Эрчим хүчний салбарын удирдлагуудын анхдугаар шуурхай хуралдаанд харъяа 20 гаруй байгууллага болон “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлууд оролцлоо. 2016-2017 оны өвлийн бэлтгэл 90 гаруй хувьдаа орж, харъяа үйлдвэр, компаниуд төлөвлөгөөний дагуу ажиллаж буйгаа тайлагнаж байна. Тухайлбал, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 63 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил 100 хувийн биелэлттэй хангагдсанаас гадна орон сууцны байрын төгсгөлийн цэгүүдийг үзэж дулаан нэвтрүүлэх ажлыг орон сууцны контор, СӨХ-үүдтэй хамтран хийж байгааг тайлагнасан. Харин зарим цахилгаан дулааны станц, тухайлбал Хөвсгөл Дулааны станцын хувьд худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор түлшний нөөц 13 хоногтой байгаагаас бусад нь хэвийн гэдгийг мэдэгдсэн.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Харъяа бүх үйлдвэр компаниуд 11 дүгээр сарын 10-ны дотор өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх ёстой. Нүүрсний нөөцийг 20 хоногт барьж, өвлийн улиралд аюулгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал байна. Эрчим хүч гэдэг алдаа дутагдал гарах учиргүй, өндөр хариуцлагатай салбар учраас хэнийг ч өмгөөлж хаацайлахгүй, мэргэжлийн түвшинд ажиллах шаардлага тавих болно” гэж хуралдааны үеэр онцолж анхаарууллаа.