Израилийн зэвсэгт хүчин гал зогсоох гэрээг хэд хэдэн удаа зөрчсөн гэж Ливаны армийн хэвлэлийн алба мэдэгдэв.
"2024 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Израилийн тал гал зогсоох гэрээг хэд хэдэн удаа зөрчиж, Ливаны агаарын орон зайг зөрчиж, нутаг дэвсгэрт янз бүрийн зэвсгээр довтолсон" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Энэ нь талууд эвлэрлийн гэрээ байгуулсны дараа Ливаны нутаг дэвсгэр дэх Хезболла бүлэглэлийн бай руу хийсэн Израилийн анхны цохилт мөн гэж армийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Гал зогсоох хэлэлцээр лхагва гаргийн өглөө хүчин төгөлдөр болсон юм.
Гал зогсоох хэлэлцээрийн дагуу Израилын тал Ливаны өмнөд нутгаас цэргээ татахад 60 хүртэл хоногийн хугацаа олгожээ. АНУ, Францын зуучлалаар байгуулсан уг эвлэрэл 60 хоног үргэлжилж, Израил ба Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлийн хоорондын мөргөлдөөн бүрэн зогсоно гэж найдаж байна.
Израиль болон Ливан дахь Хезболла бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн 2023 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 27-ны лхагва гарагт гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон юм.
Эвлэрлийн баримт бичигт тусгаснаар Ливаны арми НҮБ-ын түр хүчний дэмжлэгтэйгээр өмнөд хил дагуух бүс нутгуудад үе шаттайгаар хяналт тавих бол Израиль хоёр сарын дотор Ливаны өмнөд нутгаас цэргээ татах юм.
Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ливанд амиа алдагсдын тоо 3823-д хүрч, 15859 энгийн иргэн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны шуурхай ажиллагааны төвийн тайланд дурдсан байна.