УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, Н.Учрал болон НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцов.
Хэлэлцүүлэгт оролцож буй төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллагууд тулгамдаад буй асуудлууд, ойрын өдрүүдэд хийхээр төлөвлөөд буй ажлынхаа талаар санал бодлоо солилцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ "Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг нь залуучууд байх ёстой. Гэвч залхуурал гэдэг том өвчин залуусыг нөмрөөд байна. Заавал их, дээд сургуульд суралцах албагүй, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж, ажлын байранд зуучлагдах боломж бий. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр боловсролын салбартай нягт уялдаа холбоотой ажиллана. Мөн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Залуучуудын хөгжлийн тухай хууль"-ийг боловсруулсан. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэнэ. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг нь "Залуучуудын хөгжлийн тухай хууль"-д чухал хувь нэмэр оруулна" гэлээ.
Ингээд хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлж холбогдох хуулиудад тусган ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийн төгсгөлд илэрхийлсэн юм.