байтал “Монгол бахархал” гэж ярих эрх бидэнд бий юү?
“Төрийн албыг ах дүү нараараа хуваан эзэгнэлээ. Тэр дарга төчнөөн төгрөг завшжээ, иргэдийн татварын мөнгөөр гараа угаалаа, улс нь элгээрээ мөлхөж байхад засгийн эрхэнд байгаа хэд нь оффшор данстай нь илэрлээ”. Монголчууд бид энэ мэтээр зүгээр л үглэж, тулга тойрсон хов жив ярьсаар олон жил болж, эцэстээ ийм байдалтайгаа эвлэрчихсэн. Тэгвэл эх орондоо хайртай, ирээдүй хойчийнхоо төлөө сэтгэл нь зовнидог хүмүүс ямар байдгийг энүүхэнд байгаа Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг улсаас харж болно.
Хэд хоногийн өмнө Сөүлд 20.000 орчим иргэн эсэргүүцлийн жагсаал хийж, албан тушаалаа ашиглан өөрийн найзыг төрийн албанд томилж, нууцын зэрэглэлтэй баримттай танилцах боломж олгосон Ерөнхийлөгч Пак Гын Хэг сэнтийгээсээ буухыг шаардав. 2013 оны хавар тус улсын хэд хэдэн хотод нэгэн зэрэг жагсаал цуглаан болсон нь “Севол” усан онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол байлаа. 1990-ээд оны сүүлчээр БНСУ дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны гадаа хэдэн мянган солонгос хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Тус улсын нутагт байрладаг Америкийн хуурай замын цэргийн ангийн нэг алба хаагч замын хажуугаар явж байсан хоёр охиныг танкаар дайрч, амийг нь хөнөөсөнд тэд тийнхүү хилэгнэн боссон бөгөөд энэ үйл явдалд Америк дахь солонгосчууд нэгдэн, Цагаан ордны өмнө жагссан. Энэ мэтээр эх нутаг, элэг нэгнийхээ төлөө дуугаа нэгтгэж чаддаг жишээг вьетнамчуудаас харж болно.
Германд сурч, амьдардаг вьетнам хүмүүс эх орондоо хэрэгтэй, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхийн төлөө санаа нэгдэн, жил бүр тодорхой хүнийг өөрсдийн зардлаар сургах тусгай хөтөлбөр санаачлан, хэрэгжүүлээд олон жилийн нүүр үзжээ. Ингэснээр улсдаа нэн чухал, шаардлагатай мэргэжилтнүүд бэлтгэгдэн, өдгөө өгөөжөө өгч буй гэсэн.
Монгол бахархлын өдөр харийн орныхныг магтлаа гэж бүү бухимдаарай. Байдал өнөөдөр ийм л байна. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг. Нэгдсэн санаатай, нэгнийхээ төлөө чин сэтгэлээ зориулдаг ийм л ард түмэн үндэсний бахархал гэж бардам хэлдэг байх.
Харин дуу, хөгжим сонсож, морь уралдаж, бөх барилдахыг харахаараа л огшиж, онгирч “Эх орон минь” гэж уулга алдан, цээжээ дэлддэг бидний монгол бахархал ердөө л сэтгэлийн хөөс юм биш үү. Бусдынхаа төлөө сэтгэлээ зориулж чаддаггүй бид ер нь “Монгол бахархал” гэж ярих “эрхтэй” юү гэдгийг нэг тунгаагаарай. Тэгээд ч Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөртэй давхцуулсан нь угтаа гүн утга учиртай байх. Тэгтэл бид энэ өдөр хэдэн хөшөөнд цэцэг өргөхөөс хэтэрдэг бил үү.