2016 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмаас хийсэн сурвалжлага
“Кино бол сайтар төлөвлөсөн аялал” гэж Италийн домогт найруулагч Федерико Феллини хэлжээ. Үзэгчдийн хувьд ч кино бол оюун санаа, мэдрэмжийн гайхамшигт аялал байдаг. Улаанбаатарчууд бид жил бүрийн 10 дугаар сард дэлхийн кино урлагийн сор, чансаатай бүтээлүүдтэй танилцах дөрвөн өдрийн ийм аялалд гардаг болсоор хэдийн найман оныг үджээ. Найм дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 10 дугаар сарын 11-ээс 14-ний өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдаж, Канн, Берлин зэрэг олон улсын кино наадмуудад сонгогдож, шагнал хүртсэн нийт 8 өөр орны 10 киног монгол хадмал орчуулгатай толилуулж, үзэгч, уран бүтээлч, кино хорхойтнуудын халуун дулаан уур амьсгал дунд өндөрлөлөө.
Нийслэлд болдог урлаг соёлын арга хэмжээнүүдээс уран бүтээлч, үзэгч, сонирхогч залууст хамгийн өгөөж, хүртээмжтэй нь болох “Улаанбаатар” олон улсын кино наадмыг сурвалжилсан энэхүү нийтлэлээ үйл явдлын хуурай хураангуй бус уншсан нэгэнд кино наадмын өрнүүн уур амьсгал, үзэгчдийн санал сэтгэгдлийг мэдрүүлэх, наадмаар сонгогдон гарсан кинонууд хийгээд туурвин бүтээгчдийн талаар мэдэж цаашдын кино сонголтоо баяжуулахад нэмэрлэх, кино урлагийн талаар лавхан ярилцах шалтаг болох баялаг агууламжтай байлгах гэж ихэд мэрийснээ уншигч танд хүргэж байна.
Кино наадмын нээлт: ЗУД КИНО БА МОНГОЛ АХУЙ
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг үзэгчдийн хүртээл болоогүй шинэ монгол киногоор нээдэг уламжлалтай. Өмнө нь “Шарга даага”, “Хүдэн”, “Элэг нэгтэн”, “Гайхамшигт нислэг” зэрэг монгол найруулагч, уран бүтээлчдийн киногоор нээж байсан бол энэ жилийн хувьд Марта Минорович хэмээх польш найруулагчийн монголын хөдөөгийн жирийн малчин гэр бүлийн амьдрал, хурдан морь уях үйл явцыг харуулсан “Зуд” (Zud) киногоор нээсэн нь онцлог байв. “Зуд” киноны зураг авалтанд гурван жил дараалан оролцсон малчин Батсайханы гэр бүл нээлтэнд хүрэлцэн ирж, киноны гол дүрийн унаач хүүхэд цангинасан хоолойгоор тайзнаас гийнгоолон дуулсан нь эл киног үзэх урьдач нөхцлийг тун содноор бэлдэж өгсөн явдал болов. Өвөл, хаврын эсэргэн хатуу цаг агаарт малаа адгуулан, морио сурган байгалийн эрхшээлийг сөрөх боловч байгальтайгаа зохицон амьдардаг жирийн малчин гэр бүлийн амьдралыг зориудын драм, хүчтэй хүүрнэлгүйгээр дэргэдээс нь зүгээр л ажиглаж байгаа мэт бодит чигээр нь энгийнээр харуулсан “Зуд” киног үзээд гарсны дараа киноны агуулгыг эс тооцвол ихэнх монгол үзэгч, уран бүтээлчдийн толгойд нэг ижил асуулт эргэлдсэн байж мэднэ.
Тэр нь монгол нүүдэлчин ахуй, амьдралын хэв маяг, морь уяж сойх үйл явцаар агуулгаа бүрдүүлсэн гадны уран бүтээлчийн “Зуд” кино Берлины кино наадамд сонгогдон нээлтээ хийх зэргээр олон улсад чамгүй амжилттай явж байхад монгол уран бүтээлчид, манай киночид энэ ахуй соёлынхоо дунд байж яагаад үүгээр уран бүтээл хийхгүй, энэ боломжийг ашиглахгүй байна вэ гэсэн асуулт. Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг нүүдэлч, малч ахуйг харуулсан баримт кинонууд Оскарын шагналд нэр дэвших зэргээр олон улсад өндрөөр үнэлэгдсэнийг тооцож үзсэн ч бидэнд бусдад нээн үзүүлэх өвөрмөц ахуй, соёл, түүх арвин байх шиг санагдсаныг нуух юун. “Зуд” кино бидэнд үүнийг ахиад л сануулах шиг болов.
Кино наадмын нээлтийн киног зөвхөн урилгаар үзүүлдэг нь жил жилд үзэгчдийг гонсойлгодог байсан бол энэ жил нээлтийн киног маргааш нь iCinema кино театрт олон нийтэд нээлттэй гаргаж, киноны зураглаач Павел Хоженпатай хэлэлцүүлэг явуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээв.
ҮЗЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ. Зураач Соёлмаа энэ удаагийн Улаанбаатар кино наадам болон үзсэн кинонуудынхаа талаар ийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм: “Энэ жилийн хувьд цөөхөн боловч чанартай кинонууд гарсанд баярлаж байгаа. Дөрвөөс таван жилийн өмнө би гэнэтийн шийдлүүд ихтэй, тэр нь илт, шууд дүрслэгдсэн, уран зохиолоор бол Достоевскийн зохиолууд шиг гол дүрүүдийн баяр, шаналал ил, түүнийг нь гаргах илэрхийлэмж дээр илүү ажилласан кинонууд үзэх дуртай байсан бол одоо илүү энгийн, Толстойн зохиол шиг харилцан яриа цөөтэй, үгийн сонголт ч энгийн тоочсон маягтай хэрнээ цаад утга санаа нь үзэгчдэд нээлттэй үлдэх, найруулагчийн хувийн үзэл бодлыг шууд бус зугуухнаар илэрхийлсэн, нуршуу биш, баримтат маягийн кинонуудад илүү дуртай болж байгаа. Тиймээс “Зуд”, “Худалдаачин” кинонууд хамгийн их таалагдсан. “Зуд” киноны хувьд гадны хүмүүс Монгол малчдын амьдралд биднээс илүү сайн орж чадсан нь толинд туссан бидний дүрсийг үзүүлж байгаа мэт сэтгэгдэл үлдээсэн. Гадаад найруулагч монгол амьдралыг харуулсан гэдэг нь мэдэгдэхүйц “харь” харах өнцөг, нөлөө их биш өөриймсөг, мөн зураг авалтаа гар камераар хийсэн нь энэ бүтээлийг бодитой болгосон онцлог санагдсан. Энэ жилийн кино наадмаар гарсан ихэнх бүтээлүүдэд хүний сайхан сэтгэлийн эрэл хайгуул ил, далд хэлбэрээр илэрч байсан нь надад нэг их гүн санаа алдаад бийрээ барих урам зориг өгсөн.”
Наадмын хоёр дахь өдөр: ХӨЛ, ХӨГЖӨӨНТЭЙ СОЛОНГОСЫН КИНО ӨДӨР
Онцлох орныг сонгож, нэг өдрийн турш зөвхөн тэр орны уран бүтээлчдийн киног гаргаж, тухайн орны кино урлагийг таниулан сурталчилдаг нь Улаанбаатар кино наадмын нэг онцлог юм. Наадмын хоёр дахь өдөр энэ жил онцлох орноор сонгогдсон Солонгосын кино өдрөөр үргэлжлэв. Энэ өдрийн эхний үзвэр “ЭНГИЙН НЭГЭН ХОС”(Very Ordinary Couple) бол залуусын хайр дурлалын харилцааг харуулсан драм, инээдэм төрлийн кино боловч орчин цагийн залуусын харилцааг улиг болсон сүржин романтаклалгүй бодитоор үзүүлсэн шударга хийц, үнэн арга барилаараа энэ жанрын кинонуудаасаа илт ялгарч, гол дүрийн хоёр залуугийн сайн тоглолт үзэгчдийн сэтгэлд хүрэх гол түлхүүр болж байв.
Дараа нь Солонгосын кино өдөрлөгийн албан ёсны нээлт “БҮЖГИЙН ХАТАН” (Dancing Queen) киногоор үргэлжилсэн юм. Тус киноны найруулагч И Сог Хүнь өөрийн биеэр хүрэлцэн ирж, киноны дараа үзэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлж, асуулт хариултын бяцхан тэмцээн явуулж өмнөх кинонуудынхаа DVD-г бэлэглэглэсэн нь сонирхолтой байв. “Бүжгийн хатан” кино арилжааны утгаар анхны амжилт олсон бүтээл нь агаад энэ жил манай кино театруудаар гарсан “Хималай” кино мөн И Сог Хүнь найруулагчийн амжилттай төслүүдийн нэг аж. Үр хүүхэд, гэр бүл, ахуй амьдралдаа түүртэн дуучин болох хүсэл мөрөөдлөө орхихоос аргагүй болсон дундаж насны гэрийн эзэгтэйн түүхийг өгүүлэх “Бүжгийн хатан” зөрчил сайтай сонирхолтой өрнүүн зохиолоор үзэгчээ хөтөлсөөр солонгос тэр дундаа азийн нийгэмд түлхүү байдаг “Эмэгтэй хүн гэр бүл, хүүхдийнхээ төлөө хүсэл мөрөөдлөө орхих, золиослох учиртай, хувь хүнээ мартаад сайн эзэгтэй, сайн ээж байлгах”-аар тулгадаг хэвшмэл ойлголт, нийгмийн үзэгдлийн эсрэг зугаатай арга барилаар тун хүчтэй дуугарсан хүнлэг кино байв. Солонгос, монгол холилдсон танхим дүүрэн үзэгчид киноны турш инээн хөгжиж байснаа төгсгөлд нь уйлах зэргээр үзэгчдийн сэтгэл хөдлөлийн үелзэл хүчтэй байлаа.
Солонгосын кино өдөр “ЭРЧҮҮДИЙГ АРГАНДАА ОРУУЛАХ НУУЦ ЗӨВЛӨГӨӨ” (How to Use Guys with Secret Tips) киногоор өндөрлөсөн юм. Найруулагч И Вон Сок Америкийн кино институтын төгсөгч бөгөөд найруулгын бие даасан анхны төсөл болох уг киноны бэлтгэл ажил кино зохиол, санхүүжилт олох зэргээс болж долоон жил үргэлжилсэн аж. Хүйсийн тэгш бус байдал, алагчлал гэх нийгмийн үзэгдлийг егөөдөж, “эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа” гэсэн улиг болсон ойлголтыг эцэст нь тулгаж чадварлагаар хошигносноор сайх ойлголтыг эсрэгээр тонгоруулж үзэгчдийг зарим талаар тун хүчтэй өдөөн хатгасан, хөгжилтэй кино байв.
Солонгосын кино өдрөөр гарсан гурван кино Улаанбаатар кино наадамд сонгогдсон бусад бүтээлүүдийг бодвол илүү арилжааны чиглэлийн, манай кино зах зээлд хамгийн их хийгддэг, үзэгчдийн эрэлт ихтэй инээдэм төрлийн хөнгөн кинонууд байсан боловч зохиолын агуулга, багтаамж, киноны хийц маяг, уран бүтээлч хандлагаар энэ төрөл жанрын хувьд манай дотоодын инээдмийн кинонуудаас хувь илүү нь мэдрэгдэж байв. Мөн Солонгос кино өдрөөр ийм арилжааны кинонууд гарсан нь Улаанбаатар кино наадмыг бүхэлд нь үзсэн үзэгч, уран бүтээлчдэд арт болон арилжааны киноны эрс ялгаатай арга барилыг дуурайтал ойлгуулснаараа ач холбогдолтой байлаа. Манай дотоодын уран бүтээлчдийн хувьд ч нэгэнт кино хэмээх өндөр зардалтай, нүсэр урлаг руу орж ажиллаж байгаа бол арилжаа болон арт гэсэн ялгаатай чиг хандлагыг сайтар ухаарч, үнэхээр арилжааны кино бүтээж байгаа бол найруулагчийн онцгой шийдэл, арга барил гэхээс илүү кино зохиол сайн байх гэх арилжааны кинонд мөрддөгддөг наад захын дүрмүүдийн дагуу “тоглож” бүтээлээ илүү чанаржуулах чухалтай болохоос киноны уур амьсгал, хийцэд тохироогүй нүсэр ажиллагаатай зураг авалт, киноны жанрт огт нийцэхгүй сүнслэг элементүүдийг “хавчуулах” зэрэг гэнэн, хуумгай хандлагаар кино хийж үзэгчдээ басамжлаад байж боломгүй санагдсаныг нуух юун.
Наадмын гурав дахь өдөр: УРАМ ЗОРИГ, ЕГӨӨ, ХҮЧИРХЭГ ХҮҮРНЭЛ
10 дугаар сарын 13 буюу наадмын гурав дахь өдөр Афганистан найруулагчийн “ЧОНО БА ХОНЬ” (Wolf and sheep) киногоор эхлэв. Киноны өмнө залуу найруулагч Л.Бат-Амгалан “Чоно ба Хонь” киноны тухай болон найруулагчийн талаар танилцуулга мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр 2015 оны Улаанбаатар кино наадмын нээлтийн киногоор сонгогдож байсан Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг”(The Wonderful Flight) бэсрэг кино Лондонд зохиогддог “The Smalls”хэмээх бэсрэг киноны наадмаас Шилдэг драм кино төрөлд ялагч болж 40,000 фунт стерлингийн шагнал хүртсэнийг дуулгасан нь үзэгч болоод залуу уран бүтээлчдэд урам зориг төрүүлсэн таатай мэдээ байлаа.
“Чоно ба Хонь” кино Шарбона Садат хэмээх 26 настай, афган эмэгтэй найруулагчийн бүтээл аж. Шарбона Садат 2010 онд буюу 20 настайдаа Каннын кино наадмын дэргэдэх “Cinefondation” хөтөлбөрт тэнцэж “Чоно ба Хонь” киноныхоо зохиолыг бичиж байсан ба тэр үед энэхүү хөтөлбөрт сонгогдсон хамгийн залуу найруулагч болж байжээ. “Cinefondation” бол анхны буюу хоёр дахь бүрэн хэмжээний киногоо хийх гэж байгаа залуу найруулагчдаас өргөдөл авч жил бүр зургааг сонгож Парист амьдруулж, кино зохиолоо бичиж, кино мэргэжилтнүүдийн сургалтад сууж, төслөө хөгжүүлэх боломжийг олгодог 4 сар хагасын тэтгэлэгт хөтөлбөр юм. Харин “Чоно ба Хонь” кино бүтэж, үзэгчийн хүртээл болтлоо зургаан жилийг туулсан аж. Найруулагч нэгэн ярилцлагадаа өөрийнхөө кино хийх арга барилыг “Cinema Verite ” буюу үйл явдалд хөндлөнгөөс оролцолгүй зүгээр л ажиглаж байгаа мэт буюу бодит үнэнийг камертаа тусгах гэж тайлбарлажээ. “Чоно ба Хонь” киноны зургийг 11-18 настайдаа амьдарч асан Афганистаны алслагдмал хөдөө сууринд авах төлөвлөгөөтэй байсан ч улс төрийн нөхцөл байдлын улмаас гурван жил хүлээх болж, сүүлдээ Афганистанд зураг авах боломжгүй болсноор төрөлх суурингийнхаа хүүхэд, хөгшид, эр эм холилдсон 38 хүнийг Тажикстан руу аваачиж байж, киноныхоо зураг авалтыг дуусгажээ. Шарбона Садат найруулагч энэ тухайгаа “Афганистан улсыг хэвлэл мэдээллээр нэг бол хэт хар бараанаар, эсвэл мулгуу хүн ч итгэмээргүй дэндүү өөдрөг, цагаанаар харуулдгаас би үнэндээ залхдаг. Тиймээс уг киногоороо хөдөө суурингийн хүмүүсийн өдөр тутмын амьдралаар Афганистан орноо бодитой, энгийнээр гаргахыг хүссэн. Гэтэл энэ энгийн кино маань 6 жил шаардсан урт удаан хугацааны сорилт болж хувирсан ч бууж өгөлгүй киногоо хийж дуусгасан. Энэ хугацаанд хайртай зүйлийнхээ төлөө хэзээ ч бууж өгч болохгүй, сайтар хичээж зүтгэх юм бол болгож бүтээх арга зам ямагт олддог гэдгийг ухаарсан” гэж яриснаас үзэгч хийгээд залуу уран бүтээлчдэд урам зориг өгөх уран бүтээлчийн уйгагүй чанар мэдрэгдэж байв.
ҮЗЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ. Энэ удаагийн Улаанбаатар кино наадам болон үзсэн кинонуудынхаа талаар үзэгч Саран, Дэлгэрмаа нар ийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Саран: “Энэ жил өмнөх жилүүдтэй л адил гоё болж байна. Харин уран бүтээлчдийг урьж авчран киноны дараа хэлэлцүүлэг хийдэг байсан нь байхгүй болсонд жаахан харамссан. Үзсэн кинонуудаас тэр буйд хөдөө газарт тийм залуухан эмэгтэй найруулагч тийм үнэн жүжиглэлттэй бүх талаараа сайн кино хийсэн нь, бас тийм өөр амьдралыг тийм ойр мэдрүүлж чадсан болохоор “Чонь ба Хонь” кино сэтгэлд их хүрсэн. Ер нь Улаанбаатар кино наадмаар өөр өөр орны кинонууд гардаг болохоор орон орноор аялсан юм шиг сонирхолтой байдаг.
Ц.Дэлгэрмаа: Үзэгчийн хувьд олон улсын, шинээр гарч буй уран бүтээлчид, аль хэдийн байр сууриа олсон буурьтай найруулагчдын шинэ, чансаатай кинонуудыг эх орондоо өргөн дэлгэцээр үзнэ гэдэг сайхан боломж. Киноны эхлэхийн өмнө товч танилцуулга хийж, яриа өрнүүлж, үзэгчдэд таашаагдсан киног тодруулах зэргээр наадмын хүрээнд үзэгчидтэйгээ холбогдож байдаг нь их таалагддаг. Зөвхөн киноны салбарынхан гэлгүй үзэгч залууст аливаа уран бүтээлч хандлагыг өгдөөх, шинэ сэрэгдэл урам зоригоор тэтгэж байдаг өгөөжтэй арга хэмжээ гэж боддог.
Энэ удаагийн үзвэрүүдээс “Чоно ба Хонь”, “Худалдаачин” кино таалагдсан. “Чоно ба Хонь” кинон дахь Афганистаны хязгаар нутгийн хүн зоны амьдрал Монгол малчдын аж амьдралыг эрхгүй санагдуулж байсан. Амьжиргааны хэдэн малаа адгуулж, байгалийн эрхшээлд хэрнээ байгальтайгаа зохицон амьдрах хүмүүс. Бэлчээрт хонийг нь дураар зооглоод зогсохгүй малын пүнзэнд нь саравч яндангийн нүхээр дамжин ороод зоолж орхих чоно тэдэнд дайсагнах бол хаанаас яагаад ирсэн нь үл мэдэгдэх буутай хүмүүсийн сураг л байр сууц, ус нутгаа орхин хамаг байдгаа илжгэндээ ачаалаад цөөхөн хэдэн малаа туугаад хаашаа ч юм дүрвэхэд хүргэж байна. Тэртээ тэргүй алс хязгаарт суудаг тэр хүмүүс түүнээс цааш чухам аль хязгаар хүртэл ингэж дүрвэхийг бүү мэд... Олон мянган жилийн түүхтэй нүүдлийн соёл иргэншлийг ганцаар шахам хадгалж үлдсэн Монгол орон... Малчин зоны эрхлэх нүүдлийн аж ахуй ч гэсэн цаг үе, нийгмийн хөгжлийн нөлөөгөөр шахагдан түрэгдсээр л буй... Тэд ч бас хэзээ болтол, хаа хүртэл энэ хэвээр оршихыг бид хэлж мэдэхгүй...
Наадмын эл өдрийн хоёр дахь кино Исланд, Франц уран бүтээлчдийн хамтарсан “ХАМТДАА ТӨСӨЛ” (The Aquatic Effect) кино байв. Самир хэмээх өргөгч краны жолооч дундаж насны эр Агата гэх усанд сэлэлтийн багш эмэгтэйд анхны харцаар дурлана. Дурлалт бүсгүйтэйгээ ойртож танилцах зорилгоор сайн сэлдэг мөртлөө түүний багшилдаг усан санд сэлэлтийн анхны шатны сургалтанд явж эхэлнэ. Самир дурлалт бүсгүйтэйгээ ойртон дотносохын даваан дээр хуурч байсан нь илэрч тэдний харилцаа хөндийрдөг. Гэвч Самир бууж өгөхийг хүсээгүй тул эрээгүй марзаганал бус ёжлол, шоглолын тун нь таарсан хөгжөөнт уур амьсгал давамгайлсан сайх кино цааш үргэлжлэнэ.
“Хамтдаа төсөл”-ийн дараа энэ жилийн Каннын кино наадмаас шилдэг кино зохиол, шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн Ираны найруулагч Асгар Фархадагийн “ХУДАЛДААЧИН” (The Salesman) кино гарсан нь аргагүй энэ өдрийн оргил үзвэр байв. Найруулагч Асгар Фархади 2012 онд “Салалт” (Seperation) киногоороо Берлиний кино наадмаас Алтан баавгай, Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг гадаад хэл дээрх киноны шагналыг хүртсэнээр дэлхийн кино урлагт ихэд алдаршиж энэ цаг үеийн Ираны кино урлагийн нэр хүндийг олон улсад амжилттай төлөөлж буй уран бүтээлч болсон юм. Аббас Киаростами тэргүүтэй Ираны өмнөх үеийн найруулагчид харилцан яриа, өрнөлөөр дутмаг, баримтат хүүрнэл киноны заагийг үгүй хийсэн гэмээр, бясалгагч шинжтэй кинонуудаараа дэлхийн кино урлагт танигдсан бол Фархадигийн кинонууд үйл явдал, өрнөл, харилцан яриагаар тун баялаг. Гайхалтай нарийн зохион байгуулсан, энгийн атлаа гүн агуулгатай харилцан ярианууд, дараа дараагийнх руугаа хөтлөх үл тасрах түүхүүд гээд Асгар Фархадагийн кино зохиолууд ямагт төгс гэмээр байдаг. Киногоор биш, театрын найруулагчаар мэргэшсэнтэй нь холбоотой байж мэднэ. “Худалдаачин” кино ч Асгар Фархадагийн зохиолоо гарамгай урладаг, өнгөц сүржигнэл бус дүрүүдийн үймрээнт дотоод сэтгэлзүйгээр үзэгчдэд алгуурхнаар нөлөөлөх хүнд уур амьсгалыг бүрдүүлдэг зэрэг түүний арга барилууд тод туссан бүтээл байв. 20 дугаар зууны сод туурвилуудын нэг Артур Миллерын “Үүргийн худалдаачны үхэл” жүжгийг үндсэн хүүрнэлийн зэрэгцээх давхар шугам болгон ашигласан нь киноны драм шинжийг улам ч хүчтэй болгожээ.
ҮЗЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ: Энэ удаагийн Улаанбаатар кино наадам болон үзсэн кинонуудынхаа талаар үзэгч Золзаяа, Бат-Амгалан нар ийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Золзаяа: “Улаанбаатар” кино наадам миний хамгийн их хүсэн хүлээж байж ирдэг арга хэмжээнүүдийн нэг. Энэ жилийн хувьд наадам маш сайхан болж байна. Харин ийм анхаарал татам, шилдэг урлагийн бүтээлүүд гаргаж байхад 400-хэн хүнтэй танхим огт дүүрэхгүй байгааг харахаар хоолой дээр нэг юм тээглээд байсан. Түрүү жил Берлины кино наадмын дээд шагналтай "Такси" кино гарч байхад бас дүүрээгүй. 3000-хан мянган төгрөгний тасалбараар орж болох энэ танхимыг дүүрдэг болгохын тулд би юу хийж чадах вэ гэж бодсон. Энэ жил үзсэн кинонуудаас “Худалдаачин” их таалагдсан. Үзэгчдэд бэлэн хоол өгөх бус тасралтгүй асуулт тавьж, өөрсдөөр нь хариулт хайлгаж байсан учраас огт уйдаахгүй, сонирхолтой таавар шиг байсан. Кинон дундуур гарч байгаа тэр жүжгийн хэсгүүд энэ киноны чимэг, шигтгээ шиг санагдсан, найруулагч Фархадийг ямар уран хүн бэ гэж өөрийн эрхгүй бодсон. Бас “Хамтдаа төсөл” их хөнгөхөн, гоё кино байсан. Исланд хүмүүсийн шогийн мэдрэмж ёстой тасарчихжээ (инээв). Түрүү жил гарсан “Of Horses and Men”гээд Исланд кинон дээр бас үхэтлээ инээж байсан юм.
Бат-Амгалан: Улаанбаатар кино наадам жил ирэх тусам чанаржиж байна. Хэдэн жилийн өмнөхийг бодвол дэлхийн олон орны киног үзэх сонирхолтой үзэгч харьцангуй олширч байна. Энэ жилийн хувьд хамгийн онцлох кино бол яалт ч үгүй Асгар Фархадигийн “Худалдаачин” байлаа. Эмэгтэйчүүд, гэр бүл, хүмүүсийн харилцааг энгийн хэрнээ яаж ийм ээдрэйтэйгээр үзэгчийн сэтгэл зүйг донсолгосон ийм хүчтэй драм хийж чадсанд нь үнэхээр биширч, киног үзэж дуусаад шүүрс алдаж, уран бүтээлчийн цагаан атаархал төрсөн. Энэ киног дахиж үзмээр байна.
Наадмын сүүлчийн өдөр: ШИНЭ, ШИЛМЭЛ АРТ КИНОНУУД
Наадмын сүүлийн өдөр Тайваны домогт найруулагч Хоу Сиао Сиений “ХӨЛСНИЙ АЛУУРЧИН” (The Assassin) киногоор эхлэв. Уран бүтээлийн эрчтэй, эхэн үедээ Хоу Сиао Сиен найман жилд (1981-1989) долоон кино хийсэн нь цөм Венец, Берлин зэрэг олон улсын кино наадмуудаас шагнал хүртэж байсан түүхтэй. Харин өдгөөгөөс найман жилийн өмнө тэрээр “Улаан бөмбөлөгийн нислэг” (Flight of the Red Balloon) киногоо хийснийхээ дараа “Би арт киноны хувьд хийдгээ хийсэн, одоо араагаа солих цаг болжээ. Дараачийн арван жилийг би тулаант кино хийхэд зориулмаар байна. Тан улсын үед үнэхээр гайхалтай, тоймгүй их тулаант романууд бичигдсэн байдаг. Тэднээс эмэгтэй алуурчны тухай өгүүлэх нэг роман сонгож кино болгохоор шийдээд байна” гэж мэдэгдээд найман жил таг чиг байсны эцэст эл “Хөлсний алуурчин” киногоор 2015 оны Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртэн кино урлагтаа тун ч дуулиантайхан эргэн ирж байлаа. Хэдий Хоу найруулагч “араагаа солих цаг болсон” гэж мэдэгдэж, тулаант кино гэх арилжааны жанр руу хөл тавьсан ч “Хөлсний алуурчин” киногоо өөрийн онцгой арга барилаар тун арт шинжтэй хийсэн байв. Тиймдээ ч найруулагчийн арга барилтай танил бус үзэгч уг киног хүлээж авахад чамгүй түвэгтэй. Хоугийн кинонд хүчирхэг түүх бус зураглал, киноны уур амьсгал, хэмнэл ямагт гол үүрэг гүйцэтгэдэг. Үзэгчээс ухаанаа бус мэдрэмжээ түлхүү ажиллуулахыг шаарддаг. Тиймдээ ч үзэгч холбогдож, хүлээж авч чадах аваас Хятадын эртний уран зургийг санагдуулж, зэнгийн мэдрэмж төрүүлэм үзэсгэлэнт зураглал дунд хөврөх дүрсний олон давхаргаас Тан улсын үед амьдрах хөлсний алуурчин Иянянь хүүхэн зэвсгийн эрдмийн оргилд хүрсэн боловч сэтгэлдээ захирагдан багшийнхаа алахыг даалгасан хүнийг хороохоос татгалзаж буй нь эрдэм чадвар хэдий чухал ч хүнлэг сэтгэл, зүрх сэтгэл үгүй бол хүн эзэмшсэн эрдэм, чадварынхаа боол болно гэсэн энгийн санааг “Хөлсний алуурчин” киноноос өндөр эмоцоор, ултай мэдрэх болно. Хоугийн киноноос мэдэрсэн аливаа санаа, ухаарал хэдийн энгийн байлаа ч үзэгчдэд далайн ёроолоос сувд олсон мэт нандин санагддаг нь ёстой л найруулагчийн урлахуйн ид хав, онцлог биз ээ.
Наадмын сүүлийн өдөр Германы найруулагч Кристиан Петзолдын “БАРБАРА” (Barbara) киногоор цааш үргэлжлэв. Кристиан Петзолд уг бүтээлээрээ 2012 оны Берлины кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртжээ. Берлины дэг сургуулийн найруулагчид гол төлөв реалист болон улс төрийн сэдэвт уран сайхны кинонуудаараа ялгардаг бол найруулагч Кристиан Петзолдын уран бүтээл үхэл амьдрал, нийгмийн асуудал, эгзэгтэй нөхцөл байдал дахь эр эмийн харилцаа, хайр сэтгэл зэрэг өргөн хүрээг хамаардаг. 1980 оны социалист Зүүн Германд үйл явдал нь өрнөх, эгзэгтэй нөхцөл байдалд орсон Барбара хэмээх эмэгтэй эмчийн сэтгэл зүйн хувирал, шийдлийг алгуур боловч нягт нямбай хүүрнэх “Барбара” кино зураглал, жүжигчдийн тоглолт гээд тун ч өөгүй гүйцэтгэлтэй бүтээл байв.
Найм дахь удаагийн Улаанбаатар кино наадам энэ жилийн Каннын кино наадмын дээд шагналт “БИ ДАНИЕЛ БЛЕЙК” (I, Daniel Blake) киногоор өндөрлөсөн юм. Кино эхлэхийн өмнө “Хүсэл шунал”, “Алсын удирдлага” зэрэг киноны найруулагч С.Бямбаа “Би Даниел Блэйк” киноны найруулагч Кен Лоучийн намтар, уран бүтээлийн онцлогийн талаар танилцуулсан нь үзэгчдэд өгөөжтэй хийгээд завшаантай хэрэг болов. Өлсгөлөн, орон гэргүйдэл, хөдөлмөр хамгааллын нөхцөл зэрэг голдуу ажилчин анги хийгээд дундаж давхаргынханы нийгмийн асуудлыг хөндсөн бүтээлүүд туурвидаг Английн найруулагч Кен Лоуч 2006 онд “The Wind That Shakes the Barley” киногоороо Каннын кино наадмын дээд шагнал хүртэж байсан бол 80 насандаа бүтээсэн “Би Даниел Блэйк” киногоороо энэ жил хоёр дахь удаагаа Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэнээр энэхүү нэр хүндтэй шагналыг хоёр удаа хүртсэн 9 дэх найруулагч болсон юм.
“Би, Даниел Блэйк” гээд нэрнээсээ эхлээд л гол дүрээ тунхаглан зарласан эл кино 100 минутын турш “би” ийм хэмжээний бүтээл шүү гэдгээ ч бахархалтайгаар тунхагласан, үзэгчидтэй гүнзгий холбогдсон бүтээл байв.
ҮЗЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ: Энэ удаагийн Улаанбаатар кино наадмын тухай болон “Би Даниел Блэйк” киноны талаар үзэгч Амармэнд, Бат-Амгалан нар ийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм:
Амармэнд: “Киноны өмнө С.Бямба найруулагчийн хэлсэнчлэнээр Каннын кино наадмын дээд шагналт бүтээлийг тавхан сарын дараа эх орондоо, өргөн дэлгэцээр үзнэ гэдэг мөрөөдөл төдий хэрэг байсан. Энэ мөрөөдлийг биелэл болгосон Монголын Урлагийн зөвлөл тэргүүтэй олон байгууллагуудад бид талархах учиртай байх. Миний хувьд анхнаасаа Кэн Лоучийн “Би Даниел Блэйк”, Асгар Фархадигийн “Худалдаачин” гэсэн хоёр киног товлож байсныхаа дагуу үзсэн. Ихэвчлэн ажилчин ангийн амьдралын сэдвээр кино хийдэг Кэн Лоучийн шинэ кино “Би Даниел Блэйк” өнөөгийн Монголын нийгмийн амьдралтай холбогдож, хүмүүст харах шинэ өнцөг нээж өгөхүйц бүтээл болж гэж санагдсан. Ерөнхийдөө л Монголын оюунлаг гэх үү олонд танигдсан гэх үү давхаргын дунд 1990 оноос хойш либерал эдийн засгийн үзэл баримтлал, нийгмийн халамжийн эсрэг үзэл суртал их хүчтэй байсан. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг эрчимтэй өсөж байгаа ч ядуурал, нийгмийн эрх тэгш байдал улам л газар авч байна. Тэгэхээр цаашид хурдацтай хөгжиж урагшлах гэхээсээ илүү тогтвортой буюу хамтдаа хэн нэгнийг орхигдуулалгүйгээр хөгжих тухай ярьж эхлэх цаг болсон гэж боддог.
Бат-Амгалан: Гадны том кино наадмуудад тэр бүр очиж чаддаггүй уран бүтээлчид бидний хувьд энэ жил Каннын кино наадамд тэргүүлсэн киног эх орондоо бараг үнэгүй шахуу үзнэ гэдэг маш ховор завшаан. “Би, Даниел Блэйк” кино манай нөхцөл байдалд тун тохирсон, тэр тусмаа тѳрийн албан хаагчид болон тѳрийн үйлчилгээний ажилчид үзүүштэй. “Даниел Блэйк” гэж дүрийн характер, эмоц, танхай байдал зэрэг нь үнэхээр амьдралтай, нэг ч хуурмаглалгүй бодитой. Манай киноны уран бүтээлчид кинондоо нийгмийн болж бүтэхгүйг шүүмжлэхийг оролддог боловч хэтрүүлэгтэй, хэт үнэмшилгүй морал унших гээд байдаг. Харин энэ киног үзвэл арай ѳѳр арга барилыг хѳгшин Англи найруулагчаас олж үзэх байх.
Ийн 2016 оны Улаанбаатар кино наадмын үзвэрүүд амжилттай гарч дууссаны хойно үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн бүтээлийг уламжлал ёсоор тодруулан зарласан юм. Энэ жил уг шагналыг Ираны найруулагч Асгар Фархадагийн “Худалдаачин” кино хүртжээ. Үзэгчдийн таашаалд нийцсэн хоёр дахь киногоор Английн найруулагч Кэн Лоучийн “Би Даниел Блэйк” тодорсон бол, удаах киногоор Афганистан найруулагч Шарбано Садатын “Чоно ба Хонь” бүтээл шалгарсан байв. 26 настай залуу эмэгтэй найруулагч хийгээд 80 настай өвгөн найруулагчийн бүтээлүүд ийн Улаанбаатарын үзэгчидтэй гүнзгий холбогдон, сэтгэлд нь хүрч таашаагдсан явдал тун сайхан давхцал байлаа.
Үзэгчдийг оюун санаа, мэдрэмжийн арван янзын өөр өртөөгөөр аялуулж замчилсан найм дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам ийнхүү тун өрнүүн, өгөөжтэй болж өндөрлөсөн юм. Уран бүтээлчид, урлагаар мэргэшихээр сурч буй оюутнууд, кино хорхойтнууд, үзэгчдийн хувьд Улаанбаатар олон улсын кино наадмын дөрвөн өдөр гарсан бүх киног алдалгүй үзсэн аваас прагматик утгаар тооцвол 30,000 төгрөгөөр кино урлагийн мэдлэгээ дээшлүүлэх цогц сургалтанд суусантай тэнцхүйц үр өгөөжтэй байсан гэдгийг бахархалтай тэмдэглэмээр байна.
Орон орны өвөрмөц соёл, ахуй амьдрал, амьдралын хэв маяг, нийгмийн асуудал хийгээд хүмүүний нийтлэг мөн чанар, харилцаа, оюун ухаан, сэтгэл зүрхийг маш ултай, далайцтайгаар илэрхийлж, үзүүлж чаддаг кино урлаг хэмээх гайхамшигт ертөнцөөр жил бүр Улаанбаатарчуудыг аялуулдаг “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын ерөнхий зохион байгуулагч Урлагийн зөвлөлд олон үзэгчийн өмнөөс онцгойлон талархмаар байна. Мөн энэ жилийн наадмыг хамтран зохион байгуулж ивээн тэтгэсэн Францын Элчин Сайдын Яам, Солонгосын Элчин Сайдын Яам, Гёте-Институт, Тайпейн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газарт маш их баярлалаа. Жихүү унан хүйтэрсэн Улаанбаатарын маань дүнсгэр намарт үзэгдэл, хөл хөгжөөн нэмдэг, дэлхийн шилмэл, шинэ кинонуудыг цаг алдалгүй үзүүлж кино наадмын уур амьсгал, далайцыг мэдрүүлдэг цор ганц үйл ажиллагаа “Улаанбаатар олон улсын кино наадам” хэзээ ч бүү тасалдаасай хэмээн хүсэж, дараа жилийн наадмыг хоног тоолон хүлээж сууя. Дараа жил та ч бас энэхүү гайхамшигт аялалд нэгдээрэй.
Нийтлэлч Ж.Тэгшзаяа