Монгол Улсын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Мариинский театрын гоцлооч Г.Ариунбаатарыг өнөөдөр “Чингис хаан” одонгоор шагналаа. Сонгодог урлагийн салбарын хамгийн том наадам болох П.И.Чайковскийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчид, дуурийн дуулаачдын XXV уралдааны тэргүүн байр, Гран при шагналын эзэн тэрбээр дэлхийд алдартай тайзнаа дуу хуураа өргөж, монгол хүний ур чадвар, хичээл зүтгэл, авьяасын охийг олон түмэнд гайхуулан, эх орныхоо нэрийг өндөрт өргөн Монгол бахархлыг бий болгож яваа учраас энэ шагналыг хүртэж буй юм.
Монгол Улсын төрийн тэргүүн дээд зэргийн эл одонг 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багаданди санаачлан, Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд олгодог болсон юм.
- Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 2005 он
- Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав 2006 он
- Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 2009 он
- УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж 2010 он
- Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2011 он
- УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл 2012 он
- Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном 2013
- Академич Х.Намсрай 2014 он
- Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо 2015 он
- Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 2016 он