УИХ-ын сонгуульд оролцохоо 26 нам, хоёр эвсэл илэрхийлээд байна. СЕХ тэдний материалыг хянаад энэ баасан гарагт багтаан албан ёсоор бүртгэх, эсэхээ мэдэгдэх юм. Нам, эвслүүд сонгуульд хэрхэн оролцох нь тодорхой болчихсон, одоо нэр дэвшигчдээ эцэслэн тодруулахаар бужигнаж буй. Хэн хаана өрсөлдөж, намын жагсаалтад яаж нэрсээ бичүүлэх ерөнхий дүр зураг тодорхой болчихсон биз ээ. Гэвч тэд нэр дэвшигчдээ энэ сарын 15-20-нд тодруулж, албан ёсоор зарлана. Тэр болтол бага сага хөдөлгөөн, өөрчлөлт оруулж таарна.
“Айдгаа авдартаа хийчихсэн” горилогчид нэр дэвших тойрогтоо байн байн үзэгдэж, инээд алдсан, зөөлөн чихтнүүд болж хувираад байна. “Виз”-ээ батлуулаагүй зарим нь амьсгаа дээгүүр гүйж явна. Учир нь МАН, АН-ын горилогчид тухайн тойргийн мандатын тооноосоо илүү гараад буй сурагтай. Ийнхүү улс төрчдийн толгойд сонгуулийн тухай бодол “түрээсгүй оршоод” төрийн ажлаа хийх хүн олдохоо больжээ. УИХ дахь намын бүлгүүд даваа гараг бүр хуралдах хуваарьтай. Гэвч МАН-ын бүлэг дөрөвдүгээр сард хуралдсангүй, ажлаа хийсэнгүй. Шалтгааныг нь асуухад “Гишүүд тойрогтоо ажиллаж байгаа” гэсэн тайлбар хэлж байна. Сөрөг хүчний бүлэг овоо “бууриа сахиж” байсан ч энэ даваа гарагт бас л хуралдсангүй. Уг нь хаврын чуулган завсарлаагүй, төрийн ажил үргэлжилж байгаа юм сан.
ХАВРЫН ЧУУЛГАН ИРЭХ САРЫН СҮҮЛЧЭЭР ЗАВСАРЛАХ УУ
Үндсэн хуулийн 27.2-т “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байдаг. Хаврын чуулганыг хуулийн дагуу өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд нээсэн. Уламжлал ёсоор бол эл чуулганыг наадмын өмнө завсарлуулдаг юм. Тэгвэл одоо энэ сарын 20-доор завсарлуулах чигтэй байгаа аж. Тэгэхээр Үндсэн хуульд заасан хоногтоо хүрэхгүй гэсэн үг. Сонгуулийн жилд хаврын чуулганыг арай эрт завсарлуулдаг жишиг бий. Гэвч ядаж тэр болтол УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хариуцлагатай хийх ёстой юм. Сонгуулийн ил, далд сурталчилгааныхаа завсраар биш. Харамсалтай нь, тэгж тогтож суух сэтгэл зүйтэй хүн цөөн байна.
УИХ бол шат дамжлагатай ажилладаг байгууллага. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын их хурлын тухай хуулиар наймаас дээш гишүүн сонгогдсон нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй. Уг шалгуурыг үнэмлэхүй олонхоор эрх барьж буй МАН-аас гадна сөрөг хүчин болох АН хангасан. Тэгэхээр парламентад өргөн барьсан аливаа асуудлыг энэ хоёр намын бүлгээр эхэлж хэлэлцэн, санал бодлоо нэгтгэнэ. Үүний дараа салбар салбарын байнгын хороод ажиллаж, улмаар нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэдэг. Гэвч сонгуульд ухаан санаа нь явчихсан гишүүд үндсэн ажлаа умартаж, тойрог руугаа гүйлдээд буй учир бүлгийн, улмаар байнгын хороо, нэгдсэн чуулганы ирцийг бүрдүүлэхэд ч төвөгтэй нэг сарыг үдлээ. Дөрөвдүгээр сарын дундаас эхлээд ирц бүрдэхгүй, хуралдаан хойшлох тохиолдол нэлээд гарч буй аж. Тухайлбал, өчигдөр мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны ирц хүрэлгүй хойшилсон байна.
Хуваарь ёсоор парламентаар энэ долоо хоногт УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын, Шүүх байгуулах болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг чухал асуудлыг хэлэлцэх ёстой.
МАН БА АН-ЫН БҮЛЭГ
УИХ-д үнэмлэхүй олонх буюу 62 суудалтай, Засгийн газраа дангаар бүрдүүлсэн энэ намд төрийн ажлыг хийдүүлсэн гол хариуцлага ногдоно. Хэдийгээр Засгийн газар хугацаандаа хуралдаж, асуудлаа хэлэлцэн шийдээд явж буй ч УИХ дахь бүлэг нь сүүлийн нэг сар хурлаа хийсэнгүй. Гишүүд тойрогтоо “ажиллаад” буй нь үүний шалтгаан. МАН угаас орон нутагт гол хүчээ хаяж, тэндээс санал авдаг нам. Тиймээс гишүүддээ ийнхүү “чөлөө” олгоод буй бололтой юм. Нөгөө талаар энэ жил УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, парламентад 126 гишүүн сонгох гэж буй. Тэр хэрээр горилогчдын тоо нэмэгдэж, УИХ-ын гишүүнээр одоо ажиллаж буй эрхмүүд нь суудалдаа улирч үлдэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Таван удаа сонгогдчихсон Б.Бат-Эрдэнэ гишүүн “Сүүлчийн удаа нэр дэвшүүлээч” хэмээн гуйж явааг бид мэдээлсэн. Нэр дэвшигчдэдээ хамгийн гол нь ёс зүйтэй байх шаардлага тавина хэмээн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч, дарга Л.Оюун-Эрдэнэ нь ч мэдэгдсээр байгаа. Гэвч түрүүчээсээ тодорч, олон нийтэд ил болсон горилогчид дунд нь энэ шалгуурыг хангахгүй хүмүүс орсныг нийгмийн сүлжээнд шүүмжилж буй. Тухайлбал, “ногоон автобусны хэрэг”-ээр ёс зүйн хариуцлага хүлээн огцорсон хотын экс дарга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт дахин нэрээ дэвшүүлэх гэж байгаа гэнэ. Болж бүтэхгүй хүмүүсийг сонгох “дуртай” сонгино хайрханчуудын тархийг угаахаар энэ намаас мандатаасаа олон хүн горилж байгаа юм билээ. Тус дүүрэг таван мандаттай ч 20-иод хүн “виз мэдүүлсэн” гэх. Энэ мэтээр өрсөлдөөн ширүүн байгаа ньбүханхаарлыгсонгуульдхандуулахадхүргэжээ. Уг нь дараагийн гишүүн сонгогдож, тангаргаа өргөх үед л одоогийн улс төрчдийн ажил дуусах ёстой юм. Тэр болтол төрийн ажлыг таслалгүй, хийдэлгүй, хариуцлагатай хийх учиртай. Гэвч өнөөдрийн хувьд төрийн ажил биш, сонгуульд тэдэнд нэн тэргүүний ач холбогдолтой байна.
Сөрөг хүчний тухайд энэ парламентад 11 гишүүнтэй ажилласаар бүрэн эрх нь дуусаж буй. Хэдийгээр хангалттай ажиллаж чадаагүй ч тэд үүрэгт ажлаа хийдэг. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, УИХ-аар баталсан хуулиас гадна С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цацсан нэвтрүүлгийн талаар хэлэлцжээ. Улмаар уг хэрэгтэй холбоотой материалыг ил болгохыг шаардсан юм. Харин уржигдар мөн л гишүүдийнх нь олонх хөдөө томилолттой байгаа учраас ирц нь хүрэхгүйгээс хуралдаагүй аж. Одоо сөрөг хүчнийхэн ч МАН-ын араас орох нь. Гэхдээ эрх баригч нам тэдэнтэй, тэдэнгүй ирцээ хангалттай бүрдүүлэхээр төлөөлөлтэй билээ.
ҮНДСЭН АЖЛАА БҮҮ МАРТ
Улс төрийн аливаа нам, эвсэлд сонгууль маш чухал. МАН-ынхан төрийн эрхийг улиран барих, тэр тусмаа үнэмлэхүй олонхоороо сонгогдож, “рекорд эвдэх” хүсэл эрмэлзэлтэй яваа. Үүний тулд олон л арга хэрэглэж буй бололтой. Ардчилсан намын дэргэд сонгуулийн булхай, луйвраас сэргийлж, шударга сонгууль зохион байгуулах зорилготой ажлын хэсэг байгуулсан байна лээ. Тэд техниктэй холбоотой элдэв “саатал”-аас гадна хаяг шинээр зохион иргэний үнэмлэх тарааж, өөрсдөдөө санал авах, “царцаа” нүүлгэхтэй холбоотой зөрчил гарч буйг мэдээлсэн юм. Үүнтэй зэрэгцээд Увс аймаг руу Б.Чойжилсүрэн гишүүн хэдэн мянгаар нь “царцаа” нүүлгэж буйг нийгмийн сүлжээнд шүүмжилж байна. Сонгуулийн хууль зөрчсөн, эсэхтэй холбоотой энэ мэт асуудлыг холбогдох газрууд нь шалгах байх. Хамгийн гол нь сонгуулийн ажлынхаа “тоосонд” цалин авдаг үндсэн ажлаа дарж, орхих эрх УИХ-ын гишүүд, сайд нарт үгүй юм. Улиран сонгогдох, мандат авч нэрээ дахин дэвшүүлж чадах, эсэх чинь иргэдэд огт хамаагүй. Сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн, эсвэл бизнес эрхлэгч зэрэг “чөлөөт” горилогчдоос та нар ялгаатай. Хүлээсэн үүрэг, хариуцлагатай. Тиймээс ухаан бодлынхоо ядаж талд нь хууль тогтоох, бодлого боловсруулах ажлаа багтаах ёстой. Сонгууль дуусах ч төрийн ажил үргэлжилдэг гэдгийг ядаж УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нь гишүүддээ сануулах учиртай.