Найзаасаа тусламж гуйж үзээгүй хүн бараг л үгүй болов уу. Тэвдэж, сандраад хандах үед тусалдаг нэгэн байхад “Чадахгүй нь ээ” гэдэг найз бий. Гэхдээ тийм “өөдгүй” найздаа гомдох бус, талархъя.
Хэд хоногийн өмнө найз бүсгүйчүүд минь цуглан, хууч хөөрлөө. Уулзалгүй удсан бид ширээ тойрч суугаад хөгжилтэй зүйл ярьж “Ха ха, хи хи” болов. За тэгээд үргэлжлүүлээд ажил, амьдралаа ярьцгаалаа. Хэнийх нь хүүхэд хэдэн нас хүрэв гэдгээс эхлээд элдвийг нэгнээсээ “шалгаав”.
Гэтэл “байцаагдаж” суусан нэг найз маань нэгийгээ хуруугаараа чичлэн “Эртүүд надад туслаагүйд чинь ёстой их баярласан шүү” гэх нь тэр. “Туслахаас татгалзсан найзаа эвгүй байдалд оруулж байна даа” гэж хардаж, бид барайв. Гэвч тэр талархал чин сэтгэлийнх байжээ.
Ижил мэргэжилтэй найзууд нэгнээсээ тусламж хүсэх, зөвлөгөө авч аминчхан яриа өрнүүлэх нь элбэг. Энэ удаад талархал илэрхийлсэн найз минь урьдын адил туслахыг гуйж. Харамсалтай нь, түүний “авралын эзэн” нь “Би амжихгүй ээ. Чи өөрөө хий” гэсэн хариу өгчээ. Ингээд найздаа гомдож, өөртөө л найдахаас өөр гарцгүй болсон тэрбээр даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг мундаг сайн биелүүлжээ. Бүх юм өнгөрсний дараа түүнд “Хэрэв тэр үед Ундраа маань тусалсан бол би өөртөө итгэх итгэлийнхээ тодорхой хувийг алдах байж” хэмээн бодсон гэнэ. Тэгээд л талархсан нь тэр байж.
Оролдож үзээгүй атлаа бусдаас дэмжлэг хүсэх нь өөртөө итгэх итгэлийг сулруулж, хулчгар болгодог аж. Тэгэхээр татгалзсан хариу өгдөг найзууд маань биднийг биеэ дааж, бүхнийг өөрөө хийхэд тусалдаг байх нь.