Хүн төрөлхтний XX зуунд бий болгосон шилдэг бүтээлүүдийн нэг нь нисэх онгоц гэдгийг уншигчид хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй. Жигүүртэн хүрээгүй өндөрт дүүлж, жилдээ хүрэмгүй газарт өдөртөө очоод ирэх энэ хөлөгт арчилгаа, засвар үйлчилгээ шаардагдах нь мэдээж.
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон автомашиныг хууль, журмын дагуу жилд нэг удаа оношилгоонд оруулдаг шиг агаарын хөлөгт өдөр тутам, долоо хоног бүр, сар, улирал, жилдээ хяналтын үзлэг хийж байх ёстой.
Гадаад улсад өндөр өртгөөр үзүүлдэг ийм үйлчилгээг МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын чадварлаг залуус хийж, хилийн чанадын авиакомпаниудын хөлгийг Буянт-Ухаагийн дэнжид дараалуулан зогсоож байна. Энэ газрын нэг өдрийн ажлыг “Өнөөдөр” сонин өнгөрсөн баасан гаригт сурвалжиллаа.
10.00 цаг. Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газраас сурвалжилга хийх хүсэлтээ МИАТ компанийн удирдлагад илэрхийлснийг тус ТӨХК-ийн Нислэг, техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд уриалгахан зөвшөөрч, энэ цагт “Хүрч ирж болно” хэмээн өмнөх өдөр нь хэлсний дагуу бид тэнд очлоо. Тус компанийнхан гадаад, дотоодын зочид хүлээн аваад ажил ихтэй учраас “Чингис хаан” нисэх буудлын хашаа руу орох эрхтэй автомашин нь хүртэл завгүй байсан ч тэр их ажлынхаа хажуугаар биднийг хамгаалагдсан бүс рүү нэвтрүүлсэн юм.
Төв оффист хэсэг хугацаанд хүлээзнэсний дараа “Чингис хаан” нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанаас тусгай үнэмлэх авч, дотогш оров. Орох хаалган дээр биеийн байцаалт шалгахаас эхлээд автомашин, авч яваа эд зүйлийг нарийвчлан хянаж хашаа руу нэвтрүүллээ. Олон улсад терроризмын аюул байнга заналхийлж буй өнөө цагт хэдийгээр харьцангуй тайван орон ч гэлээ ингэж нягт нямбай, нарийн шалгахаас ч аргагүй.
Ийнхүү нарийн чанд шалгалтыг өнгөрүүлсний дараа Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын байранд биднийг очиход тус газрын дарга Т.Аюуш угтаж, үйл ажиллагаагаа танилцуулахаар инженер Ж.Чинзоригийг бидний хөтөч болгов.
Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын үндсэн ангаарын хаалгаар явж ороход ОХУ-ын “ЮТ эйр” авиакомпанийн “Боинг-767” загварын онгоцыг оруулчихсан, эд анги болгонтой нь 1-2, заримд нь 3-4 инженер, техникийн ажилтан “ноцолдож” байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт ирсэн энэ хөлгийн эс ширхэг бүрийг нь хянан шалгаж, нислэгт тэнцэх, эсэх ямар эд анги нь эвдэрч, гэмтсэнийг тогтоохоор тэд ажиллаж, детал бүрийг нь нарийн үзэхээр задалж эхлээд удаагүй байгаа аж.
Хоёр хүн далавчийнх нь эд ангиудыг салгаж байхад, өөр мөн тооны залуу нисэх онгоцны гол эд анги болсон хөдөлгүүртэй нүүр тулж байв. Агаарын хөлгийн чухал эд анги буюу тулгуур болсон дугуйн хэсэгтэй тусгай хувцас өмссөн бас нэгэн эр үзэж тарна.
10.30 цаг. Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш бидэнд хийж буй ажил, зорьж буй зорилтоо товчхон танилцуулав. Европын холбооны иргэний нисэхийн байгууллага EASA-ын өндөр босгын 2005 онд давж, гэрчилгээжсэн тус газрынхан өмнөх жилүүдэд тавьсан зорилтдоо хүрч чаджээ. Монголдоо олон нийт нэг их сайн мэдэхгүй ч, Тайланд, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг орны авиакомпанийн агаарын хөлгүүдийг засаж, өөрсдийгөө олон улсад хэдийнэ таниулсан хамт олон аж.
Тус газрын дарга Т.Аюуш “МИАТ компани зарим агаарын хөлгөө Европын холбооны орнуудаас түрээсэлдэг. Тиймээс EASA-гын дүрмийн дагуу гэрчилгээжиж, 2014 оноос гадаадын авиакомпаниудад техник үйлчилгээ хийн, гадаад зах зээлд гарсан.
2014 онд гадаадын таван агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийж байсан бол жил бүр зах зээлээ өргөжүүлэн, 2015 онд найм, 2016 онд 17 агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийж, зах зээлээ хурдтайгаар нэмэгдүүлсээр байна. Өдгөө бид бүс нутгийн хэмжээнд танигдаад байгаа бол ирэх жил АНУ-ын Иргэний нисэхийн байгууллага (FAA)-ын, БНХАУ мөн байгууллагын дүрмийн шаардлагыг хангахаар зорилт тавин ажиллаж байна. Манай газар агаарын хөлгийн хүнд хэлбэрийн үйлчилгээний ажил гүйцэтгэхээс гадна 60 гаруй нэр төрлийн эд ангийг нь засаж байна. Үүнийхээ нэр, төрлийг ч олшруулахаар зорьж байгаа.
Өдгөө бид 60х60 метрийн хэмжээтэй ангаарт үйл ажиллагаа явуулж буй. Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулбал 105х175 м хэмжээтэй буюу үүнээс 4-5 дахин томыг барих юм. Үүний хэрээр үйл ажиллагаа маань ч өргөжиж, ажиллах хүчний орон тоог нэмэх шаардлагатай гэсэн үг. Дэлхийн ижил төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааны гол шалгуур үзүүлэлтүүд нь чанар, хэчнээн онгоц хүлээн авах талбайтай, хэдэн хүн ажиллуулж, хэдий хугацаанд засварлах, ямар үнэ өртөгөөр хийдэг гэдгээр өрсөлддөг” хэмээн товч танилцууллаа.
11.00 цаг. МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын өдгөө ашиглаж буй үндсэн ангаарт нарийн их биетэй онгоц нэгэн зэрэг хоёр багтдаг юм байна. Харин өргөн их биетэй нэг л онгоц багтдаг аж. Тиймээс дарааллаа хүлээн үндсэн ангаарын гадаа зогсож буй онгоц байгаа юм. Тэр нь Тайландын “Ориент Тай” авиакомпанийн “Боинг-767” агаарын хөлөг байв.
Инженер Ж.Чинзориг биднийг дагуулан газрынхаа өнцөг булан бүрт аваачсан. Орох хаалганы нь дэргэдэх самбарт Монгол Улсын ИНЕГ-аас гэрчилгээнээс эхлээд Тайланд, Турк, Европын холбоо, БНСУ-ын агаарын тээврийн компаниуд, тус улсын Зам, тээврийн яамнаас олгосон тухайн улс, орнуудын агаарын хөлгийг засварлах, үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн гэрчилгээнүүд он цагийн дарааллаар өлгөсөн байна. Хамгийн сүүлчийн хоосон зайнд АНУ-ынхыг өлгөхөөр төлөвлөж буй гэнэ.
Дотогш ороход ОХУ-ын “ЮТ эйр” компанийн онгоцыг задалж буй инженер, техникийн ажилтнууд тус тусын хариуцсан, ногдсон ажилдаа шамдацгааж байв. Тэднийг удирдан зохицуулах хяналтын өрөөнд 2-3 инженер суух юм. Нарийн төлөвлөсөн хуваарийн дагуу ажил явагдаж, задалсан эд анги болгоны нэрийн ард шар өнгөтэй зүү хатгажээ. Харин дуусаагүй байгаа, одоо хийгдэж буй ажлын ард ногоон өнгөтэйг зоосон байв. Бидний хөтчийн хэлснээр үзлэг оношилгооны ажлын явцыг ийм байдлаар хянаж, бататгадаг, үзлэг шалгалтын 1000 гаруй ажлыг ийнхүү өнгө өнгийн зүүгээр тэмдэглэдэг гэнэ.
Энэ бол хяналтын өрөө хэмээх авсаархан жижиг кабинд буй бүртгэл. Хананд нь маш олон тооны онгоцны системүүдэд хуваагдсан ажлын зааврууд өлгөөтэй байв. ОХУ-ын “ЮТ эйр” компани нь Английн Бермудын арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, 70 гаруй агаарын хөлөгтэйгөөс манай агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газарт техник үйлчилгээний ажил хийлгэхээр энэ жил хоёр дахь нь ирээд зогсож буй юм байна. Үүнийг монгол инженер, техникийн ажилтнууд нэгбүрчлэн задалж байхад нь бидний сурвалжилга хийх үе таарчээ.
Уг агаарын хөлгийн дотор тоноглолын ихэнх эд анги болох хаалга, гар тээшний сав, дотор хана, шал, тааз, гал тогоо, жорлон гэх мэт бүхий л эд ангийг нь салгаад гадна талд нь хураасан, заримыг нь хараахан салгаагүй байв. Тус онгоцонд 1000 гаруй үзлэг шалгалт оношилгооны ажил хийхээр төлөвлөжээ. Дээрх тооны үзлэг шалгалт хийхэд 60 инженер, техникийн ажилтан их биеийн бүтэц, цахилгаан тоног төхөөрөмж, хөдөлгүүр, кабин, сүүл анги, далавч, хөл анги гээд хуваан авч нарийвчлан үзэж байна. Ингэснээр цаашид энэ онгоцыг нислэгт тэнцэх, эсэхийг тодорхойлох аж.
Агаарын хөлгийн гадаад их биеийн дотор талд хүйтэн, дулаан тусгаарлах хөнжил байх агаад түүнийг нь нэг бүрчлэн хуулж салган цаад талд нь байгаа хадаасуудыг нь суларсан эсэхийг нягталдаг юм байна. Энэ онгоцыг 30 хоногт багтаан үзэж, засахаар төлөвлөсөн бөгөөд ирээд ердөө долоо л хонож буй аж.
12.00 цаг. Агаарын хөлгийн “эмч”, “сувилагч” нар үдийн цайндаа орохоор ангаарын өргөтгөл хэсэгт байрлах хооллох танхимыг зорив. Гэрээсээ хоолоо авчирсан зарим залуу бялдаржуулах танхимдаа зооглочихоод, дараа нь тэндээ хэсэг зуур амсхийх юм. МИАТ-ын Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар өдгөө онгоцны засвар, үйлчилгээний нарийн мэргэшсэн 150 гаруй инженер техникийн ажилтантай.
Тэдний 80 гаруй хувь нь гадаадад суралцаж мэргэшсэн юм байна. Хооллох танхимд манай инженер техникийн ажилтнуудтай хамт, хэдэн орос, нэг америк, солонгос хүмүүс орж ирснийг хөтчөөсөө сонирхон асуувал “Боинг” компанийн төлөөлөгч манайд сууж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлдэг юм хэмээн америк эрийг хэлэв. Харин солонгос, оросууд нь онгоцоо засуулж буй компанийн инженерүүд гэнэ.
“Боинг” компанийн суурин төлөөлөгч Жефри Ричардс хэмээх найрсаг, хөгжилтэй эртэй үдийн зоогийн дараа уулзахад “Би Монголд суурин төлөөлөгчөөр суугаад гурван жил болж байна. “Боинг” компани борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хоёр төрлийн дэмжлэг авиакомпаниудад үзүүлдэг. Нэг нь нислэгийн үйл ажиллагаанд ажилладаг хүмүүст зориулсан байдаг бол нөгөө нь инженер техникийн ажилтнуудад зориулж байдаг. Миний хувьд инженер техникийн ажилтнуудад зориулсан үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ зэргийг хариуцаж байна.
Мөн МИАТ компанийнхан АНУ руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Түүнд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, ИНЕГ-тай хамтран бичиг баримт, заавар журам боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, алсын зайн нислэгт онгоцыг болон нисэх багийнхныг бэлтгэх шаардлагатай бүхий л ажилд оролцож туслалцаа үзүүлж байна.
Монголын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууд олон улсын түвшинд хүрсэн, маш өндөр ур чадвартай залуус, тэдэнтэй хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна” гэсэн юм.
Үдийн хоолоо идэж дууссан залуус ангаарт байрлуулсан сагсан бөмбөгийн зөөврийн цагариг болон теннисний ширээгээ гаргаж, хоолоо шингээх зорилгоор хэсэг хугацаанд биеийн тамираар хичээллээд авав.
12.30 цаг. Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын цех, тасаг, хэлтэс болгоноор нь орлоо. Тэнд цахилгааны эд анги, хуудсан төмрийн, зөөлөн эдлэлийн засвар, аврах тоног төхөөрөмжийн, дугуй тоормосны, үл эвдэх сорилын гэх зэрэг 12 цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэр болгон нь орчин үеийн, нарийн мэргэжлийн багаж, техник, тоног төхөөрөмжөөр хангагджээ.
Агаарын хөлгийн их биеийг хөнгөнцагаанаар хийдэг гэх ерөнхий ойлголт маань энэ цехүүдээр дамжин гарахдаа үгүй болов. Мэдээж дийлэнх хэсэгт нь дээрх металл ордог ч, заримд нь шилэн даавуу, зөгийн үүрэн хавтан гэх мэт хөнгөн, металлаас илүү бат бөх чанартай, нийлмэл материалуудыг ашиглан зарим эд ангийг нь бүтээжээ. Тэнд суусан сэвийг нь хүртэл манайхан засаж, янзалдаг аж.
Үл эвдэх сорилын цех л гэхэд засварт орж буй Оросын агаарын хөлгийн дугуйн обуданд ямар нэг гэмтэл, үл харагдах цууралт гарсан, эсэхийг тодорхойлохоор ажиллаж байв. Тухайлбал, хэт авианы, соронзон бөөмийн, шингэн нэвчүүлэх гээд зургаан төрлийн аргыг ашиглаж, эд ангийг эвдэхгүйгээр гэмтсэн, эсэхийг тодорхойлох аж. Дизайны цехэд гурван хэмжээст (3D) хувилагч, мөн тийм хэвлэгч, лазер зүсэгч гээд орчин үеийн маш нарийн, өндөр технологийн тоног төхөөрөмжүүд харагдаж байлаа. Мөн тэнд агаарын хөлгийн их биеийг бүтнээр нь будах чадвартай аж.
13.00 цаг. Радио узелиэр “Бүх ажилтнууд тус тусын хийж буй ажилдаа орно уу” хэмээн нэвтрүүлсэн нь цайны цаг дууссаныг илтгэв. Залуус өөрт ногдсон хуваарьт ажлынхаа байранд ирж, тус тусын ажилдаа орлоо. Ингэж явахдаа инженер Ж.Чинзоригоос хүмүүсийг тус газарт ямар шалгуураар авч ажиллуулдаг болохыг сонирхоход “Манайд бүх л мэргэжлийн хүмүүс бий. Авто, холбооны инженерийн чиглэлээр их сургууль, гадаадад нисэхийн сургууль төгссөн хүмүүс байна. Хамгийн гол нь мэргэжлийн засварчин болохын тулд нарийн мэргэжлийн давтан курст сурдаг.
Тэгээд гурван жил дагалдангаар ажиллаж байж онгоцонд гар хүрэх эрх нь нээгддэг. Түүнээс биш сургууль курс төгсөөд ирсэн хэн нэгнийг агаарын хөлөгт хүргэдэггүй. ШУТИС-ийн нисэх механик-инженерийн сургуульд онгоцны засварчин-механик инженерээр төгссөнөөс гадна ОХУ, АНУ, БНСУ, Япон, Канадад сургууль төгссөн залуус ажилладаг. Ингэхдээ манайд шууд ажилладаггүй.
Заавал нарийн мэргэжлийн давтан, сургалтад сууж байж агаарын хөлөг дээр бие даан ажиллах болно” гэлээ. Үүнээс үзэхэд, хүний эмч болж буй залуусын нэгэн адил агаарын хөлгийн засварчин болоход маш сайн сурч судлах, боловсрох хэрэгтэй юм байна. Арга ч үгүй биз. Нисэхийн дүрэм журам цусаар бичигдсэн байдаг гэдэг. Олон хүний амь нас хариуцдаг болохоор нисгэгчийн ур чадвараас гадна агаарын хөлгийн бүрэн бүтэн байдал нэн чухал зүйл.
13.30 цаг. МИАТ-ын Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын үндсэн ангаараас гарч, түрээсэлж буй ангаар руу нь явлаа. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаа өргөжиж, туслах ангаартай болжээ. Тэнд нь ороход БНСУ-ын “Жэжү эйр” компанийн нарийн их биетэй “Боинг-737”-ийн хүнд хэлбэрийн засвар, үйлчилгээний ажлыг хийгээд дуусаж байлаа.
Тус онгоц энэ сарын 15-ны бямба гаригт ирж, долоо хоногийн хугацаатай “сувилгаа” хийлгээд гарч буй нь энэ аж. Биднийг ороход бүх засвар, үйлчилгээг хийж дуусаад, хамгийн сүүлчийн үзлэг болох агаарын хөлгийг жинлэхээр бэлтгэж байв. Үүний дараа МИАТ-ыг төлөөлж, Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газраас “агаарын хөлөг нислэгт бэлэн” хэмээн гарын үсэг зурж, баталгаажуулснаар техник үйлчилгээний ажил дуусдаг аж.
Үүнийг дуусгаад тус ангаар сулрахгүй нь. БНСУ-ын “Eastar Jet” авиакомпанийн нэг “Боинг-737” засварт орох өдрөө хүлээн зогсож байсан юм. БНСУ-ын дээрх авиакомпани МИАТ-ын Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрынхантай байгуулсан гэрээнийхээ дагуу онгоцоо засуулахаар илгээсэн нь ийн хүлээн зогсоо юм байна.
16.00 цаг. Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын төв ангаарт буцан ирж, хоёрдугаар давхарт нь байрлах оффисоор нь орлоо. Гол хэсгийг нь эзлэн суугаа хүмүүс бол Инженерийн хэлтсийнхэн. Тэд үйлдвэрлэгчийн зааврын дагуу агаарын хөлгийн системүүдийн үзлэг шалгалтын ажлыг нарийн хуваарийн дагуу хэзээ хэрхэн гүйцэтгэх заавар журмыг бэлтгэн боловсруулж, Үйлдвэр төлөвлөлт, хяналтын хэлтэст өгдөг. Тус хэлтэс нь шаардлагатай хүн хүч, багаж тоног төхөөрөмжийн мэдээллийг бэлтгээд Засвар, үйлчилгээний хэлтсийнхэнд өгдөг юм байна.
Тэднээс гадна Шугамын техник үйлчилгээний хэлтсийн хамт олон дөрвөн ээлжээр, 24 цагаар ажиллаж, МИАТ-д ашиглагдаж буй агаарын хөлгийг нислэгт бэлэн байлгах ажил үүргийг гүйцэтгэдэг аж. Мөн Сургалтын хэсэгт инженер, техникийн ажилтан ажилд эхэлж орох үеэс эхлэн номын дуу сонсгож, 3-4 жилийн хугацаатай хөтөлбөрийн дагуу сургаж, бэлтгэдэг аж. Маркетинг борлуулалтын хэлтсийнхэн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар хийх ажлуудаа нарийн төлөвлөсөн байх бөгөөд тэр болгоноо календарчилан ханандаа өлгөсөн байв.
17.00 цаг. Дээрх газрын ажилтнууд засвар, үйлчилгээ хийлгэх гадаадын агаарын хөлгийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор өндөр ачаалалтай ажиллаж буй ч, үйл ажиллагаагаа бүс нутгийн хэмжээнд хүргэх зорилт тавьж байна. Ижил төрлийн үйлчилгээ явуулдаг гадаадын томоохон техник үйлчилгээний байгууллагуудтай өрсөлдөн монгол хүний ур чадварыг олон улсын хэмжээнд хүрснийг бататган, онгоцыг засаж дуусах хугацаа, үнэ зэрэг гол үзүүлэлтүүдээр өрсөлдөх учраас ийнхүү ажиллаж буй юм билээ.
Манайхан автомашиныг монголчлоод уначихдаг. Агаарын хөлөгт ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Тиймээс олон улсад мөрдөж буй стандартыг нарийн баримталж, түүнд зориулсан багаж, тоног төхөөрөмжийг ашиглах ёстой аж. АНУ-д засагдаж буй онгоц БНХАУ-д ч, Монголд ч адил бүгд нэг стандарт мөрдөх ёстой учраас түүнийгээ дагаад МИАТ-ын Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрынхан өндөр чанар, стандартыг барин ажилладаг гэнэ.
Агаарын хөлөг засах гэдэг маш нарийн арга, ажиллагаа, стандарт, хариуцлага, ур чадвар, оюуны ур дүй шаардсан ажлыг монгол залуучууд хаанахын хэнээс ч дутахгүй хийж чадаж буйгаар нь бахархахгүй байхын аргагүй. МИАТ-ынхан энэ ажлаа жил бүр өргөжүүлж, олон улсын агаарын хөлгийг зассанаараа Монгол Улсын эдийн засагт багагүй хэмжээний валют оруулж чадаж байгаа юм.
Биднийг энэ сурвалжилгыг хийж байхад таарсан “Жэжү эйр” компанийн онгоцноос л гэхэд 150 гаруй мянган ам.доллар орж ирэх юм билээ. Энэ ажлыг төр, засгийн зүгээс бодлогоор зөв дэмжээд өгвөл Ази, Америк, Европын агаарын хөлгийн засварт зарцуулдаг (2015 оны байдлаар 64 тэрбум ам.долларыг зарцуулсан бөгөөд энэ тоо жилд 7-8 хувиар өсдөг) олон тэрбум ам.долларын орлогоос тодорхой хэмжээгээр Монгол Улсад оруулж ирэх татаад авчих боломж манайд байна.