Японы Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуулийн Анагаах ухааны факультетад Монгол Улсын АШУҮИС-аас хоёр оюутан 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боллоо. Ирэх оны дөрөвдүгээр сараас Анагаах ухааны факультетийг шинээр нээн ажиллуулах гэж буй Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургууль нь олон улсад ажиллах анагаах ухааны мэргэжилтэнг бэлтгэх болон Ази дахь эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэх зорилготойгоор Азийн улс орнуудаас 20 оюутныгсуралцуулахаар шийдвэрлэсний дотор Монгол Улсаас хоёр оюутан сонгогджээ. Тэтгэлгээр суралцах оюутнуудад тус сургуулийг төгсөх хүртэлх зургаан жилийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэлийн зардал, амьжиргааны зардал гэх мэтийг оруулаад оюутан тус бүрт хамгийн ихдээ 30 сая иений тэтгэлэг олгогдоно гэж мэдэгдээд байгаа юм.
Монгол Улсаас тэтгэлэгт оюутнаар АШУҮИС-ын хоёрдугаар дамжааны оюутан Талгатын Тилеубек, Ганбаатарын Төмөржин нар сонгогдсон бөгөөд Элчин сайд Т.Шимизү тэдэнд хандан, “100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Японы Анагаах ухааны салбарт суралцана гэдэг бол туйлын ховор боломж бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсаас хоёр ч оюутан сонгогдсон нь нэн баярлууштай явдал юм. Япон улсын засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэх ажлыг идэвхийлэн дэмждэг бөгөөд сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын залуу эмч нарт мэргэжлийн дадлага туршлага суулгах зорилготой Япон Монголын сургалтын эмнэлгийг байгуулах төсөл (2018 онд барилгын ажил дуусахаар төлөвлөгдсөн)-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ удаад Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуульд суралцах хоёр оюутны тухайд Япон улсад сурч мэдсэн зүйлээ энэхүү сургалтын эмнэлэгт авч ирж хэрэгжүүлэх аваас туйлын их баяртай байх болно. Энэхүү алтан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ирээдүйн Монголын анагаах ухааны хөгжилд үр шимийг нь гаргаасай гэж хүсч байна” хэмээн урмын үгийг хэлэв.