МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн, гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн лхагва гарагт гаргажээ. Тэрбээр твитер хуудсандаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Өнөө орой MNB сувгаар гарах ярилцлагыг нэвтрүүлэхийг хоригложээ. Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж хорин таслах аж” хэмээн өнгөрсөн лхагва гаргийн үдэш бичсэн байсан юм.
Т.Дүүрэнг 2020 оноос хойш АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, өдгөө МҮХАҮТ-ын зөвлөх гэх албан тушаалыг хаших болсон Н.Цэрэнбаттай хамтарч төслийн 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар тооцсон аж. Тодруулбал, БОАЖЯ-наас хэрэгжүүлсэн төсөлд ХБНГУ-ын шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг шалгаруулан давуу байдал олгож 3.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсны улмаас Монгол Улс 2.1 тэрбум төгрөгөөр хохирсон хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгаж буй юм билээ.
Т.Дүүрэнг цагдан хорьсныг “МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид өрсөлдөгчөө намнах нэг ажиллагаа боллоо” хэмээн олон нийтийн сүлжээнд бичих болсонтой холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаатар шийдвэрийнхээ талаар мэдээлэл бичсэн юм. Түүндээ “НПГ-аас яллагдагч Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцээд прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн тухайн өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” хэмээсэн байв.