Бүгд Найрамдах Турк Улсын төр, засгийн төлөөлөгчид энэ сард манай улс руу гүйдэлтэй боллоо. Үндэсний боловсролын яамных нь Төрийн нарийн бичгийн дарга Юсуф Тэкин Улаанбаатарт ирж, энэ сарын 13-нд манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдтай уулзсан бол энэ долоо хоногт тус улсын Үндэсний их хурлын гишүүн, Үндэсний их хурал дахь Турк, Монголын парламентын найрамдлын бүлгэмийн дарга Мехмет Эрдаон тэргүүтэй таван гишүүн албан ёсны айлчлал хийж эхлээд байна.
Мехмет Эрдаон нарын айлчлалын хөтөлбөрт УИХ-ын дарга М.Энхболдод бараалхах, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Туркийн парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайхан болон Батлан хамгаалахын сайд, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзах, Туркт их, дээд сургууль төгсөгчдийн холбооны гишүүдтэй уулзаж, танилцахаар тусгасан байв.
Ингээд тэд энэ сарын 28-ны үдэш Туркийн ЭСЯ-нд болох, БНТУ-ыг тунхагласны 93 жилийн ойн хүлээн авалтад оролцох юм. Энэ ч яах вэ, албан ёсны арга хэмжээний үеэр болдог л зүйлс. Мехмет Эрдаон нарын Монголд ирэхдээ өвөртөлсөн гол зорилго нь манай УИХ-ын гишүүдтэй уулзахдаа улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өрнөж буй үйл явдлын талаар харилцан санал солилцонгоо Монгол дахь, Туркийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаалгах ажээ.
...Харийн зочид төлөөлөгчид албан айлчлал нэрийн дор эх оронд минь ирээд, төр, засгийн түшээдэд маань заавар зөвлөгөө өгч, хууль бус элдэв хүсэлт тавьж байгааг юу гэж ойлгох вэ...
Тэднээс өмнө Монголд ирсэн Үндэсний боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын зорилго ч ийм байв. Тэрээр яамныхаа Хилийн чанад дахь боловсролын хэлтсийн ерөнхий захирал Бүлэнт Чифтчитэй хамт манай улсын БСШУС-ын сайдтай уулзахдаа Монгол, Туркийн хамтарсан сургуулиудыг хаалгах хүсэлтээ шивнэжээ.
Үүнийгээ Туркийн Засгийн газраас монгол оюутнуудад олгож буй тэтгэлгийн хэмжээг нэмэх боломжтой гэсэн чихэнд чимэгтэй үгээр халхавчилсан байна. Энэ уулзалтынхаа үеэр Туркийн төлөөлөгчид өнгөрсөн долдугаар сард Туркт болсон төрийн эрхийг цэргийн хүчээр гартаа оруулахыг завдсан гэх үйл явдлын талаар Ж.Батсуурь сайдад мэдээлэл өгчээ.
Туркт болоод буй үйл явдлыг Монголд үргэлжлүүлэх зорилго энэ бүхнээс “ханхалж” байна. Монгол, Турк хоёр улс боловсролын салбарт 1992 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Үүнээс хоёр жилийн дараагаас Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт Турк сургууль байгуулагдаж, энд тэндхийн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад энэ сургуулийн сурагчид манлайлдаг болсон. Тиймээс ч манай УИХ, Засгийн газрын гишүүдээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд энэ сургуульд хүүхдүүдээ суралцуулсан биз.
Тэд хүүхдүүдээ энэ сургуульд оруулахдаа сургалтын орчин, чанар, материаллаг бааз гээд олон зүйлсийг нь харгалзаж үзсэн байж таарна. Ийм сургуулиудыг хаалгах гээд байгаа нь сонин. “Монголд одоо Туркийн 270 гаруй иргэн амьдардаг. Тэдний нэг нь ч хэрэг зөрчилд холбогдоогүй байгаа” гэж Элчин сайд Мурат Карагөз энэ сарын 4-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой уулзахдаа онцолсон байдаг. Үүнийг нь С.Бямбацогт сайд үгүйсгээгүй. Монгол Улсын хуулийг зөрчөөгүй, хэрэг төвөгт холбогдоогүй компаниудыг манай улс хаана гэж үү.
Монгол бол тусгаар тогтносон, ардчилсан улс. Хууль, дүрмийг маань зөрчвөл хэнд ч зохих хариуцлагыг нь хүлээлгэдэг, түүнийгээ гадаадынхнаар заалгадаггүй гэж иргэн би итгэж явдаг. Гэтэл харийн зочид төлөөлөгчид албан айлчлал нэрийн дор эх оронд минь ирээд, төр, засгийн түшээдэд маань заавар зөвлөгөө өгч, хууль бус элдэв хүсэлт тавьж байгааг юу гэж ойлгох вэ. Турктээ хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хааж, сэтгүүлчдийг баривчлан, сэхээтнүүдийнхээ амыг барьж байгаа Режеп Таийп Эрдаоны гар энэ хүртэл суналаа гэж үү.
Туркийн Үндэсний их хурлын гишүүн Мехмет Эрдаон тэргүүтэй төлөөлөгчид энэ удаа манай улсад хариу нэхсэн нэгэн саналтай иржээ. Тэр нь Туркийн “Эксим” банкнаас зээл олгох тухай юм. Тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Таийп Эрдаон 2013 онд Ерөнхий сайд байхдаа Монголд айлчлахдаа манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож болно гэж мэдэгдсэн. Тэр мөнгөөр Баянголын аманд 5000 айлын орон сууцны хороолол барихаар манай улс төлөвлөчихсөн байв. Гэвч Турк улс энэ зээлийг олгохын тулд манай улсын Засгийн газраас баталгаа шаардсан юм.
Харин манай улс ийм баталгааг Хөгжлийн банкаараа дамжуулж гаргадаг тул тухайн үед Туркийн талтай тохиролцож чадаагүй. Өгнө өгнө гэсээр өдий хүргэсэн энэ зээлээ өнөөдөр дахин ярьж, Монголын эдийн засаг хямарсныг, зээл хэрэгтэй байгааг далимдуулан, дахин шилний цаанаас чихэр долоолгохдоо тэрээр Үндэсний боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргынхаа хүсэлтийг ажил хэрэг болгох санаа зорилго тээжээ.
Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа тийм ч өргөн биш. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг турк компаниудын хамгийн том нь “Эмпати” ХХК. Гэхдээ энэ компанийг байгуулахад монгол хүмүүс гар бие оролцож, хөрөнгө оруулсан гэдгийг мартаж болохгүй. Одоо энэ компанийн сургуулиудад 49 турк, 280 монгол, бусад үндэсний 20 багш, ажилтан ажиллаж байгаа аж. Хэрвээ эдгээр сургуулийг хаавал 150 монгол хүн ажилгүй болно гэсэн үг.
Эдийн засаг хямралтай, ажлын байр олдохгүй хэцүүхэн байгаа энэ цаг үед ийм олон хүнийг ажилгүй болгох эрх хэнд ч байхгүй. Харин ч гадаадын хөрөнгө оруулагчдыг улам ихээр татаж, монголчуудаа ажилтай, орлоготой болгох үүргийг энэ УИХ, Засгийн газарт ард түмэн өгсөн. Туркийн экспортлогчдын холбооны тэргүүн Шерафаттин Жежели МҮХАҮТ-ын урилгаар 2015 оны дөрөвдүгээр сард манай улсад ирээд “Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа байж болох түвшнээсээ хамаагүй доогуур байгаа нь харамсалтай. Монголд хөрөнгө оруулалтын орчин муугүй байна. Хөрөнгө оруулах үндэслэл байна” хэмээн халаглаж байсан нь ч үүнийг нотолно.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг манай улс хангалттай үргээсэн. Тэрхүү гашуун сургамжаа давталгүй, алдаагаа засан, эдийн засгаа өөд татах зорилго л бидэнд байх учиртай. Гэтэл харийнхан хүрч ирээд “Энэ энэ компаниудыг хаа, эсвэл удирдлагуудыг нь соль” хэмээн зааварлана гэдэг Монголыг арай л басамжилсан хэрэг бус уу. Туурга тусгаар Монгол Улсын маань боловсролын бодлогыг тодорхойлогч яам харь улсын түшмэдээр ажлаа заалгаж, дохио зангаагаар нь хөдлөхгүй нь лав. Айлын хүнд толгойгоо мэдүүлсэн арчаагүй улс биш ээ, Монгол.