Загасанд явж алжаалаа тайлахыг хүсдэг олон хүн бий. Тэдний дийлэнхи нь олон загас барьж зугаацах бус, дэгээ шидэнгээ голын урсгал харж тархиа амраахыг хүсэгчид. Хүслээ биелүүлэх талаар бодож эхлэнгүүт бэрхшээлүүд гараад ирдэг. Хэзээ, хаанаас ямар загас барьж болох, зөвшөөрөл авах ёстой юу гээд олон асуулт гардаг. Иргэд нэг зүйл дээр хэцүү байдалд ордог. Энэ бол загас барих зөвшөөрлийг хэрхэн авах. Үүнийг мэддэг нь ховор, мэддэг ч авахад төвөг ихтэй байдаг билээ.
Тэгвэл Зөвшөөрлийг цахимаар авах сайхан боломж гарлаа. Шийдэл нь, www.ezagas.mn. Энэ бол веб хуудас. Загас барих тусгай зөвшөөрлийг эндээс авах боломжтой гэвэл та итгэх үү. Тэгвэл ийм боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ. Ганц далайлтаар хийх ажил биш учраас энэ удаа зөвхөн Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд туршиж байна. Хэрвээ амжилттай болбол улс орон даяар хэрэгжүүлэх юм.
Та Онон голоос загас барих зөвшөөрлийг ezagas.mn веб хуудсанд орж аваарай. Ороход загасны зөвшөөрөл олгох систем гэсэн бичиг хамгийн түрүүнд нүдэнд тусна. Доор нь зөвшөөрөл авах гэсэн цэс бий. Дараад ороход нэвтрэх гэсэн бичгийн дор та өөрийн мэдээллийг оруулж бүртгүүлэх ёстой юм. Бөглөхөд хялбар, олон асуултад хариулж төвөг болохгүй. Дараагийн хуудсанд Зөвшөөрөл авах гэсэн товчлуур дээр дарахад үүнтэй холбоотой бүх мэдээлэл, танилцуулга таны өмнө гараад ирнэ. Эндээс барих загасныхаа нэр/зүйл, тоо, агнуурын аль бүсээс барихаа сонгоно. Тэгээд хэзээ барихаа сонгоно. Дараа нь хэдэн загас барихаа бичнэ. Тэгэхэд төлбөр нь автоматаар гараад ирнэ. Төлбөр төлөх цэс рүү ороод аль банкаар төлөхөө сонгоод шилжүүлнэ.
Энд онцлох нэг зүйл бий. Нэг зөвшөөрөл нь 3 хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхэгээс илүүгүй загас барих эрх олгоно. Загас барих зөвшөөрлийн бичгийн үйлчилгээний хураамж нь 10 мянган төгрөг. Дээр нь загасны төлбөр нэмэгдэнэ.
IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүс www.ezagas.mn руу ороод эдгээрт зориулж боловсруулсан апликейшнийг үнэгүй татаж авч болно. Та бүхэн ezagas мобайл аппликейшн ашиглан зөвшөөрлөө авах, бас шалгах боломжтой. Мөн өөрийн зөвшөөрлийн талаарх мэдээллийг g-mobile гар утаснаас 131516 тусгай дугаарт энгийн тарифаар мессеж бичиж авч болно. Түүнчлэн анхаарах ёстой нэг зүйл бий. Та барьсан загасныхаа био мониторингийн мэдээллийг заавал оруулах ёстой. Учир нь, таны оруулсан мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлэхэд нэмэр болох юм. Тэгэхээр та цаг зав гаргаж мэдээллээ бүрэн оруулаарай.
www.ezagas.mn зөвхөн зөвшөөрөл өгдөг веб хуудас биш. Энд загас, загасчлалтай холбоотой олон мэдээлэл бий. Монгол оронд тэмдэглэгдсэн бүх зүйлийн загасны тухай мэдээлэлтэй нэгбүрчлэн танилцаж мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.
Хууль, эрх зүйн зохицуулалт булангаас та “Амьтны тухай” хууль болон “Ан амьтны нөөц ашигласны төлбөр, амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн хэмжээ”-г мэдэх боломжтой. Мөн загас барих анхлан суралцагч болон сонирхогчдод зориулсан зөвлөгөө, дүрс бичлэг бий. Хэрвээ танд ойлгомжгүй зүйл гарвал цахим хуудасны дэлгэцний нүүрний баруун талд байх тусламж гэсэн цэс рүү хандаж болно.
Туршилтынх учраас алдаж, онох зүйл гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг засч залруулан улсын хэмжээнд ашигладаг болоход таны санал их чухал юм. Тиймээс та веб хуудасны нүүрэнд байгаа санал хүсэлт гэсэн буланд бичих боломжтой. Ийнхүү загас барих зөвшөөрлийг цахимаар авдаг шинэлэг ажил эхэллээ.