Урагшлах, ухрах хоёр уг нь эсрэг утгатай үйлдлийг илэрхийлсэн үгс. Хэрэв чамайг хэн нэгэн машиндаа суугаад урагшлангаа ухраад аль гэвэл түүн шиг бүтэхгүй даалгавар үгүй. Физикийн хуулийг зөрчсөн эл үйлдлийг харин нам, төрийн өнөөгийн механизм бүтэн арван жил торох юмгүй хийж ирлээ. Урагшлангаа ухарч болдог юм байна.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улсаас чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн тэр цагаан Морин жил улс төрийн хоёр хүчний хооронд үзэл санааны томоохон зөрчилдөөн үүссэн. Эхнийх нь төрийн хяналтыг улам чангатгая. Төр эрх мэдлээ алдвал нийгмийн тэгш байдал алга болно. Үйлдвэрлэл үйлчилгээг төр хариуцсан хэвээр байж айл өрх бүрийн амжиргааны төвшинг нэг хэмд барья гэсэн. Харин нөгөөх нь хүн бүрт өөрийнхөөрөө бодох, сэтгэх, хөдөлмөрлөх, хөрөнгөжих эрх чөлөөг нь олгоё. Үйлдвэрүүдийг хувьчилж, хүн бүрийг хувийн хөрөнгөө өсгөн үржүүлэх боломжоор хангаж эдийн засгаа томруулъя гэж шаардсан.
Ард түмэн хоёрдахийг нь сонгож коммунист засаглалыг бүрэн халав. Хүн бүр чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, бизнес хийж, баяжих эсвэл хоосрох эрх нь хүн бүрт нээлттэй боллоо. Хотын гудамжаар Япон, Солонгос машинууд хурдалж, хаа сайгүй өндөр барилгууд сүндэрлэлээ. Хүн бүрт үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх олгосноор төр ард түмнийг биш ард түмэн төрийг хянаж, сонгодог болж ардчилсан зарчим цэвэр утгаараа үйлчилж эхэллээ. Түүнээс хойш 26 жил өнгөрч. Хүмүүс гартаа гар утастай, хувийн сууцандаа интернэттэй болж хүний хэрэглээ нарийсч хэрэгцээ нэмэгдсэнээс биш орлого буурч эдийн засаг хумигджээ. Аравхан жилийн дотор социалист ч биш, коммунист ч биш, фашист ч биш, гэхдээ фашизм руу чимээгүй дөхөж буй үзэл сурталгүйжсэн улс, нийгэм бүрэлджээ.
Яагаад бид сонгосон үзэл баримтлалаасаа татгалзав. Эсвэл эрх чөлөө гэж чухам энэ юм уу. Энэ бүгд 2004 оны Улсын их хурлын сонгуулийн үр дүнгээс эх авсан. Иргэд хоёр том нам, хоёр өөр зарчим, эсрэг тэсрэг үзэл санааг яг тэнцүү сонгосон. Ухаандаа, үзэл бодол нийлдэггүйгээс нөхөрлөхийг хүсэхгүй байсан хоёр хүнийг хүчээр нийлүүллээ гэсэн үг. Нэгнийхээ үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх аргагүй хоёр хүн нэгэнт нийлэх болсон тул зөвшилцөхөөс өөр аргагүй.
Зөвшилцөл гэдэг бол олонхын эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашиг, эрх чөлөөг боомилох, улмаар бүх нийтийн эрх чөлөөг хаших хүлцэнгүй нэр зүүсэн фашизм. Зөвшилцлийн гол хүч нь үзэл бодол биш хоёр талын эрх ашиг тул хэн, хэнийг сайд болгож, хэн хаанахыг даргалж, ямар төслийг аль намын гарт өгөх вэ гэдэг наймааны тогтолцоо руу шууд гулган орсон. Ингэж эрх ашгаа нэгтгэн хуваасан тул хоёр намын үзэл баримтлал ч мөн адил тэнцүү нийгэмд үйлчилж эхлэв. Хүн бүрт Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхийг нь хөндөхгүй. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, хөдөлмөрлөх, бизнес хийх эрх чөлөө хэвээрээ. Гэхдээ төр үйлдвэр, газар, хөрөнгө өмчлөх болоод хянах эрхийг улсад төвлөрүүлнэ. Ингэснээр хавтгайрсан халамжийн бодлого явуулах нөхцөл бүрдэж, нийгэмд тэгш хуваарилна гээд зүтгэлээ. Ажил хэрэг ч боллоо.
Байгалийн баялгаа төр захиран зарцуулж байгаа тул хүн бүрт 21000 төгрөгийг хишиг болгон тараалаа. Хүүхдийн мөнгө, оюутны мөнгө, шинээр гэрлэгсдийн мөнгө, хонь ямааны мөнгө гээд цацаж гарав. Хариуд нь дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, бүтээн байгуулалтууд нам зогслоо. Удалгүй байгалийн баялаг нь эхнээсээ шавхагдаж, үнэд хүрэхээ ч больж тараах мөнгө дуусав. Улмаар бизнес эрхлэгчдээс авах татварынхаа хэмжээг шууд ба шууд бус аргаар нэмэв. Шалтгаан нь төр “хайр халамж”-аа үргэлжлүүлэх. Энэ нь учир мэдэхгүй байгаа олонхид таалагддаг. Илүү хөдөлмөрлөсөн нэг хэсгийн хөрөнгийг огт хөдөлмөрлөдөггүй, идэвхгүй хэсэгт хуваан тарааж байгаа нь шударга гэж үзэх хүн олон. Үүнийгээ тэд бидэнд ажиллах, хөдөлмөрлөх бололцоо байхгүй гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл оюун ухаанаа ашиглаж амьдрах боломжгүй байна гэж шалтагладаг.
Ардчилал гэх үзэл санааны амин сүнс нь эрх чөлөө. Эрх чөлөөг үүсгэгч, өнгөлж, тогтоон баригч нь оюун ухаан. Хүн оюун ухаанаа тэлж, өөрийнхөөрөө сэтгэх, түүгээрээ амьдрах боломж, шаардлага бол эрх чөлөө. Гэтэл оюун ухаанаа ашиглаж амьдрах шалтгаан өгөлгүйгээр тэтгэн, тэжээнэ гэдэг бол үндсэндээ хувь хүний оюун ухаан, эрх чөлөөг боомилж буй хэрэг. Тэр тэтгэн тэжээж байгаа хэмжээ нь хүнийг хоосон хонуулахгүй ч хоёр идүүлэхгүй байх хязгаартай буюу маш бага. Нэг талаасаа олонхид энэ бол ямар ч айдасгүй, хавчлага шахалтгүй, шударга, өөрийнхөөрөө амьдраад болоод байх мэт санагдавч үнэн хэрэгтээ үүнээс ч илүү амьдрах боломжийг маш хүлцэнгүй байдлаар хааж байгаа хүнлэг биш бодлого юм.
Нийгмийг нэгэнт ийм байдалд дагуулан дасгасан тул хоёр нам өшөө хэдэн жил эрх барихын тулд гэрийн чинь шалыг угаана, гэргийн чинь биеийг галбиржуулна гэх нь холгүй сурталчилгаа явуулдаг болсныг өнгөрөгч хоёр сонгуулиас бэлхнээ харж байна. Төр төвлөрүүлсэн эрх мэдлээ ашиглан хүний өмнөөс ажил хийж мөнгө олохоо амлана. Олон нийт алдсан эрх чөлөөнийхөө оронд бэлэн орон сууц, бэлэн ажлын байр, бэлэн хоол урт засмал зам нэхнэ. Бодож, сэтгээд, хөдөлмөрлөөд мөнгө олж болох ч төр нь хураагаад авчих болохоор энэ нь амар. Гэвч одоо хоосон амлалт нь ч хол явахгүй болсныг хоёр дахиулан байж арайхийн ирцэндээ хүрсэн орон нутгийн сонгуулийн дүн харууллаа.
Цонхоор гадагш харвал бид 90 оноос хойш ойгүй их урагшилжээ. Угтаа бол тэр үед төсөөлж байсан 20 жилийн дараахтайгаа харьцуулахад бид сонгосон үзэл санаагаа тээж ирлээ гэтэл ядаж байрандаа зогсох нь бүү хэл буцаад 20 жилээр ухарсан байна. Социалист засгийн үе шиг бэлэн хоол хүлээгч, идэвхгүй, аймхай, сэрдэмхий, биендээ итгэдэггүй, шударга хөдөлмөрөөр биеэ тэжээх чадваргүй, ялгаварлан гадуурхагч, хоосон хийрхэгчдээр энэ нийгэм дүүрэн байна. 1970-аад оны үед Оросын эрдэмтэн Зиновьев ийм хүмүүсийг “Homo soveticus” буюу “Зөвлөлт маягийн хүн” гэж тодорхойлсон. Гэтэл “Бид Ардчилсан улс мөн” гэж 26 жил цээжээ дэлдсэн манай орны насанд хүрсэн иргэдийн талаас хол илүү хувийг нь “Зөвлөлт маягийн хүмүүс” эзэлж байна.
Амлалтаас амлалтын хооронд төр, нийгмээ компанийн засаглалаар авч явсаар энд ирснээ одоо ухаарч, залруулахгүй бол дараагийн хорин жилд өндөр хөгжилтэй Монгол улсад биш эрх чөлөөгүй тэжээвэр амьтдын хүрээлэнгээс 40 жилийг ухрааж харах хэрэг гарна. Физикийн хуулиар биш тогтолцооны гажуудлын хүчээр урагшаа ухарч болдгийг бид ингэж харлаа. Одоо улс төрийн арвин туршлагатай хоёр том нам амлалтаар биш алсын хараагаараа уралдаж, үзэл бодол, үнэт зүйлээ ялгаж салгах зайлшгүй шаардлагатай тулж байна. Хэрэв үнэхээр хэд хоногийн өмнө хэлсээр байсан шигээ улс орон, ард иргэдээ боддог бол шүү дээ.