Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Тэнгэрийн хаяа гийхгүй хэд хонов. Бүүдгэр өдөр цаанаа л нэг гунигтай. Яг ийм намраар Монголд бол хөл дор навчис амь тавьж, хаа нэг цас хаялж байдаг сан. Харин Бээжинд бохир агаар, бороо хоёр ээлжлэн тэнгэр эзэгнэн, нэгэн хэвийн уйтгартай, бас завгүй амьдрал үргэлжилнэ. Агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин давсан ч гэнэ үү, мэр сэр мэдээлэлтэй зэрэгцээд монгол үндэстний их наадам болох сураг дуулдав. Хамгийн түрүүнд хуушуур санаанд орлоо. Үндэсний хувцастай жагсаал болно гэнэ. Өнгөрсөн жил авчирсан дээл маань хэрэг болоогүй учраас орхисондоо харамсав. Хөгшин ээжийнхээ “Даарвал өмсөөрэй” гэж хийж өгсөн хантааз, хамаг байдаг монгол гэсэн зүйлсээ өмсөөд өнгөрсөн бямба гаригт Төвийн үндэсний их сургуулийг зорилоо. Урьд өдөр орсон бороо ор сураггүй. Тэнгэр тогтуун ч бүүдгэр хэвээрээ. Бээжинд төдийгүй Хятадын бусад хотод аж төрж буй монголчуудад ёс, уламжлалаа түгээх, хадгалан, дэлгэрүүлэх, сурталчлах зорилго өвөртөлсөн монгол үндэстний наадам тус сургуулийн биеийн тамирын талбайд болдог болоод 36 дахь жилээ үзэж буй. Хамгийн анх 1977 онд эл сургуулийн монгол хэл, утга зохиолын ангийн оюутнууд үүнийг санаачилж, 1981 онд зохион байгуулж байжээ. Наадмын нээлт үндэсний хувцас өмссөн хүмүүсийн жагсаалаар эхэлж, Хятадад сурдаг монгол оюутнууд төрийн далбаагаа барин алхана. Өнгө өнгийн дээл намар дэлгэрсэн цэцэг шиг харагдана.
Монголд наадам хэсдэг шигээ талбайг нар зөв тойрлоо. Монгол дээл, толгойн гоёл, ноолууран хувцас, ааруул, борц, боорцог, хуурсан шар будаа, монгол хүүхэлдэй, эмээл, ном, эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, бариа заслын үйлчилгээ гээд байхгүй зүйл бараг алга. Мэдээж зарим зүйл нь хятадынх байв. Ааруул, борц нь бидний иддэгээс арай өөр. Борц л гэхэд ууталж савалсан нь гаднаасаа гэрэлтэж, арай л бараан өнгөтэй харагдана. Ааруул нь сүү хатаагаад хэвлэчихсэн мэт амттай. Талбайн зүүнтээ дөрвөн ханатаас жижиг хоёр гэр барьжээ. Гэрийн хананд монгол хатдын зураг, ширээ, сандал, нэгнийх нь үүдэнд дэвж буй бөхийн баримал харагдана. Хоёр гэрийн нэг нь тус сургуулийнх, нөгөө нь Бээжинд үйл ажиллагаа явуулдаг цорын ганц монгол цэцэрлэгийнх гэнэ. Ийм цэцэрлэг байна гэж санаагүй учраас сониучирхан ойр зуурыг асуулаа. Үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байгаа тус цэцэрлэг 10 хүүхэд, гурван багштай. Хоёр багшаа Монголоос авчирсан ч нэг нь ар гэрийн шалтгаанаар нутаг буцсан байна. Бээжинд 100 мянга гаруй монгол хүн аж төрдөг гэнэ. Энэ нь зөвхөн монголоор ярьдаг хүмүүсийн тоо. Үүний цаана эх хэлээрээ ярьж чадахгүй ч монгол гэж омогшдог хүн цөөнгүй байгаа аж. Тэр бүгд хүүхдээ монгол цэцэрлэгт сургаж, эх хэлээ өвлүүлэхийг хүсдэг ч Бээжин дэндүү том учраас хүүхдээ цэцэрлэгт нь хүргэхэд хэдэн цаг зарцуулах болдог гэнэ. Иймээс зарим нь хүүхдээ сургахын тулд ажлын газраасаа өгсөн байрыг бусдад түрээслүүлээд, цэцэрлэгийн ойролцоо амьдрах болжээ. Цэцэрлэгийн төлбөр ч боломжийн үнэтэй гэдгийг эл цэцэрлэгт хүүхэд нь сурч төгссөн, Төвийн үндэсний их сургуулийн багш И.Отгонцэцэг ярилаа. Цэцэрлэгийнхэн наадмын үеэр хүүхдүүдийн дунд шүлэг, үндэсний хувцастай үзүүлбэрийн уралдаан зарласан. Тус цэцэрлэгт явдаг хүүхдүүд бусдаас олон монгол шүлэг мэднэ. Хүүхдүүд “Би Монгол хүн” хэмээн хоолой нийлүүлэн унших нь бахадмаар, бахархмаар.
Талбайн голд хар сүлд барьсан баатрын хувцастай эр хүмүүстэй зураг татуулна. Тэрбээр “Энэ бол хавт Хасарын дайны хар сүлд” хэмээн ӨМӨЗО-ы Бугат аймгаас наадамд оролцохоор 40-үүлээ ирснээ ярилаа. Цаахна нь дайнд явах гэж байна уу гэлтэй нум саадаг агссан үндэсний хувцастай хүмүүс харвах бэлтгэлээ базаацгана. Тэдний нэг Хөлөнбуйр аймгаас нөхөртэйгээ ирсэн Ч.Хасанговио сүүлийн тав орчим жил сум харваж байгаа бөгөөд анх удаа энэ наадамд оролцож буй. Тэрбээр “Манайд жилд олон наадам болно. Монгол шиг тогтсон өдөр болохгүй. Нум сум нэг хэсэг уналтад орж, сүүлийн жилүүдээс сэргээд байна. Бид ч Монголоос багш урьж, заалгасан. Би олон монгол харваачдыг танина. Хэрэв би нум сумтай нөхөрлөөгүй бол тэднийг танихгүй, чамтай уулзахгүй байлаа” гэв. Ч.Хасанговио нум сум урладаг нөхрөө дагаж анх харваж эхэлжээ. Тэрбээр “Аль ч газрын монголчууд адилхан шүү дээ. Бидний судсаар нэг л цус гүйж байгаа” гэсэн үгээр яриагаа өндөрлөсөн.
Энэ хооронд 128 бөхийн барилдаан эхэллээ. Өвөрмонголын бөхчүүд, харваачдад цол байдаггүй гэнэ. 128 бөхийн барилдаанд дөрвөн удаа, 256 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлбэл, 512 бөхийн барилдаанд үзүүрлэвэл, 1000 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдвэл хүзүүндээ углаж барилддаг, зангиа гэх хадаг ороож хийсэн зүйл өгдөг аж. Нэгийн даваагаа давчихаад амарч суусан Шилийн гол аймгийн бөх Б.Өлзиймэнд “Өвөрмонголд 30 мянга орчим бөх байдаг. Барилдаад 10 гаруй жил болж байна. Бид хошууны бөхчүүдээрээ бэлтгэл хийдэг. Жүдо, чөлөөт бөхөөр барилдахаас гадна бас хятад маягийн буюу шамбан зодог, шаахай өмсөж барилддаг” гэв. Сагсанбөмбөг, волейбол, шатар, үндэсний хувцастай загварын үзүүлбэр гэх мэт олон тэмцээн уралдаан энэ үеэр болсон.
Цааш монгол зохиолчдын ном өрөөстэй асраар орлоо. 40 орчим өвөрмонгол залуу нэгдэн, зохиолчдоос авсан, өөрсдийн цуглуулсан номоо заран, дунд сургуулийн хагас, бүтэн өнчин болон ядуу сурагчдад амьжиргааны тэтгэлэг олгохоор болжээ. Тэд энэ өдөр 2000 юанийн ном зарсан байна. Хятадын дунд, ахлах сургуулийн сурагчид сард хоолны мөнгө гэж 400 юань төлдөг гэнэ. Үйл ажиллагаа явуулаад хоёр сарын нүүр үзэж байгаа “Дархан эрэл” сурагчдад туслах нийгэмлэгийнхэн нэг хүүхдэд тэтгэлэг олгосон бөгөөд одоо хоёр хүүхдэд туслахаар хандив цуглуулан ном зарж байгаа нь энэ.
Наадмын талбайг ч тойрч дууслаа. Хуушуур хайгаад олсонгүй. Хаа нэгтээ хүмүүс гэртээ хийж авчирсан хуушуураа идэж харагдана. Тус сургуультай ойролцоо хэд хэдэн монгол хоолны газар бий. Тэдний нэг “Мандухай” ортол монголчууд дүүрэн. Гэсэн атлаа хуушуур нь хятад амттай гэнэ. Наадам үзээд хуушуургүй буцсандаа сэтгэл гундуухан, гамбир авч сэтгэлээ аргадмар аядаад дотуур байр луугаа буцлаа.