Ажилд ороод удаагүй ч машины зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүс элбэг болж. Зарим хэрсүү хүмүүс урьдчилгаагаа нэмэгдүүлэхээр хичээж байдаг бол, цөөнгүй хэсэг нь бэлнээр буюу хураасан мөнгөөрөө машин худалдан авах сонирхолтой байна. Учиртай болоод л үүнийг илүүд үзэх хүмүүс байна.
Тэгвэл одоо мөнгө хурааж байгаад машин авах, шууд зээлээр авах хоёрын хооронд ямар ялгаа байдгийг тооцож үзье.
Товчхондоо таны халааснаас гарах мөнгөн дээр 28 хувийн зөрүү дор хаяж үүсдэг байна. Хүссэн зүйлээ “яг одоо” шууд зээлээр авбал дор хаяж 28 хувийн нэмэлт зардал гардаг байна. Яаж бодохоор ийм зөрүү гардаг байна аа гэж асуух хүмүүс байгаа байх. Үүнийг доорх жишээгээр тайлбарлая.
Танд одоо 2 сая төгрөг байгаа, үүн дээрээ 6 саяыг 1 жилийн хугацаатай нэмж зээлээд 8 саяаар PRIUS-20 авчээ гэж үзье. Тэгвэл сар бүр ойролцоогоор 560,411 төгрөг, жилийн хугацаанд нийтдээ 6 сая 725 мянган төгрөг төлнө. Хүүнд 725 мянган төгрөг нэмж төлөх юм байна. Дээрээс нь зээл авсаны шимтгэл 0,5 хувиар тооцоход 30 мянган төгрөг төлөх нь. Нийтдээ танаас 8 сая 755 мянган төгрөг гарах нь.
Тэгвэл одоо зээл авахгүйгээр байгаа урьдчилгаа 2 сая төгрөгөө хадгаламжинд хийгээд дараа сараас нь сар бүр 440,000 төгрөг нэмж хийгээд байхад жилийн эцэст хүүтэйгээ нийлээд та 8 сая төгрөгтэй болсон байх нь. Энэ хугацаанд эсрэгээрээ банк танд 735 мянган төгрөгийн хүү төлөх бөгөөд үүнийг хасаад үзвэл таны халааснаас нийт 6 сая 840 мянган төгрөг гарна. Зээлээр авсанаас 1,9 сая төгрөг хэмнэх буюу 28 хувийн хэмнэлт гарах нь.
Үүнээс гадна бэлэн мөнгөө бариад автомашины захаар явж байгаа хүн яг л хаан гэсэн үг. Түүнтэй машины ченж болгон яриа өдөн, үнээ тохиролцохыг хичээх бөгөөд та зээлээр авсанаас илүү хямдханаар сонирхсон машинаа авч болно. Хямдруулсан хувиа нэмж тооцвол таны хэмнэх мөнгө 30 хувь даваад явах нь байна.
Үүний төлөө та 1 жил хүлээж тэвчих үү? Эсвэл яг одоо л машинаа авмаар байна уу?
Хүмүүс бас нэг зүйлд бууж өгсөн байдаг. Зээл аваад сар бүр төлөх нь сар бүр мөнгө хадгалах гэж “зовохоос” илүү “амар” юм гэж үзэх нь элбэг байдаг.
Тэгвэл банк ч гэсэн иймэрхүү хүмүүст тохирох үйлчилгээ гаргасан байдаг. Яг л зээл төлж байгаа мэт таны данснаас сар бүр тогтоосон хэмжээгээр суутгаад таны хадгаламжинд хуримтлуулаад өгнө. Дээрээс нь танд хүү өгнө. Хугацааны эцэс болоход та бэлэн мөнгөө бариад хүссэн машинаа авах боломжтой болно.
Тэгэхээр таны хувьд “яг одоо юу” эсвэл “1 жилийн дараа юу” гэдгийг сонгох үлдлээ.
Анх удаагаа машин авах гэж байгаа хүмүүс дунджаар 3 орчим жил мөрөөдөж байж, мөрөөдлөө биелүүлдэг судалгаа байна.
Эх сурвалж: Мөнгө.мн
Санхүүгийн зөвлөгөө, зуучлалын төв