Монголын “Бага Эрмитаж” гэгддэг Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын дээврийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар бүрэн засварлаж дуусаад хүлээлгэн өгсөн нь энэ долоо хоногийн онцлох баярт үйл явдлын нэг яах аргагүй мөн билээ. Өнгөрсөн жилийн өдийд тус төвийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах объектын жагсаалтад оруулан, олон хүүхэд, багш, ажилтан, эцэг, эхчүүдийг сандаргаж байсан даа.
Улаанбаатарт цөөхөн үлдсэн түүх дурсгал, архитектурын үнэ цэнэтэй барилгыг хувьчлах асуудал анх сөхөгдсөн цагаас эхлээд “Өнөөдөр” сонин уг шийдвэрийг эсэргүүцэн, олон түмний дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад уламжлан хүргэж байсныг уншигчид санаж буй болов уу.
Хамгийн гол нь энэ төв бол монгол хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлдэг, үе тэнгийнхнийхээ дунд өсөн дэвших, хамтдаа суралцах боломж олгодог, үнэ төлбөргүй цорын ганц сургалтын байгууллага учраас тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө бид нэгдсэн юм. Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү ч тухайн үед бидний “тэмцэл”-д нэгдэн, нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүлд захидал илгээж, Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах жагсаалтаас хасаж өгөхийг хүсэж байв.
Ийнхүү нийслэлийн ИТХ-ын шинэ тогтоол гарснаар Монголын “Бага Эрмитаж” хувьчлагдах аюулаас мултарсан ч дээврээ яаж засах вэ гэдэг асуулт хариу нэхсээр үлдсэн. Тэгвэл дээврээс нь дусаал хаа сайгүй гоожиж, тааз нь өмхөрч мөөгөнцөртсөн тав тухгүй орчинд хичээллэж байсан олон монгол хүүхдийн төлөө япончууд халуун сэтгэлээ дэлгэн, 84.439 ам.доллар хандивласнаар асуудал шийдэгджээ.
Хүүхдийн урлан бүтээх төвийн үүдний танхимд “Баярлалаа, Япон орон” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн дэлгээтэй байв. “Соёлын өвсний үндэс” төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус төвийн дээврийг засаж, Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа уржигдар болоход энэхүү үзэсгэлэнг нээсэн аж.
Юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг урлангийн хүүхдүүд Японы ард түмэнд талархсан сэтгэлээ уран бүтээлээрээ илэрхийлсэн нь энэ. Жилийн өмнө сурвалжилгаар ирэхэд энд тэндгүй ан цав гарч, цуурч, ангайсан халтар хана, тааз угтаж байсан бол одоо цэлийж цэмбийснийг харах сайхан гэж.
Тус төвийн захирал О.Цоодол “1958 онд ашиглалтад орсноос нь хойш манай төвийн дээвэрт их засвар огт хийж байгаагүй юм билээ. Олон жилийн турш дусаал гоожсоноос болоод хоёрдугаар давхрын ихэнх анги танхимын модон тааз илжирч, эхнээсээ өмхөрч унаад байсан. Өнгөрсөн зун Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай төвийн дээвэр болоод хоёрдугаар давхрын таазыг бүрэн засварлаж өгсөнд бид маш их баяртай байна.
Тэр дундаа бидний ажилд үргэлж санаа тавин, байнга холбоо харилцаатай байдаг Шимизү сайдад талархсанаа илэрхийлье. Мөн манай дээврийн гадаад, дотоод засварын ажлыг “Тедмент” ХХК сэтгэл гарган, богино хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал, тэд эдэлгээ урт, насжилт сайтай төмрөөр дээвэрлэнэ гээд Хятадын үйлдвэрээс нь тусгайлан захиалж авчруулсан. Монголд зарж байгаа дээврийн төмрүүд нимгэнээс гадна богинохон учраас зүйж залгахаас өөр арга байдаггүй гэнэ. Тиймээс 11 метр гаруй урттай төмөр авчруулж, манай төвийн дээврийг зассан тул хийсэн ажилдаа “Тедмент” ХХК гурван жилийн баталгаа өглөө. Өнгөрсөн зуны их усан борооноор манай дээврээс ус огт гоожоогүй шүү” гэлээ.
Хүүхдийн урлан бүтээх төв урьд нь 23 анги танхимд 16 төрлийн дугуйлан хичээллүүлдэг байсан бол энэ жил уран бичлэг, монгол зураг, эсгий урлалын анги шинээр нээснээр 19 төрлийн дугуйланд 1500 орчим хүүхэд суралцаж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн алслагдсан дүүргээс ирж суралцах боломжгүй хүүхдүүдийг дугуйланд өргөнөөр хамруулах үүднээс багш нараа томилон явуулж, хичээл заалгаж буй гэнэ.
Цаашид урлагийн заалаа түшиглэн, төгөлдөр хуур, найрал дуу, хүүхэлдэйн театрчилсан үзүүлбэрийн дугуйлан гэх мэтчилэн өөр секц хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа ч О.Цоодол захирал хуучлав.
Хаанаас нь ч харсан “Энэ бол уран бүтээлийн орчин юм шүү” гэдгийг илтгэх тийм нэг намуун, дулаан, амьд орчин, хүүхэд багачуудын сэтгэл шингэсэн бүтээлүүдтэй энэ газар цаашид олон жил амар жимэр оршин тогтноход одоо ганц л зүйл саад болж буй. Тэр нь хөрсний мөнх цэвдэг. Орчин үед техник технологи өндөр хөгжсөн учраас цэвдгийн улмаас хана таазанд нь цууралт үүссэн барилгыг заавал буулгаж нураалгүй, суурийг нь хүчитгэн бэхжүүлдэг болжээ.
Тэр дагуу Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын суурийг хүчитгэе гэхээр 200- 300 сая төгрөг шаардлагатай байгаа тул энэ хөрөнгийг төсөвт тусгуулахаар удирдлагууд нь хөөцөлдөж эхэлсэн аж. Монголын авьяаслаг хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө хаа холын япончууд сэтгэл гаргаж байхад одоо манайхан энэ удаа дээрх хөрөнгийг шийдээд өгчихөөсэй.
“Хуучин байшингаа засаж, дараагийн үеийнхэнд хүлээлгэж өгөх нь монголчуудад чухал. Энэ байшинд суралцаж байгаа, суралцсан олон хүний хувьд үнэт түүхийг өгүүлж байгаа тус төвийг хамгаалж үлдэх хэрэгтэй” хэмээн Т.Шимизү гуай хүртэл уржигдар нээлтийн үеэр хэлсэн байна билээ шүү.