Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв.
Дээрх ажлын хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсан эсэх, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан эсэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт зэрэг асуудлыг тус тус шалгажээ.
Хяналт шалгалтын ажлын хэсэг ХАСУМ-ийг хянуулаагүй томилогдсон албан тушаалтны жагсаалтыг нэг бүрчлэн гаргасан бөгөөд байгууллагын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн томилохдоо 11 албан тушаалтны мэдүүлгийг хянуулалгүй томилсон, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 40 гишүүн “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй зэрэг хэд хэдэн зөрчлийг тогтоов.