Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь дотор, мэдрэл, сэхээн амьдруулах, ахмадын 200 ортой 5 тасаг, 4 салбараар дамжуулан дүүргийн нийт 307224 хүн амд эрүүл мэндийн хоёрдах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. 26 нарийн мэргэжлийн эмч нарын кабинет, 16 нэр төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн багажийн оношлогоо хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Дүүргийн хүн амын дунд бөөрний өвчлөл, дутагдалын улмаас Хөдөлмөрийн чадвар алдагдсан 138 хүн байдаг бөгөөд эдгээрээс 80 гаруй нь гемодиализ буюу цус шүүх эмчилгээг хийлгэдэг. Иймд тус Эрүүл мэндийн төв нь эдгээр өвчтөнүүдийн эмчилгээний хүлээгдэлийг бага ч болов багасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор гемодиализ эмчилгээг шинээр нэвтрүүлж байна. Одоогоор дүүргийн харьяат 60 орчим өвчтөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын 3-р төв эмнэлгээр диализ эмчилгээнд ордог. Хүлээгдэж байгаа 10 орчим үйлчлүүлэгчийг өөрийн дүүрэгт энэхүү гемодиализийн аппаратандаа эмчилгээнд хүлээн авч эхлээд байна.
Өнөөдөр буюу 2016 оны 10-р сарын 26-ны өдөр гемодиализ эмчилгээний нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Р.Амаржаргал, мэргэжилтэн Оюунчимэг, Нийслэлийн эрүүл мэгндийн газрын дарга Л.Төмөрбаатар, МУБХЗ хэлтсийн дарга Т.Хулан, СХД-ийн ЗДТГ-ын дарга М.Баяраа болон УК 1, 3 эмнэлгийн эмч нар, IVCO ХХК, Кей Эс Би ХХ компануудын төлөөлөл оролцлоо. Гемодиализийн аппаратыг ашиглаж эхэлснээр өдөрт 3 оронд 2 ээлжээр 6 үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой болсон бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой болох юм.